Очирваань дуганы тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай Ургаж буй хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн өнгийн талаар ярилцлаа.
-Тун удахгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож, төмөр хулгана жил гарах гэж байна. Ирэх жилийн өнгө ямар байх талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцаны ”Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа “Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд “Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй” хэмээн тодорхойлсон байна. Гарч буй жилийг сонжихдоо тухайн жилийн байр байдлаас гадна тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодож тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.
Хамгийн нөлөөтэй эрхсийг тэр жилийн эзэн од гэдэг. Таван гаргийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэр дундаа пүрэв гаргийн байрлалыг тухайн жилийн хонины ордонд орж буй өдөр ямар одтой тохиож байгааг тогтоож, тухайн тохиож буй одыг жилийн эзэн од гэдэг. Энэ жил яруу эгшигт од нэртэй эзэн од тохиосон. Жилийн эзэн яруу эгшигт одны үр нь жилийн байр байдал нийтдээ тэгш сайн боловч морь, малдаа анхаарамжтай хандууштай гэжээ. Дараагийн нэг нөлөөтэй эрхэс бол хаан гараг. Энэ жилийн хувьд хаан гараг нь Адьяа гараг байгаа. Гал махбодтой гараг учраас түймэр, галаас өдөөгдсөн өвчин, ер нь галын шинж чанартай сөрөг зүйлс гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй. Жилийн хаан гараг Адьяагийн (Ням) үр нь; Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид дэвжинэ. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй. Жилийн эзэн гараг Ангаргийн (Мягмар) үр; Галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэрэмжлүүштэй. Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шаардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Төрийн өндөр суудалтнууд, сайд дарга нар ард иргэдээ амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй. Мөн Гал махбодтой гараг бөгөөд монголчууд хүчтэй зүйлийг галаар дүрсэлдэг. Тиймээс дэлхий дахины хүрээнд цэрэг хөдлөх, хямрал тохиох зэрэг зүйлс гарч болзошгүй.
Хаан гараг байгаатай адил түшмэл гараг гэж бий. Энэ жилийн хувьд хаан гаргаа дагадаг, түшмэл гараг нь буд гараг. Жилийн түшмэл гараг будын (Лхагва) үр; Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн номын явдлыг эдэлнэ. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн ард иргэдэд хүндлэгдэнэ хэмээн зурхайд буусан.
-Жилийн өнгийг мөн “Шороон үхрийн шинж”-ээр шинждэг уламжлалтай шүү дээ?
-Тийм л дээ. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой” хэмээх ном зохиож, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амьжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ.Төмөр хулгана жилийн өнгийг “Шороон үхэр”-ийн зурлагаар тодорхойлбол; Үхрийн тухайд толгойн хэсэг нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хэсэг хөх, эвэр, чих, сүүл хэсэг улаан, дөрвөн шийр, ходоод, ногт хэсэг шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай байна. Үхэр хариулаачийн царай хэсэг шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан. Хөх өнгийн гутлаа өмсч, мяндсаар томсон, бургасан, улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд дүртэй. Үхрийн өмнө сандрангуй гүйж байгаагаар дүрслэгдсэн байна. Нялхаст (түмэн олон) ээлтэй, настанд (өндөр суудалтан) ширүүвтэр, залууст (дунд суудалтан) ширүүн байх нигууртай ажээ. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Жилийн эхэн, улирлуудын эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. Зургаа, долдугаар сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадлалтай. Эрүүл мэндэд илүүтэй анхаарвал зохино.
-Ард иргэд хийгээд төрийн түшээдэд ямар жил байх вэ?
-Нялхсын цаана нийт зон ард олныг боддог болохоор ард түмэн олон нийтэд эерэг нөлөө гарах талаар зурхайд буусан. Настанд ширүүн гэдгийн цаана төрийн өндөр суудалд сууж байгаа буюу хуучин ёсоор яривал ноёдыг хэлж байна. Одоогоор бол төрийн гурван өндөрлөг гэж ойлгож болно. Идэр залуусын цаана буюу их хурлын гишүүд, нутаг хошууны захирагч, дарга нар зэрэг улсад ихээхэн ширүүн байж болзошгүй. Шим ертөнцөөс нь ярих юм бол тачаал, урин, мунхаг гэсэн гурван муу сэтгэлээс үндэс авч ургадаг өвчнүүд бий. Бадгана өвчин гэдэг нь мунхаг сэтгэлээс үүссэн өвчин. Тийм өвчин хавар цагт өчүүхэн гарч магадгүй. Тэгэхээр мунхаг сэтгэлээ сайн дарж аливаа зүйлд ухаалаг хандууштай. Энэ жилийн хувьд хумх, хонь, хамтатгах, хилэнцийн ордод нар байрлах үед хур ус цагтаа бууна. Эд агуурс элбэг шинэ, ихэс дээдэс буянаар тэтгэх ба хүмүүсийн сэдсэн аливаа ажил үйлс тэгширч сайхан байна. Загас, үхэр, мэлхий, охин, жинлүүр, нумын ордод байрлаж байгаа үед сайн муугийн ялгал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Матрын ордод нар байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштай. Энэ хугацааг өвөл гэж бодвол цасан шуурга шуурах магадлалтай.
-Гарч байгаа жилд ямар жилтнүүд онцгой анхаарвал зохилтой вэ?
-Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсэдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг. Нэгдүгээрт: 13, 73-ны жил орсон иргэдийн хувьд нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул. 25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ. 37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө. 49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул. 61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шуламсын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн. Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулна. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед “Нанжад”, “Дашзэвгэ” ном уншуулж, жил гарахын өмнө, хойно заслаа хийлгэнэ. Хоёрдугаарт: Дүнсэр буюу их харш жил буюу морь жилтнүүд харш жилтэй учирч байгаа тул Догсүн, Базарсад, Банзрагч, Сэдэд, Дүнсүрийн засал, Чойжилын дүгжү уншуул. Гуравдугаарт: Шишид буюу бага харш жилтнүүд. ТУУЛАЙ, ТАХИА жилтнүүд Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул. Дөрөвдүгээрт: 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул Жанаггагдог, Нанжид, Цагаан шүхэрт, Базарсад уншуулж дом хийнэ.Тавдугаарт: Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэвэл зохилтой. Харин 1988 оны ЛУУ жилтэн мөчлөг засах дом хийлгэ. Заслын найман ном, Догсүн уншуулбал зохилтой.
-Бурхны шашинд цагийн байдал гэж юуг хэлдэг юм бол. Энэ жилийн төгсгөлд дэлхий даяар коронавирус дэлгэрээд байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Монголчууд эрт үеэсээ амны билгээс ашдын билиг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн монголчууд бид ямар цаг үед амьдарч байгаагаа эхлээд нэг харах нь зөв юм. Яалт ч үгүй бид таван цөвүүн цагийн нүүрийг үзэж, муу цаг дор амьдарч байгаагаа мэдрэх хэрэгтэй. Тийм учираас бид хамгийн сайн үгийг хэлэлцэж, цагаан энергийг хуримтлуулах нь зүйтэй. Муу үг модон улаатай гэж ярьдаг. Бие биенээ муулах гүтгэх доромжлох тухай хангалттай ярьж бичлээ. Одоо харин сайн үгийг харамгүй хэлж, болохгүй байсан ч болж бүтэх талаас нь илүү ярих л дутагдаад байна. Нийгэм гэдэг нэг хүнээс эхэлж нэжгээд хүмүүсийг хэлдэг байх. Нийгэм амгалан бол Монгол амар амгалан байх нь дамжиггүй. Өнөөдөр гэхэд өвчин тахлын тухай ямар их цуурч нийгэмд цаашилбал хүмүүний сэтгэл санаанд ямар их үймээн дэгдээж тогтворгүй байдал үүсгэнэ вэ. Анхааран авч сэргийлэн хамгаалах нь туйлын зөв боловч гал дээр тос нэмэх нь буруу. Үнэг яараагүй байхад хад яарав гэгчээр өвчин хижиг дэлгэрсэн Хятад гүрэн нийгмээ айлгаж цочоохгүй байх талаас нь илүү анхаарч шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Харин өвчин гараагүй манай Монгол ямар их дэвэргэж ард түмнээ талцуулж худал мэдээлэл цацаж цочирдуулна вэ. “Хүссэн юм хүзүү орооно” гэж үг байдаг. Хүсээд байхаар өвчин биш шүү. Гахайн мөр гадуур өнгөрөх болтугай гэж залбирч уул усандаа дээжээ өргөж, гал голомтоо ариулж байх л хэрэгтэй болоод байна. Монголчууд бид тэнгэр заяатай, буян ихтэй, амны хишигтэй ард түмэн учраас сүжиг орно гэхээс биш хижиг олно гэж байхгүй шүү. Тэгээд ч энэ муу өвчин чинь сарьсан багваахай идсэнээс халдаж тархсан халуун дулаан орны өвчин гэж мэдээлэгдэж байна. Манай орон шиг өндөрлөг хүйтэн, эрс тэрс уур амьсгалтай газар амьдарч чадахгүй өвчин гэдэгт итгэх хэрэгтэй. Богдын бошго гэрээслэлд энэ талаар зөндөө бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Төмөр гахай, төмөр хулгана жилд нэр нь үл мэдэгдэх өвчин тахал өмнө зүгт дэлгэрнэ тэр цагт амаа хичээж, буяныг дэлгэрүүлж “ Э МА ХО УМА ПАНИ ПАНИ СУУХАА” тарнийг хүн бүхэн амны уншлага болго тэгвээс гэтлэх нь дамжиггүй гэсэн байдаг. Коронавирус гэдэг нь титэмлэг хэлбэрт нян байна гэсэн үг бололтой. Бодвол шинжлэх ухаанаар судалж гаргасан үг хэллэг байх. Монголчууд өвчин тахлыг нэрээр нь дуудахыг цээрлэдэг миний бодлоор учиргүй алдаршуулан дуудах нь тийм сайн биш байх. Арай өөр өнцгөөс нь нэрлэж болно. Хэцүү нэрт гэж хэлэх заншил байдаг. Мөн гэтэлгэгч эх ногоон дарь эхийн судар тарнийг машид олноор урин залж шүтвээс, уншваас сайн болно гэж Дээрхийн гэгээнтэн багш айлдсан. Ум дари дүдарий дүрий суухаа зүрхэн тарнийг машид шүтэж унших нь тус болох юм. Хүчирхэг Хятад улс орон мэдээж энэ өвчинтэй тууштай тэмцэж таараа. Тиймээс бид хөрш зэргэлдээ оронд хүнд аюултай өвчинд нэрвэгдэж байгааг хүний нинжин сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Тусалж чадахгүй юм аа гэхэд хурдан түргэн дарагдаасай гэж ерөөлтэй үг хэлэлцэж сэтгэлийн дэм нэмэрлэх нь чухал байна. Оюунлаг монголчууд бид ямар ч үед уужуу тайван сэтгэлээр хүлээцтэй хүндлэлтэй байж чадвал сайныг бүтээж чадна. Хүнсний хомсдолд орохгүй, өвчинд нэрвэгдэхгүй.
-Таныг мөргөлөөр эрүүлжих тухай ном бичсэн гэж дуулсан. Мөн мөргөлийн тоогоо бум хүргэсэн гэсэн. Мөргөлийн ач тусын талаар товч дурдвал?
-“Сэтгэл үүсгэ, бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий. Бурхны шашны нэг төрөл, зан үйл болох мөргөлийг амьдралд хэвшүүлж хэрэгжүүлж хүнд тустай болох талаас нь судалж, ном болгож түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санаагаар “Мөргөл” номыг бичсэн. Ингэхдээ юуны өмнө өөр дээрээ туршин хэрэгжүүлж сунах мөргөлийг буман тоонд хүргэх явцдаа номоо бүтээсэн. Бум гэдэг нь зуун мянган тоонд хүргэсэн гэсэн үг. Өдөр бүр 108 сунах мөргөлийг алдалгүй хийвээс буман тоонд хүргэхэд гурван жилийн хугацаа орно. Нэг дэх бэрхшээлийг давахгүй бол хоёр дахь саадыг яаж давах вэ. Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг.
Миний хувьд 108 мөргөлийг өдөрт 2-3 удаа хийдэг байсан. Жил зургаан сарын хугацаанд зуун мянган мөргөлийг туулж тоонд нь хүргэж чадсан. Сунах мөргөл нь эрүүлжих, саруулжих, залуужих гурван ухаанд суралцуулдаг. Судар номын аймагт мөргөлийн найман ач тусыг тодорхой заасан байдаг. Хүн өөртөө итгэлтэй, зорилготойгоор мөргөлийг эхлүүлж чадвал маш олон ач тусыг хүртэх юм. Мөргөл хийхэд насны хязгаар байхгүй. Хүний биед байгаа хурд, хүчийг идэвхжүүлж, авьяас билгийг хөгжүүлэх, ой санамжийг сайжруулах, биеийн дархлааг нэмэгдүүлэх, өөрийгөө эмчлэх, архаг хууч өвчнийг засах, муу зуршлыг арилгах, уургүй хүлээцтэй болгох зэрэг ач тусыг бий болгоно. Эхний үед гурван cap тасралтгүй мөргөхөд тухайн хүнд өөрчлөлт мэдэгдэж, цааш мөргөл хийх сонирхолтой болно. Үүнийг дагаад итгэл бишрэл нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, хүний биед дасал, хэвшил болно гэсэн үг. Хамгийн багадаа гурван буман тоонд хүргэж байж сая төгс болохын эхний шатанд хүрэх болов уу. Нэг насаараа мөргөл хийж чадвал төгс гэгээрэхийн оргилд хүрнэ. Буян үйлдэхэд их бага хэмжээ тогтоогоогүй. Нэг нас дуусахад энэ хорвоогоос юу ч авч явж чадахгүй. Харин хийсэн, үйлдсэн буян таныг дагаж явна гэж ухаарах нь зөв юм. Сэтгэлээр баян байх нь тунгалаг болор лугаа үнэ цэнтэй.
-Мөргөл нь буян үйлдэх нэг хэлбэр гэж дуулсан?
-Хүний явдал мөр нь үйлийн үртэй байдаг. Юу тарьж ургуулна, түүнийгээ л хураана гэсэн зарчимтай. Үйлийн үр нь хүний бодлоос ирдэг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр гэж бас байна. Өдөр болгон цаг мөч бүрт хүн санаатай, санаандгүй нүгэл үйлдэж байдаг. Бие, хэл, сэтгэл гурваар нүгэл үйлддэг гэж бурхны номд үздэг. Харин түүнийгээ наминчлан гэмшиж, засч залруулж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй юм. Тэгвэл бие, хэл, сэтгэл гурваар буян хийж болдог. Энэ нь мөргөлд бүгд багтсан. Өдөр болгон сунах мөргөл хийж чадсанаар биеийн нүглээ арилгана.
Мөргөл хийх явцдаа ямар нэгэн сайн үрийг хүсч гуйж хэлэх, аль нэгэн тарнийг амны уншлага болгох зэрэг нь хэлний нүглийг арилгана. Мөргөл хийх явцад зөв сэтгэл үүсгэж бодож бясалгах нь сэтгэлийн нүглийг арилгаж, эргэж буцалтгүйгээр нэг сэтгэлээр шүтвэл аз жаргалд хүрэх юм. Бурхны шашинтай ард түмнүүд “Хэмжээтэй хүсээд, сэтгэл хангалуун явахыг аз жаргал гэнэ. Хэмжээнээсээ хэтэрвэл зовлон болно” гэж хэлэлцдэг. Тэгвэл мөргөл нь өөрт хэрэгтэй өрөөлд тустай буян болж чадна.