Таалагдах гэдэг өөрөө хэцүү ойлголт л доо. Таалах гэдэг үйл үгээс үүсэлтэй таалагдах гэдэг нь хүний мэдрэмжинд нь нөлөөлж ашиг сонирхол өөрөөр хэлбэл хүсэлд нь нийцүүлэхийг хэлж байгаа юм болов уу. Хятадын гүн ухаанч Лао-зыгийн үзлээр бол хүн аливаад таалагдах гэж хичээх тусмаа жүжиглэх хэрэг гардаг аж. Тиймээс аливаа хүнийг хэлж ярихдаа ч, үйлдэхдээ ч байгаагаараа байж, бусдын өмнө жүжиглэхгүй байхыг сургажээ. Ингээд бодохоор таалагдах гэдэг нь хүний хүсэлд өөрийнхөө үг, үйлдлийг нийцүүлэхийн тулд жүжиглэхийг хэлнэ гэж ойлгож болох нь. Хэчнээн олон хүнд таалагдах тусмаа тэр нь сайн. Магадгүй хамгийн сайн сурталчилгаа тэр болно.
Хамгийн олон хүнд таалагддаг юм юу вэ? Доллар. Харин хамгийн олон хүнд таалагдахыг үргэлж хүсэгч нь хэн бэ? Засгийн газар. Тэгэхээр Засгийн газар аль болохоор олон хүнд таалагдах шийдвэр гаргадаг гэсэн үг. Тэгвэл олонх гэж хэн юм бэ? Үргэлж олонхын зөв байдаг уу? Нийгмийн ухаанд олон тодорхойлолт бий. Гэхдээ тэнд сэтгэгч, тэргүүлэгч, манлайлагч, шилдэг, өөр, онцгой гэх үгс байхгүй. Олонхын үндсэн нийтлэг шинж үүний эсрэг гээд ойлгочход буруудахгүй. Нэг тийм хөөрсөн түмэн гэх юм уу даа. Сэтгэлийн хөөрлөөрөө бүх зүйлд ханддаг. Олныг дагаж ханардаг. Тиймээс олонход таалагдахаар төр засаг шийдвэрээ гаргаж өөрөөр хэлбэл сошиалаар ажлаа хийдэг. Манайд энэ үзэгдэл бүр ил тод. Засаг төр огт судалгаагүй сошиалчдын сэтгэлийг хөөргөх шийдвэрүүдийг гаргадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөр л гоё байвал маргааш яах нь хамаагүй.
Сошиал яг нийгмийн төлөөлөл олонх болдог уу, үгүй юу гэж хэн нэг нь, хэзээ нэг цагт судлах байтугай бодож үзэж байсан үгүйг мэдэхгүй. Ямартаа ч талцаж хэрэлддэг, тасчиж идэхэд бэлэн байдаг хамгийн хэл амтайнуудын төлөөлөл тэнд байдаг нь үнэн.
Тиймээс Монгол Улсын төр засаг тэр хэддээ таалагдах юмыг яаж ийж байгаад бодож олчихдог. Бодоод олно ч гэж дээ цаадуул нь зах сэжүүрийг нь гаргаад өгчихдөг. Тухайлбал корона хэмээх аюултай вирус гарлаа. Япончууд эмч нараа илгээж харин монголчууд хоосон онгоц явуулж оюутнуудаа авчрав. Сошиалаар нэг хөл хөөрцөг. Гучин мянган хонь бэлэглэхээ амлаж бас онлайнаар нэг майлалдав. Гэтэл тахлын голомтод ажиллаж амьдарч байсан япончууд эх орондоо буцаж халдвар тараахгүй хэмээн шийр зааж тэндээ зарим нь үүрд үлдэв. Нөгөө сүрхий эх оронч монголчууд таг дуугүй. Зарим нь дотроо “тэнэг амьтад” гээд тэгсгээд мартсан байх.
“Бид ёстой үзүүлээд өгч байна. Нэг ч монгол хүнд туссангүй. Бид үнэхээр тэнгэр заяатай, тусдаа гентэй, босоо цагаан хийморьтой ард түмэн шүү”. Сошиалаар нэг намирсан туг, дэлгэсэн тэрлэгний зураг, дуу хуур, омогшил, наргиа наадам, тэмдэглэлт баярууд.
Гэтэл маргааш өглөө нь нэг франц хүнээс корона илэрлээ. “Өө муу гайтай францыг бууд, дүүжил, буцаа, цохь болоод явчхав. Тэнгэрт заяат нэрэнд нь сэв суулгасан тэр мууг яасан ч яах вэ юм болов.
Хэн ч тэр хүнийг яагаад нэвтрүүлсэн, яагаад халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж өгсөн, хэн хариуцлага алдсан талаар ярьсангүй. Хэрвээ олонх ингэж үзэж байгаа бол тэр хүнийг нэвтрүүлсэн, явуулсан, хариуцлагагүй нөхдийг олж хуулийн дагуу “дүүжлэх” ёстой байлаа. Тэгсэнгүй.
“Хөөрхий минь муу сайд маань чадлаараа ажиллаж байна. Шарандаа тэр хүнийг нь эдгээж монгол эмч нарынхаа нэрийг дэлхийд гаргана” гэж давлагаалав. Цаана нь бас л өнөөх л бардам үзэл, харанхуй омогшил. Хятад улсын эмч нар өчнөөн мянган хүнийг эмчлээд одоо бүр вакцин гаргаснаа дэлхийд зарлаад байна. Эрүүл мэндийн яам тэр нөхрийг үлдээн эмчилж таалагдах ажлаа эхлүүлэв. Азаар тэр хүний бие илааршиж байгаа бололтой. Хариуцлагагүй ганц францыг эдгээлээ гэж дэлхий биднийг тоох уу?
Дараагийнх нь монгол хүн өвдөхгүй байгаа тэр вирусийг онгоцоор олж ирээд импортлох ажил болов. Хүссэнээр нь ч боллоо. Өнөөдөр албан ёсоор Монгол зургаа дахь өвчтэй хүнээ зарлачхаад сууж байна. Энд тэндээс иргэдээ татан авчирч дөрвөн уулын дунд хашсан хэдэн монголчууд дээрээ зөөн авчирсаар. Олон нийтийн сүлжээгээр “Та нар битгий нэгийгээ нулимцгаа эх оронтой хүн ийм байдаг юм” хэмээн омогшиж, огшиж онгоц буухад үеийг уянгын дуутай дүрсжүүлснийг хараад нулимсаа цийлэлзүүлнэ. “Тэр хөөрхий минь ёслоод буулаа, ёстой мундаг”. Маргааш нь тэр тэнгэртээ мөргөсөн хүний ярилцлага тэргүүн нүүрэнд заларна. Зурагтаар ДЭМБ-ын мэдээг сүржин дуугаар уншиж сайд, эмнэлгийн дарга хоёрынхоо хамгийн хөөрхөн зургийг зүрх даран шэйрлэцгээнэ. Тэгсэн хэрнээ онгоц газардлаа гэх бүрт орондоо шигдэж, орцноосоо толгойгоо цухуйлгахаас жийрхэнэ. Яг үнэндээ яс нь хавталзана.
Тэгээд энэ тэнгэрт тулсан хийрхлийн хариу нь “Бид дахиад өвчтөн нэмэгдвэл хөнгөн хүмүүсийг нь гэрт нь тусгаарлахаас аргагүй нөхцөл байдалтай боллоо. ЭМЯ-аас мэдэгдлээ”. Тийм шүү дээ бидний бодит үнэн. Бодит байдалтайгаа нүүр тулах биш бодлын салхиндаа баясч хоёр сарыг үдлээ. Тусгай үүргийн нислэгээр гаднаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулсан. Хилийн 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарласан. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулах шийдвэр гаргалаа. “Хөөрхий минь тэгэлгүй яах вэ, та нар дуугүй байцгаа. Чи оронд нь байсан бол яах вэ.” Тэр дотор “Би байсан бол эх орондоо гай чирч ирэхгүй байсан” гээд хэлчих нэг ч хүн үгүй. Учир нь энэ нийтийн олонх шүү дээ.
Засгийн олонход таалагдах шийдвэр одоогийн байдлаар энэ. Дэлхийн энд тэндээс өвчтэй, өвчингүй монголчуудаа цуглуулж байгаад бүгдээрээ бөөндөө үхэцгээе гэснээс ямар ялгаа байна. Тийм ээ, бид эх оронтой хүн тул эх орондоо үхэх эрхтэй. Эх орондоо эрхлэх ч эрхтэй. Тэрхүү эрхлэх эрх нь хэтрээд 14 хоног тусгаарлагдсан хүмүүс нийлж архи уусан, байр сав, хоолоо голсон, оргож гарахыг завдсан шүү дээ.
Өчигдөр ирсэн хүмүүс нь эргэлт авахаар боллоо. Нэг эмэгтэй Зүчи гэдэг зочид буудалд заавал бууна гэж дөрвөн цаг утсаар загнажээ. Ирсэн хүмүүс онцгой байдлынхныг дээд дарга нараар нь яриулж мундагдуулахыг завдсан гээд дайны хажуугаар дажин гэдгээр бөөн шуугиан. Гэтэл уянгын дуутай онгоцны дүрс хараад уйлж байсан хүмүүс “новшнуудыг буцаа” гэцгээв. Яасан ч зуурдаар хувирдаг сэтгэл, амархан эгшдэг нулимс гэгч вэ.
Монголчууд сэтгэл санааны хэр дархлаатайгаа энэ хоёрын сарын хугацаанд харуулав. Нийтийн халдварт өвчнөөс сэргийлж амь нас, эрүүл мэндээ сахин хамгаалах нь зүй. Гэвч нийгмийн оюун санааны дархлаа болоод сэтгэл санаа нь хэр эрүүл байх вэ гэдэг ч бас чухал. Эцэст нь өөр дээр нь өвчин ирвэл уянгын дуугаа сонсч, төрийн далбаагаа түшээд, гэр бүлийнхэнтэйгээ бүгдтэй нь салах ёс хийгээд буцах уу? Ингэж бичихээр монгол хүн байж амны бэлгэгүй гэнэ.
Харин тэр тахлын вирус нь хэтэрсэн омогшлоор тархаж, хийтэй шийдвэрүүдээр хийцлэгдэж хэн хэнийгээ хөлдөө чирэхэд ойрхон байна гэдгийг хэн нь ч ярьж байгаа юм алга.
Герман улсын канцлерь Ангела Меркель телевизээр ард иргэдэд хандаж үг хэлэхдээ “Энэ бол бид бүгдийн ноцтой авч үзэх ёстой асуудал. Манай улс үндэстний хувьд хоёр Герман нэгдсэнээс хойш ч биш, бүр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаа хамгийн хүнд сорилт юм” гэв.
Гэтэл монголчууд харанхуй бахархал, хэрэггүй хийрхлээсээ салж чадахгүй сошиалаар нэг уянгалж эсвэл үзэн ядацгааж сууна. Төр засаг нь олон нийтийн таашаалд нийцүүлэх жүжгийг өндөр хэмжээнд зохион байгуулахаар чармайна.
Цаашид энэхүү вирусийн тархалт манай нөхцөлд хэрхэх, зогсоосон аж ахуйн нэгжүүдээ, хураагдсан өр төлбөр, хийдүүлсэн цаг хугацаа, царцаасан амьдрал, тасарсан ашиг орлого, гацсан хичээл сургалтаа хэрхэх талаар ярьж судалж, хэлэлцэж байгаа хэн ч үгүй.
Дэлдийтлээ дэлхийн мэдээг Эрүүл мэндийн сайдаасаа сонсч, ХӨСҮТ-ийн даргын царайг өдөртөө нэг харж тайвширч, нэмэгдэж буй өвчтөний тоог тоолж халаглаж суухаас өөр бидэнд чадах ажил энэ цаг үед байна уу?
Ууцгүй ноёнд урагшгүй албат гэдгээр урагшилдаггүй боловсролын сайд нь тасарсан хичээлээ CD тарааж нөхнө хэмээн мэдэгдэж шоолж ярих нэг сэдэвтэй болгов.
Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн “Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна гэж мэдэгдсэн.
Гол нь хэзээ, хэрхэн? Бүү мэд. Бас л нэг олонход таалагдах мэдэгдэл.
Хэдэн хэлэмгий твитерч, фэйсбүүкчдэд таалагдах гэж төр засаг сөгдөж унасаар байтал коронагийн дахин түрэлт Ази руу чиглэж буйг дэлхий мэдээллээ.
Улаанбаатартаа бөөгнөрч, орноосоо омогшиж хэвтсээр бүгдээрээ бөөндөө үхэцгээх үү, яах уу? Олонход таалагдахгүй олиггүй юм бичсэнд өршөөнө биз. Монгол хүн амны бэлгээрээ бил үү....
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"