Тэрэлж резорд ворлд амралтын газрын ажилчид уурын зуухандаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж, мансуурсан байдалтай байсан хэрэг явдал оны өмнөхөн болсон. Гэвч тухайн хэрэг явдал тэгсгээд чимээгүй болоод дарагдсан. Харин түүнийг илрүүлсэн хамгаалалтын албаны ажилтанг амралтын газрын захиргаа ажлаас нь халуулсан төдийгүй цагдаад өгөөд байгаа юм. Энэхүү хэрэг явдлыг үнэн шударга шийдүүлэхийг хүсч буй нэрээ нууцалсан иргэнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Тэрэлж резорд ворлд амралтын газарт гарсан хар тамхины хэргийг та илрүүлсэн хүн гэж байна. Энэ хэрэг явдал хэзээ, хэрхэн болсон юм бэ?
-Энэ үйл явдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд болсон. Тэрэлж резорд ворлд амралтын газрын ажилчид уурын зууханд мансууруулах төрлийн каннабис гэдэг бодис хэрэглэж байхад нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан хоёр харуул үйлдэл дээр нь барьсан. Ингээд хэрэглэж байсан юмнуудыг нь хураагаад надад танилцуулсан. Би ерөнхий менежерт танилцуулсан. Цагдаа дуудах гэхээр байгууллагын эрх ашиг хөндөгдөнө гээд болоогүй. Нөгөө хоёр чинь таг элий балай болчихсон байсны нэг нь хар тамхины хэргээр тэнсэх харгалзах ялтай гэж байгаа.
/Мансууруулах бодис хэрэглэж буй камерын бичлэг/
-Уурын зуухандаа хэрэглэж байна гэдэг чинь ер нь өмнө нь тийм тохиолдол болж байсан гэж ойлгогдохоор байна?
-Ер нь манайхан хэрэглэдэг юмаа, ахаа явуулчих гэх мэт яриа болсон. Налайхад хэрэглэдэг хүмүүс маш олон гэсэн юм хэлсэн. Гэр нь ойрхон байдаг учраас бие биеэ таньдаг залуучууд тэнд ажилладаг л даа.
-Тэгээд юу болов?
-н.Түвшинбат нь дээд удирдах менежер болох армийн дэд хурандаа байсан н.Цогтбаатар руугаа ярьсан. Гэхдээ бидний хажууд бол яриагүй. Тэгээд тэр хоёрыг явуулахгүй байж бай, би Налайх яваад ирье гээд 00 цаг болж байхад буцаж ирсэн. Ирэнгүүтээ бид бүгдийг нь өрөөндөө суулгаж байгаад саяын болсон асуудлыг ерөөсөө гадагш задалж болохгүй байгууллагын нууц гэсэн. Одоо наад хоёроо архи уусан гэдэг шалтгаанаар ажлаас нь халаад явуул гэсэн. Рапортонд ч тэгж бичүүлсэн.
/Тугалган цаасанд боосон каннабис/
-Бичлэгэн дээр байгаа хэрэглэж байсан бодисыг нь та яаж олж авсан юм бэ?
-Тэр хоёр хэрэглэж байсан бодисоо хаячихсан гээд байсан. Савыг нь л хамгаалагч нар хурааж авсан. Харин тэр жижиг бор залуу нь хогийн сав руу нэг юм шидэхийг нь харсан. Явуулсныхаа дараа гэнэт санаад үзсэн чинь хогийн саванд тугалган цаастай нь хаячихсан байсныг авсан.
-Энэ асуудлаасаа болоод өөрөө ороогдчихсон юм уу?
-Хэрвээ менежерт өгчихвөл устгачихна. Бас өөртөө байлгаад байлтай биш нэг өдөр цагдаа шүүх ирж л таараа гэж бодоод харуулын байрны хажуу талын модон дээр тавьсан. Дараа нь Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн ирээд түүнийг хурааж авч байгаа нь бичлэг дээр байгаа биз дээ...
/Каннабис нуусан мод/
-Тийм байна лээ. Таны ажлаасаа халагдах болсон шалтгаан нь юу байв?
-Ингээд би амрахаар нэгдүгээр сарын 6-нд хотод орж ирсэн. Дөрөв тав хоногийн дараа манай дарга над руу залгаад “Чам дээр гомдол гарсан” гэж хэлсэн. Намайг Тэрэлж резорд ворлд ажиллуулмааргүй байна гэж хэлсэн юм билээ.
-Өөр шалтгаан байсан уу?
-Тэнд болж байгаа муу муухай болгонтой л зууралдаж, миний хувьд шууд шударга хэлчихдэг байсан.
-Тухайлбал?
-Архичидтай нь тэмцэнэ, хар тамхины хэргийг нь илрүүлсэн, модны хулгайг нь хэлсэн. Модны хулгай байнга гардаг газар.
-Таны илрүүлснээр арга хэмжээ авсан уу?
-Үгүй. Би баримттай юм ярья. Төвхөн хайрхны тусгай хамгаалалттай газар шүү дээ, уг нь. Тэгээд портертэй нөхөр дружба хөрөөгөөр зулзган хус, залуу нарс хөрөөдөөд дүүрэн аччихсан байхаар нь барьсан. Машиных нь дугаар 37-46 УБХ. Жолоочийг нь бариад шаардлага тавьсан чинь “Танай дарга нар байна уу уулзана, би танай модыг бэлтгэж өгдөг” гээд өөдөөс томроод хэрүүл болсон. Тэгэхээр нь зургийг нь авсан.
-Дахиад ерөнхий менежерт нь хэлсэн үү?
-Тэгсэн. Гэтэл намайг дуугүй байж бай, би наадахыг чинь шийднэ гээд хаацайлсан маягтай юм хэлсэн. Тэгэхээр нь ажил үүргийн дагуу биш, иргэний хувиар ярьж байна гэдгээ хэлсэн. Тэгээд намайг гарангуут манай шалганы харуулд “Танай энэ муу ахлах чинь яадаг муу новш вэ” гэх мэтээр ярьсан байна лээ. Ерөнхий нягтлан нь мод аваарай гэж надад нэг төгрөг ч өгч байгаагүй гэж байна лээ. Тэгэхээр энэ амралтын газрын удирдлагууд модны хулгай хийлгэдэг гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Уулын бэлийг тэр чигт нь хяргаад дууслаа...Мэргэжлийн хяналт талаасаа эднийд ярих бас нуух асуудал маш олон бий.
/Модны хулгайчид/
-Жишээ нь, ямар?
-Жишээ нь шалаа угааж байгаад гурил зуурах гэх мэт. Аяга, таваг, хоолны хэрэгслүүдээ ганц угаалтаар саванг нь арилгахгүй цагаан толбо нь цайрчихсан юм л зааланд гаргадаг. Хотоос Мэргэжлийн хяналт ирлээ гэхэд л бөөн сандрал болдог газар. Махны гарал үүслийн гэрчилгээ байхгүй гээд сандарч нууж байгаа камерын бичлэг хүртэл байгаа шүү дээ. Том амралтын газар, томчууд ирдэг гэхэд тэр хүмүүст ямар байдалтай хоол хийдэг гэдгийг нь мэдвэл ирэх хүн олдохгүй байх шүү. Хүйтэн, заваан бохир, хулганатай гээд олон асуудал бий. Тиймээс менежерүүд нь намайг шахаж ажиллуулахгүй байхад “ихээхэн анхаарсан”. Үйлчлүүлэгчдээс маш олон гомдол ирдэг газар. Гэтэл хамгийн хямдхан нь гэр гэхэд 250 мянган төгрөг шүү дээ. Намайг амрахгүй ажиллаад байсан бол халж чадахгүй байсан байх.
-Таныг халсан шалтгааны гол нь юу юм?
-Ажлаас гарсан нэг хүнээр цаг алга болсон гэж худал гомдол гаргуулсан. Тэр алга болсон гээд байгаа цагийг нь олж өгсөн. Энэ миний үүрэг шүү дээ. Өчүүхэн шалтгаан олж намайг халсан байна билээ. Гэхдээ энэ ганцхан шалтгаан нь биш.
-Өөр ямар шалтгаан байв?
-Намайг байгууллагыг дарамталж мөнгө нэхсэн гэсэн.
-Та нэхсэн юм уу?
-Үгүй. Энэ газрын жинхэнэ удирдлагууд ийм асуудлуудыг огт мэддэггүй. Дунд нь энэ менежерүүд нь ийм завхарсан юм хийж байдаг. Тэр н.Дамба гэдэг хүний эхнэр н.Оюунгэрэл хааяа ирэхэд бүх юм нь гял цал байж байдаг. Охин нь гүйцэтгэх захирлыг нь хийдэг. Тэр захирал нь ч юу ч мэдэхгүй.
-Хар тамхины гэмт хэргийг менежерүүд нь дараад байгаа гэсэн үг үү?
-Тийм. Ер нь цагдаа сэргийлэхээр явах дуртай хүн гэж байдаг юм уу. Бид ч гэсэн тэднээс цалин авч байгаа болохоор дуугүй л байна шүү дээ. Энэ бүгдийг мэдэж байгаа болохоор халж байгаа юм. Би танай захирлуудтай нь уулзъя гэхээр уулзуулдаггүй.
Хүний нөөц нь эхлээд хоёулаа уулзъя гэсэн. Тэр нөхөртэй уулзаад та нар намайг зүгээр байхад халж байгаа бол би нөхөн олговроо авъя гэж хэлсэн. Тэгтэл намайг байгууллагаас мөнгө нэхсэн гэдэг юм руу чихсэн. Надад хар тамхи татаж буй бичлэг байгааг мэдээгүй учраас тэгж ярьсан байх. Тэгээд намайг энэ асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаад өгсөн.
-Байгууллага шантаалсан гэж үү?
-Тийм. н.Дамба гэдэг захирлын хүүхэд нь Налайхын ИТХ-д ажилладаг хүн бий. Энэ хүмүүс тэгэхээр дээрээс намайг мундагдуулж байна гэж хардаж байгаа. Бас одоо тэнд ажиллаж байгаа хүмүүст нөлөөлөх юм уу эсвэл баримт нотолгоог устгах боломжтой.
-Таныг хэдий хэмжээний мөнгө нэхсэн гэсэн бэ?
-Таван сая. Би ийм том амралтын газрын хамаг асуудлыг мэдэж байж иймхэн хэмжээний мөнгө нэхэх хэрэг надад байх уу? Би нэхлээ гэхэд хүний нөөцөөс мөнгө нэхэж яах юм.
-Өнөөдөр болоод байгаа асуудлыг тэр захирлууд нь мэдсэн үү?
-Мэдсэн юм билээ. Гэхдээ менежерүүдийнхээ амаар л мэдээ байлгүй. Тиймээс намайг байгууллагыг гүтгэж мөнгө нэхсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн байна.
-Хэн нь?
-Гүйцэтгэх захирал Д.Хандсүрэн нь. Би тэр хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй. н.Дамба гэдэг хүний охин л доо.
-Өнөөдөр таны нөхцөл байдал ямар байна?
-Өнөөдөр би цагдаа шүүхэд дуудагддаг хүн л болчхоод явж байна. Мөн Хар тамхитай тэмцэх газарт, Баянзүрхийн цагдаад, Налайхын цагдаад гээд дуудагдаад л явж байна.
-Та тухайн үедээ гэмт хэргийг нууцалсан хүний нэг учраас уу?
-Тухайн үед бүгд нуусан. Гэхдээ би ажил үүргийнхээ дагуу бүх удирдах албан тушаалтнуудад нь мэдэгдэж арга хэмжээ авхуулахыг хүссэн. Хар тамхийг нь хурааж авсан.
-Гэхдээ цагдаа дуудаагүй...?
-Бидэнд үүрэг өгсөн байсан шүү дээ.
-Өнөөдөр яагаад гаргаж тавив?
-Би ажил үүргийнхээ дагуу ажилласан. Харин гүтгүүлж ажилгүй болсон. Надад үүрэг ч, эрх ч бий шүү дээ. Би амарч явж байгаад гэнэт халагдсан. Өнөөдөр өөрөө гэмт хэрэгтэн шиг болчхоод явж байна.
-Таны асуудал шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна уу?
-Шударгаар шийдээсэй гэсэн учраас өнөөдөр жишээ нь тантай уулзаж байна. Хүмүүс шударга үнэний талд биш мөнгөний талд ажилладаг болсон. Бас тэнд болсон хэрэг явдалд оролцсон бүх хүмүүс тэндээ ажиллаж байгаа. Тиймээс нөлөөнд автаад мэдүүлгээ өөрчлөх боломжтой. Шударга үнэнд хүмүүс дургүй юм байна. Би айдастай байна.
-Таны хамгаалалтын албатайгаа хийсэн хөдөлмөрийн гэрээнд дуугүй байх гэсэн утгатай заалт байдаг юм уу?
-Над руу хоёр талын компаниас зөндөө залгадаг. Наадах чинь хоёр байгууллагын хоорондын гэрээний асуудал, бараг л чи дуугүй байгаарай гэсэн өнгө аястай юм хэлдэг. Монгол Улсын хуулиас дээгүүрх байгууллагын дотоод журам, нууц гэж байж болохгүй биз дээ. Хамгаалалтын албаны ажилтны хувьд бол би үүргээ биелүүлсэн. Манай байгууллага Тэрэлж резорт ворлдтой гэрээтэй.
Эх сурвалж : "Ардчилал таймс" сонин