Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА

 Баавгайн Насанбаяр
Ph.D /Боловсрол судлал/

 Ажил мэргэжлийн чиг баримжаа нь хувь хүний амьдралын туршид хийж гүйцэтгэсэн ажил мэргэжил болон суралцахуйг илэрхийлсэн нэр томьёо юм. Өнгөц харахад энэ нь энгийн, хүн бүр мэдэх юм шиг хэдий ч үнэн хэрэгтээ маш нарийн төвөгтэй ойлголт байсаар иржээ. 1977 онд ажил мэргэжлийн боловсролын судлаач Ватц “ажил мэргэжил нь хүний албан болон албан бус боловсролын зарчмаар сурсан сургалт бас цалинтай, цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн хөгжил дэвшил юм” гэж тодорхойлсон байдаг.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРАЛЦАХУЙ


 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох суралцахуй гэдэг нь “суралцагчдын хөгжлийн тодорхой үе шат бүрт тохирсон мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын хөтөлбөрт тусган, ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, боловсруулах, үйл хэрэг болгон хөгжүүлдэг” үйл явц юм. Ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох нарийн төвөгтэй үзэгдэл, үйл явцыг тодорхойлсон эрдэмтэн судлаачдын баталсан Зан төлвийн хүчин зүйлийн онол, Хөгжлийн онол, Нийгэм танин мэдэхүйн онол, Системийн онол, Каосын онол гэсэн үзэл баримтлалууд өнөөг хүртэл хөгжиж иржээ. Эдгээр онолуудын нотолсноор ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших үйл явц өөрийн гэсэн хөгжлийн үе шаттай байдаг ажээ.
Гинсберг (1951), Доналд Супер(1990) нарын дэвшүүлсэн Хөгжлийн онол нь ажил мэргэжлийн чиг баримжаа төлөвших үйл явцыг хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үе шаттай холбон тодорхойлсон. Энэ онолд ажил мэргэжлийн чиг баримжааны үе шатууд нь суралцагчдын бага, дунд, ахлах сургууль болон сургууль төгссөний дараах насны онцлогоос хамаардаг учир тухайн үе тус бүрт тохирсон суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг.
 Хөгжлийн онолоор ажил мэргэжлийн чиг баримжаа төлөвшлийг “11 орчим насны хүүхэд тоглодог тоглоом, дуртай зүйлээрээ дамжуулан мөрөөдлийн, 13 орчим насны хүүхэд өөрийн чадвар, давуу талаа мэдэрсэн, 15-16 насны хүүхэд өөрийн зорилго, үнэт зүйлийг илүүд үзсэн, 17-18 насандаа ирээдүйн төлөвлөлтийг харгалзахыг хичээсэн” үе хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн сэтгэлгээ, танин мэдэхүйн хөгжлийн үе шаттай ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших хөгжлийн үе шат маш нягт уялдуулах учиртай ажээ.
Суралцагчдын ажил мэргэжлийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг танин мэдэхүйн хөгжлийн үе шаттай уялдуулан хөгжүүлээгүй тохиолдолд тодорхой нэг үе шатанд “гацах” хандлага их байдаг байна. Тиймээс суралцагчдыг танин мэдэхүйн хөгжлийн үе шатны дагуу суралцах үйл явцыг чиглүүлэх нь тэднийг ажил мэргэжлээ илүү бодит, ухаалаг сонголт хийх чадварт дадлагажуулдаг байна.
Ирээдүйн ажил мэргэжлээ төлөвлөх, суралцах чиглэлээрээ эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцсноор хүүхэд бүр ерөнхий боловсролын сургуульд амжилттай суралцах сэдэл тэмүүлэл бий болдог байна. Мөн ажлын байран дээр ч амжилттай ажиллаж, амьдрахын үндэс болдог гэдгийг судлаачид тодорхойлсон байдаг.

ОЛОН УЛС болон МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 АНУ ерөнхий боловсролын сургуульд бага ангиас эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, үйл ажиллагааг хамгийн сайн хэрэгжүүлдэг улс орнуудын нэг юм. Дэлхийн олон орнууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлэхдээ АНУ-ын бэлтгэн гаргасан материалыг хэрэглэх нь түгээмэл.
АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос, Сингапур, Япон зэрэг улс орнуудын хөтөлбөрийг судалж үзэхэд Засгийн газар, яам нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар тодорхой бодлого, хөтөлбөртэй. Зарим нь бие даасан хичээл, багштай байдаг бол тодорхой хичээлийн агуулгын хүрээнд багтаан хүүхэд бүр судлахаар баталсан байдаг нь ч бий. Эдгээр орнуудад тус хичээлээр суралцагчдыг өөрийгөө танин мэдэх, хичээл сургалтыг өөрийн эзэмших боловсрол, ажил мэргэжлийн боломжуудтай холбон ойлгох, олон төрлийн ажил мэргэжилтэй танилцах, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж байгаа ажил мэргэжлийг танилцуулах, ажил мэргэжлийн хөгжил болон насан туршдаа сурч боловсрох дадал чадварт суралцах боломж олгодог байна.
Япон улс 1949 онд Боловсролын сайд нь дунд сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөр батлан одоог хүртэл бие даасан хичээл болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж иржээ. Тус хичээлийг (1)ажил мэргэжлийн төлөвлөлт хийх, (2)ажил мэргэжлийн мэдээлэл цуглуулах, хэрэглэх, (3)шийдвэр гаргах, (4)хүмүүстэй харилцах гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 12 чадвар эзэмшүүлэхээр бага, дунд, ахлах ангийн түвшинд хэрэгжүүлж байна. Жишээ нь: “Хүмүүстэй харилцах” гэсэн чиглэлийн хүрээнд:
- Бага ангид: “өөрийнхөө талаар ойлгох болон бусдыг хүндлэхийн ач холбогдлыг мэдэх, өөрийн бодол санаа хэрхэн өөрчлөгддөг яагаад энэ нь чухал болохыг ойлгох”
- Дунд ангид: “өөрийнхөө хүчтэй талыг мэдэж, бусдад хэрхэн нөлөөлж болох талаар ойлгож мэдэх, өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах, хүмүүстэй харилцаа тогтоох”
- Ахлах ангид: “өөрийнхөө хүчтэй талыг ойлгох, өөрийн зан төлөв нөлөөлөл болон ажил мэргэжлийн холбоо хамаарлыг таньж мэдэх, өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах, бусадтай үр дүнтэй харилцах чадвар эзэмших” гэж тус тус тодорхойлсон байна.
2013 онд МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт багшийн 88.7 хувь, суралцагчдын 80 хувь нь сургуульд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв байдаггүй, тогтмол хуваарийн дагуу энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн байна. Ихэнх сургуулийн менежмент, үйл ажиллагааны төлөвлөлтөнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэл цөөн хэдэн сургуулийг эс тооцвол огт байхгүй байна. Суралцагчдын 66 хувь нь ажил мэргэжлийн чиг баримжааны мэдээллийг эцэг эх, ах дүү найз нөхдөөсөө авдаг гэж хариулсан. Энэ нь сургуулийн түвшинд хийгддэг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа тааруухан байгааг илтгэж байна.
Тус судалгаанаас харахад багш, сурагч, эцэг эх, удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл яаж сонгох, ямар шалгалт өгөх, шалгалтын тест дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө, лекц сургалтыг “ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох үйл ажиллагаа хэмээн ташаа ойлголттой байгаа ажээ. Мөн судалгаанд хамрагдсан боловсролын салбарын ихэнх хүмүүс гар урлал хийх, ногоо тарих, жолооны курс, үс засах гэх мэт мэргэжлийн сургалтыг “ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох гэсэн ойлголттой байгаа нь энэ чиглэлээр хийх ажил их байгааг илэрхийлнэ.
2015 оноос цөм хөтөлбөрийн хүрээнд “ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох хичээлийг наймдугаар ангиас “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа”-ны цагийн хүрээнд орохоор бэлтгэл, судалгаа хийж, багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлагад зориулсан зөвлөмж боловсруулан хүргэж, 20 гаруй мянган сурагчдын хүрээнд асуулга судалгаа хийгдсэн байв. Гэвч тус хичээлийг “шаардлагагүй гэж үзсэн үү? аль эсвэл ойлгоогүй юу?” ямар ч гэсэн одоогийн БСШУС-ын сайд нь сургалтын төлөвлөгөөнөөс хасч орхисон. Хэрэв бид хүүхэд, залуу үеэ бүтээлч, сайн сайхан, амжилттай ажиллаж, амьдраасай гэж хүсч байгаа бол “ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй, системтэй хэрэгжүүлэх шаардлага гарцаагүй байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com