Ердөө хорьхон хоногийн өмнө дэлхийн шинжээчид коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг V-гээр төсөөлж байв. Тодруулж хэлбэл тэд эдийн засаг огцом буугаад огцом сэргээд ирнэ гэж таамаглаж байсан. Гэтэл аравхан хоногийн дараа энэ таамаг U болж өөрчлөгдөв. Товчхондоо огцом буугаад аажуудаа огцом өсөлт үзүүлнэ гэцгээж байлаа. Гэтэл дахиад арав хоноод L болоотохлоо. Огцом бууна, гэхдээ бууралт хэзээ өгсөхийг хэн ч хэлж чадахгүй болчихсоныг L-ээр төлөөлүүлсэн хэрэг. Тэгэхээр коронавирусийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө хэдий хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй болчхож. Ганц тодорхой зүйл бий. Тодорхойгүй байх нь л тодорхой байна. Бүх зүйл тодорхойгүй учраас элдэв тоон үзүүлэлттэй график ашиглахыг зорьсонгүй.
Коронавирусийн тархалт эрчимжсэн өдрүүдэд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд шил шилээ даран улайгаад байна. Нью Йоркийн хөрөнгийн зах долоо хоногийн хүгацаанд хоёр ч удаа түр хугацаанд зогссоныг уншигчид санаж суугаа байх. 2007-2008 оны санхүүгийн хямралын үеэр олон улсын хөрөнгийн зах зээлд тодорхой хамгаалалтуудыг бий болгосон. Асуудал хүндэрвэл өнөө хамгаалалтууд нь аюулын дохио хангинуулах тохиргоотой. Тэр хамгаалалт анх удаагаа ажиллаж, аваарын дохио хангинуулсан нь тэр.
Цар тахал улс орнуудын эдийн засгийг удаашруулж байгаа учраас олон улсын зээлдэгч байгууллага IMF-аас лав л 20 улс санхүүгийн дэмжлэг хүсээд байна. Иран яаралтай тусламж хүссэнээ өнгөрсөн долоо хоногт зарласныг эс тооцвол яг ямар улсууд тусламж хүссэн талаарх тодорхой мэдээлэл өнөөхөндөө алга. ОУВС-гийн тэргүүн хатагтай н.Георгиевагийн улс орнуудад өгч буй зөвлөгөө нь ерөөсөө л төсвийн хатуу бодлого. Түүнийхээр улс орнууд бүсээ чангалж байж л хохирлыг гарз багатай даван туулах нь. н.Георгиева энэ уриалгаа их долоогийн удирдагчидтай уулзахынхаа өмнө гаргасан. Хүчирхэг эдийн засагтай их долоогийн ихэнх нь коронавирустэй тэмцэж яваа. ОУВС үүссэн хямралтай тэмцэхэд санхүүжилт гаргахад бэлэн гэв.
Өмнө нь эдийн засгийг V хэлбэрээр төсөөлж таамаглаж байхад Засгийн газар тодорхой зүйлсийг төлөвлөж байв. Наад захын жишээ гэхэд төсвөө тодотгохгүй гэж итгэлтэй дуугарч байлаа. Хорьхон хоногийн дотор таамаг L рүү шилжихэд Америк хүртэл яах вэ гэсэн эргэлзээн дунд төөрчихсөн явна. Төсвөө тодотгохгүйгээр асуудлыг даваад гарна гэсэн Засгийн газар, Сангийн яам шинэ сорилт, шийдэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрлээ. Хүчирхэг, том эдийн засгуудын хувьд хүнд нөхцөлд нүүр тулсан эрсдэлүүдийг удирдах боломж өндөртэй байдаг бол манайх шиг хөгжиж яваа жижиг эдийн засгууд бүсээ чангалахаас аргагүй. Яалт ч үгүй хийх зүйлсийн эхэнд жагсдаг шаардлага нь бүсээ чангалах гээд ойлгочхож болно. Манайд эдийн засгийн хямрал гэхээр л зөвхөн төсөв ярьдаг нь байгаа оноогүй өнцөг санагддаг юм. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист улсад биш хувийн хэвшлүүд ачааны хүндийг үүрч, хөгжлийг түүчээлдэг нийгэмд амьдардаг. Тэр утгаараа бид төсөв биш компаниудаа ярьж, хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж хөл дээр нь босгох вэ гэсэн асуултад хариу хайх учиртай. “И-март”, “Номин”-г барааны үнээ нэмлээ гэж торгодог нийгэм ард хоцорсныг энэ дашрамд онцолъё.
Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улс орнуудын тухайд эдийн засаг нь хүйтэн сэрүүний улиралд тодорхой хугацаанд амсхийдэг онцлогтой. Сэргэх үе нь гурав, дөрөвдүгээр сараас эхэлдэг. Гэтэл өнөөдөр эдийн засгийн унтаа байдал, амсхийлт ахиад ч сунаж мэдэх нөхцөл үүсээд байна. Байдал иймдээ тулсан учир бизнес эрхлэгчид Засгийн газартаа хандахаас аргагүй болчихлоо.
Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд үргэлжилж буй энэ үед бизнесийнхэнд нэг том асуудал үүсээд буй. Онцгой байдал, өвчин тахал олны анхааралд орсон өдрүүдэд Засгийн газрын байгууллагууд хуралдахгүй байгаа нь цаг, нартай уралддаг бизнес эрхлэгчдийн хувьд маш том саад, хохирол болж байна. Даарин дээр давс гэгчээр коронавирусээс үүдсэн асуудлуудаа яая гэж явахад нь шаардлагатай зөвшөөрлүүд нь хугацаандаа гарахгүй байх яаж ч бодсон хэцүү хэрэг. Засгаас авах ёстой зөвшөөрөл цаг хугацаандаа гараагүй тохиолдолд бизнес нь төлөвлөсний дагуу урагшлахгүй зовлон бий. Товлосон үедээ зөвшөөрлөө авч чадалгүй долоо хоноход л өчнөөн асуудал үүсдэг. Нэг компани хохирох бага хэрэг гэж бодъё. Гэхдээ нэлээд хэдэн аж ахуйн нэгж ийм асуудалтай нүүр тулбал том асуудал болж хувирна. Нэгэнт уначихсан эдийн засгийн буцаж сэргэх хугацаа улам уртсах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл коронавирусээс болж элгээрээ хэвтчихсэн, хэзээ сэхэх нь мэдэгдэхгүй байгаа эдийн засаг улам л унтарна гэсэн үг.
Эндээс нэг л зүйл тодорхой байна. Дэлхийг сандаргасан коронавирусийн дэгдэлтийн үед ядаж л лиценз, зөвшөөрөл олгох гэх мэт өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийгээд явах бүрэн дүүрэн боломж Засгийн газарт бий. Бизнесийнхэнд шаардлагатай зөвшөөрлийг нь өгөхөд засгаас нэг ч илүү зардал гарахгүй. Хүнд үед хүнд сурталд л баяртай гээд хэлчхэд болчих асуудал. Коронавирусийн тархалт эрчээ авсан хүндхэн өдрүүдэд энэ мэт төвөг зардал багатай асуудлуудыг хурдтай шийдээд явах эрэлт Засгийн газрын өмнө байна.
Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж шоконд орсон эдийн засгийн эрэлтийг дэмжих аргаар сэргээх нэг гарц бий. Банкуудыг санхүүжилтийн эх үүсвэрээр хангаж, бизнесүүдэд ажлын байрны орон зай гаргаж өгөх эрэлт нэгэнт үүсчихсэн. Улс орны удирдагчдыг ажаад байх нь ээ давагдашгүй шалтгааны өмнө сөхөрсөн эдийн засгаа ажлын байраа хадгалж үлдэх замаар аварч үлдсэн жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Манай улсын хувьд ч ялгаагүй, ажлын байраа хадгалж үлдэх том сорилтын өмнө ирчихлээ. Коронагийн үеэр хамгийн их хохирол амсч яваа хэсэг бол жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид. Тэдэн дунд аргагүйдээд бизнесээ зогсоосон хэсэг ч байна. Жижиг, дундууд хаалгаа барих хэрээр ажилгүй иргэдийн хувь хэмжээ өсөх эрсдэл бий. Ажилгүйчүүд хүрээгээ тэлэх хэрээр ядуурал газар авч, эдийн засаг хүрээгээ хумьдаг зүй тогтолтой. МҮХАҮТ-ын дор нэгдсэн бизнесийн холбоод, зөвлөл нүүр тулсан эрсдэлээс хохирол багатай гарах шийдэл, хувилбаруудыг ҮАБЗ-д хүргүүлээд байна. Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхим гэх мэт бизнес эрхлэгчдийг төлөөлсөн байгууллагуудын санал нэгдсэн нэг өнцөг нь энэ л дээ. Жижиг дундуудаа хямд эх үүсвэртэй зээлээр хангаж байж аль болох олон ажлын байрыг хадгалж үлдэнэ. ҮАБЗ жижиг дундуудыг дэмжихийн тулд мөнгө гаргахаар шийдсэн нь яалт ч үгүй цагаа олсон шийдэл.
Дэлхийн улс орнуудыг нэгэнт нөмөрсөн коронавирусийн сөрөг нөлөө гадаадын хөрөнгө оруулалтад ч мэдрэгдээд эхэлчихсэн. Хөгжиж буй ихэнх орны адил шинэ хөрөнгө оруулалтад найдах шаардлагагүй болж байна. Харин өмнө нь хэрэгжиж эхэлсэн, одоо хэрэгжиж буй төслүүдэд элдэв саад тээг тавихгүйгээр дэмжээд явбал гадаадын хөрөнгө оруулалтаас мөнгө татаж эдийн засгаа тэтгээд амьдрах боломж бий.
Том жижиг ялгаагүй нийт компани, бизнес эрхлэгчдэд зээлийн эргэн төлөлт, өндөр хүү дарамт болж эхэлсэн тухай Монголын банкны холбоо онцолж байгаа. Аж ахуйн нэгжүүд эхнээсээ зээлийн хүү, эргэн төлөлтөө хойшлуулах яриа хэлэлцээрийг харилцдаг банкуудтайгаа өрнүүлээд, дэмтэй, хэрэгтэй шийдэлд хүрээд яваа юм билээ. Коронагийн тархалтаас болж огцом унасан эдийн засаг цаашид хэр хугацаанд мөлхөхийг тааж хэлэх шинжээч өнөөхөндөө алга. Ийм үед зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахаас ч илүү том шийдлийг банк, санхүүгийнхэн гаргахаас аргагүйд хүрнэ. Мэдээж тэд дангаараа хүчрэхгүй. Засгийн дэмжлэг, бодлоготой хүч хавсарвал үр дүн гарна.
Бас нэг тоо сонирхуулъя. Хөгжиж буй орнуудын тухайд түүхий эдийн үнийн огцом уналт, хөгжиж буй зах зээлээс гарч буй хөрөнгийн гадагшлах урсгал эрсдэл үүсгэнэ гэж ОУВС харж байна. Олон улсын санхүүгийн хүрээлэн хөгжиж буй орнуудын зах зээлээс 42 тэрбум ам.доллар гадагшилсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ эрсдэлийг тэнцвэржүүлж, багасгахын тулд төв банкууд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэсэн зөвлөгөөг ОУВС өгөөд байгаа. Тэдний зөвлөснөөр төв банкууд ийм хямралын үед гадаадын валютын интервенц хийх, хөрөнгийн урсгалыг удирдах арга шийдлээ бодлогын хүүг бууруулах зэрэг мөнгөний бодлогын бусад арга хэмжээтэй уялдуулбал хямралыг хохирол багатай туулах нь.
Энэ мягмар гарагт Францын Засгийн газар иргэдийнхээ ус, цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргана гэнэ. Коронавирусийн аюул бизнес эрхлэгч, компаниудаас гадна иргэдийн нуруун дээр хүнд ачаа болоод ирчихсэний наад захын жишээ л дээ. Манай иргэд ч ийм асуудалтай нүүр тулаад эхэлсэн. Захын жишээ гэхэд ипотекийн зээлийн эргэн төлөлт. Өндөр хөгжилтэй Франц иргэдээ ахуйн хэрэглээнийх нь төлбөрөөс чөлөөлж байгаа ийм үед банкуудтай яриа хэлээ өрнүүлж иргэдийнхээ ипотекийн зээлийн төлөлт дээр нааштай шийдэл гаргах эрэлт мөн л хаалга тогшиж байна.
Төгсгөлд нь коронавирусийн цар тахлын уналтаас өндийж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд дэлхий даяараа их хэмжээний санхүү, төсвийн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн ОУВС-гийн зөвлөгөөг онцолъё. 2008-2009 оны санхүүгийн хямралын үед авч хэрэгжүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүү, төсвийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмж гарчээ. Санхүүжилтийн хэмжээг багцаалдвал Их 20-ийн улс орнуудын ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр их мөнгөн дүн дуулдаж байна. Өнөөдрийн ханшаар бол 900 тэрбум ам.доллар. ОУВС Засгийн газруудад эрүүл мэндийн зардлаа эхэнд тавь, хүндрэлд өртсөн иргэдэд өвчтэй үед цалинтай чөлөө олгох, бизнесүүдэд зорилтот татварын дэмжлэг үзүүл гэсэн зөвлөмж өгснийг энэ дашрамд бас онцолъё. Мөнгөний бодлогын тал дээр төв банкууд "эрэлтийг дэмжсэн, санхүүгийн нөхцөлийг хөнгөвчилсөн бодлого хэрэгжүүлж, зах зээл дээрх итгэлийг нэмэгдүүлэх, бодит эдийн засгийн дэмжих мөнгө-зээлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай”-г ОУВС-гийн тэргүүн онцгойлж тодотгосныг Засгийн газар, Монголбанканд дайя.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"