“Коммунист туршилтад 70 жил”
номын зохиогч Я.Дүгэр
1990 оноос өмнө бидний хувьд Ленин гэдэг орос хүн “бурхан”, түүнээс зөрсөн бүхэн буг байлаа. Үүнийг батлах, тархи толгойнд суулгах гэж нам-засаг хөрөнгө хүч (бидний хөрөнгийг бидний эсрэг хэрэглэн байж гэж болно) хайрладаггүй байв. Энэ бол хүнээс харамлаж болно, харин үзэл намын суртлын ажлаас бол болохгүй гэсэн үг.
Кинонд “нам-төрийг үндэслэгч” Д.Сүхбаатарын захиалгаар марзан Шарав их багш В. И. Лениний хөргийг бүтээж гардаг. Тэгж л монголчууд бид 1921 онд цоо шинэ багштай болсон... Одоо түүнийг чаралба, шимнус гэх шахам болжээ.
Ер нь, 70 жил “Д.Сүхбаатар, В.И.Ленинтэй уулзсан” гэдэг үлгэр монголчууд бидний бахархал байлаа. Уулзсан гэж бид итгэх ёстой байсан цаг л даа. Гэтэл сүүлийн үед уулзаагүй гэх батлах хүн ч гарах болж. Бүр уулзаагүй нь дээр байсан юм гэх нь ч байна. Жишээ нь, би муу... Дээрх “үлгэр”-ийг амны зугаа болгох нь ч байна:
“Ленинтэй би нэг удаа уулзсан юм
Ленин надад их тус болсон юм
Харь хол явж үзээгүй намайг
Харин бүр Ленинтэй уулзсан гэхэд гайхдаг юм” /Төрийн шагналт зохиолч Д.Сэнгээ “Өвгөн партизаны яриа”/ гэснийг гуйвуулж:
“Ленатай би нэг удаа унтсан юм
Лена надад их таалагдсан юм
Харь хол явж үзээгүй намайг
Харин бүр...” гэж бил үү, дээрх “гайхамшигт үлгэр”-ийг доог тохуу хийсэн байгаа юм... Гэхдээ 1990 оноос өмнө юун тоглоом тохуу, В.И.Лениний үзэгний үзүүр, амнаас гарсан үг бүрийг судалж, дагаж мөрдөх, бүр бүтээлчээр хэрэгжүүлэх, өөр өөрсдийн “үлгэр”-ийг нэмэрлэхээр уралдах нь бидний үүрэг, амьд мэнд, хоолтой явах баталгаа байлаа шүү дээ. Ялангуяа МАХН (МАН)-ын “оршихуй, эс оршихуй”-н асуудал энэ байлаа. Тэд ч “донтсон”, биднийг ч “донтуулсан”. ВИРУС... Тэгвэл одоо В. И. Ленинээр нэг “амьсгалаадахъя”. Тэр ямар хүн байв? Бид хэн байв?..
В.И.Лениний “гэгээн, ашид мөнхийн...” сургаалиас:
Шашин шүтлэгийн тухайд
… Шашин шүтнэ гэдэг чинь хүүртэй нөгцөж байгаагаас /!/ ялгаагүй явдал мөн гэсэн. Монголчууд бид 20 гаруй мянган лам хуврагаа алж, 760 гаруй сүм хийдээ газартай тэгшилсэн. “Лам нарыг хэзээ ч цагаатгаж болохгүй” гэсэн “захиас” байсан....
В.И.Ленин 1919 оны тавдугаар сарын 1-нд Дзержинскийд хаягласан захирамжиндаа “…лам нар болон шашныг аль болох түргэн зүйл дуусгах хэрэгтэй. Лам нарыг хувьсгалын эсэргүү, ажил тасалдуулагчид гэж баривчилж, хаа сайгүй өршөөлгүйгээр, бас аль болох олныг буудах хэрэгтэй. Сүм хийдүүдийг хаавал зохино. Дацан хийдүүдийг битүүмжилж, агуулах болго”…
Хувьсгалын эсрэг тэмцсэн, ажил тасалдуулсан эсэх нь энд хамаагүй – ердөө тэгж ойлго гэсэн заавар. “Агуулах болгох”-ын хувьд гэвэл шавь, залгамжлагч нар нь бүр ч хичээж газартай нь тэгшилсэн.
“…сүм хийдүүдэд байгаа үнэт зүйлсийг ямар ч өршөөлгүйгээр, мэдээж, юунд ч торж сааталгүйгээр, хамгийн богино хугацаанд хурааж авах ёстой. Үүнтэй холбогдуулан санваартнуудаас хичнээн олныг буудах тусам бидэнд төчнөөн сайн... ” (1922.03.19)
Х.Чойбалсан 1937 онд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Ежовт бичсэн албан захидалдаа: “1937 оны эхээр бид 1600 лам хуврага баривчилж, чангаар шийтгэв. Х.Чойбалсан миний бие буддын лам нарыг устгах ажлыг эрчимтэй явуулахыг өөрийн ариун үүрэг болгоно” хэмээн бичиж байв.
Ёс суртхууны талаар:
“…Юуны өмнө коммунист ёс суртахууны асуудлыг хөндөж ярья. Та нар коммунистууд болон өсч хүмүүжих ёстой. Өнөөгийн залуучуудыг хүмүүжүүлэх, сургах, боловсруулах бүхий л үйл хэрэг нь коммунист ёс суртахуунд тэднийг сургаж хүмүүжүүлэх явдал мөн. Ангиас гадуур тийм ёс суртахууныг бид үгүйсгэдэг. Бидний ёс суртахуун пролетари нарын ангийн тэмцлийн эрх ашигт захирагддаг. Бидний ёс суртхуун пролетари нарын ангийн тэмцлийн эрх ашгаас урган гардаг”...
1920 оны XI сард Бүх Оросын комсомолын III их хурал дээр хэлсэн үг нь. Цаадуул нь ангайлдаж сонсоод л, ура хашхираад л, малгайгаа дээш шидээд л. Бид ч хэзээ хойно ч цээжилж, шалгуулдаг байж билээ. К.Маркс “Коммунист (намын)тунхаг”-таа “коммунизм нь мөнхийн үнэнийг үгүй хийж, түүнийг өөрийнхөө дур зоргонд нийцүүлэн өөрчлөхийн тулд шашин хийгээд ёс суртхууны хэвшиж тогтсон ёс жаяг, хэм хэмжээг халдаг” гэснийг шавь нь (Ленин) мөрдлөг болгосон хэрэг. Ер нь, “КОММУНИЗМ, КОММУНИСТ” гэхээр нэг их сайхан, гэгээлэг, хүнлэг, ачтай буянтай юм сэтгэлд чинь буудаг бол тийм биш юм билээ гэдгийг хэлье... Фашизмаас илүү “эвгүй” суртал, тогтолцоо байсныг сануулъя. Түүхээ эргэж бод, зүрхээ чагна.
“Урлагт би сайн биш. Урлаг гэдэг чинь миний хувьд оюуны мухар олгойрхуу юмуу даа: суртал ухуулганд ашиглах хэрэг гарсан үед бид ашиглана аа, түүнийг. Харин хэрэг нь гүйцсэн хойно бид түүнийг - чис! чис! огтлоод хаячихна. Хэрэггүй дэмий юмаар яах юм…”
Урлаг, уран зохиол зөвхөн социализмын сайн сайхныг магтах (тархи угаах) үүрэгтэй. Тэгээд бүгдийг нь “ухамсартай”, Hom Marxist /“марксист хүн” “манкурт”, “зомби,” “мал”, “социалист ухамсартай, шинэ хүн” болгоод авсан байхад тэдэнд урлаг огтоос хэрэггүй гэсэн санаа...
• Үг хэлэх эрх ээ! Тэгж ч амиа хорлохтой адил юм хийдэггүй юм шүү, та минь.”Ил тод байдал зарлагдах хүртэл үнэнийг хэлэх хориотой, зөвхөн нам, суртлаа магтаж, марсайтал инээх үүрэгтэй байв даа.
1918 онд Мясниковт:
“Хэвлэлийн эрх чөлөө дэлхийн хөрөнгөтнүүдэд л тустай. Хэвлэлийн эрх чөлөө Оросын коммунист намыг цэвэршүүлэх, намд байгаа олон тооны алдаа дутагдал, сул тал, зовлон хийгээд өвчнөөс салгахаасаа илүү дэлхийн хөрөнгөтнүүдийн гарт зэвсэг болно. Дэлхийн хөрөнгөтнүүд үхээгүй байна...”
Бас: “коммунист бус зохиолчид сөнөтүгэй” гэсэн...
• Асуудалд өөрөөр хандах талаар:
—Марксизмд залруулах, өөлөх юм юу ч байхгүй. Залруулах юм уу өөчлөх гэсэн бүхний намалдгийг нь нээж өгөхөөс өөр зам байхгүй...
• Пенза мужийн гүйцэтгэх хороонд:
“Нударган, лам нар, цагаан гвардынхныг бөөнөөр нь хайр найргүй алж устгах хэрэгтэй. Эргэлзээтэй этгээдүүдийг бөөнөөр хорих лагеруудад хорь…” (1918.08.09)
• Орос улсын баруун хилийн чекистүүдэд 1920 онд:
-“Ногоонтнуудын” дүрээр (сүүлд тэдэн рүү чихчихнэ) 10–20 мод урагшилж, нударганчууд, лам нар, газрын эздийг хуу дүүжилье, та минь.
Шагнал: дүүжилсэн хүний тоогоор 100 000 рубль.
*”Ногоонтнууд” гэдэг нь улаантан буюу Зөвлөлт засаг, В.И.Ленин нарын төлөө ч биш, цагаантан буюу хаант засгийн төлөө ч биш, ердөө л газар, эрх чөлөө гээд зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалан тэмцэгчид.
“Эрх баригч ангийн гар дахь төр бол дайснуудынхаа эсэргүүцлийг нугачин дарах зориулалт бүхий машин мөн. Пролетари нарын төр нь хөрөнгөтнүүдийг дарах машин мөн”. “Диктатур гэдэг бол хүчирхийлэл дээр шууд тулгуурладаг, ямар ч хууль муультай холбоогүй (захирагддаггүй) эрх мэдэл мөн...” (эвгүй үг шүү)...
Бүгдийг нь!
В.И.Ленин Иргэний дайны үеэр Кавказ руу “Бүгдийг нь хядъя (”Перережем всех!” гэсэн утгатай цахилгаан тогтмол явуулж байв. Гэтэл тэр нь бараг сая шахам хүн шүү дээ...)
Дүүжлэх:
1918 оны наймдугаар сарын 11-нд В.И.Ленин 100 гаруй чинээлэг тариачдыг “олонд үзүүлэхийн тулд дүүжлэх, энэ хэргийг гүйцэтгэхэд “зүрх чангатайхан хүмүүсийг сонгож авах” заавар Пензагийн большевикуудад хүргүүлжээ.
Тариачдад тэгтлээ хорсдог нь, тэд хэний ч гар харалгүй амиа тээгээд явчхаж чаддаг нь юм. Харин нам-засгийн гарыг хардаг болгохын тулд өмчөөс нь салгах хэрэгтэй.
Хөдөлмөр, хөдөлмөрийн сахилга батын талаар:
“Пролетарийн төр төгс хүчтэйг капиталистуудад мэдрүүлж, түүний өөдөөс шууд эсэргүүцэх санаагүй болгох гэдэг утгаар бол тэднийг зөвхөн “айлгах” нь бидэнд хангалттай бус. Улам их аюултай, бас маргаангүй, хортой битүү эсэргүүцлийг бид мөн адил тас цохих хэрэгтэй юм. Аливаа эсэргүүцлийг тас цохих нь бидэнд хэрэгтэй төдийгүй, бас төрийн шинэ зохион байгуулалтын хүрээнд тэднийг албадан ажиллуулах нь бидэнд чухал...
Үүнийг гүйцэтгэх хэрэгсэл бидэнд байна аа. Энэ хэрэгсэл бол тариа будааны онцгой эрх, талхны талон, бүх нийтээр хөдөлмөрлөх алба юм”.
*Энд “капиталистууд” гэдэг нь сүүл сүүлдээ хүн толгойтон бүхэн, нөгөө “ард”, “хөдөлмөрчин” гээд хүн бүхэн болсон.
**хамаг өмчид нь эзэн сууж авна (өмч хөрөнгөтэй бол хураана, болохгүй заримыг нь устгана, тэгээд хамтрал, хомуун, нэгдэл, хоршоолол...), амьд явъя гэвэл хий гэснийг хийдэг болгохыг тэр заажээ...
“Тариачид хийгээд өөр элдэв бусын хөрөнгөтнүүдтэй хайр найргүй, алж хядах замаар (!) тэмцэлдэх, тэдний эсрэг дайн (!) зарлах хэрэгтэй...”
“Илүүдэл тариа будаатай эсэхийг нь сайтар нягтлан шалгаж, авчирч тушаагаагүй этгээдүүд бол ард түмний дайсан мөн тул хамаг өмчийг нь хураан авч арваас доошгүй жилийн хугацаагаар хорьж шийтгэх юм уу хотол олноос нь эгүүрт хөөх шийтгэл оноовол зохино”.
“Дээрэмдсэнийг нь дээрэмд”...
“Цэргийн комиссариатыг Хүнсний комиссариат болгон өөрчлөх хэрэгтэй.
В.И.Лениний амнаас гарсан үг бүрийг биелүүлэхэд бэлэн, нийгмийн шаар шавхруунууд хэзээд байсан. В.И.Ленин тэднийг “ухамсартай”, “эрүүл” гэж үздэг, зэвсэглэдэг, эрх дарх эдлүүлдэг байсан. “Өсвөрийн ленинч” (пионер) Павлик Морозов гэр бүлээ тэжээх гэж тарьж ургуулсан буудайгаа нуусан эцгээ барьж өгч, буудуулсан. ЗХУ-ын баатар болсон...
Армиас “эрүүл саруул” ангиудыг дайчлан хөдөлгөх…
Тариачдаас” хүнсний “илүүдэл” зүйлийг нь булаалгахаар. Хотын ажилчдад “илүү” юм угаас байхгүй тул тэднийг харин ч энэ ажилд “хөдөлгөсөн”. Түүхэнд тэд “25 мянгатынхан” нэрээр “мөнхөрсөн”. Энэ үеэр Украинд гэхэд долоон сая хүн өлсгөлөнгөөр үхсэн...
“Отрядуудын ажлын үр дүнг олж илрүүлсэн тариа будаагаар нь хэмжих” (соц. уралдаан гэсэн үг. МАХН (МАН) 1930-аад оны эхээр, лам нарыг, сүм хийдийг устгах, “эсэргүү” илрүүлэх зэрэгт “хүчийг хавсралдуулан уралдаж” ажиллахыг” ДХГ, Шүүн таслах газарт үүрэгдэж байсан).
“Ухамсартай отрядуудад АКЗ-ын зүгээс мөнгө болон зэвсэг гээд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ”.
“Отрядуудын ялзрал дэндүү олшроод ирвэл, тэднийг буцааж татна; өөрөөр хэлбэл, солино. “Өвчилсөн” отрядуудыг эргүүлж ирүүлэх бөгөөд сарын дараа тэднийг тайлангаа тавьж, “эмчилгээ хийлгэх” газар руу нь явуулна...”
*”ялзрал” – энэ бол цаад хүмүүсээ өрөвдөх, жаал жуул юм үлдээхийн нэр. “Эмчилгээ” – энэ бол буудахын нэр.
“...Өөрийнхөө хөлс хүчээр хэдхэн зуун пүү тариа будааг ургуулсан, тэгээд магадгүй түүнээ хадгалж дараад байгаа, нэг бол түүнээ зургаан рублээр биш, арай үнэтэй зарахыг цаанаа боддог бол тийм этгээд дээрэмчнээс дээргүй мөлжигч мөн”...
“Хөдөлмөрчдийн мөнгөн тэмдэгтийн нөөцийг болон түүнээ юунд зарцуулж байгааг хянаж байхын тулд хүн бүрийг толгой дараалан бүртгэх зайлшгүй шаардлага бидэнд байна. Энэ салбарт албадан хөдөлмөрлүүлэх журмыг тогтоох зорилт нь хөдөлмөрийн сахилга батыг тогтоох зорилт болон хувирч байна”...
“Мөнгөө банканд албан журмаар хадгалуулах, урсгал тооцоог албадлагын хэлбэрт шилжүүлэх...”
“Үйлдвэрлэлт ба хуваарилалтад туйлын хатуу чанга, өдөр тутмын бүртгэл ба хяналтыг хэрэгжүүлэх...”
“Хүн амыг эд хэрэглэгчдийн нийгэмлэгүүдэд албан хүчээр нэгтгэх...”
“Зөвлөлүүдийн хүнсний хэлтсүүд, хангамжийн газруудаар дамжуулан бид хүн амыг пролетари удирдлага бүхий нэгэн том хоршоо болгон нэгтгэх сэн...”
“Тариаланчдын асар өргөн олон дийлэнх нь жижиг үйлдвэрлэгчид. Хэдэн мянган халтар рубль хадгалсан жижиг хөрөнгөтөн бол улсын капитализмын дайсан мөн. Тэд тэр хэдийгээ гагцхүү өөртөө л ашигтайгаар зарцуулахыг хичээж байна.”
“Тариа будааг хуваарилах болсноороо бид хөдөлмөрийн бүх салбарт ноёрхлоо тогтоох болно”...
”Үйлдвэрлэлтийн байдлыг тоолж бүртгэх, бүртгэлийн журмыг сахиулах үүднээс аж үйлдвэрийн шүүх ажиллуулах”.
“Хөдөлмөрийн сахилга батыг зөрчсөн этгээдүүдэд оноох залхаан цээрлүүлэх арга хэмжээнүүдийн тухайд гэвэл тэдгээр нь илүү хатуу чанга байх ёстой. Шоронд хорих хүртэл залхаан цээрлүүлэх явдал зайлшгүй хэрэгтэй. Заводоос халах журмыг адилхан сахиулна, гэхдээ одоо шинж чанар нь тэс өөр болно. Капиталист байгуулалтын үед иргэний зөвшилцлийг зөрчсөн үед халдаг байсан. Харин одоо бол хөдөлмөрийн сахилгыг зөрчих, нэн ялангуяа албадан хөдөлмөрлөх журмыг зөрчих гэдэг бол бүр эрүүгийн хэрэг (!) мөн…”
“Коммунистуудын намын зорилт бол олон түмнийг манлайлах, мөн тэднийг дарангуйлан захирагчийн хүсэл эрмэлзэлд үг дуугүй захирагддаг болгох - энэ хоёрыг зөв хослуулах замаар олон түмнийг удирдах (”маллах”) явдал мөн”.
”Сонгогдсон юм уу томилогдож, дарангуйлан захирах бүрэн эрхтэй болсон зөвлөлтийн удирдагч нарт үг дуугүй захирагддаг болгох нь чухал...”
“Орос орны нийслэл болон аж үйлдвэрийн гол гол төвүүдэд засгийн эрхийг байлдан авах зорилтыг большевикууд харьцангуй амар, бүр дэндүү хялбар хэрэгжүүлж чадлаа. ...БОЛЬШЕВИКУУД ОРОС ОРНЫГ БАЙЛДАН ЭЗЭЛЛЭЭ”...
Харин энэ бүхэн хэнд зориулсан “сургаал” байв? Ер нь Ленин хэний багш байв? “Намаас томилогдсон”, тэгэхээр, намын нэр барьсан, “Олон түмнийг дарангуйлан захирах” эрх авсан дарга нарт буюу залгамжлагч нартаа (дарга нар бүгд заавал намын гишүүн байх ёстой байсан) “ОРОН БҮХНИЙ ХӨДӨЛМӨРЧИД” БИДНИЙГ ХЭРХЭН ЯАЖ ЭРХШЭЭЖ, АЙЛГАЖ АТГАХ, (“МАЛЛАХ”)-ЫГ ЗААСАН СУРГААЛ байж. Би үүнийг нас ная дөхөж, В.И.Лениний тухай “дэмий балай юм” тоймгүй ихийг уншиж, хэд хэдэн ном бичиж орчуулсан хойноо л нэг юм ойлголоо... Уг нь ухаант мэргэд түүнийг “фашист”, “улаан дарангуйлагч”, “төрөлхийн ёс суртахууны гажуудалтай, солиотой этгээд”... Түүнийг дагавал сүйрэл, аллага хядлага, хоосролоос өөр “нар бид үзэхгүй”, В.И.Лениний нам-төр урьдын феодалаас долоон дор феодал болно гэхчлэн зөндөөн сануулсан юм билээ л дээ.
Гэтэл В.И.Лениний хамгийн их найдвар тавьж, түүнийхээр бол, “болзол хангагдсан“ АНУ, Англи, Франц, Германы ажилчид биш, харин “яагаа ч үгүй, түүхийгээрээ байсан” Оросын ажилчин - тариачид анхалж түүний “өгөөшийг үмхсэн”... Монгол бол “ялсан пролетари нарт” чухам “зажлахгүй залгих” хоол байсан. Тэд Монголыг “байлдан эзэлсэн”...
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"