Дарханы замд осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ гэх мэдээ байсхийгээд чих дэлсдэг. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн гэх харамсалтай тоо гарчээ. Тиймдээ ч үе үеийн Засгийн газар Дарханы замыг засаж сайжруулах тухай амлалт өгсөөр ирсэн. Харин өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ эмзэг сэдвээр тоглолт хийж, шат шатны сайд дарга нар нь төслийн мөнгөнөөс хувь хүртэж, халаасаа түнтийлгэсэн бололтой. Ямар сайндаа юм л бол шударга ёс, хариуцлага ярьдаг, “сэлэм” эргүүлэх “хобби”-той ерөнхий сайд У.Хүрэлсүх маань Дарханы замын хуудуутай засвараас болж өнөөдрийг хүртэл хэн нэгэнд хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй билээ.
Хятад компаниас 20 мянган юанийн хахууль авсан Х.Оргил-Эрдэнэ суллагджээ
Үүний мөрөөр АТГ-ын мөрдөгчид орж, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнийн авлигын хэргийг үйлдэл дээр нь барьсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20 000 юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан юм.
Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан нь баримтаар нотлогдсон байна. Улмаар Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хүргүүлжээ. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Идэр шүүгчээс татгалзах санал гаргасныг тухайн шүүгч хүлээн авсан гэх. Ингээд нэгдүгээр сарын гуравны өдөр тус шүүхэд шинээр томилогдсон шүүгч хэргийг авч хэлэлцээд Х.Оргил-Эрдэнийг сулласан байна. Үндэслэл нь, Х.Оргил-Эрдэнийг цагдан хориулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Хахууль авсан нь баримтаар нотлогдоод байхад шүүгч ийн дүгнэсэнд хачирхах зүйл үгүй биз. Учир нь Х.Оргил-Эрдэнийн асуудал бол мөсөн уул мэт сүндэрлэх Дарханы замын бүтээн байгуулалтаас хувь хүртсэн эрх мэдэлтнүүдийн томоохон хэргийн ил гарсан хэсэг нь байсан болов уу. Харин түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай юм орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн зарим хэвлэлд тодотгосон байдаг. Яамны эх сурвалжуудын өгүүлснээр “Хятадууд Х.Оргил-Эрдэнийн өрөөнд нэлээд удаан сууж ярилцаад боодолтой мөнгөө өгөөд гарч явсан. Өмгөөлөгчийнх нь яриад байгаачлан гарч зугтсан зүйл байхгүй” гэжээ.
Дарханы замыг хэсэглэж хаагаад, ашиглалтад оруулна гэв
Харин өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Азийн хөгжлийн банкныхантай Сангийн сайдтай хамт уулзсан. Тендерийг цуцлалгүй, шахаж ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Улаанбаатар-Дарханы замын ажил яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй вэ гэхээр үндсэндээ 9 сар хүртэл бороотой байсан. Хоёр сар л ажил гүйцэтгэсэн гэхэд ажлын талыг нугалсан байна гэдэг итгэл хүлээлгэхүйц үзүүлэлт гэж Азийн хөгжлийн банк хэлсэн. Зургадугаар сарын 20-нд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Иймд 11 дүгээр сард хөдөлгөөн нээнэ гэж хэлсэн. Бид хоёр биш, 204км зам ашиглалтад оруулах тухай ярьж байгаа. Яаж ч бодсон амжихгүй шүү дээ. Харин бид хавар бүхэлд нь хаах биш, хэсэгчилж хааж, ашиглалтад оруулаад явахаар болсон” гэв.
6.5 тэрбум төгрөгөөр баригдсан түр зам дээр зургаан хүн амь насаа алдав
Дарханы зам засварын ажил явагдаж байх хооронд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хамгийн сүүлд, есдүгээр сарын 28-ны шөнө Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус түр зам дээр осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн гэх. Уг нь түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан гээд байгаа. Гэтэл “өнөөх” түр зам нь сар бололгүй чанараа таниулжээ. Энэ талаар “Дархан Азза” ТӨХК-ийн захирал Б.Баясгалан ярихдаа “Түр зам барих ажлыг манайх хариуцсан. Гэхдээ ашиглалтыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой” хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулсан юм. Харин тус замыг хариуцаж буй гүйцэтгэгч “China Geo-Engeneering Corporation” төслийн ажилтан Н.Тунгалаг ярихдаа “Түр замыг стандартын дагуу бариад манайд хүлээлгэж өгсөн тохиолдолд бид арчлалтыг хариуцна. Одоогоор бидэнд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна” гэдэг мэдээллийг долдугаар сарын 29-ний өдөр өгч байжээ.
60 сая ам.долларын санхүүжилттэй Дарханы замыг иргэд хайгаад олсонгүй
Ийнхүү Дарханы замд зорчигчид эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар шүд зуун зорчиж, амьд мэнд зорьсон газраа очвол зол буян гэж баярлаад, арайхийн арваннэгдүгээр сарын нэгэнтэй золгосон ч “хүлээлт” нь талаар болсон юм. Энд тэндгүй овоолсон шороо, энхэл донхол, дугуй нь хагарсан жолооч нар. Зам дээр хаа сайгүй уулын чулуу, арматурын төмөр ёрдойж харагдах бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн 60 сая ам.доллараар барьсан шинэ замыг хайгаад олоогүй билээ. Хуучин байсан хоёр эгнээ Дарханы замд өдөрт найман мянган машин зорчдог байсан бол өнөөдөр гурван мянган машин явж байна гэнэ. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ. Ингээд бид хэрэг явдал яагаад иймд хүрэв гэдгийг сурвалжиллаа. Манайд ямар нэг бүтээн байгуулалт хийе гэхээр эхлээд санхүүжилт дээр гацдаг тал бий. Үүнийг Азийн хөгжлийн банк гэж буянтай байгууллага шийдээд өгсөн юм байна. Хийе, бүтээе гэсэн хүнд 60 сая доллар гэдэг бага мөнгө биш ээ. Үүний дараа тендер гэж нэг бөөн “маапаан”-тай, цаг хугацаа алдсан ажиллагаа болдог. Энэ асуудлыг уг нь, манай дарга нар урьдчилж тааварлаад сонгон шалгаруулалтыг таван багц болгож зарласан юм билээ. Улмаар БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч ажлаа эхлүүлэх гэж байтал баяр наадам, хур бороотой давхцаад бараг л наймдугаар сартай золгосон юм байх. Бас болоогүй, өнөө таван хятад компани чинь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Чухам эндээс л асуудал үүссэн гэхэд бараг болно. Юу гэвэл, тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэнэ.
Өнөөдрийг хүртэл хийгдсэн 15 километр асфальтан зам хийгээд, хоёр эгнээ бүхий хуучин замын асфальтыг хуулах ажлыг дотоодын компаниуд өөрсдөө мөнгө гаргаад хийж байсан аж. Ингээд аргаа барсан дотоодын компаниуд нутгийн иргэдэд хандсанаар залуусын төлөөлөл “Дарханы зам засвар-Иргэдийн хяналт” цахим хаягийг нээсэн байна. Тэдний төлөөлөл болох Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Замын ажлыг зургадугаар сарын нэгэнд эхлүүлсэн. Наадмын дараа хариуцлага бүхий том компаниуд замын ажлын явц 40 хувьтай байна гэсэн боловч дараахан нь тодорхой гэрээнүүд хийгдээгүй гэдэг хариулт өгсөн. Иймд энэ замын ажилд төрийн хяналтыг хэрхэн тавьж буй нь тодорхойгүй байна” гэдэг мэдээллийг өгч байжээ. Харин үүний дараахан салбарын сайд Б.Энх-Амгалан Дарханы зам засвар, шинэчлэлийн ажил хугацаандаа багтахгүй хэмээн “нүхээ малтсан” юм. Тэрбээр “Авто замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” гэжээ. Энэ бүхнийг эргэцүүлж суухад, үүний цаана эрх баригчид тодорхой түвшинд улстөрийн мөнгө угаалт эсвэл авлигал хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд хийсэн байх гэх хар эрхгүй төрнө.
“Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих” 120 сая ам.доллар хаачив?
Улаанбаатар-Дарханы замыг засч сайжруулах ажлыг үе үеийн Засгийн газар амлан авдаг ч өнөөдрийг хүртэл дөрвөн эгнээ, асфальтан хучилттай болгож чадаагүй байна. Нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэхүү замын буянаар эрх баригчид мөн багагүй мөнгийг олон улсын байгууллагаас авч байжээ. Үүний нэг жишээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилт авах гэрээнд өнгөрөгч хавар гарын үсэг зурсан байна. Үүний дотор Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ авто зам шинээр барих ажилд 120 сая ам.долларыг зарцуулна гэжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бүс ба зам санаачилга болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдол бүхий коридор бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ. Харин өнөөдөр энэ мөнгө хаана, юунд зарцуулагдаж буй нь тодорхойгүй байна.
Дарханы замд хохирогсод Б.Энх-Амгалан сайдаас хариуцлага нэхнэ
Дархан чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор иргэд нэгдэж, салбарын сайд Б.Энх-Амгалантай шүүхдэхээр болжээ. Жолооч нарын хувьд нэгэнт авто зам ашигласны татвар, төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ийн нэхэмжлэх болсон байна. Зам тээврийн хөгжлийн яамны “там” болгож орхисон Дарханы замын энхэл донхол, том чулуунаас болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болж хохирсон иргэдийн хохирлыг тооцно гэдэг амаргүй. Тиймээс эрхэм сайд Б.Энх-Амгалан энэ удаа ядаж ёс зүйн хариуцлага хүлээх болох нь ээ.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин