Сэлэнгэ аймгийн Үндсэний бодлогын хорооны гишүүн, “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Отгонцэцэгтэй ярилцсан юм. Тус төрийн бус байгууллагыг түүнтэй хамт Баян-Өлгий аймгийн Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Аззаяа, Сүхбаатар дүүргийн ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл, Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн Х.Ичинноров гэсэн дөрвөн бүсгүй нэгдэж байгуулсан аж. Тэд хүн бүр адил тэгш эрхтэй ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл өнөөдөр манай улсад алхам тутамдаа тэгш бус, ялгаварлан гадуурхалтай нийгэмд амьдарч байгаа учраас энэ тэгш бус нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг ил гаргаж, түүнийг арилгахын тулд дуу хоолой, үзэл бодлоо нэгтгэсэн байна. Тэд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Одбаяртай холбоотой асуудал дээр анхаарлаа хандуулж, нийгмийн бүхий л шат давхаргад ялгаатай байдлыг арилгаж, хариуцлагатай болгохын төлөө ажиллаж байгаа юм.
-Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны арван сарын 31-нд Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдаж, торгуулаад өнгөрсөн асуудал дээр та бүхэн эсэргүүцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргээд байна. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?
-Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зөвшөөрөлгүйгээр хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх үндэслэлээр шалгагдаж, торгуулсан. Гэтэл тэрээр ҮХЦ-ийн даргын ажлаа өгсөн боловч гишүүнээр үлдсэнийг бид ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Улс эх орон, ард түмнийхээ нэрийг олон улсад шившиглэж, БНСУ-д ажиллаж амьдардаг монголчуудыг хүнд байдалд оруулсныхаа төлөө энэ хүн ҮХЦ-ийн гишүүний ажлыг ч хийх эрхгүй, бүрэн огцрох ёстой. ҮХЦ-ийн дарга болон ҮХЦ-ийн гишүүний албан тушаалд томилогдон ажиллаж буй хүн хариуцлагатай, ёс зүйтэй хүн байх ёстой. Хариуцлага алдсан тохиолдолд өөрийн ухамсраараа ажлаа хүлээлгэн өгч, 100 хувь хариуцлага хүлээдэг, ард түмнээсээ уучлалт гуйдаг, системийг бий болгох хэрэгтэй. Иймээс бид, ҮХЦ-ийн дарга асан Д. Одбаярыг хариуцлагаа 100% хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйхыг хүссэн албан бичгийг ҮХЦ-д хүлээлгэн өгсөн.
-Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт Д. Одбаярын асуудлаар нэлээн хурц тавигдсан. Энэ талаар?
-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хууль эрхзүйн ойлголт иргэдийн дунд муу байсан санагддаг. Маш олон иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулан, олон жил ажиллаж байгаа ч төрөөс дэмжлэг байхгүй, хийсэн ажлуудыг нь дэмждэггүй, төсөл хөтөлбөрийг нь Засгийн газар, яам тамгийн газрын удирдлага солигдоход зогсоодогтой холбоотой хийсэн ажлууд нь үр дүнгүй болж олон нийтэд хүрэхдээ тааруу байгаа нь ажиглагддаг. Тэр ч битгий хэл “Ажлын байрны бэлгийн дарамтын талаар ярихаар “Одбаяр уу, Одбаярдах уу” гэсэн ойлголт төрчхөөд байна. Тэгэхээр ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг Д.Одбаяр гэх хүн нийгэмд ил болгосноор бид энэ асуудлыг илүү чухалчилж авч үзэх нь ёстойг сануулж байна. Дэлхийн 130 гаруй улсад ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг маш ноцтой зөрчил гэж үздэг бол манай улсын хувьд хэвийн үзэгдэл хэмээгээд хохирогчийг буруутгадаг систем байсаар байсан.
-ҮХЦ-д өгсөн албан бичгийнхээ хариуг авсан уу. Ямар хариу өгсөн бэ?
- ҮХЦ-д 2019 оны 12 сарын 9-ний өдөр албан бичиг өгсөн. Хүлээн авсан өдрөөс хойш сар хүлээсэн, хариу өгөөгүй. Тиймээс бид албан бичгийнхээ хариуг авахаар 1 сарын 10-нд ҮХЦ дээр очсон. Бичиг хэргийн ажилтан нь танай албан бичгийн хариуг ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр Өнөөдөр сонины 12 сарын 12-ны 244 дэх дугаар дээр ярилцлага болгон өгсөн байгаа. Бас хэд хэдэн сайтад гарсан байгаа гээд сонины хуулбарыг бичгийн цаасан дээр хэвлэж, бичгийн үдээсээр тогтоосон байдалтай өгсөн. Мөн та бүхний албан бичгийн дагуу энэ ногооноор тэмдэглэсэн хэсэгт уучлалт гуйсан нь байгаа шүү” гэж хэлсэн. Эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд шившиглэчхээд сонинд “Нийт монголчуудаасаа уучлалт гуйж байна” гээд л болчихдог бол том эндүүрэл. Энэ нь албан тушаал, алдар нэрээ хаацайлж, суугаа эрхмийн уучлалт гэхээс илүү монголын ард түмнийг доромжилж байна гэж ойлгож байна. Хамгийн харамсалтай нь төрийн байгууллага албан бичгийн хариуг сонины хуулбараар өгөх хэмжээнд оччихсон байна. Бид төрийн байгууллагаас албан бичиг авна гэсэн хүлээлттэй байсан болохоор ийм хэмжээнд ажиллаж байгааг нь хараад маш их бухимдсан.
-Тэгээд та бүхний албан бичгийн хариуг ахин засварлаж өгсөн үү?
-Бидний өгсөн албан бичиг МУ-ын өргөдөл гомдолын хуулийн дагуу бичигдээгүй тул хариуг албан байдлаар хариу өгөх боломжгүй гэж хэлсэн. Бидэнтэй хамт өгсөн Бид уучлахгүй хөдөлгөөн, мөн ХҮН намын төлөөллүүд ч албан бичиг өгсөн. Тэдэнд бас хариу тайлбар огт өгөөгүй. ҮХЦ-ийн үзэж буйгаар бүгд шаардлага хангаагүй албан бичиг гэж үзсэн бололтой. МУ-ын иргэн хэн ч байсан төрийн байгууллагат ямар нэг бичиг өгөхдөө дээр дурьдсан хуулийн дагуу бичихгүй бол хариу авах ямар ч боломжгүй гэж хэлж буй нь үнэхээр эмгэнэлтэй. Бид албан бичгийн хариу авахын тулд сар хүлээж, эцэст сонингийн хуулбар авчхаад дахин хуулийн дагуу өргөдөл бичин хүлээх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл ҮХЦ-ээс нэгдүгээр сарын 20-нд манай гишүүн Х.Номингэрэлийн гэрийн хаягаар албан бичиг ирүүлсэн байсан. Тус бичигт ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр нь даргын ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд дээр дурьдсан сонинд ярилцлага өгөхдөө ард түмнээсээ уучлал гуйсан талаар бичсэн байсан. Үг үсгийн алдаатай, тодорхой бус уг албан бичигт хариу өгсөн болоод салъя гэсэн байдлаар хандсан нь илт байсан.
-Та бүхнийг ҮХЦ-д албан бичгээ хүлээлгэн өгөх үед хаалттай байдлаар хандсан гэж сонссон. Яг юу болсон юм бол?
-Төрийн байгууллага ард иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага. Гэтэл ард түмэндээ үйлчлэх биш харин ч эсрэгээрээ тэдэнд хүндрэл чирэгдэл учруулах, очер дараалал, хүнд суртлаараа залхаан цээрлүүлдэг газар болсон. Үүнийг ҮХЦ-д албан бичиг өгөхөөр очихдоо маш сайн ойлгосон. Өвлийн тэсгим хүйтэнд биднийг хаалгаараа нэвтрүүлэх нь байтугай төмөр хашааны цаана 40 минут хүлээлгэж байж бичиг хэргийн ажилтан гарч ирж байсан. Ямар ч үйлчилгээний газарт дулаан хүлээлгийн танхим, суух сандал байдаг. Гэтэл төрийн байгууллага ҮХЦ-ийнхэн иргэдтэйгээ төмөр хашааны цаанаас харьцаж, хэнийг ч нэвтрүүлдэггүй хаалттай бүсэд нэвтрэх гэсэн ард иргэд зуны халуунд нарших, өвлийн хүйтэнд даарч бээрэх нь тэдэнд огт хамаагүй. Бид ҮХЦ-д албан бичгээ хүлээлгэн өгөхдөө болон өгсөний дараа нийт хоёр удаа ҮХЦ-ийн гадна тайван жагсаал зохион байгуулж, уулзах хүсэлт тавьсан ч уулзаж чадаагүй.
-Зарим хүмүүс та бүхнийг зөвхөн нэг хүн рүү дайрч, түүнийг албан тушаалаас нь буулгах ашиг сонирхолтой байна гэж хардаж байсан?
-Бид зарим хүмүүсийн бичсэн шиг Д.Одбаярыг албан тушаалаас нь буулгах хэн нэгний захиалга санхүүжилтээр ажиллаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Монголчууд бид өрөвч зөөлөн сэтгэлтэй, аливаа асуудлыг амархан мартдаг ард түмэн. Гэтэл энэ сайхан сэтгэлийг далимдуулсан эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хамгийн муу муухай бүхнийг хийчхээд ямар ч хариуцлага хүлээдэггүй ажлаа хийсээр байна. Бид энэ байдалд цэг тавих ёстой. Одооноос бидний итгэлийг уландаа гишгэж төр, ард түмэн, эх орныхоо өмнө хариуцлага хүлээх үүргээ умартсан, өөрийгөө аваад явах чадвар ёс зүйгүй, шат шатны төрийн албан тушаалтнуудыг ямар ч цаг үед уучлахаа больё. Хариуцлага алдсан бол 100% хувь хариуцлага хүлээлгэдэг, шаардлагатай бол ард түмнээс уучлал гуйдаг болъё. Ямар нэг байдлаар асуудал гаргасан, итгэл алдсан хүмүүсийг өндөр албан тушаалд томилдоггүй байх хэрэгтэй. Ингэж хариуцлага тооцож, албан тушаалаас нь эргүүлэн татдаг тогтолцоог бий болгосноор албан тушаал хашиж байгаа хүмүүс ёс зүй, үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлана гэдэгт итгэж байна.
-Танай ТББ-аас “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар л байх уу” хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулсныг санаж байна. Тус хэлэлцүүлгээр ямар ямар асуудлыг хөндсөн бэ?
-“БНСУ-д дахь монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-той хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт МУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөл, ОУ-ын байгууллагын төлөөлөл, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд иргэд хүрэлцэн ирж оролцсон. Мөн “БНСУ дахь монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ны УЗ-ийн гишүүн С. Хишигжаргал, “Хишиг арвин индустрал” ХХК-ний дэд захирал, НИТХ-ын төлөөлөгч М. Тулгат, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М. Болормаа, ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т. Ихтамир, хуульч Ц. Отгонтунгалаг нар илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцсон. Дэлхийн бусад улс оронд бэлгийн дарамтыг хэрхэн хуульчилсан байдаг талаарх мэдээллийг хуваалцахаас гадна манай улсад энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар хэлэлцсэн. Мөн бэлгийн дарамт үргэлж далд хэлбэрээр үйлдэгддэг учраас энэ төрлийн дарамтад өртсөн хүмүүс хаана, хэнд хандахаа мэдэхгүй учир маш их хохирч байна. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисст 2016-2018 онд 14, 2019 онд есөн иргэнээс ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаар гомдол ирсэн ч хүмүүс асуудлыг нуун дарагдуулдаг учир энэ тоо маш бага байна. АББД-д зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүд ч өртсөн талаараа хэлэлцүүлгийн үеэр бидэнтэй уулзсан эрэгтэйчүүд хэлж байсан. Ажлын байрны бэлгийн дарамт зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгож болохгүй. Эрчүүд, аавууд эхнэрээ, охидоо тайван ажил хөдөлмөр эрхлэх орчинтой байлгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх л хэрэгтэй гэж бодож байна.
-Та бүхний өрнүүлсэн ажлыг дэмжиж байгаа талаараа олон хүмүүс цахим орчинд сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин яг бодит байдлаар оролцох оролцоо ямар байв?
-Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа маш олон хүмүүс бидэнтэй холбогдож байгаа. Өнөөгийн нийгэмд албан тушаалдаа хачиг шиг наалдсан, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэж байгаа хариуцлагагүй эрх мэдэлтнүүдийн эсрэг дуу хоолойгоо хамтдаа хүргэх хэрэгтэй байна. Бидний энэ тэмцлийг үгүйсгэж, хэн нэгний гар хөл, санхүүжилтээр хийж байна шүүмжлэх иргэд ч бас байна. Бид хариуцлагатай нийгэм, эрх мэдэлтний ёс зүй, улс орныхоо нэр хүндийг хамгаалах үүднээс энэ ажлыг эхлүүлсэн. Бид өнөөдөр ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын хэргийг уучлаад, мартаад өнгөрвөл дараагийн эрх мэдэлд очсон Одбаярууд Монгол улсын нэр хүндийг доромжилсон хэвээр байх болно. Яагаад дэлхийн талыг эзлэж явсан Чингис хааны үр сад гэж түүхэнд нэрээ тамгалсан монголчууд бид, өнөөгийн увайгүй эрх баригчид, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ичгүүрт явдлаас болж эх орныхоо нэрийг хэлэхээс ичиж, хүний нутагт гадуурхагдан, монгол хүн гэж хэлэхээсээ ичих ёстой юм бэ? Одбаярын энэ таагүй асуудлаас болж хамгийн их хохирсон хүмүүс нь БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд байсаныг мартах ёсгүй.
-Магадгүй ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр биш жирийн нэг монгол улсын иргэн энэ хэрэгт холбогдсон бол өнөөдөр нөхцөл байдал арай өөрөөр эргэх байсан байх?
-Монгол улсад бүх зүйл ялгавартай байна. Жирийн иргэдэд хууль маш сайн үйлчилж байна. Тэдэнд хамгийн өндөр торгууль, хамгийн өндөр ялыг оноож байна. Гэтэл эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хүмүүст хууль үйлчилдэггүй. Жишээ нь иргэдийн боломжийг хулгайлж өөрсдийн мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглан, ЖДҮХС-аас хэдэн зуун сая төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд одоо ч хариуцлага хүлээгээгүй ажлаа хийсээр байна. Одбаяр гэдэг хүний оронд жирийн иргэн байсан бол хариуцлага хүлээлгэж, нийгмээрээ зэвүүцэх байсан байх.
-Та бүхний цаашид хийх ажлын талаар сонирхож болох уу?
-Маш олон ажлууд төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “БНСУ-ын хуулийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага намайг хэлмэгдүүлсэн. Энэ бол дээрээс шидсэн чулуу намайг оночихлоо” гэж ярьсан байсан. Тийм учраас улсынхаа ерөнхийлөгч, төрийн албан тушаалтнууддаа шударга ханддаг БНСУ-ын хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага манай улсын иргэн ҮХЦ-ийн дарга асан Д. Одбаярт шударга бус хандсан уу? гэдгийг судалж үнэн мөнийг ил болгохын тулд БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбогдож байгаа. ҮХЦ-ийн гишүүнийг хуулийн дагуу өөрийн хүсэлтээр эргүүлэн татах эсвэл түүнийг томилсон УИХ-аас эргүүлэн татах эрхтэй юм билээ. Тиймээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяртай холбоотойгоор төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн. Бидний хүсэлтэд ямар хариулт өгөхөөс шалтгаалж дараа дараагийнхаа алхамуудыг төлөвлөсөн байгаа. Бид ҮХЦ дээр уулзахаар очоод хүлээж аваагүй. Тэгвэл гэрийнх нь гадаа очиж жагсана. Цаашлаад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууд маань, эх орныхоо нэрийг цэвэрлэх, хариуцлага хүлээлгэх тал дээр тайван жагсаал өрнүүлж хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байна. Тиймээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл ёс зүйгүй үйлдэл гаргасан, хариуцлага алдсаныхаа төлөө ард түмнийхээ өмнө толгой гудайн уучлал гуйж байгаагүй ч энэ түүхийн эхлэлийг Д. Одбаяр гуай эхлүүлэх боломж байна.
-Уншигчдад хандаж өөр хэлэх зүйл байгаа юу?
-Хариуцлагатай ёс зүйтэй төрийн өндөр албан тушаалтнууд бидэнд хэрэгтэй байна. Хэн нэгнийхээ хариуцлага алдсаныг нь өмөөрч хаацайлах бус бурууг нь буруу зөвийг нь зөв гээд хэлчихдэг шударга хүмүүсийг бид дэмжинэ. Д. Одбаярыг хамгаалж байсан төрийн эрх мэдэлтнүүдийн ярилцлагыг та бүхэн санаж байгаа байх. Тэр хүмүүсээс бид эргээд хариулт авах болно. Бидний хийж буй тэмцэл Одбаяр гэдэг хүндээ бус төрийн өндөр албан тушаал дээр томилогдон ажиллаж буй хүмүүс хариуцлагаа хүлээдэг системийн төлөө тэмцэж байгаа юм. Бидний ажлыг “Бид уучлахгүй хөдөлгөөн”,”Аавуудын групп” Машинтай жагсаал хөдөлгөөн”, “Уухай” хөдөлгөөний хамт олон дэмжин ажиллаж байна.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин