“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Отгонцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяраас хариуцлага нэхэгчдийн нэг юм.
-Ингэхэд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяраас хариуцлага нэхэх ажил хаана хүрээд зогссон бэ?
-Энэ талаар олон ажил хийгдсэн. Гэхдээ одоо хорио цээрийн дэглэмээс болоод бидний ажил зогсонги байгаа. Хамгийн сүүлд бид төрийн гурван өндөрлөгт энэ хүнд хариуцлага тооцооч гэдэг албан хүсэлт өгсөн. Хариу ирээгүй. Бид хариугаа нэхнэ. Хариу ирэхээр олон нийтэд мэдээлэх болно. Хариу өгөх хугацаа өнгөрсөн хэдий ч хариу өгөхгүй байгаа нь Д.Одбаяр гэдэг хүнийг хамгаалж хаацайлах ямар нэг сонирхол байна гэж үзэхэд хүргэж байна.
-Та бүхэн албан шаардлагадаа яг ямар хариуцлага тооцохыг шаардсан бэ?
-Д.Одбаяр төдийгүй хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог системтэй болъё. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Цэцийн дарга гэдэг албан тушаалаас чөлөөлөгдөх нь хангалттай биш. Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэж явах ёс суртахуунгүй хүн гэж бид үзэж байгаа. Давхар дээлнийхээ гадна талынхыг тайлаад, дотор дээлтэйгээ үлдэх нь зохисгүй. Энэ бол зүгээр нэг хариуцлага алдсан хэрэг биш. Монгол Улсын нэр хүндийг гадаадад унагаж, монголчуудыг бэлгийн дарамт үзүүлдэг бүдүүлэг хүмүүс мэтээр харуулж шившиглэсэн. Гэхдээ тэр хүн гэм буруугаа мэдэрч, бүрэн хариуцлага хүлээж чадахгүй байгаа нь харамсалтай. Албан тушаалаа өгөхөөс гадна ард түмнээсээ яагаад уучлал гуйж болдоггүй юм бэ. Бид Үндсэн хуулийн цэцэд албан шаардлага хүргүүлсэн. Хариу өгдөггүй. Очоод нэхэхэд “Та нарын шаардлагын хариу” гээд сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн “Ард түмнээсээ уучлал гуйж байна” гэсэн нэг өгүүлбэрийг харуулсан. Энэ бол уучлал гуйж байгаа хэрэг биш.Зүгээр л доромжлол. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг л болж байна. Бид цаашдаа ч хариуцлагаа нэхсээр байх болно.
-Манайд нэг шуугиан нөгөө шуугианаар дарагдаад өнгөрдөг. Харин та бүхэн хариуцлага нэхсээр байна гэсэн үг үү?
-Бид хариуцлага алдсан албан тушаалтнуудыг орхихгүй, мартахгүй. Бид дараагийн удаа УИХ-ын гишүүдэд энэ асуудал зөв юм уу, та өөрийнхөө байр сууринаас албан хариу өгнө үү гэж хандах болно. Хариуг нь олон нийтэд хүргэнэ. Ард түмнийг төлөөлж байгаа гишүүд хэр шударга байгааг сонгогчид нь өөрсдөө харах учиртай. УИХ-ын чуулганаар хариуцлагагүй албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой.
-Төрийн бус байгууллагын нэр нь содон юм аа. Ялгаварлал гэдэгт та бүхэн яг юуг хамруулж байна вэ?
-Бидний амьдарч байгаа энэ нийгэм алхам тутамд ялгаварлалтай хандаж байна. Ардын хүүхдэд хууль төрийн төмөр нүүрийг үзүүлж байна. Албан тушаалтан, мөнгөтэй эрхмүүдэд хууль үйлчлэхгүй байна. Ялгавартай үйлчилдэг. Мөнгөтэй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч хариуцлага хүлээхгүй яваад байна. Жишээ нь, ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Одоог хүртэл зээлээ ч төлөөгүй яваа. Өндөр албан тушаалтан, эрх баригчид сэтгэл зовохгүйгээр гэмт хэрэг үйлдэж байгаа ч хариуцлага хүлээхгүй байгааг бид харж байна. Ард нь тэднийг хамгаалж, асуудлыг нь зохицуулах хүмүүс байдаг учраас тэд ингэж дураараа авирлаж байна.
-Зөвхөн Д.Одбаяраас бус бусдаас нь ч хариуцлага шаардана гэсэн үг үү?
-Нийгэмд бугшсан бүх ялгавартай асуудлыг бид гаргаж тавья. Хөндөж тавьсан асуудлаа дурдаад өнгөрөх бус эцсийг нь үздэг байя гэсэн юм. Олон ажил хийж эхэлж байна. Бид мөн эрх баригчид, төр засгийн алдаатай бодлого шийдвэрүүдээс болж, амь насаараа хохирсон иргэдийн ар гэрт нөхөн олговор өгөхийг эрх баригчдаас шаардана. Албан тушаалтнуудын алдаатай буруу шийдвэрээс болж амь насаараа хохирсон олон хүн бий. Бид гурван саяулхнаа. Гэтэл бүх салбарт хүний амь хохирсоор байна. Жишээ нь нийслэлд утаатай тэмцэж сайжруулсан түлш хэрэглэсэн. Хотын утаатай тэмцэх нь зөв ч олон хүний амийг золиослож, хохироож утааг багасгасан нь харамсалтай. Сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргахдаа иргэдэд хэрхэн зөв зохистой хэрэглэхийг зөвлөсөнгүй, сургасангүй, сануулаагүй. Ямар зууханд хэрхэн түлэх талаар мэдээлэл аваагүй иргэд амь насаараа хохирлоо. Гэтэл нас барсан хүмүүс галаа буруу түлсэн, яндангаа хөөлөөгүй байсан гэх мэтээр буруудаад өнгөрсөн. Үнэхээр зуух бүрт ялгаатай түлэх байсан бол түүнийгээ анхнаас нь яагаад хэлж болоогүй юм бэ. Энэ хүмүүст нөхөн олговор олгохгүй чимээгүй өнгөрч байна.
Мөн батлан хамгаалах салбарт цэргийн албанд мордсон эр цэргүүд эргэж ирэхгүй тохиолдол цөөнгүй байна. Хүний амь нас мөнгөөр хэмжигдэхгүй ч огт үнэлэхгүй өнгөрч бас болохгүй. Амь нас нь хохироод өнгөрсөн хүний ар гэрт ямар хүнд хэцүү асуудал болж байгаа талаар бид бас эргэж мэдээлэх болно. Ингэж хохирсон иргэд бидэнд хандаарай. Хамтдаа шийдэл хайя. Төр засгийн буруу бодлого шийдвэр, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, хүний амь хохирсон л бол нөхөн олговор олгох ёстой. Маш олон салбарт монгол хүний амь хохирсоор байна.
-Та бүхэнд яаж хандах вэ?
-“Ялгаварлалыг хариуцлагажуулъя төрийн бус байгууллагатай 8030-2044 утсаар холбогдоорой. Мөн “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдэл ТББ фэйсбүүк хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдож болно.
-Нөхөн олговрын тухай ярьж байна. Хүний амийг мөнгөөр үнэлэхэд хэцүү. Гэхдээ ямар нэгэн тоо байх ёстой байх?
-Бид нөхөн олговор олгох ёстой гэж шаардаж байгаа. Мөнгөн дүнг тодорхойлдог байгууллага биш ч гэсэн харьяалагдах байгууллагуудаас хуулийн дагуу тоог гаргуулах болно. Өмнө нь монгол хүний үнэлэмжийн талаар зарим судлаачид тодорхой тоо гаргаж байсан. Засгийн газраас нөхөн олговор олгож байсан жишиг бас бий.
-Та бүхэн хэр олуулаа вэ?
-Манай төрийн бус байгууллагад үзэл бодлоороо нэгдсэн маш олон хүн бий. Манайд хуульчид бас байгаа. Бидэнд хандсан иргэдэд хуулийн зөвлөгөө өгнө. Монголчууд бид амь насаараа хохирсон хүнийхээ ясыг өндөлзүүлээд яах вэ гээд орхидог. Гэтэл буруутай албан тушаалтнууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буруу бодлого шийдвэр гаргасаар дахиад хэчнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй байна. Ийм ч учраас сайхан сэтгэлтэй олон хүмүүс манай ТББ-д нэгдэж, чиглэл чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Төрийн алдаатай шийдвэрээс болж иргэнд учирсан хохирлыг төр нөхөн төлдөг. Хэрэв буруу шийдвэр гаргасан этгээдээр төрд учирсан хохирлыг төлүүлдэг болчихвол дурын хүн хариуцлагатай албан тушаалд суух гэж зүтгэхгүй болов уу.
-Та яагаад хариуцлага нэхэхээр болов?
-Би сэтгүүлч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар суралцсан. Төрийн бус байгууллага болон бизнесийн байгууллагад ажиллаж байна. Цөөнгүй нийгмийн ажлуудад оролцож байсан. Манай нийгэмд шударга бус, хүмүүсийг хөрөнгө чинээ, албан тушаалаар нь ялгаварладаг тохиолдол байнга гарч байгааг харж байгаа учраас ядаж энэ чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүд маань дуу хоолойгоо хамтдаа хүргэх ёстой юм байна гэж үзсэн. Би л болж байвал бусад хүний асуудал хамаагүй, өөрсдөө шийдчих байх гээд орхиж болохгүй юм байна гэж бодсон. Д.Одбаяр гэдэг хүний хариуцлагагүй асуудлаас үүдээд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг бас ярих хэрэгтэй болсон. Төрийн ордонд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар ХЭҮК-той хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дараа зарим хүн “Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байжээ. Үүнийгээ мэдэхгүй явсан байна” гэж хэлж байсан. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэй хүмүүст ч ийм асуудал тохиолддог юм билээ. Олон төрийн бус байгууллага энэ чиглэлээр ажилладаг. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэмэрлэхгүй бол ойр дотнын хэн нэгэн маань өртөхийг ч үгүйсгэхгүй.Тийм учраас хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдол бүрт “шүгэл үлээе”, хүчээ нэгтгэе гэсэн юм. Асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллая гэж хүсч байна. Монголчууд бид за яах вэ энэ асуудал ингээд намжчих байх даа. Хөөрхий дөө, энэ амьтан алдаа гаргасан ч гайгүй болчих болов уу гээд Д.Одбаярт хандсан шигээ амархан мартдаг. Манайхны энэ сэтгэлгээн дээр тоглоод буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд эмээхгүй байна. Ямар нэгэн байдлаар гэм буруугаа баллуурдаж, мартагнуулж байдаг.
-Мартын 8 эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд чухал өдөр. Энэ өдөр юунд анхаарал хандуулдаг вэ?
-2019 оны гуравдугаар сарын 6-нд Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүд болон албан хаагч бүсгүйчүүдээ баярлуулсан. Бид хорих ангиудтай хамтарч ажиллаж, сургалт хийдэг. Энэ жилдээ бид 407 дугаар эмэгтэйчүүдийн хорих анги, 421 дугаар Амгалан дахь эрэгтэйчүүдийн хорих анги, Дорноговийн мөрдөн хорих ангитай хамтарч ажиллана. Номын санд нь ном хандивлана. Ойрын хэрэгцээний зүйлсийг нь өгдөг. Ойрын үед амны хаалт, гар ариутгагч хэрэгтэй байгаа. Хүүхэдтэй ээжүүдэд памперс, ариун цэврийн хэрэглэл гээд ойр зуурын хэрэглээний зүйлс өгөх юм. Мөн энэ жилээс хоёр хорих ангид талархлын захидлын уралдаан зарласан. Цөөхөн ч болов хүн баярлуулъя. Сэтгэл санааг нь дэмжье гэж хичээж байна. “Сэтгэлийн хүч” аянг маань дэмжих хувь, хүн болон байгууллагууд нэмэгдэж байгаад баяртай байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"