Х.Өлзий
Хятадын Ухань хотод дэлгэрсэн коронавирусээр халдварласан хүний тоо 20 мянгад хүрч энэ өвчний тохиолдол илэрсэн улс 20 гараад дэлхий нийтийг цочирдуулж байна. Үүнтэй зэрэгцээд коронавирусийн талаар олон яриа гарч хаанаас анх дэгдсэн, хэн буруутайг олох гэсэн элдэв таамаг үргэлжилсээр. Энд сарьсан багваахайгаас эхлэлтэй гэж байгаа нэг хэсэг байхад, үүнд америкчууд, Дональд Трамп буруутай гэх нэгэн ч байна. “360” сайт энэ хамгийн түгээмэл таамгуудыг олж нийтэлсэн нь энэ.
Сарьсан багваахай
Нэг бүсгүй сарьсан багваахай идсэнийхээ дараа коронавирусийн халдвар аваад тэр нь түгэж тархсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Бүр тэр бүсгүйн дүрс бичлэгийг ч түгээснийг Британийн The Daily Mail сайт шүүрэн авч нийтэлсэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ дүрс бичлэгийг Хятадад аваагүй харин Палау бүгд найрамдах улсад бүр 2016 онд авчээ. Оросын Думын гишүүн Геннадий Онищенко ч бас энэ халдварыг сарьсан багваахай, могой хоёрын дундаас гарсан гэж хэлж байсан удаатай.
Согтууруулах ундаа
АНУ-ын иргэд коронавирусийг Corona шар айрагтай ямар нэг сэжигтэй холбоос байна хэмээн сэрдэж байна. Ердөө өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сorona beer-ийн эрэлт 2300 хувь өссөнийг Google Trends мэдээлж байна.
Гэхдээ үүнийг зохиомол гэж зарим нь хэлж байгаа. Ямар ч байлаа гэсэн энэ нь ийм сэжиг төрөх үндэслэл болжээ. Уханийн иргэд коронавирусээс хамгаалах гэж согтуу явж байгаа мэдээлэл ч байна. Үнэн хэрэгтээ согтууруулах ундаа нь хүний дархлааг сулруулдаг болохоор үүнийг хэрэглэснээр коронавирустэй тэмцэх чадвараа улам л сулруулна.
AliExpress-ийн илгээлт
AliExpress сайтаар илгээж байгаа бүхий л захиалгын дийлэнх нь Хятадаас байдаг. Коронавирус илгээлтээр ирсэн байх хэмээн олон хүн тэвдэж сандарсан. Компани ч өөрийнхөө үйлчлүүлэгчдэд бүхий л илгээлтээ эрүүл ахуйн ариутгал үзлэгээр оруулдаг хэмээн тайлбарлаж байна. Тэгээд ч илгээлт шуудан хэдэн долоо хоног зарим нь бүр сараар явж хүрдэг учраас энэ хугацаанд гадаргуу дээрх вирус үхэж устана гэж тайлбарлажээ.
5G буруутай
Мэдээллийн хэрэгслээр аанай л 5G буруутай гэсэн мэдээлэл хөвөрсөөр. Үүнийг тагнуулын хэрэгсэл төдийгүй хорт хавдар үүсгэдэг хэмээн буруутгаж байсан, одоо коронавирусийг тараасан гэж ярьцгааж байна. Энд 5G анх Уханьд нэвтрэхдээ л хүмүүсийн дархлааны системийг эвдэж, ердийн ханиадыг ийм хортой болгон өсгөсөн гэж байна. Үнэн хэрэгтээ 5G хүний дархлааг муутгаж, хортойгоор нөлөөлнө гэсэн ямар ч баталгаа байхгүй. Тэгээд ч 5G-г зөвхөн Уханьд нэвтрүүлээгүй шүү дээ.
Гадилаас татгалз
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад гадилын тухай сэжиг дэлгэрчээ. Хүмүүс нэг нэгэндээ коронавирус гадилаас халдварлаж байна гэсэн мэдээлэл илгээсээр. Улмаар гадилын хэрэглээ, борлуулалт муудсаар. Эмнэлэгт нас нөгчсөн 23 хүний ар гэрийнхнээс ойрд гадил, тэр дундаа өмнөдөөс ирсэн гадил идсэн үү гэж асуухад үгүй гэжээ. Коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг, хүн болон амьтны доторх организмд амьдрах боломжтой болохоор гадил дээр энэ вирус амьдрах аргагүй юм.
Red Bull болон
бусад хүнс
Коронавирусийн халдвар бүхий хүнс гэсэн жагсаалт Австралид бас тархжээ. Энд жигнэмэг, цагаан будаа, Хятадын Red Bull гээд олон хүнсийг оруулсан байна. Австралийн Шинэ өмнөд Уэльсийн Эрүүл мэндийн газар энэ бүтээгдэхүүнүүдэд ямар ч өвчний халдвар байхгүй, аюулгүй гэсэн мэдэгдэл гаргахад хүрсэн байна.
Өвдсөн л бол үхнэ
Олон хүн коронавирусийн халдвар авсан л бол хүндэрнэ, аюултай гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний 17 хувь нь л хүндрээд байгаа. Статистикаас үзэхэд 10 мянган өвчтөнөөс 213 нь нас барсан байна. Олон хүний хувьд коронавирус нь ерийн ханиад шиг л тусна.
Биологийн зэвсэг
Коронавирус биологийн зэвсэг гэсэн санааг анх The Washington Times сонин гаргасан хэмээн The Guardian бичиж байна. Сонин энэ санааг Израилийн цэргийн тагнуулынхнаас эш татаж мэдээлсэн гэдэг. Хэвлэлд үүнийгээ Уханьд байдаг биологийн зэвсэг боловсруулж байж мэдэх Вирус судлалын хүрээлэнтэй холбоотой гэж тайлбарласан байдаг.
Канадын хилийн хууль бус наймаатай холбодог
Америкийн Массачусетийн технологийн их сургуулийн профессор Випин Наранг Тwittеr хуудсандаа үүнийг биологийн зэвсэг гэх ямар ч баталгаа байхгүй. Үнэхээр тийм бол маш муу хэрэг. Биологийн сайн зэвсэг бол үхлийн аюултай ч, ингэж хурдан тархахгүй гэжээ. Харин Канадаас Хятад руу оруулдаг хилийн хууль бус наймааны бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гэсэн таамаг бас байна.
Д.Трампаас хаа зайлах вэ
Коронавирус гэнэт дэлгэрсэн нь Дональд Трампыг буруутгах, эгүүлэн татах үйл явц эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Ийм санал дэвшүүлэгчдийн нэг Жордан Сатер Тwittеr хуудсандаа үүнийг нарийн төлөвлөсөн ажиллагаа гэжээ. Мөн Билл болон Мелинда Гейтсийн сантай холбосон байна. Компани энэ вирусийг судалж байгаа, хүнээс биш харин гэрийн тэжээмэл шувуу, гахайнаас үүдэлтэй байх гэж үзэж байна хэмээн мэдэгдэл гаргажээ.