ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “ Өнөөдөр өглөө Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 107 хүнээс 70 хүнийг тусгаарлан тандалт судалгаа авч байна. Эдгээрээс Бага баянгийн амралтад 31 хүн, ХӨСҮТ-д есөн хүнийг тусгаарлан ажиглалтыг үргэлжлүүлж байна. Дархан-Уул аймагт орж ирсэн нэг тохиолдол шинээр нэмэгдсэнийг тооцвол нийтдээ 63 хүн хяналтад байна. Харин Сэлэнгэ аймагт 65 хүн ажиглалтад байгаа бол 16 хүнийг тусгаарлаад байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 1206 тохиолдлыг тусгаарлан хяналтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Харин батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 171 хүн бий. Өнөө өглөө 09.30 цагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирсан. Тухайн хүний биеийн байдал нь тогтвортой, уушгиндаа нэвчистэй гэх шинж тэмдэгтэйгээр эмчилгээ хийлгэж байна" гэв.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр /2020.03.10/ мэдээлэл өгснөөс хойших 24 цагт дэлхийн 14 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнд, Турк, Гвеней, Ямайка, Монгол Улс гэсэн таван оронд шинээр бүртгэгдлээ. БНСУ, Итали, Иранд өвчлөл голомтлон эрчтэй тархаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр АНУ-д өвчлөлийн тархалт өндөр байна. Ялангуяа Японд өчигдөр 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өвчлөл гарснаас хойш хамгийн олон тохиолдол гарсан өдөр болоод байна. Тиймээс олон нийтийн арга хэмжээ, соёл, спортын арга хэмжээг цуцалжээ. Бид цаашдаа цахимаар мэдээлэл өгөх аргад шилжинэ. Өчигдөр өглөө ДЭМБ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Уг хурлаар коронавирусийн халдвар дэгдэлтээс гарч цар тахлын хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Гэхдээ дэлхий дахинд хяналтадаа авч чадах цар тахал болох байх гэсэн мэдээллийг хийсэн байна” гэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, 2020 оны гуравдугаар сарын 09-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарласан долоон хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн 2020 оны гуравдугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн хариу гарахад коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарч байгаа юм. Мөн энэ өдөр ХӨСҮТ-д дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Мөн ХӨСҮТ-д ажиглалтад 103 хүн, Жаргалант сувилалд зургаа, “Асралт Мед” эмнэлэгт 23 буюу нийт 132 хүнийг тусгаарлалтад аваад байна. Монгол эмч франц иргэнийг эмчилж чадвараа харуулах ёстой. Өвчтэй хүнийг ад үзэж болохгүй. Өвчин хөгшин залуу, гадаад монгол гэж ялгахгүй шүү дээ. Бид сэтгэл санаагаа нэгтгэж бие биедээ урам өгч ажиллацгаая” гэв.
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг Хүний гавьяат эмч, "Мамба дацан" хийдийн Тэргүүн хамба Д.Нацагдорж зөвлөлөө. Тэрбээр хэлэхдээ “Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүнд нөхцөлд ч гэсэн хамтран ажиллах болно. Өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг учир COVID-19 өвчин хаанаас ч, хэнээр ч дамжин халдах боломжтой. Гэхдээ өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэй. Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал маш тус дэмтэй.
Бие, сэтгэл хэдий чинээ амар амгалан байна, төдий чинээ сайн зүйл авчирдаг нь ертөнцийн жам. Тиймээс ухаант монголчууд минь хэл, сэтгэлээ ариун байлгаж, төр засагтайгаа хамтарч ажиллахыг хүсч байна. Бидний эвтэй байх явдал олон хүнд тус болно гэж бодож байна” гэсэн юм.
Мэдээлэл өгсний дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Франц иргэний үйлчлүүлсэн газруудад ариутгал хийсэн гэсэн. Цаашид нэмэлт арга хэмжээ авах уу?
-Франц Улсын иргэнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн цагаас эхлэн ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ мэргэжлийн бүх арга хэмжээг авч ажилласан. Ялангуяа ЗӨСҮТ 18 обьектод голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Тиймээс Франц иргэний орсон газрууд аюултай гэж ойлгох хэрэггүй.
-ДЭМБ-ын ажилтнуудыг 14 хоног тусгаарлахгүй байсан юм уу?
-ДЭМБ-ын зөвлөхүүд монголд ирж ажилласан. Тус зөвлөх баг нь өндөр зэрэглэлийн мэдлэгтэй мэргэжилтнүүд юм. Өдөр бүр өөрсдийнхөө халууныг үзэж биеийн байдлыг хянаж байгаа. Бусдын тусламжийг авчхаад муулах нь монгол хүний ёсонд нийцэхгүй. Мэргэжилтнүүд шинжилгээнд ороход коронавирус илрээгүй. Тэд тусламжаа амжилттай үзүүлээд үүргээ гүйцэтгэсэн учраас өнөөдөр өглөө нутаг буцсан.
-Франц иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Өчигдөр нийтдээ 338 хүнээс асуумж судалгаа авсан байна. Үүнээс 171 хүнийг ойрын хавьтал гэж үзсэнээс Улаанбаатарт 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Орхон, Сэлэнгэ, Увс аймаг Налайх дүүрэгт хүмүүс мөн тусгаарлагдсан. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авсан. Хариу нь хараахан гараагүй байна. Дорноговь аймагт вагонд сууж явсан 28 хүн аймгийнхаа төвд ажиглалтад байна. Франц иргэний кемп дээр 64 хүнийг ойрын хавьтлаар нь тооцон тусгаарласан. Нийтдээ 171 хүнд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Үүнээс урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдөр Франц иргэнээс ахин гүнзгийрүүлсэн судалгаа авна. Хавьтсан хүмүүсийн хавьтал гэх зэргээр ахиад цаашаагаа судална.
Д.Батсайхан: Франц иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч халуураагүй ч даралт нь өссөн
Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн нэгдүгээр зэргийн хавьтлын Англи улсын 67 настай иргэнийг өчигдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газарт тусгаарласан билээ. Тодруулбал тэрбээр 03.02-нд Улаанбаатарт ирээд, 05-ны өдөр Улаангом хотод очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлсэн байна. Дээрх иргэн Увс аймагт байх хугацаандаа хоёр супермаркет, нэг ресторан, нэг зочид буудал, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар үйлчлүүлсэн учраас дээрх таван обьектыг түр хааж, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн гэх мэдээлэл байна. Англи улсын иргэн байгалийн зураг авахаар Увс аймагт ирсэн нь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар орох шалтгаан болсон талаар ч зарим эх сурвалжууд мэдээлээд байна.
Ингээд 2020 оны гуравдугаар сарын 11-ний 18:00 цагт Увс аймгийн Засаг Дарга Д.Батсайхантай утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Францын иргэний хажууд нь зорчиж явсан Англи улсын иргэнээс авсан шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу явуулж амжсан уу?
-Одоогоор амжаагүй байна. Тус иргэний тусгаарлагдсан газар Улаангом сумаас 220 орчим километрын зайтай. Дээрээс нь өчигдөр болон уржигдар энд цасан шуурга шуурснаас замын нөхцөл байдал хэцүүхэн байна. Өчигдөр орой аймгийн төвөөс гарсан шинжилгээний багийнхан үүрээр Хотгорын уурхайд очиж цаашаа өглөө хөдөлж дээжээ аваад нааш хөдөлсөн. Одоо цаг орчмын дараа аймгийн төв орж ирэхээр байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга шинжилгээг аваад Улаанбаатар хот руу явахаар машин бэлдчихсэн, онцгой комиссын бичгээ гаргачихсан байна. Улаанбаатар хотруу ойролцоогоор 24 цаг явна. Сорьцыг хүргэснээс хойш 20 цагийн дараа шинжилгээний хариу гарна.
-Англи улсын иргэний биеийн байдал ямар байна вэ?
-Тухайн иргэний биеийн байдал хэвийн, халуурсан шинж тэмдэггүй байна. Харин сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж, даралт нь өссөн байдалтай байгаа талаар хэлсэн. Тус иргэнийг Бөхмөрөн суманд хөдөө хээр тусгаарласан байдалтай байгаа. Тус сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Түүнтэй уулзсан, хавьтсан 50 гаруй хүнийг мөн тусгаарлаж, ажиглалтад аваад байна.
-Тус иргэний үйлчлүүлсэн таван байгууллагад халдваргүйжүүлэлт хийсэн гэж сонссон. Эдгээр газруудаар үйлчлүүлсэн бол тус иргэнтэй харилцсан иргэдээс ямар нэгэн аюултай шинж тэмдэг үзүүлсэн иргэн бий юү?
-Тийм зүйл одоогоор алга. Тухайн байгууллагуудаар үйлчлүүлсэн байж болзошгүй хүмүүс өөрсдийгөө хянаад гэр гэртээ тусгаарлаж, биеийн халуунаа тогтмол хэмжиж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж ариутгах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Увс аймгийн иргэдийн сэтгэлзүй энэ үед ямар байна. Тухайлбал хүнсээ нөөцлөх, айж сандралдах зүйл ажиглагдав уу?
-Өчигдөр Улаанбаатар хотын иргэд хүнсний нөөцөө цуглуулахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад тэгсэн үү гурил будаанд дараалал жаахан үүсгэсэн. Харин өнөөдөр хэвийн байна. Одоогоор хүнсний бүтээгдэхүүн хомсодсон, дэлгүүрийн лангуу хоосорсон, оочер дараалал үүсгэсэн зүйл алга. Увс аймгийн хэмжээнд нийт иргэдийнхээ гурван сарын хэрэглээг хангах гурилын нөөц аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд байна. Тиймээс зохиомол хомсдол үүсэхээс зайлсхийж, их хэмжээгээр худалдахгүй, худалдан авахгүй байхыг ард иргэддээ уриалж, мэдээлэл түгээж байна.
-Тус иргэн танай аймгийн Байгаль орчны газраар орсон мэдээлэл байсан?
-Байгаль орчны газраар биш Увс нуурын тусгай хамгаалалттай газраар очоод тэндээсээ унаа аваад явсан байна.
-Тэгэхээр албаны машинаар явсан бол аймгаас зөвшөөрөл авсан гэсэн үг үү?
-Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Увс нуурын тусгай хамгаалалттай газрын даргын шийдвэрээр албаны машин өгсөн мэдээлэл байна. Англи улсын иргэн тус газрын даргатай уулзаж, хоол идсэн учраас түүнийг мөн тусгаарлалтад авсан байгаа. Тиймээс нарийн ширийн зүйлийг тодруулах боломжгүй байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"