Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Энх-Амгалан сайд аа, бид танд итгэхгүй байна

 Хойд бүсийн чиглэлд зорчдог Дарханы замд өдөрт дунджаар 4000 тээврийн хэрэгсэл, 12 мянган хүн зорчдог. Монголдоо хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, осол хамгийн их гардаг энэ замыг засч сайжруулах асуудал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энэ зам дээр хэд хэдэн удаа нээлт хийж, “удахгүй бэлэн болно” гэж мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл таг чиг. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэрээр дөрвөн эгнээ, дардан зам барих гээд хоёр эгнээ замын асфальтан хучилтыг хуулж орхисноос болж өнөөдөр хойд бүсийн таван аймгийн иргэд шороо манарч, чулуу үсэрсэн, дэржигнүүр дүүрэн замд хохирсоор. Тэгвэл энэ замд хохирсон иргэдийн төлөөлөл болсон залуусын үзэл бодлыг та бүхэнд хүргэж байна.

А.Цэрэнбат: Зам тээврийн яам намайг цагдаад өгсөн

 Бид Зам тээврийн яамтай хоёр төрлийн маргаан үүсгэж, Иргэний хэрэг, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан. Иргэдэд учирсан хохирол, гэм хорыг үнэлж, нэгтгээд иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч нотлох баримт дутуу гээд буцаасан. Захиргааны хэргийн шүүхэд хандах гээд материалаа бүрдүүлээд явж байна. Бидний зүгээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг огт эсэргүүцээгүй. Зөвхөн холбогдох албан тушаалтан, сайд дарга нар хариуцлагатай байгаач гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэтэл Зам тээврийн яам намайг цагдаад өгсөн байна лээ. Би өчигдөр очиж мэдүүлэг өгсөн. Цагдаад өгсөн үндэслэл нь, Дарханы замын эсрэг иргэдийг турхирч байна гэсэн. Бидэнд одоогийн байдлаар Дарханы замд хохирсон 200 гаруй иргэн хандаад байна. Хамгийн багадаа 500 мянгаар, хамгийн ихдээ 40 сая төгрөгөөр хохирсон иргэд бий. Үүнээс гадна юугаар ч үнэлшгүй эрдэнэт амь насаараа хохирсон иргэдийн ар гэр ч бий. Тэдгээр иргэдийн амь насыг монгол төр хэдэн төгрөгөөр үнэлэхийг харж л байя. Тэр бүх иргэдийн асуудал дээр бид хэрэг үүсгэж, шүүхэд хандах болно. Зүгээр байсан Дарханы замыг хуулж, олон мянган иргэнийг хохироож буй хэрэгт төр засаг хариуцлага хүлээх ёстой.

Б.Мөнхболд: Хоёр эгнээ замыг хуулаад хоёр эгнээ зам тавих гэж байна

 Эрдэнэт хотын иргэн Б.Мөнхболд: Энэ зам бол ганц Дарханы асуудал биш болчхоод байна. Бид бүтэн жил маш тэвчээртэй дөрвөн эгнээтэй замыг хүлээлээ. Хоёр эгнээ замыг хуулаад дөрвөн эгнээ болгох тухай яриад байсан. Гэвч өнөөдөр явж байгаа мэдээллийг хараад байхад буцаад хоёр эгнээ зам тавих гэж байгаа бололтой. Хэрэв тэгэх байсан юм бол зүгээр байсан замыг хуулж таван аймгийн 500 мянган иргэнийг хохироох ямар шаардлага байсан юм бэ. Азийн хөгжлийн банкнаас зээлсэн 120 сая долларыг зөвхөн энэ замыг хуулж хаясны төлөө өгсөн болж таарлаа. Замыг сайжруулах тухай, бүтээн байгуулалтын ажлыг залуус бид огт шүүмжлээгүй. Хамгийн гол нь хариуцлага байх ёстой. Манай төр засаг иргэддээ хариуцлагыг маш хатуу тавьдаг. Хэрвээ бид машинаа буруу газар тавибал шууд л ачаад явчихдаг. Тэгсэн атлаа улс орны хэмжээнд яригдах энэ том асуудал дээр яагаад одоог хүртэл хариуцлага яригдахгүй байгаа юм бэ? Хариуцлага алдсан албан тушаалтанг яах ч үгүй, зүгээр л байж байна. Адилхан хариуцлага хүлээдэг гэх дохиог өгөх хэрэгтэй. Зам тээврийн сайд сонгууль болох гэж байгааг гэнэт мэдсэн юм шиг Хятадаас 100 хүн оруулж ирнэ, тэнгэрийн зам барина гэх мэт үлгэрийн мэдэгдэл хийж байна. Төрийн ажил ингэж явмааргүй байна. Энэ асуудал дээр үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна.

Н.Урангоо: Дарханы замын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдах ёстой

 Сэлэнгэ аймгийн иргэн Н.Урангоо: Хүн бүрийн хэрэгцээ, амьдрал энэ зам дээр өрнөж байна. Өнөөдөр манай улсад даатгалын систем бүрэн хөгжөөгүй учраас бид энэ зам дээр хохирсон хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй байна. Энэ замаар зорчиж буй иргэд бүгд дундаж давхаргын хүмүүс. Машины дугуйгаа нөхөх, солих гэдэг асуудал бол айл гэр бүрт хүндээр тусч байгаа. Энэ замын асуудлаас болж ОХУ-аас Сэлэнгэ аймаг руу орж ирдэг транзит тээвэр өнөөдөр маш хүнд байдалд орсон. Олон улсын харилцаа, эдийн засгийн хувьд ч бид маш хүндрэлтэй байна. Энэ зам бол дэд бүтэц, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг зам. Ийм өндөр ач холбогдолтой замыг ганцхан яам мэддэг юм уу, Монгол Улсын хэмжээнд яригдах ёстой асуудал юм уу гэдэг дээр хариулт авмаар байна.


Д.Аззаяа: Дарханы замын бүтээн байгуулалтад монгол компаниуд яагаад оролцоогүй юм бэ?

Дархан-Уул аймгийн иргэн Д.Аззаяа: Бид өнгөрсөн хугацаанд Б.Энх-Амгалан сайдын мэдээллийг анхааралтай сонсч, итгэж хүлээсээр өдийг хүрлээ. Гэвч өдийг хүртэл Б.Энх-Амгалан тодорхой шийдэлд хүрч чадахгүй, Засгийн газар түүнд хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас “Бид итгэхгүй байна” гэдэг уриалга гаргаж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Мэргэжлийн бус сайд олон удаа худал мэдэгдэл хийсэн. Үүний дараа дэлхий нийтийг айдаст автуулж буй коронавирусийн үед 105 хятадыг Монголд оруулж ирэх тухай маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Яагаад энэ замын ажил дээр монгол компани, монгол залуус ажиллаж болдоггүй юм бэ гэж асуумаар байна. Зуу гаруй сая доллар гэдэг бол маш их мөнгө. 200-300 тэрбум төгрөг болно. Нэг километр замыг тэрбум төгрөгөөр тавина гэж тооцоход хангалттай хүрэлцэх мөнгө. Манай улсад зам гүүр барилгын ажил эрхлэх зөвшөөрөлтэй 300 гаруй компани байдаг гэсэн. Тэр 300 компани яагаад шалгаруулалтад орж болоогүй юм бэ гэдгийг асуумаар байна. Хоёрт энэ зам дээрх тоосжилтын асуудал маш хүнд байна. Энэ бүх асуултад хариулт хүсч байна.

Н.Ганболд: Б.Энх-Амгалан сайд аа, танд бид итгэхгүй байна

 Б.Энх-Амгалан сайд аа, та энэ ажлыг хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөч ээ. Ахиад битгий худлаа яриач ээ. Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ гэсэн таван аймгийн ард иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Та Улсын 120 сая ам.долларыг хятад компаниудад аваачиж өглөө. Үүнээс илүү яаж та бид бүхнийг хохироож, доромжлох гээд байгаа юм бэ. Мэргэжлийн тодотголтой энэ Засгийн газарт мэргэжлийн хүн байдаг бол Зам тээврийн яаманд тохирох хүнийг нь яаралтай томилж ажиллуулаач ээ. Энэ замын бүтээн байгуулалтыг бид эсэргүүцэж байгаа юм биш. Хамгийн гол нь Б.Энх-Амгалан гэдэг хүнд итгэхэд үнэхээр хэцүү байна гэдгийг хэлмээр байна. Харсаар байтал монгол компаниа, дотоодын эдийн засгаа, таван залууг ажилтай болгочихьё гэж боддоггүй ийм хүн бүхэл бүтэн улсын бодлогын яамыг яаж хариуцаж ажиллах юм бэ. Танд итгэхгүй байна аа. Б.Энх-Амгалан сайд, түүний ард байгаа Засгийн газар энэ таван хятад компанитай ямар холбоотой юм бэ. Тэдэнд ямар өртэй юм бэ. Яагаад тэд мөнгө цаасаа авчхаад ажил хийдэггүй юм бэ. Яагаад тэдэнд Монголын төр хариуцлага тооцож, гэрээнийхээ дагуу ажлын шаардлага тавьж болдоггүй юм бэ. Энэ бүхний ард маапаантай асуудлууд байна гэж бид харж байна. Тийм ээ Ерөнхий сайд, Засгийн газар энэ сайдаа хурдан солиоч гэж хэлмээр байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com