Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Коронавирус чинь та бидний мөн чанарыг шалгачхав уу

 Шинэ төрлийн коронавирусийн халдвар өмнөд хөрш Хятадаас эхлэн тархаснаар дэлхийн олон улс оронд тархаж, тэр улс орнууд нь бүү хэл, дэлхийн нийтээрээ түгшиж байхад энэ аймшигт халдварын тохиолдол илэрсэн орнуудыг улаанаар тэмдэглэсэн газрын зураг дээр Монгол Улс эргэн тойрны улаан өнгөн дотор ганцаараа цагаанаар л тэмдэглэгдэн дэлхий нийтийг гайхшруулж байлаа.
Гэтэл францаас оросоор дамжиж гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн францын иргэн, Дорноговь аймаг дахь “Арева” компанийн удирдлагын ажилтан коронавирусийн сэжигтэй гарсан нь “энэ өвчин, аргалын утаа үнэрлэж, борц идэж, сүү цагаа идэж байсан талын монголчуудад” монгол хүнд, монголын газар нутагт халдварлахгүй гэсэн омогшил, бардамлыг эргэлзэхэд хүргэж орхисон. Гэхдээ өвчний халдвар авсан хүн нь франц л даа.
За энэ мэдээлийн араас л олон нийтийн сүлжээгээр хараал зүхэл давлагаалсан гэж болно доо.
“Тэр муу францыг буудаж ал”, “Шатаа”, “Эмчилгээ, шинжилгээний бүхий л зардлыг нь өөрөөр нь, тэр Арева компаниар нь төлүүл”, “Франц улс бүх зардлыг нь төлөх ёстой”, “Дорноговьд ажиллаж байгаа Арева компанийг нь хөөж гарга” гэсэн пост, сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр цуврахын зэрэгцээ мэдээллийн сайтууд ч дуугүй байсангүй.
Ер нь хамгийн түрүүнээ үзэн ядаж байсан нь ердөө л фанцын иргэн. Энэ нь ч учиртай, нэгдүгээрт энэ аймшигт коронавирусийн халдвар авалгүй, тархалгүй ганцаараа цонх мэт үлдэж байсан улс эх оронд минь гаднаас энэ өвчний халдварыг тээж ирсэн, нөгөө талаар хэдэн жилийн өмнөөс Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж хүн амьтан, мал сүрэг, бэлчээрийг хордуулж байна гэсэн хэл ам дагуулаад байсантай бас холбоотой, Үнэхээр олон түмэн үзэн ядаж байлаа.
Гэтэл нэг хоёрхон хоногийн дараа францын бие тааруухан байна гэсэн мэдээллийн араас өрөвдөх, хандлага давамгайлж ирэв. Арга ч үгүй, ХӨСҮТ-ийн ерөнхий төвийн дарга Д.Нямхүү “Францын бие тааруухан байна. Сэтгэл санаагаар их гундуу байгаа”, “Эх орондоо бушуухан буцъя”, Монголд өвчин тээж ирж гай тарилаа. Монголчууд намайг үзэн ядаж байна” гэж хэлсэн үгүүдийг нь дамжуулсны дараа салхи эсрэгээрээ эргэж харь холын тэр хүнийг өрөвдөх монгол сэтгэлгээ давлагаалах болов.
“Зайлуул даа, хурдан эдгэрээсэй”, “Хоёр хүүхэдтэй юм гэсэн, эхнэр хүүхэддээ эсэн мэнд эргэж очоосой” гэсэн өрөвдөж хайрласан пост, сэтгэгдэл сүлжээгээр нэг тарж, монгол хүний сайхан сэтгэл, өрөвч зан хаачив гэсэн бичлэг мэдээллийн сайтуудаар хөвөрч эхлэх нь тэр. Үүнийг дагалдаад шинэ төрлийн коронавирусийн халдвар анх гарсан Дорноговь аймгийг харааж зүхэх хөдөлгөөн өрнөснийг дурдалгүй өнгөрч яаж болох билээ. Олон нийтийн сүлжээгээр “Дорноговь аймгийг бүслэн хаагаад шатаа” гэсэн пост олон нийтийн сүлжээгээр тархаж цөөн биш хүн дэмжин коммент бичиж лайк дарж байв.
Хамгийн эмгэнэлтэй нь манай эрх барьж байгаа төр, МАН нам франц хүнийг үх, шатаа гэсэн хүмүүсийг мөрдөн олж шалгаж, торгууль оноов. Тэр торгууль нь хаашаа орохыг хэн мэдлээ...
Гэтэл нэг хүнийг хороо, шатаа гэсэн хүнийг ч яах вэ торгож шийтгэдэг юм байж. Гэтэл бүхэл бүтэн 60 орчим мянган хүнтэй аймгийг шатаа устга гэж байгаа хүмүүсийг монголын төр, хууль хүчнийхэн, цагдаа чихээ бөглөн нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж байх жишээний.
Нөгөө талд нь хөндлөнгөөс ийм сэтгэгдэл, бичиж пост оруулсан хүнийг мөрдөн шалгаж барьж байцааж байгаа / магадгүй тамлан байцааж байгаа/ цагдаа, хууль хүчнийхэн өвчлөлтэй орноос ирсэн, сэжигтэй шинж бүхий франц хүнийг “дээрээс” нэр нөлөө бүхий хүмүүс тусгаарлах байранд оруулалгүй авч гаргасныг огт шалгалгүй таг чимээгүй нуун өнгөрүүлж байгаа нь олны дургүйцлийг бүр ихээр төрүүлэв.
Амь амьдралынхаа эрхэнд харь оронд амьдарч суугаа иргэддээ ч гэсэн ихэнх нь монгол хүний уужуу сэтгэл, элэг зөөлнөөр хандаж байгаа бол нэг хэсэг нь өөрсдийнхөө хар амийг бодож гадаадад тэнүүлчилсэн нөхөд тэр чигээрээ тэндээ дуус, одоо л эх оронтойгоо мэдэрч гэнэ, зардлыг нь төлүүл, зайлцгаа гэсэн бичлэг яриа хөвөрсөөр...
Нөгөө талд нь “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн”, “Бэлчээрийн нүүдэлчин ахуй маань аюулт өвчнөөс сэргийлэн хамгаалж байна”, “Бид Чингисийн удам” гэсэн хийрхэл дагалдаж байсныг хэлэх юун. Зарим нь бүр идэж байгаа хоол, унтаж байгаа ор, бүр ядуу зүдүү байгаа нь энэ өвчний халдвар авахгүй дархлаа болж байна гэж хийрхэж байсныг дурдах юун.
Үүнд манай шашныхан ч бас оролцолгүй үлдэж хоцорсонгүй, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гаргаж амжаагүй байхад сэргийлэх, эмчлэх үрэл гаргалаа. Эм тун байна гэхчлэн нэмэр оруулсныг хэлээд юу гэхэв. Дэлхий нийтийн жишиг, орчин үеийн шинжлэх ухааны онол баримтлалыг дагаж байх ёстой Монгол Улсын Эрүүл мэндийн яам, сэтгүүлч сайд нь хүртэл үүнд итгэчихсэн даган баясч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байх юм.
Ингээд бодохоор шинэ төрлийн коронавирус хэмээх энэ аймшигт өвчний халдвар тархаж эхэлсэн нь монгол хүн бүрийд аймшиг, сэтгэлийн түгшүүр авчирсан төдийгүй хэн нь хэн бэ, аюулт мөч тулгараад ирэхэд хэн ямар араншин гаргах вэ, төр засаг, хууль тогтоогчид, эрүүл мэндийн салбарын эрх баригч удирдлагууд, өөрсдийгөө онгой гэж нэрлээд байгаа УОК-ын хүмүүс үнэн чанартаа “Хэн бэ” гэдгийг харуулах шиг боллоо.

эх сурвалж :"Ардчилал тайм сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com