Б.Янжмаа
Монгол дахь Конрад Аденуэр сан иргэдийн улс төрийн боловсролд зориулан, эрдэмтэн судлаач, багш нарын хамт KASEDU цуврал нэвтрүүлэг бэлтгэж цацсан. “Ардчилал аюулгүй байдлын баталгаа” сэдвээр Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал. О.Машбат лекц уншсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Отгонбаярын Машбат нь АНУ-ын Монтерей хотын Тэнгисийн цэргийн дээд сургуульд Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Стратегийн судлалын хүрээлэнд судлаач, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
2010 онд баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нэгдүгээр бүлгийн 1.1.1.4-т “Парламентын засаглалд суурилсан, ардчилсан төрийн тогтолцоо бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан байдаг. Энэ өгүүлбэрийн цаад утгыг ойлгохын тулд наад зах нь гурван ойлголтыг тайлбарлах шаардлагатай.
Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ? Үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахад ардчилал яагаад чухал вэ? Тэр нь яагаад парламентын засаглалд суурилахаараа баталгаатай болдог юм бэ?
Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?
Үндэсний аюулгүй байдал гэдэг үндсэндээ энх тайван байна л гэсэн үг. Тэгвэл энх тайван гэж юу гэсэн үг вэ? Миний баримталдаг рационал онолоор бол энх тайван гэдэг хүчний тэнцвэрийг хэлдэг. Хүч тэнцвэртэй байна гэдэг бол энх тайван оршин байна. Хэрэв хүчтэй нь хүчгүй нэгнээсээ ямар нэг зүйлийг авмаар байвал булаадаг. Энэ бол ертөнцийн жам. Адгуус амьтан ч тэр, хүн ч тэр үүгээрээ нийтлэг. Олон улсын харилцаанд ч энэ адилхан. Хүчтэй улс нь хүчгүйгээ дээрэлхээд эзлээд авчихдаг, эрхшээлдээ оруулдаг. Үүнийг дэлхийн аль ч түүхээс олонтоо харж болно. Харин довтлон эзлэхээр санаархаж буй улс нь хангалттай хүчтэй байвал довтолж байгаа этгээдийн хүч хэрэглэх явдал эхний сонголт байхаа больдог. Өөрөөр хэлбэл хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэх зорилт тулгардаг. Чухамдаа ийм зорилго тавигдаж байгаа цаг эгшнийг бид хүчний тэнцвэр гэж нэрлэдэг. Энэ нь энх тайван. Тэгэхээр хүчний тэнцвэр хүч хэрэглэхгүйн баталгаа болдог гэсэн үг.
Хүчний тэнцвэр алдагдвал юу болох вэ?
Дайн болно. Дайн хэзээ дуусах вэ. Шинээр хүчний тэнцвэр тогтвол дуусна. Тэгвэл манай Монгол Улс ямар хүчний тэнцвэр дээр тогтоод байгаа вэ? Бид Оростой аль эсвэл Хятадтай тэнцүү хүчтэй юм уу? Аль аль нь биш гэдгийг бүгдээрээ мэднэ. Энд жийрэг улсын тухай ойлголт гарч ирдэг. Монгол бол Орос, Хятад хоёр улсын дундах жийрэг улс. Манай Монгол Улсын хувь заяа Орос, Хятадын хүчний тэнцвэр дээр тогтдог. Хэрэв энэ хүчний тэнцвэр хазайвал манайд тун эмгэнэлтэй үр дагавар авчирна. Түүх сөхье. 1914 онд Хиагт хотод Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр Монгол Улсын тусгаар тогтнолын өнөөгийн статусыг тогтоох асуудлаар болсон. Хиагтын хэлэлцээр явагдаж байх яг тэр үед 1914 онд өөр газар өөр нэг гурван улсын хэлэлцээр Энэтхэгийн Симла гэдэг жижигхэн хотод Энэтхэгийг эзэлсэн Их Британи, Хятад, Түвд гурван улсын хооронд явагдсан байдаг. Өөр өөр гурван улсын хооронд явагдсан энэ хоёр хэлэлцээрийг харьцуулбал ижил үр дүнтэй. Монголыг ар, өвөр гэж хуваагаад Өвөр Монголыг Хятадын мэдэлд, Ар Монгол Оросын эрхшээлд үлдсэн. Яг үүнтэй адилхан Түвдийг ар, өвөр гэж хоёр хуваагаад, Ар Түвд нь Хятадын мэдэлд, Өвөр Түвд нь Британийн Энэтхэгийн мэдэлд очсон. Гэхдээ XX зууны түүх Түвдийн хувьд эмгэнэлтэй байв. Дэлхийн II дайны дараа 1948 онд Британийн колони задарч, Британийн колонид байсан Энэтхэг хуваагдан, Хиндү болон Ислам шашинтайгаараа Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс болон цоо шинээр задарсан. Аль аль нь Хятадыг тэнцвэржүүлэх хүчтэй байж чадаагүй. Хүчний тэнцвэр алдагдаж, үр дүнд нь ганцхан шөнийн дотор Түвд гэдэг улс алга болсон. Хятадууд Түвдийг эзэлж байх үед Энэтхэг ч тэр, Пакистан ч тэр Британийн мэдэлд байх үеийнхтэй адил хүчтэй байж чадаагүй. Түвд улсаас Британитай тогтоосон хилийн шугамыг одоогийн БНХАУ хүлээн зөвшөөрдөггүй. Хятад, Энэтхэгийн хоорондох газар нутгийн маргаан болон үлдсэн байдаг.
Харин Монголын хувьд аз болж Орос, Хятадын хооронд тогтсон энэ хүчний тэнцвэр 1914 оноос хойш өнөөг хүртэл ноцтой өөрчлөгдсөнгүй.
Өөр нэг жишээ байдаг. Солонгосын газрын зургийг харвал Монгол, Түвд шиг хоёр улсын хооронд хавчуулагдаагүй. Харин геополитикийн онолд далайн гүрэн, эх газрын гүрэн хоёр нөлөөнийхөө бүсийн төлөө ямагт тэмцэлдэж байдаг. Тэр тэмцэл нь эргийн бүс буюу ирмэг газраар өрнөдөг. Энэ тэмцлийн хамгийн сонгодог жишээ бол Солонгосын хойг. Өөрөөр хэлбэл энэ нутаг эх газрын болон далайн гүрний тэмцлийн талбар, жийрэг бүс юм. Жийрэг улсын гол зовлон юу вэ гэхээр хөрш их гүрнүүдийн хүчний тэнцвэр холбилзоод байвал тухайн улс дайны талбар болж хувирдагт оршино. Манай Монгол Улсын 100 жилийн хувь заяанд ийм юм болсонгүй. Гэхдээ эгзэгтэй мөчүүд олон байсан. Цөөн хэдэн жишээ хэлье.
1914-1915 оны хооронд Гурван улсын хэлэлцээрээр тогтоосон тэр тэнцвэр Октябрийн хувьсгалын улмаас хэсэгхэн хугацаанд алдагдаж байсан. Учир нь Орос орон тэр чигээрээ иргэний дайнд нэрвэгдсэн. Хүчний тэнцвэрийг хангаж байсан нэг тал нь буюу Хаант Орос улс алга болж, тэр мөчид Сүй Шу жаны цэрэг Монголд орж ирээд, автономит төрийг устгаж байлаа. Аз болж 1919 оны арванхоёрдугаар сард Омскт байсан цагаантны Засгийн газрыг устгаснаар Орост иргэний дайн нэг талдаа гарч, хүчний тэнцвэр эргэж сэргэсэн. Ингээд 1920 онд Орос, Хятадын хоорондох хүчний тэнцвэр хэвийн болж, 1921 онд Монголын статус-квот дахин сэргээсэн.
1960-аад онд Зөвлөлт, Хятад хоёр улсын харилцаа дахин хурцадсан. Тэгэнгүүт Зөвлөлтийн цэрэг Монголд ирж байрласан байдаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв Зөвлөлт, Хятад хоёрын хооронд дайн гарсан бол Монголын нутаг фронтын тэргүүн шугам болох байсан гэсэн үг. Тийм учраас Монголын хувьд энхтайванч бодлого гэдэг бол маш энгийн. Хоёр хөршийнхөө хүчний тэнцвэрийг хангаж байх явдал л юм.
Үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахад ардчилал яагаад чухал вэ?
Одоо хоёр дахь асуудалдаа оръё.
Орос, Хятадын хүчний тэнцвэрийг хангаж, энх тайван байхад ардчилсан тогтолцоо ямар хамаатай юм бэ?
Аливаа улс хөрштэйгээ идэш тэлдэг. Аль эсвэл хөршдөө идэгддэг. Тиймээс жишээ нь А гэдэг улс Б гэдэг хөршөөс ямагт болгоомжилж байдаг. Яагаад гэвэл Б гэдэг улс А руу хэзээ довтлохыг А мэддэггүй. Хоёр хөрш улс хэн нь хэн рүүгээ хэзээ халдан довтлох вэ гэдгийг мэддэггүй учир ямагт бие биенийгээ сэжиглэж, сэрэмжтэй байдаг. Ардчилал үүнд ямар хариу өгдөг юм бэ. Ардчилал гэдэг бол бидний мэдэхээр сонгуулийн тогтолцоо. Сонгууль болоход улс төрийн намууд өөр өөрийнхөө сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргаж, ард түмнээрээ хэлэлцүүлээд, олонхын саналыг авсан нь засгийн эрхийг барьдаг. Гэхдээ тэр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зөвхөн сонгогчид уншдаггүй. Гадаад улсууд, ЭСЯ-д, Монголыг харж ажиглаж байдаг, аналитикууд цөмөөрөө уншдаг. Энэ нь тухайн улсын ирэх дөрвөн жилийн бодлого, гадаад бодлого болон цэргийн бодлогын талаар тодорхой төсөөллийг тэдэнд өгдөг.
Чухамдаа тэр төсөөлөл нь айдас, сэжгийг үргээж, итгэлцлийг бий болгодог. Ийм учраас ардчилсан тогтолцоо улс хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаа эхлэхэд нэр дэвшигчид юу ярьж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгааг дэлхий нийтээрээ анзаарч хардаг. Нөхөр Д.Трамп гарч ирэхэд Хятадтай тогтоосон харилцаанд ингэж нөлөөлөх юм байна. Орос, Америкийн харилцаанд ингэж нөлөөлөх юм байна. Америк холбоотнуудтайгаа тогтоосон харилцаанд ингэж нөлөөлөх юм байна гээд төрөл бүрээр нь таамаглах боломжтой. Ардчилсан улсад төрийнх нь бодлогыг ингэж таамаглах боломжтой ил тод байдаг учраас хөрш орнууд нь болгоомжилж сэргийлдэггүй. Улмаар улс хооронд итгэлцлийг бэхжүүлж, дайны аюулаас сэргийлдэг. Тэгэхээр Монгол Улс ямар бодлого явуулах вэ гэдэг нь манай хоёр хөршид ил тод байдаг учраас хоёр хөрш маань таашаадаг байж магадгүй. Өөр нэг онол бий. Чөлөөт худалдааны онол. Ардчилсан орнууд зах зээлийн эдийн засагтай байдаг. Зах зээлийн эдийн засаг нь хөрш орнуудтайгаа худалдаа хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. Худалдаа хийж эхлэнгүүт эдийн засгийн хамтын сонирхол үүсч эхэлдэг. Эдийн засгийн хамтын сонирхол нь дайны аюул, хүч хэрэглэхээс сэргийлдэг. Харилцан ашигтай бизнес хийж байгаа хоёр талын нэг нь нөгөөгийнхөө эсрэг хүч хэрэглэвэл хамтын ашиг сонирхол нь алга болчихдог. Тийм учраас энх тайван оршдог гэсэн тайлбар онол байдаг.
Гэхдээ үүнийг бас эргэлзээтэй гэж үздэг. Жишээ нь авторитар дэглэмтэй мөртлөө чөлөөт эдийн засагтай, эдийн засгийн хамтын ашиг сонирхолтой улс орон Хятадаас эхлээд, Сингапур дагалдаад зөндөө бий.
Парламентын тогтолцоо яагаад
чухал вэ?
Одоо парламентын засаглал нь манай үндэсний аюулгүй байдалд ямар хамаатай юм бэ гэдэг гурав дахь асуудалдаа оръё.
Ерөнхийдөө жижиг улсуудын гадаад бодлогыг тодорхойлох судалгаанууд XX зууны туршид маш олон хийгдсэн. Ялангуяа хүйтэн дайны үед. Ингээд түгээмэл ажиглагдсан ганц үзэгдлийг тодорхойлоход:
Дарангуйлагч дотоодынхоо өрсөлдөгчийг дарахын тулд гадаадын гүрэнтэй эвсдэг гэж нийтлэг зүй тогтлыг илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл сөрөг хүчнийг дарж өгнө гэж америкчууд амлавал АНУ-тай эвсэнэ. Оросууд амлавал оросуудтай эвсэнэ. Тухайн улсын дотоод систем нь маш сул дорой байдаг учраас асуудлаа дотооддоо шийдэх чадваргүй. Ихэвчлэн дотоодынхоо улс төрийн өрсөлдөгчийг дарж өгнө гэж амласан гадаадын гүрэнтэй эрх баригч нар нь эвсдэг. Ийм онол байдаг.
Үүний тод жишээг Ази, Африк, Америк, Латин Америк гээд бүх улсаас харж болно. Холоос хайх ч хэрэггүй. Монголынхоо түүхээс, өөрсдөөсөө хайж болно. Ойрдын Галдан бошигтын цэрэгт хөөгдсөн халхын хан нар манжийн өмгөөллийг хүссэн. Галдан бошигтыг л цааш нь харуулж байвал халхын хангууд хэнтэй ч нийлэхэд бэлэн болсон байлаа. Ингээд тэд манжийн цэргийг авчирсан. Манжид дагаар орсон. Гэхдээ ойрдууд өөрсдөө цэвэрхэн байгаагүй. Даваачийг устгаж байвал Амарсанаа хэнтэй ч нийлэхэд бэлэн байсан. Тэгээд Амарсанаа манжийн цэргүүдийг бас л дагуулж ирсэн. Даваачийг бут цохисон. Үр дүнд нь ойрад манжид эзлэгдсэн.
Ийм бэлэн жишээ бидэнд олон бий. Хэрэв бид Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ямар бодлого явуулж, хэнтэй эвсэх нь бараг тодорхой байгаа юм. Дотоодынхоо улстөрийн өрсөлдөгчийг дарахын тулд гадаадын гүрэнтэй эвсэх байсан. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг зүй тогтол. Манайх ч үүнээс нэг их гажихгүй байсан гэдгийг түүх харуулдаг.
Тэгвэл парламентын засаглал юугаараа өөр вэ?
Гадны бүх нөлөөлөл ямар ч нууц хуйвалдаан байсан явж явж эцсийн шатандаа парламент дээр очиж шийдэгддэг. УИХ-д очсон бүх асуудал дандаа задардаг. Ингэж задрахаараа ямагт хоёр үр дагаварт хүргэнэ.
Нэгдүгээрт хэн хэнтэй хэрхэн хуйвалдсан нь ард түмэнд ил тод болдог. Хуйвалдагчид хуурамч ч болтугай ямар нэгэн тайлбар өгөх хэрэгтэй болно.
Тэр хуйвалдааныг нь эсэргүүцэх,тэнцвэржүүлэх хүч ямагт олддог. Оросуудтай нийлж байвал хятадууд, хятадуудтай нийлж байвал оросууд, өрнөдийнхөнтэй нийлж байвал Орос, Хятад хоёулаа гэх мэтчилэн тэнцвэржүүлэх өөр нэг хүч ямагт олддог.
Парламентын тогтолцоо улс төрийн түвшинд орж ирж байгаа гадны нөлөө шахалтыг систем дотроо шингээж тэнцвэржүүлдэг. Явж явж парламентын тогтолцоо манайд зохиж байгаагийн гол шалтгаан ердөө л энэ. Хэдийгээр парламентын засаглал тогтворгүй байдлыг үүсгэдэг гэдэг боловч бодитойгооор харвал гадаад орнуудын маш олон шахалтыг манай парламентын тогтолцоо өөртөө шингээж, харилцан тэнцвэртэй байлгаж ирсэн байдаг. Дээр нь парламентын тогтолцоо ил тод байдлыг бий болгодог учраас хөрш гүрнүүдийн хувьд манай гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын тал дээр элдэв эргэлзээг алга болгож, хоорондынх нь нөлөөллийг тэнцвэржүүлдэг. Дээрх бүх асуудал дээр нэмж хэлэх бас нэг онцлог бий. Хоёр их гүрний хүч тэнцэж байгаа үед дунд нь байгаа жижиг гүрний тоглогчийн ач холбогдол нөлөө асар их болдог. 10 кг-ын хоёр туухай жинлүүр дээр тавихад ганц граммын жижиг бөмбөлгийг хаана нь тавихаас тэнцвэр өөрчлөгддөг шүү дээ. Тиймээс Орос, Хятад хоёрын хүч тэнцвэл Монгол хаашаа хандах нь аль алинд нь амин чухал байдаг. Үүгээрээ ч олон улсын харилцаанд гүйцэтгэх Монгол Улсын үүрэг ихээхэн чухал болдог.
Бүхэлд нь товч дүгнэвэл парламентын ардчилал манай улсын хувьд яг л машины амортизатор шиг ажилладаг. Гадаад улсуудын улс төрийн нөлөөг дотоод элементүүддээ шингээж, саармагжуулдаг. Улмаар их гүрнүүдийн хүчний тэнцвэрийг хооронд нь хангадаг уян хатан, ил тод, нээлттэй тогтолцоо юм. Парламентын засаглалд суурилсан ардчилсан тогтолцоо Үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тухайлан заасан нь ийм л учиртай.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"