"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр "Хоёрдугаар сарын 3-ны өдөр ШИНЭ намын зөвлөл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаггүй, ажиллагсад нь хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр худал тайлбар хийсэнд гүнээ харамсаж байна. Иймд нотолгоогүй ташаа, мэдээлэл зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдөөс гаргаж буй тул зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг хүслээ" гэсэн юм.
Иймд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-оос ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд мэдэгдэл хүргүүлж байгаа аж.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр “Түүхэн хугацаандаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо "Эрдэнэт үйлдвэр"-ийн захиргаатай 12 удаагийн хамтын гэрээ хийж, үйлдвэрийн ажилчдынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалсан. Сүүлд хийсэн хамтын гэрээ маань энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа ба нийт 12 бүлэг 108 заалтаас бүрддэг. Орон нутгийн засаг захиргаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээг маань байхгүй ажил хийгээгүй мэтээр тайлбарлаж болохгүй. Бид энэ хамтын ажиллагааны гэрээгээрээ дамжуулан олон ажлыг хийж байгаа. Тухайлбал,
Бид шинэ хамтын гэрээгээр энэ оны тавдугаар сараас цалингаа дахиад 20 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Өмнөх хамтын гэрээ маань 102.6 хувийн биелэлтэй хэрэгжиж, дүгнэгдсэн ба одоо шинэ гэрээ хэрэгжиж байгааг дахин хэлье.
Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-ны дэд дарга Б.Наранбаатар "Эрдэнэт үйлдвэрт уурхайчдаас гадна багш, эмч, дуучин, жүжигчин, бүжигчин, оёдолчин гээд олон хүн ажилладаг. Энэ бүх хүнийхээ эрх ашгийг энэхүү хамтын гэрээгээрээ хамгаалдаг" гэдгийг тодотголоо.
Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ДЦС-ын ҮЭХ-ны дарга С.Гончигсүрэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ЭҮ-ийн даргын сонгуульд жилийн өмнө Эрдэнэ гэх хүн ажлын хэсэг дээр бүртгүүлэхээр ирсэн. Энэ хүн тавьсан шаардлагаас наад захын гурван шалгуурыг хангаагүй учраас даргад өрсөлдөх боломжгүй гэж үзээд бид бүртгэж аваагүй. Бид хоёр жилд нэг удаа хамтын гэрээ байгуулдаг бөгөөд бүх гэрээ маш сайн болсон. Энэ жилийн хамтын гэрээгээний дүнг 53 тэрбум төгрөгөөр ахиулсан. Үүнийг юу ч хийгээгүй мэтээр зарлахыг эсэргүүцэж байна. Хамтын гэрээний заалтуудаас жишээ болгоход"Эрдэнэт үйлдвэр"-ийн эмэгтэй ажилтан хүүхэд төрүүлээд, сар болгон 500 мянган төгрөг аваад, хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ харах боломжтой.Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ“ гэв.
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны ахмадын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ю.Тэрбиш "Эрдэнэт үйлдвэр ахмадуудтай холбоотой арав гаруй асуудлыг хамтын гэрээндээ тусгасан байдаг. Тухайлбал 2017, 2018 онд ахмадуудад олгогддог нэмэгдэл тэтгэврийг 20-50 хувиар нэмсэн. Энэ бол ахмадуудаа эргэн хардаг жишээ гэж бодож байна" гэв.