Шинэ төрлийн коронавирус өнөө цагт шинэ дайны хэлбэрээр дэлхий дахиныг дайран эзэлж байна. Түүний эзэлж байгаа газар нутаг, амь хохирч байгаа хүний тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэн, үүнээс болж хохирч байгаа ард иргэдийн ар гэрийнхэн төдийгүй өглөө бүр энэ мэдээллийг сонсон суугаа хүн бүрийн сэтгэлийг шархлуулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ халдвар дотроосоо гараагүй ч гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж тархсаар 10-ын тоонд хүрлээ. Нэг нь манайд ажиллаж байгаа гадаадын нэгэн компанийн ажилтан франц хүн байсан бол дараа дараагийнх нь харь улсад ажиллаж амьдарч байсан монгол хүмүүс.
Чухам энэ бүхэн л энэ аймшигт халдварын үед гэрээсээ гаралгүй хорионд суугаа монголчуудыг хоёр талцуулан олон нийтийн сүлжээгээр “дайтуулж” эхлэв.
Хамгийн эхлээд л өнөөх францыг ирүүлээд, “дээрээс” ярьж байгаад тусгаарлалгүй гадуур тэнүүлсний дараа “бид өөрсдөө ямар их хичээлээ дээ. Эцэг эхдээ ч очиж золголгүй, гадагш ч гаралгүй хорио цээрийн дэглэмээ мөрдөөд сууж байхад, гадаадаас энэ өвчнийг оруулаад ирлээ” гэсэн мэдээлэл түгсэн.
Гэтэл дараа нь Солонгосоос анхны монгол хүн энэ өвчнийг тээгээд оруулж ирэхэд “гадаадаас өвчтэй хүн авчирлаа” гэсэн уурлаж бухимдсан постын араас л муудалцаж эхэлсэн дээ. Нэг хэсэг нь “юутай ч наад улс орон чинь манайхаас арай илүү эмнэлэг, үйлчилгээтэй улс” гэхийн зэрэгцээ “Монголд амьдрахын арга алга гээд явсан атлаа хэзээ болохоороо эх орон минь болоод наашаа яарав” гэсэн утгатай байсан бол нөгөө зарим нь “Сэгсгэр ч бол ээж минь, сиймхий ч бол гэр минь гэдэг, Эх орноо гэхгүй яах юм” гэж өмөөрөв.
Ингэж байтал гадаадаас ирж тусгаарлалтад ороод байгаа иргэд нь тусгаарлах байрыг голж, тансаг үйлчилгээ нэхэн, ар гэрээсээ эргэлт дэмжлэг тусламж авахгүй бол болохгүй нь хэмээн тансагласан нь нэг хэсэг хүний дургүйцлийг улам бүр өдөөж орхих нь тэр. Үүнээс үүдээд эрх баригчид хамаатан садан, амрагуудаа тусгай онгоцоор зөөж авчирсан нь эгэл хүнээс өөр тэнгэрийн амьтад болохоор жирийн нэг тусгаарлах байрыг голж эхэллээ гэсэн постууд цуварч эхэлсэн. Үнэн ч байж болох. Юутай ч тэр хүмүүс гомдоллож байж эргэлт оруулж байх шийдвэрийг эрх баригчдаар гаргуулаад авлаа. Тэгээд ч зогсохгүй цонхоор шүлсээ хаяж ихэмсэглэж байгаа гэсэн мэдээлэл ч явж л байна.
Нөгөө талд нь дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа 200 мянга, зарим эх сурвалжаар 300 мянга ч гэдэг иргэнээ бүгдийг нь ингэж зөөж авчирч чадах уу....Өнөөдөр энэ өвчин Өмнөд Америкт ороод оччихсон байхад Аргентин улсад амьдарч байгаа нэг жирийн залууг Засгийн газар авчрах уу. Гадаадаас иргэдээ авчрах нь зөв, буруу гэсэн энэ мэдээллийн дундуур цэрэг дайны үеийн “ГАРЗЫН БАТАЛЬОН” гэдэг нэг нэр томьёо өөрийн эрхгүй сэтгэлд буув. Энэ бол байлдааны үед цэргийн томоохон бүлэглэл, хороо, дивизийг хохирол багатай авч үлдэх, давшилт, дайралтыг нь амжилттай болгохын тул багахан хүч батальон, салааг гарзанд гаргаж дайсанд өгөөш болгон хаяж өгдөг байлдааны тактик.
Энэ номлолын үүднээс авч үзвэл гурван сая хүнээ энэ аюулт өвчнөөс аврахын тулд гадаадаас, тэгэх тэгэхдээ коронавирусийн халдвар хамгийн их тархаад байгаа улс орнуудаас хүмүүс зөөвөрлөж авчрах нь хэр зохистой юм бол. АН-ын дарга С.Эрдэнэ яг ингэж хэлээд ёстой амьтны ад болж байна. Гэхдээ эрх баригчид, тэдний дуу хоолой бологсод илүүтэй үзэн ядаж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч тэр гадаад орнууд нь эм эмнэлгийн үйлчилгээ нь манайхаас арай илүү хөгжсөн улс орнууд. Өмнөд Солонгос гэхэд л тэнд оршин суугаа иргэдийг, харласан ч хамаагүй эмнэлэгт хандаж шинжилгээ өгч, эмчлүүлэхийг уриалаад зарлачихсан.
Нөгөө талд нь ганц хүнийг, хэсэг бүлгийг аврахын тулд, магадгүй түүнээс илүү хүч, зардал гарган, тэр нь золиос болох нь бас бий. Холливудын “Цэрэг Райныг авар” кинонд ийм үйл явдал гардгийг бид мэднэ.
Энэ маш чухал хүний төлөө хийдэг алхам. Өнөөгийн нөхцөлд манай эрх баригчдын хувьд гурван сая хүнээ эрсдэлд оруулан зөөж авчирч байгаа тэр маш чухал хүн, хүмүүс нь хэн юм бол. Эрх баригч, олигархиудын төрөл төрөгсөд, ах дүү, хамаатан садан, нууц амрагууд нь уу. Сонгуульд нэмэр тус болж санал өгөх, сонгуульд нэмэр болох улс уу...
Одоо бас дээр нь Зам тээврийн сайд нь хятадаас 100 гаруй хүн оруулж ирэхээ албан ёсоор зарлачхав. Хөөрхий тэд бас энэ аймшигт өвчин хамгийн түрүүнээ гарсан “монгол ахан дүүс” л юм байлгүй...
Чухамдаа өнөөгийн Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил хэрэг нь аль вэ уншигч та бүхэн шүүн тунгаах биз ээ. Эрх баригчид тусгай онгоцоо хэд дахин илгээж, дэлхийн аль өнцөг булангаас хэдэн хүнээ авчрах юм бол.....Өмнө дурдсанаар бол нэг онгоцонд 200 орчим хүн ирж байгаа гэсэн. Тэгэхээр Засгийн газар МИАТ-ын онгоцыг лавтай 1000 орчим удаа нисэх нь л дээ. Бөөнөөр нь авчрахын тулд шүү дээ. Гэтэл дэлхийн улс орнуудад ганц нэгээрээ, хоёул гурвуулхнаа амьдарч байгаа монгол хүн хэд билээ.....
Тэгэхээр гурван сая хүнээ аврахын тулд гадаадад амьдарч байгаа хэд гурван хүнээ золиосонд гаргах уу /тэгээд ч энэ хүмүүс нь эрүүл мэндийн салбар нь манайхаас арай илүү/, гадаадад амьдарч байгаа ганц нэг хамаатан садан, амрагаа аврахын тулд гурван сая хүнээ золиослох уу гэсэн асуултын өмнө энэ Засгийн газар ирээд байгаа нь энэ.