Нэг франц эр ба гурван сая монгол
COVID-19 хэмээх аймшигт вирус дэлхийн таван тив, 100 гаруй улс оронд тархаж газрын зураг дээр Монгол торойгоод үлдчихсэн өглөө бүхэн түүнийгээ харж сэтгэл амардаг байлаа. Гэтэл гуравдугаар сарын 10-ны өглөө хар мэдээ салхинд авалцсан түймэр шиг Монголыг бүрхэв.
“Монголд коронагийн тохиолдол илэрлээ....”
“Юу болов оо, хэн тараачхаваа?” Тэр дор нь эзнийг нь илрүүлэв. Франц улсаас ирсэн 57 настай эрэгтэй гэдгийг тэр дор нь тогтоов. Харин бүхэл бүтэн улсыг дэлхийн айдсын газрын зурагт зоож өгсөн “эрхэм хүндтэй” тэр нэгэн нь Арева хэмээх мөн л “алдартай” компанийн ажилтан болж таарав. Арева Монголия гэх уг компани нь “Бадрах Энержи” болгон нэрээ өөрчилжээ. Мөн Арева групп Орано хэмээн нэрээ өөрчилсөн байна. Арева групп нь Монголд үйл ажиллагаа явуулдаг Арева Монгол ХХК, Кожеговь ХХК, Арева Майнс ХХК гэх гурван охин компанитай аж. Арева Монгол компани нь 1996 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн Францын төрийн өмчит Арева группын Монгол дахь толгой компани. 2009 оны 12-р сард ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор Мицубиши корпорацтай гэрээ байгуулж, Арева Монгол компанийн хувьцааны 34 хувийг эзэмших болжээ. Харин Мон-Атом компани нь Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани юм байна.
Яагаад энэ компанийн тухай сөхөв гэвэл Арева Монголд урантай холбоотой олон асуудлыг үүсгэсэн, яг одоо коронавирус тээсэн хүнээ сул чөлөөтэй явуулж бүхэл улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан тул лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг олон нийт Засгийн газраас шаардаж эхэлсэнтэй холбоотой. Учир нь уг компани ганц хүнээ тусгай машинаар тосоод авчхаагүйн дээр галт тэргээр Дорноговь аймаг явжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль дүрэм, хөл хорионы онцгой нөхцөлийг уландаа гишгэв. Тус компани тухайн хүнээ манай улсад ирэхээс эхлээд үзлэг шинжилгээнд хамруулах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой байв. Гэтэл тэгсэнгүй. Дараагийн асуудал Францын иргэнд өөрийгөө 14 хоног тусгаарлахыг хүссэн ч хориг зөрчсөн гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл хүмүүсийг дургүйцлийг төрүүлж байна.
Учир нь монголчууд бүтэн хоёр сарын туршид үйлдвэрлэл, үйлчилгээгээ зогсоож жижиг дунд үйлдвэрлэлүүдээ хүнд байдалд оруулж, цэцэрлэг сургуулиа тарааж, жижигхэн эдийн засгаас царцаан байж хөл хорион сууцгаасан билээ. Нийт монголчуудын итгэл найдвар, хичээл зүтгэл ийнхүү нэг л өглөө талаар болсонд олон нийт бухимдахаас аргагүй.
Францын иргэнийг гуравдугаар дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь Баянгол зочид буудалд буулгасан байна. Гэтэл тэр хүн Ариг, КFС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь аймаг руу галт тэргээр зорчин явж компанийнхаа ажилчидтай хурал хүртэл хийжээ. Монголд нислэгээр 120 хүн хамт ирсэн байна. Тэдний дунд ДЭМБ-ынхан байсан бөгөөд Монголд ажиллахаар ирээд хөдөө орон нутаг руу тал тал тийшээ таран оджээ.
Уг мэдээллийг хөөвөл БНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд тэд коронавирустэй тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн байна. Тухайн зургаан иргэний нэг нь нутаг руугаа буцсан бөгөөд бусад таван иргэн манай улсад байгаа аж. Тэднээс шинжилгээ авсан бөгөөд хариу нь одоогоор гараагүй байгаа юм. Бүр цаашилбал ДЭМБ-ын төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж мөн ЭМЯ, ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч нарт сургалт, зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн орон нутгаар явж эмнэлгийн байгууллагын бэлэн байдалтай танилцжээ. Тэдний тухай мэдээлэл зургийн хамт байх бөгөөд амны хаалт зүүсэн нь ховор харагдана. ДЭМБ-ынхан болохоор халдвар авдаггүй дархлагдсан улс байдаг юм болов уу. Өрнийн хүн гэхээр өөрөөсөө дээгүүр мэтээр бодож хууль журмаа хөсөр хаядаг хил гаалийнхны тухай мэдээлэл дурдагдсангүй. Монголчуудыгаа хөл хорионд суулгачхаад “хаалга үүдээ нээлттэй” хаячихсан юм биш байгаа гэсэн хар сэжиг төрнө.
Ийм л нөхцөл байдал үүсч хөл толгойгоо олохоо байн бужигнаж байна. Францын иргэнтэй хавьтсан гэх Улаанбаатар дахь 80, Дорноговь дахь 43 хүний мэдээллийг тодорхой болгож тусгаарлаж байгаа хэмээн Улсын онцгой комисс мэдээлэв. Мөн Цагдаагийн ерөнхий газар хавьтал бүхий 500 орчим иргэн байгаа гэлээ.
Дарга нараа ичээнээсээ гарна уу, иргэд хүлээгээд байна
Франц эрийн зэрэгцээ суудалд сууж ирсэн 67 настай, гэрэл зурагчин Англи эр 2020.03.05-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод очжээ. Улаангомд очоод Гранд зочид буудалд нэг хонож, Ундармал улаан сарнай ресторанд хооллоод Бөхмөрөн суманд очсон байна. Тус сумын Ямаат гэх газарт хаваржиж байгаа н.Эрдэнэбаатар гэдэг айлын илүү гэрт байж, гэрэл зургаа авчээ. Энэ үед нь тус аймгийн Онцгой комиссоос очиж тусгаарлаад байгаа аж . Тэрбээр Увс аймагт 50 гаруй хүнтэй уулзсан магадлалтай байна.
COVID-19 дэлхийг хэрсний учир энэ. Хэрвээ энд дурдагдсан бүх хүн халдвар авсан бол яах вэ? Гудиггүй, хэнэггүй гурван сая монгол гал голомтоо харин ч чандлан сахиж чадсан юм сан. Харин бие биедээ шаардлага тавьж, хандив тусламжаа өгч өнгөрөөсөн 70 хоногийн хичээл зүтгэлийг талаар болгож коронагийн халдвар авсан 108 дахь орноор зарлуулсан Францын иргэнийг яагаад тусгаарлаагүй вэ, яагаад дураар нь явуулсан бэ? гэдэг асуултад өнөөдөр хариулах хүнгүй тэнүүчилж явна.
“Хачин сайн ажиллаж байгаа, бид шаардлагатай бүх арга хэмжээг авч чадаж байгаа хэмээн ДЭМБ-ын мэдээг шууд дамжуулж гялайлгасан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “тэр хүн үгэнд ороогүй” гэх утгатай юм ярьж өөрөөсөө зайлуулж байна. Коронаг ч сүхдээд, загнаад зогсоох ч “ид шидтэй” Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг чиг. Арай халдвар авахаас айгаад өөрийгөө хөл хорионд хийчхээгүй байлтай. Дэлхийн хэмжээнд тус вирусийг бүрэн судалж амжаагүй, вакцин ч гаргаагүй байхад "уул үзээгүй хормой шуух" гэгчээр үүрэгт ажлаа хийх ёстой сайд дарга нь биесээ одонгоор шагнаад эхэлсэн. Энд вирус илрээгүй иргэдээ чангалаад, өч төчнөөн мянган эгэл ажилчдыг зүтгүүлээд өөрсдөө тэрүүгээр нь улстөрийн шоу хийсний гай ийнхүү ирлээ.
“Хүний төлөө” хэмээх одон шагнал хүртэн малийтлаа инээн зургаа татуулж зогссон Д.Сарангэрэл сайд коронагаар шоу хийж яаман дээрээ хандив тусламж цуглуулахаас өөр дорвитой ажил хийж чадсан уу? Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам өвчнөөр улс төр хийж нэр хүндээ өсгөж хий дэмий мэдээллээр хөөцөлдөж байсан уу? “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэр болов.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэвлэлд “Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 гаруй хүнийг хяналтад авч байна. Нэг бүрчлэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тухайн халдвар авсан хүн нь Францад очиж, гэртээ 10 оноод ирсэн байна. Өөрийнх нь асуумж тайлбараар бол супермаркет орсон гэж хэлсэн. Тухайн бүс газарт нь нэг тохиолдол бүртгэгдсэн байсан.” Тухайн иргэн Монголд ирэхэд нь шинжилгээ авахад илрээгүй нууц үедээ байсан байна. Нэгдүгээр хавьтлын 100 хүнээс гадна, 2, 3 дугаар хавьтлын нийт 500 гаруй хүнийг холбоо, хаягийг тогтоосон. Нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн. Улсын Онцгой комисс 24 цагийн турш ажиллаж байгаа. Тухайн өдөр онгоцоор 120 хүн ирсэн. Түүний 40 орчим хүн нь халдвар авсан хүнтэй ойр байсан, хавьтал авах эрсдэлтэй гэж тооцож, тусгаарлах ажил явж байна” гэж мэдэгдлээ.
Айдас хүйдэстэй албаны мэдээг ийн уншиж сууна. Гурван сая монголчуудаа У.Хүрэлсүхийн Засгийн газар гэрт нь хорьж байгаад гаднаас “тахал” импортолж “хядахаар” шийдсэн мэт. Тусгаарлаж байгаа, хорьж байгаа гэж хоёр сар попорсон Засгийн газрын үнэн нүүр царайг халдвар тээгч франц илчилж орхилоо.
Дэлхийд COVID-19 тархаж эхлэхэд л ард иргэд агаарын хилээ хаахыг Засгийн газарт сануулж анхааруулж ирсэн. Гэтэл монгол хүнд халдахгүй, хятад, солонгосоос л халдаж магадгүй гэсэн “тэнгэрлиг хүлээлттэй” төр засаг ард иргэдийнхээ хүсэлтийг үл ойшоосоор ирсэн. Гэтэл айн жийрхэж байсан корона хэмээх аюул нь алс холын Францаас өөрөө нисээд ирэв. Монгол улс дахь Францын элчин сайдын яам илт хүнээ өмгөөлөн хаацайлж, аюулгүй байдалд санаа зовж буй талаараа мэдэгдэж төр засгийнхантай ч уулзаад амжив. Бүрэн улсын гурван сая хүний амь хэнд хамаатай болж таарав? Зөвхөн өөрсдөд нь үү?
Ер гаруй хувийн импорттой хөрштэйгээ аятайхан учир зүйгээ олоод хилээ хаагаад голомтоос хамгаалаад ард иргэд ч ажил төрөл, амьдрал, цаг хугацаагаа зориулан хичээсэн монголчууд уурсч байна. Аргагүй. Хичээгээгүй, эрсдэл хүлээгээгүй хүн өнөөдөр байхгүй. Харин хайнга хэнэггүй Засгийн газар, хуурамч дүр эсгэсэн Улсын онцгой комисс, мэргэжлийн биш Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр гурван сая хүний амийг аюулын аманд шидчихээд хуралдаж сууна. Зам харгуй, зах дэлгүүрүүдийг хаана гэснээр дэлгүүрүүдэд дугаар үүсч хүнсний үнийг өсгөхөд хүргэлээ.
Өнөөдөр ч ингээд бужигнаад л өнгөрлөө. Маргааш яах вэ? Хаачих вэ? Их хурлын дарга, Ерөнхий сайд аа ичээнээсээ гарна уу? Иргэд чинь хүлээж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"