Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос авто замчдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус холбооноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн сургалт, зөвлөх үйлчилгээ явуулдаг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэ хүрээнд Монголын авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, олон улсын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх уриалга гаргажээ.
Монголын Авто замчдын холбооны ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэрэнпүрэв “Авто замын салбар 2020 оныг Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил болгон зарласан. Тиймээс авто замын замын салбарын компаниуд өөрсдийн үйл ажиллагаанд стандарт нэвтрүүлэх ёстой гэж бодож байна.
Норм дүрмийнхээ ажиллагааг хангахын тулд компаниуд дээр гардаг ослыг тэглэх ёстой гэж дэлхий нийтээр ярьж байна. Тиймээс аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
2016 оныг хүртэл авто замын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм гэж байгаагүй. 2016 оноос Үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачилж боловсруулснаас хойш аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт тасралтгүй хийж байна.
Мөн бид Хөдөлмөрийн аюулгүй байдал хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд тасралтгүй сургалт хийж, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийн болон менежментийн тогтолцоо стандартыг хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй хийж ирсэн" хэмээн ярив.
Харин энэ удаа сургалтын тэд Ололт амжилтын түлхүүр ХХК-тай хамтарч стандартын зѳрүүгийн аудит хийх, зѳвлѳх үйлчилгээ үзүүлж сургалт явуулах, эрсдлийн үнэлгээ хийх аж.
МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваабазар “Хөдөлмөрийн аюулгүй байдал нь өнөөдөр хамгийн их тулгамдаж буй асуудал.
Сүүлийн гурван жилийн судалгааг үзэхэд манай улсад 350 гаруй үйлдвэрийн осол гарчээ. Үүнээс дийлэнх ослын хувийг эзэлж буй гурван салбар нь барилга, авто зам, уул уурхайн салбар юм.
Тиймээс бид энэхүү уриалгыг үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэмжин, хамтарч ажиллана" гэлээ.
Түүнчлэн "Манай улс Олон улсын хөдөлмөрийн хяналтын 81 дүгээр конвенцид нэгдэж орох хэрэгтэй. Энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага төслийг боловруулж байгаа. Хэрвээ үүнд нэгдэж орвол Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд үйлдвэрийн осол буурна гэж үзэж байна” хэмээн нэмж хэлэв.
"Ололт амжилтын түлхүүр" ХХК-ын захирал Б.Батхүү “Иргэдийн ажилд орох сонирхлыг бий болгодог зүйл нь цалин болон ажлын байрны нөхцөл байдаг. Ялангуяа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чаддаг компанид хэн ч дуртай ажиллана.
Өнөөдөр манай аль ч салбарын хувьд дэлхийд өрсөлдөх чадвараараа дутмаг байгаа. Энэ нь олон улсын шалгуур үзүүлэлтэд гол яригдаж байгаа зүйл нь яалт ч үгүй стандартын тогтолцоо.
Байгууллагууд зарим стандартуудыг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Тухайлбал, ISO9001:2015 нь чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, ISO14001:2015 нь Байгаль орчны менежмент тогтолцооны стандарт бий. Энэ стандартуудыг авто замын салбарт тогтоосноор өрсөлдөх чадвар нь сайжирна.
Стандартыг авто замын салбарт нэвртүүлэхэд гурван талын зохион байгуулалт шаардлагатай гэж үзэн бид хамтран ажиллаж байна. Одоо байгаа манай компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо нь сэлүүргүй завь шиг байна" хэмээн ярив.