Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав
Гадаа цас бударч, сэтгэлд гуниг хурсан өвлийн нэг өдөр бурхны оронд хэдийн заларсан ачит ижийгээ санагалзах үeст бүлээн нулимс хацар даган урсана... Ээжээ та минь тэнгэрийн оронд амар амгалан сууж байна уу? Таны минь биенээсээ бие тасалж, ухаанаасаа ухаан ургуулж төрүүлсэн дөрвөн үр чинь өнөөдөр хүний дайтай явна аа. Хоёр охин тань эмч, сувилагч болж таныгаа эмчлэх гэгээн хүслээ дагаж, том эгч хүний их эмч, харин би сувилагч мэргэжил эзэмшсэн. Том хүү тань малч монгол удмаа залгуулж, ижий аавынхаа голомтыг сахиж малчин заяагаа дагаж явна. Удаах хүү тань уул шиг том эр болж үндэсний үйлдвэрлэгч “Стимо” ХХК-д шинэ үеийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байна. Та минь одоо есөн ач зээтэй, өнөр өтгөн гэр бүлийн хүндэт эмээ болсон. Та лав тэнгэрийн орноос энэ бүхнийг тольдоод, магнайгаа хагартал баярлаж суугаа биз ээ.
Ээж ээ, таныгаа тэнгэрийн оронд одоход үрс нь дэндүү гэнэн, тэнэгхэн байж дээ. Ээж ээ, та минь ямар их хатуужил, зоригтой эмэгтэй байсан юм бэ. Ёстой л, үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэнэ гэдэг шиг амьдарч дээ, та минь. Охин тань ижийгээсээ хойш өвдөх, зовох гэж юу байдгийг үзлээ. Бас ижий болно гэдэг ямар их хатуужил, тэвчээр шаардсан хүнд хөдөлмөр болохыг ухаарлаа. Ээж минь та, тэнгэрийн орноос үргэлж охиноо харж, хайрлаж байгаа гэдэгт охин нь итгэдэг. Та минь өөдөсхөн охиноо ижий болохыг хараад ямар их баярласан бол. Охин нь одоо яг л тань шиг ижий болж, үрсийнхээ төлөө бүхнээ зориулах агуу хайрын эх ундарга болсон. Ээж ээ, танд баяртай мэдээ дуулгахад, одоо охиных нь толгой өвдөхөө больсон. Хааяа хааяа татаж унадаг байсан охин нь гуравдугаар эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгээд бүрэн эдгэсэн. Ийм сайхан эмчилгээг ижийдээ хийлгээд өгсөн бол өдийд бидэнтэй хамт байх байсан болов уу гэж хааяа санаашрах юм. Гэлээ ч нэгэнт хожимджээ. Та миний толгойг өвдөхөөр “ижийнхээ өвчинг авч дээ” гээд л дандаа барьж өгдөг сөн. Харин үрс бид чинь таныхаа өвчин зовиурыг ойлгодоггүй байж дээ. Та минь аргаа бараад ээжийнхээ толгойг барьж өгвөл чихэр, амттан өгнө гэж гуйдаг байсан сан. Амттан идэх сургаар бүгд л ээжийн толгойг барина гэдэг байснаа бодоход үрс бид чинь дэндүү гэнэн байж ээ. Сайхан ижийгээ үүрд дэргэд байх юм шиг л санаж явсан тэнэгхэн үрсээ тэнгэр ээж минь өршөөгөөрэй.
Таныг тэнгэрийн оронд одсоноос хойш дөрвөн оныг үдсэний дараа 2015 онд охин нь ээж болж анхны хүүгээ өлгийдөн авлаа. Ижий хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаадаа итгэж өгөхгүй байсан сан. Үүнээс хойш хоёр жилийн дараа яг л та бид хоёр шиг алтан заадас салгаж ижий болох хувьтай хөөрхөн охин төрүүлсэн. Гэвч охин минь 1360 гр жинтэй дутуу төрж инкубаторт хоёр сар болсон. Төрөөд бид хоёр эмнэлэгт жар хоносон. Энэ л өдөр хоногууд надад ижий минь биднийг төрүүлж, хүн болгох гэж ямархан хүнд бэрхийг туулаа бол гэсэн их ухаарлыг өгч билээ. Хүнээр хүн хийж авна гэдэг ямар их хатуужил тэвчээр, хөдөлмөр шаарддаг юм бэ дээ гэж бодох бүрт дэргэд минь ижий минь байсан ч болоосой гэж хачин их ганцаардсан даа. Хүн гэдэг амьтан жаргал даадаггүй, зовлон даадаг гэдэг үнэн юм билээ. Одоо бяцхан үр минь товор товор алхдаг, тоодгор хөөрхөн гүнж болсон. Харин таны бага охин аль хэдийнэ амьдрал дагаж хатуужсан, намба төгөлдөр ижий болсон.
Та мэдэж байгаа байх л даа. Гэхдээ энд бичихгүй өнгөрч чадахгүй нь. Бяцхан үрээ дөнгөж хүн болгоод удаагүй байхдаа охин нь хавдар судлалын үндэсний төвд цээжний хөндийн хавдрын хагалгаанд орсон. Алтан гартай эмч нарын ачаар, ижийнхээ бидэнд үлдээсэн буян хишгийн ачаар охин нь аюулт өвчнийг даваад л гарсан. Та минь үргэлж бусадтай эвтэй, бусдад бүү муу сана гэж сургадаг байж билээ. Та минь өөрөө ч мөн тал шигээ уудам сэтгэлтэй нэгэн байж дээ. Үүний тань буян хишиг үрс бидэнд нь ирж, амьдралын олон нугачаанд бүдэрчихгүй л явна. Эмнэлгийн орон дээр өнгөрүүлсэн хүнд хэцүү үе бүрт та аавыг миний дэргэд байлгаж, халамж хайраар дутаагаагүйд баярлалаа, ээж ээ.
2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр. Таны минь бие маш тааруу байсан ч бидний хэнд ч мэдэгдэлгүй Улаанбаатарт суугаа хоёр охиндоо гарын боорцгоо хайрч суужээ. Эцсийн тамираа шавхан байж, саахалт айлын эгчээс тусламж эрэн байж, хайртай охиддоо гарын боорцгоо хайрч үлдээснийг одоо бодоход нэн уйтай. Мөн та минь тэр өдөр гэрийнхээ бүх л эд зүйлсийг угааж, цэвэрлээд эцсийн удаа гал голомтоо цэмцийлгээд, ямархан гэргий байснаа харуулаад тэнгэрийн оронд одсон байж билээ. Дүү минь таныг одсоны дараа, ижийдээ эцсийн удаа тусалж, баярлуулж буйгаа мэдэлгүй уцаарлаж байсандаа ихэд гэмшсэн. Тэгэхэд та дүүгээс угаасан хувцас мушгилцаж өгөхийг хүссэн гэнэ лээ. Харин хонь ямаагаа будаж тэмдэглээд хэрэндээ л их ажилтай байсан дүү минь “Энэ их ажлын хажуугаар угаалга хийлээ” гэж хэлсэндээ харуусч сууна.
Ижий минь эцсээ хүртэл сайн ээж, сайн эхнэр, сайн малчин байсан. Энэ бүх алдрыг нэгэн зэрэг өндөрт өргөж явна гэдэг жинхэнэ малч монгол бүсгүйгээс гарах тэвчээр, ухаарал, хатуужил юм даа гэж өнөөдөр охин нь бясалгаж сууна. Өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа гандаж, хөдөө хөхөрч яваагаа, цаг үргэлж өвчин намдаах эм ууж, амьдралын хатуу хөтүүгээс халшралгүй үүрэлцэж явсан ээж минь өөрийгөө зовж байна гэж бодоогүй ээ. Үрс биднийхээ төлөө, энэ амьдралын төлөө жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөж, сүү цагаан идээ боловсруулж, буянт малынхаа үр шимээр бидний байрны мөнгө, сургалтын төлбөрийг зохицуулна. Таныхаа ариун цагаан хөдөлмөрийн ачаар хүүхдүүд нь их хотын оюунлаг залуустай мөр зэрэгцэн ажиллаж, өөр өөрсдийн амьдралыг цогцлоож явна.
Тэр өдөр хийсэн боорцгийг тань охин нь идэхдээ нулимс унаган байж, нэг нэгээр нь хадгалан байж идсэн. Надад олдох энэ насны минь хамгийн сайхан амттан ижий таны минь сэтгэл шингэсэн боорцог байсан шүү! Тандаа баярлалаа! Ээжээ. Тэнэг охин нь нэг зүйлд маш их харамсч байна... Тэр өдөр танаас минь гурав, дөрвөн дуудлага ирсэн байж билээ. Даанч ачлалгүй муу охин нь ижийнхээ сүүлчийн дуудлагыг авч чадаагүйдээ харамсч сууна. Та минь их гомдсон байх даа... Хожимдсон ч гэсэн тандаа учирлахад, тэр өдөр охин нь анх удаа хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр шийдэж, “Стимо” ХХК-д цагийн ажилтнаар ороод байсан юм шүү. Амьдралд хөл тавьж, ажил хөдөлмөрийн амтанд орох гэж, өөрийн хүчээр мөнгө олох гэж хичээж байсан тэнэгхэн охиноо та минь уучлах тэнүүн сэтгэлтэй гэдэгт охин нь итгэж, өөрийгөө тайвшруулж сууна, өнөөдөр. Хэрэв би тэр өдөр тантай ярьсан бол, та минь лавтай надад сайн сайхныг хүсч, бусдын итгэлийг алдахгүй сайн ажиллаарай гэж урам өгөх байсан биз ээ. Үр чинь бусдын л адил хүн гэгч сэтгэлийн амьтан болохоор ийм өчүүхэн бодлоор сэтгэлээ хуурч, голоо зогоож явна аа.
Ижий минь та, үрс биднийхээ бяцхан ертөнцөд амьд бурхан байсан шүү. Сургуульд орно гэдэг миний хувьд хайртай ижийгээсээ, хөдөө талаасаа, хөөрхөн хурга ишигнээсээ салах уйтгарт өдөр байсан шиг санагддаг. Баяндэлгэр сумын найман жилийн сургуульд элсэн орсон өдрөөс хойш хайртай бүхнээсээ хол, дотуур байранд эсвэл айлд суудаг болсон. Наймхан настайгаасаа ижийнхээ харц, ижийнхээ үнсэлт, ижийнхээ гарын хоолыг үгүйлж, санагалзаж, ижийтэй байх өдрүүдийг хоног тоолж иржээ. Сайхан ижийнхээ тухай өдөр нь бодож, шөнө нь зүүдэлсээр сурагчдын амралттай золгоно. Сургуулийн амралт эхлэх сураг сонсоод хөл газарт хүрэхгүй баярлах ч, амралтын хугацаа дуусах дөхөхөөр дуугаа хураачихдаг хүүхэд байж билээ. Та минь ч мөн адил. Одоо бодоход ганцхан бид л ижийгээ санаад байсан юм биш, ижий минь бас амьнаасаа амь тасалж төрүүлсэн үрсээ санагалзаж, битүүхэн бэтгэрч суудаг байж дээ.Тэр жилийн зуны амралт дуусах үeд ээж минь та цайгаа гал дээр үйчихээд гараад явснаа санаж байна уу. Тэгэхэд би гэрийн зүүн хойно буй чингэлгийг онгойлгох чимээнээр гадаа гараад хартал та минь хүрэн торгон дээлнийхээ хормойгоор нулимсаа арчаад зогсож байж билээ. Би ч хараагүй мэт гялс гэртээ ороод, тэсгэлгүй уйлчихсан. Энэ зуны амралт ээжтэйгээ өнгөрүүлсэн сүүлчийн амралт байсныг би ч, та ч мэдээгүй байх л даа. Гэхдээ л одоо бодох нь ээ эх, үрийн ариун нандин холбоос эртхэн дохио өгсөн ч юм шиг санагдана.
Тандаа, бас нэг сайхан мэдээ дуулгахад, охин нь сургуулиа амжилттай төгсөөд сувилагч болсон. Таныгаа эгчтэйгээ хамтарч эмчилж сувилах юм сан, аюулт өвчнөөс гэтэлгэх юмсан гэж бодож явсан дэврүүн хүсэл мөрөөдлөө биелүүлж, сувилагч гэх эрхэм алдрын эзэн болсон. Сургуулиа төгсөх хавар сургалтын албанаас ангийн дарга бид хоёрыг дуудаад “Та хоёр мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сайн оюутнууд ЭМШУИС-ийн сургалтын эмнэлгээс хоёр оюутан явуулчих гэсэн. Очоод уулзаарай” гэсэн. Ингээд биднийг очиход өөр хэд хэдэн сургуулийн шилдэг оюутнууд байж билээ. Биднээс шалгалт аваад тэнцсэн хоёрыг нь л ажилд авах юм байж. Охин нь тэр шалгалтанд нь тэнцчихэв. Ингэж л ээжийн хайртай эрх, бяцхан охин эрдэнэт хүнийг сувилах болсон. Та үүнийг сонсоод охиноороо лав бахархаж байгаа биз ээ. Охин нь одоо олон зуун эх үрсийг хамт байлгах ариун үйлсийн төлөө ханцуй шамлан, зүтгэж явна. Та минь ганц олдох амьдралаа утга учиртай өнгөрүүлсэн гэдэгтээ хэзээ ч битгий эргэлзээрэй. Дөрвөн сайхан үр төрүүлж, алдарт эх болж, хүний сайн хань байж чадсан шүү.
Одоо охинд нь аз жаргал, инээд хөөртэй амьдрал байна. Гэвч би ачит ээжийнхээ халуун тэврэлт, хайр шингээсэн алаг нүд, ухаарал хайрласан халуун дулаан үгсийг үгүйлэн санаж, ээжээрээ дутаж явна... Ээжээ охин нь тандаа хэлж яримаар зүйл зөндөө л их байна. Ганц удаагийн захидалд бичээд дуусахгүй нь бололтой. Ээжээ, таны минь хүч үрс бидэнд чинь оршсон болохоор энэ амьдралд хүн шиг хүн байж, ижий хайрыг түгээж, явахыг хичээх болно оо. Дараагийн захидлаар эргэн уулзтал түр баяртай, ижий минь !
Хайрт ижийгээ хүндэтгэсэн
охин Т.Ган-Очир