Үндэслэл
Тун удахгүй “Ардчиллын 30 жил”-ийн ой тохиож байна. Өнгөрсөн жилээс тэмдэглэж эхэлсэн энэхүү түүхэн өдрийг Монголын ард түмэн алдаа, оноотой, шүүмж, магтаалын алинтай нь ч болов дэнсэлсэн буй за. Хэрэв Цагаан морин жил ардчиллын салхи сэвэлзээгүй бол, хэрэв Төв Азийн зүрхэнд орших Монгол Улсад олон зуун жилийн туршид ноёрхсон социализмд цэг тавиагүй бол, хэрэв Монголын ард түмэн нэгдэж, өөрчлөн байгуулалтыг хонхны дуугаар жингэнүүлээгүй бол өнөөдөр Та бид хувийн өмчтэй, хүссэн газар орондоо суралцдаг, аялдаг, үгээ, үзэл бодлоо хэнээс ч хургахгүй хэлдэг тийм аугаа эрх чөлөөг амсч чадахгүй байсан. Энэ бүхэн ардчиллаар бидэнд олдсон үнэлж баршгүй их үнэ цэн. Харин ардчиллыг явуулахдаа өмчийн хувьчлал, эрхтэн дархантануудын эр дураар авирлалт зэргийг эрэгцүүлэн бодож үзээгүй нь бидний алдаа мөн. Гэхдээ л 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж асан тэр цагаас монголчууд өөрсдийнхөө хувь заяаг өөрийн гараар цогцлоосоор 2020 онтой золгож байна. Энэ бол өнгөрсөнд хийсэн алдаа дутагдлаа засч залруулах, ирээдүйгээ цогцлоох түүхэн он, мөн түүхэн шалгуур авчрах сонголтын жил.
Ардчилсан нам сонгуульд ялна хэмээн юунд ийм итгэл төгс гарчиг өгөв. Ерөөс Ардчилсан нам яагаад сонгуульд ялах үндэслэлтэй гэж Та асууж байна уу? Асуултын хариулт тун энгийн. Өнгөрсөн долоон удаагийн парламентын сонгуулийн буюу 28 жилийн түүхэн хугацааны тал хүрэхгүйд нь Ардчилсан нам дангаар болон заримд нь ууган намтай эвсч төрийн эрхийг барьж ирсэн билээ. Эндээс нөгөө түм буман асуулт, ардчилал руу шүлсээ үсчүүлэгчдэд өгөх хариултын хариу нь гарна.
Монголын ард түмэн 28 жилийн хугацаанд Ардчилсан намд бүрэн дүүрэн итгэл үзүүлж байв уу, өнгөрсөн 2016 оны сонгууль шиг нэг намд бүтэн 65 суудал өгч байсан уу? Үгүй. Тэгсэн хэрнээ ядуу зүдүү, болохгүй бүтэхгүй байгаагаа хэн рүү чихэж, хэнд үүрүүлж ирэв. Ингээд бодохноо хэдэн үеэрээ ч идэж барахгүй байгалийн баялагтай гуравхан саяулаа атлаа ядуу дорой амьдарч байгаа нь өөрсдийгөө 100 жилийн түүхтэй ууган нам хэмээн өргөмжилж буй МАН-тай 100 хувь холбоотой. Ам асууж, хариуцлага нэхэх ёстой бол хамгийн түрүүнд тэдэн дээр очих нь зөв.
Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Ийм байна гэдгээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үзэл баримтлалаа дахин шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр баталгаажуулсан. Өмнө нь үзэл суртал, жигүүр, фракц хэмээн талцаж нэгнээ хэмлэдэг байсныг хүн бүр мэднэ. Угаасаа ч байх ёстой л үзэгдэл. Улс төрийн нам бүхэн төлөвших гэж, өөрийн үнэ цэнээ олж, баталгаажуулах гэж ийм л замналаар явж, тийм л даваа гүвээг туулдаг. Харин өнөөдөр шинэчилсэн үзэл баримтлалтай Ардчилсан нам шинэ үеийн түүхийг эхлүүлэхээр нэгэн туг далбаан дор, нэг чигтэйгээр тэмүүлж явна. Энэ намд одоо худал хийрхэл, фракц жигүүрийн талцал үгүй болж, бүр мөсөн устсан. Энэ нам одоо захирах захирагдах ёс, нэгэн үзэл баримтлал буюу Монголын сайн сайхны төлөө зүтгэх цорын ганц амбиц дор нэгдсэн. Өнөөдөр Ардчилсан намын 2020 оны сонгуульд горилогчдын гуравны хоёр нь дан залуучуудаас бүрдэж байна. Учир нь сонгогчид энэ удаад хүнийг нь илүү харах магадлалтай учраас хөгшин үеийг залуу үеэр сольж, цус сэлбэх сонголтыг санал болгож байна. Учир нь АН улс төрийн сонгуульд хүч үзэх залуу үеийнхэн болон өмнөх үеийн ах нар хэн ч бай ялгаагүй 100 сая төгрөгийн дэнчин авахаа зарлаад буй. Энэ бол улс төрийн хүрээнд байдаг хамгийн эрүүл үзэгдэл, цаашид ч тогтоох ёстой зөв дархлаа яах аргагүй мөн. Улс төрийн нам гэдэг ямар нэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй, төсвөөс санхүүждэггүй байгууллага. Мэдээж үйл ажиллагаанд их зардал гарна. Үүнийгээ харин хаанаас, хэнээс, ямар эх үүсвэрээр босгохоо нээлттэй, ил тод, шилэн байдлаар зарлалаа. Энэ жишгээр явбал төрийн албыг ханцуйндаа наймаалцдаг бохир улс төр арчигдана. 100 сая төгрөг бол зөвхөн тухайн горилогчийн улс төрийн намаас хийх сонгуулийн үйл ажиллагааны зардал. Харин сонгогч Танд л хамгийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бий гэдгийг сана. 100 саяыг төлсөн нэр дэвшигч сонгогдож, бас сонгогдохгүй ч байх боломжтой юм. Энэ бол МАН-ынхны “60 тэрбум”-ын схемээс 360 градус өөр, адилтгахын аргагүй учир шалтгаан. МАН-ынхан сонгогдоод гарч ирснийхээ дараа төрийн албыг наймаалцана гэж байхад Ардчилсан нам ардчилсан системээр хүн бүрт гараанаас эрх тэгш хөдлөх, цаашлаад гарсан хойноо хэн нэг бизнесмений халаасанд орохгүй байх эрүүл тогтолцоог бий болгож байна.
Төгсгөлд нь, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2016 оноос хойш нийт гишүүдийнхээ саналаар тус намын даргаар сонгогдон ажиллаж буй. Энэ хугацаанд тэрээр намын үзэл баримтлалаа шинэчлэх, нам дотроо олон жил завсардаад байсан эргэлтийн сонгууль буюу ротац явуулах, гишүүдийн хүлээх үүрэг, дүрэм журмыг тодорхой болгох гээд томоохон бодлогын чанартай ажлуудыг хийжээ. “Эрдэнэ ван” хэмээх нэршилтэй болсон энэ хүнийг элдвээр харлуулж, доромжлох ажлыг эрх баригчид ба тэдний троллууд бишгүй нэг хийсэн. Хамгийн сүүлд гэхэд, МАН-ынхан өөрсдөө НДС-ийн мөнгийг Капитал банканд байршуулж, эцэст нь салхинд хийсгэчхээд хамаг гэм буруугаа хаа байсан Ардчилсан нам, удирдаж буй С.Эрдэнэд нялзаах гэж оролдсон явдал. Ардчилсан намын даргыг нийгмийн даатгалын мөнгө идсэн мэтээр харуулах гэж ардын намынхан их ч үзлээ, хичээлээ. Үнэхээр л улсын мөнгийг идээд уучихсан юм бол төрийн бүх шатны эрх мэдлийг гартаа атгаж буй МАН-ынхан аль эрт илрүүлээд, АТГ, прокурор, шүүх юу байдаг юм, тэр бүхнээрээ яваад хэнийх нь зөв, хэнийх нь бурууг нотлон харуулахгүй яасан юм? Тийм зэргийн хугацаа ардын намынхан Та нарт хангалттай байсан байлтай. Өөрсдөө харин бүхэл бүтэн дөрвөн жил улсын мөнгийг гударчхаад сонгууль дөхөөд ирэхээр С.Эрдэнэ шиг муу муухай хүн байхгүй хэмээн сэгэн дээр найрлах хэрээ шиг орилж, бархирах юм. Үнэхээр муухай харагдаж байна. С.Эрдэнийг өмөөрлөө гээд бариад идчих хүмүүс зөндөө гарч ирнэ биз. Ганцхан асуулт тавья. Тэгвэл яагаад хууль хяналтынхныг харцаараа хөдөлгөж суудаг Ц.Нямдорж тэргүүтэй мундаг, олон жилийн туршлагатай нөхөд идсэн, уусныг нь өнгөрсөн дөрвөн жилд илрүүлээд гаргаад ирээгүй юм? Хэнээс ч айдаггүй, сэлэм эргүүлэгч У.Хүрэлсүх яагаад өөрт байгаа хөзрөө дэлгэхгүй байгаа юм? Уучлаарай, тийм зүйл огтоос байхгүй учраас л тэр. Тиймээс л Ардчилсан нам 2020 оны сонгуульд “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого” мөрийн хөтөлбөрөөр ялах ёстой, энэ бол тэдний амжилтын тугаа мандуулах хамгийн бодит үндэслэл юм.
МАН-ын ялагдал хүлээх үндэслэл
2016 оны парламентын сонгуулиар 65 суудал авч, ард түмний итгэлийг 100 хувь хүлээсэн ууган хүчнийхэн 2020 онд 64-үүлээ болсон. МАН-ын хоёрын хоёр гишүүн хүний амьдралын хамгийн ой гутам хэргээс болж сайн дураар суудлаасаа огцорсон. Нэг нь хүчин, нөгөө нь хүн амины хэрэг. Гэтэл хүн бүр анзаараагүй ч гэлээ УИХ-ын нэг гишүүнийг сонгох гэж хэчнээн их зардал, чирэгдэл гардаг билээ дээ. Чухамдаа олон хүн дундаас зөв гэсэн цорын ганц гишүүнээ арай хийн сонгож, түүний эрдэм мэдлэгийг ашиглан, ард түмэндээ, эх орондоо хэрэгтэй хууль санаачлах, батлах, батлалцах, аливаа лобби, ард түмний эрх ашигт харшилсан шийдвэрийг цуцлах, хаалгах байх хэмээн найдвар тавин элч төлөөлөгчөө болгон УИХ-д илгээнэ. Гэвч ингэж итгэж найдсан гишүүн нь эмэгтэй хүн хүчиндчихээд “Би бандаашаа өмсөөд гарсан” гээд Төрийн ордонд өөрийгөө өмгөөлөөд зогсч байхыг бид харсан. Өглөөхөн нь эв эрүүл, сав саруул явсан Монголын нэрт улстөрч хүн үдээс хойш нь Төрийн ордон дотор эндэж, цаг бусаар хорвоог орхисон. Энэ хэрэгт сэжиглэгдэн бас л нэг танхай гэдгээрээ алдартай МАН-ын гишүүн суудлаасаа огцрохыг бид харсан. Ердөө энэ л хоёр том үзэгдэл МАН-д 2020 оны сонгуулиар дүн тавих, эрх мэдлийн үзүүрээс зуурчхаад тавихгүй ноцож буй нөхдийг хуйгаар нь цэвэрлэх хангалттай үндэслэл болно. Ийм увайгүй, соёлгүй, боловсролгүй улстөрчид энэ намд үүрлэж, хумсаа нуусан муур шиг шигдсэний илрэл ингээд ч дуусахгүй.
“60 тэрбум”-ын гэгдэх хэргийг ярьсаар мөнчиг их хугацаа өнгөрч байна. Сүүлдээ ч хүн бүрийн мэддэг сэдэв, улиг болсон яриа мэт хөөсрөөд дуусах нь бололтой. “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн Чингис хаан өчсөн байдаг шиг улиг болсон энэ сэдвийг үргэлж монголчуудад сануулахгүй болбоос үүрдийн мөнхөд МАН-ынхан бидний боломжоос хулгайлсаар байх болно. “60 тэрбум”-ын хэрэг бол зүгээр ч нэг өнгөрөөчих хэмжээний асуудал огтоос биш. Энгийн жишээ хэлье. Таны охин, хүү хэн ч бай дөрвөн жилийн турш хичээнгүйлэн суралцаж, мэргэжил эзэмшив. Дараа нь боловсролоо зузаатгахаар гадаад, дотоодын их сургуульд магистр эзэмшинэ. Ингээд ажлын байрын дээр очиход нь нэг яамны газрын хурган дарга нь МАН-ын тэтгэвэртээ гарах дөхсөн гишүүний авьяас, мэдлэг, ур чадвараар хэдэн арав дахин доогуур хүүхэд сууж байна. Мэдээж хэрэг аав, ээжийнхээ нөлөөгөөр тэр суудалд очсон хэрэг. Иймэрхүү жишээнүүд Гадаад харилцааны яамнаас өгсүүлээд Монголын бүх яам, агентлаг, газарт лав баттай нэгийн зэрэгт байгаа гэдэгт би хувьдаа 100 хувь итгэл төгс байна. Учир нь МАН-ынхан бүх шатанд “60 тэрбум”-ын схем хэрэгжүүлдэг учраас тэр.
Дараагийн нэг үндэслэл нь ЖДҮ. 2016 оны сонгуулийн дараа бүрэлдсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь 1.4 жилийн насжилттай байж, 800 тэрбум төгрөгийн өртөгтэй концессыг кабинетийн гишүүд нь хувийн компанидаа авсан нь ичлэгдсэнээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үндэслэл болсон. Яг үнэндээ концессоо хэл амгүй сайн хийчихсэн бол энэ тийм ч сүржигнээд байх том асуудал биш юм. Тэртээ тэргүй МАН-ын хэн нэг сайд, гишүүдийн эзэмшлийн компани концесс, тендерт ялалт байгуулдаг нь бичигдээгүй хууль болсон болохоор тэр биз. Харин У.Хүрэлсүх зөв цагтаа, зөв сэлмээ овжингоор эргүүлж, намынхаа гишүүдийн тал хувийг нь буюу 33-ыг нь өөрийн талдаа урвуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын унагааж, өөрөө эзэн сууж чадсан нь фургоны хэргээр яллагдаж явсан цагаас хойш эр өсч, эсгий сунадгийн үлгэрээр бүлэглэл удирдаж чадах хүн болохоо нотлон харуулсан үйлдэл болсон. Үнэндээ энэ бол Ж.Эрдэнэбат гэхээсээ илүүтэй М.Энхболдтой эхлүүлсэн түүний дайн байсан. Төрийн эрхийг, парламентын 65 суудлыг авсан нэг нам дотроо ингэж хоёр хуваагдана гэдэг парламентын засаглалтай орны хувьд улс төрийн хүрээнд өрнөдөг л үйл явц хэдий мөн боловч 100 жилийнхээ түүхэндээ ийм хуваагдлыг тус нам хийж байгаагүйд асуудлын гол оршиж буй. Ард түмэн ч эрэлхэг, зоригтой, эрэмгий дайчин тийм нэг дүрийг хүсэмжилж байсанд У.Хүрэлсүх гэнэт гарч ирсэн тул хүн бүр алга нижигнүүлэн хавсарч, түүний үг, үйлдэл бүр нь эгээтэй л Хойд Солонгосын удирдагч шиг харагдсан тул дэмжиж байлаа. Даанч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Угаасаа л үнэн хэзээд дийлдэг хойно булавч бултайна, даравч далдайдгийн үлгэрээр У.Хүрэлсүх гэдэг хүн яаж Ерөнхий сайдын сэнтийд заларсан “нууц” нь ил болсон. Тэрээр өөрийн талд орсон хэнд ч болов ЖДҮХС-ийн зээлээс хүссэн хэмжээгээр нь буюу тэрбум тэрбумаар нь өгөхөөр амласан амлалт байв. Ганц ЖДҮХС ч биш ТЭДС, ХЭДС гэх мэт Засгийн газрын тусгай сангуудыг саалийн үнээ шиг өгөөш болгон ашигласан эрээ цээргүй явдал байв. Тиймдээ ч “33”-ын бүлгийнхэн цөм дээрх гурван сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, тэрбум тэрбумаар нь зээл нэрийн дор хувийн компанидаа мөнгө авч, түүнийгээ ББСБ-аар угааж, мөнгө хүүлсэн хэрэгт сэжиглэгдсэн билээ. Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүдийн өмнө монголын хууль хүчин мөхөстөж, өнөө хэр хэргийн жинхэнэ эзнийг илрүүлж, хариуцлага тооцож чадаагүй сууна. Том зургаар нь харвал Б.Батзориг бол гүйцэтгэгч гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Түүнд тийм их улсын сан хөмрөг болсон хөрөнгө мөнгийг гишүүдэд эрх дураар хуваарилж, гаргаж өгөх эрх мэдэл байхгүй. Түүний ард Ерөнхий сайд гэдэг албан тушаал байгаа нь тэнэг хүний ч мэдэх хэрэг. ЖДҮ-гийн энэ хэрэгт ямар ч улстөрч хариуцлага хүлээгээгүй нь МАН-ыг 2020 онд сонгохгүй байх маш том үндэслэл шалтгаан болно.
Бас нэгэн том асуудал нь Дарханы зам. МАН-ынхан Дарханы замыг шинэчлэн барина гээд худалч хүнд 100 удаа бурж, 10 удаа тууз хайчилж, шав тавьсан. Урд өмнө нь зүв зүгээр зорчоод болоод байсан замыг тэр чигт нь хуулж орхиод одоо шороо пургисан, машин техник явахын эцэсгүй тамын зам болгоод орхичихсон байдалтай сууна. Замын гадна, дотнын мэргэжилтнүүд бүү хэл олон улсын тээврийн жолооч нар хүртэл Дарханы замыг хараад мэл гайхаж цэл хөхөрч байна. Учир нь гадаадад хуучин замыг хуулж шинэ зам тавихаар бол эхлээд зогчигч, тээвэрчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангадаг. Хуучин замыг хуулаад оронд нь сайжруулсан зам тавих, эс бөгөөс шинэ зам ашиглалтад ортол хуучин замын трассыг хэвээр үлдээх гэх мэтчилэн иргэдэд ээлтэй, хүндрэл, чирэгдэл багатай шийдлийг дэвшүүлдэг. Харин МАН-ынханд энэ зэргийн логик ухаан үгүй байж. Өнөөдөр Дарханы замд олон зуун тээврийн хэрэгсэл эвдэрч, олон арван хүн амь насаа алдаж байна. Тэнгэрээр зорчдог, эсвэл 570, 200 машин хөлөглөдөг эрх баригчид тэр зовлонг яаж ч мэдэх билээ. Хамгийн аюулгүй замаар, хамгийн сайн машинаар хөдөө, гадаа явдаг учраас л Дарханы замын зовлонг ойлгохгүй байгаа хэрэг. Хамгийн муухай нь, шинэ зам тавих бодлогоо буруу тодорхойлсон байлаа ч хурдан хугацаанд засч, сайжруулахын оронд замын санхүүжилтээс ашиг хонжоо харж, тендер будилаантуулж суугаа нь зэвүүцмээр. Хөдөөний гол замуудын нэгийг ч засч чадахгүй хэвтэж байж МАН Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө хүн амын тал хувь байдаг Улаанбаатар хотод 26, хөдөөд 50 суудал хуваарилсан нь хөх инээд хүрмээр. Тэдний хамгийн эцсийн найдвар нь хөдөө орон нутагт ялах магадлал өндөр байгаа гэж сэрүүн зүүдэлж байгаа болохоор тэр. Түүнээс хөдөөгийнхөнд хайртайдаа ч биш юм. Гэвч орон нутгийнхан тэнэг биш, тэднийг басах хэрэггүй гэж хэлмээр байна. Ерөөс бнэ бүх байдал МАН-ынхан дахин сонгуульд ялалт байгуулах өчүүхэн төдий ч эрхгүй гэдгийг нотлон харуулж буй.
Сонгууль мөрөөдөж суухаар төсвөө тодотго МАН
Энэ бол монголчуудын өмнө хийсэн гэмээ бага ч атугай цайруулах сүүлчийн боломж чинь байж мэдэх юм шүү, ардын намынхаан. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хурдацтай тархаж, дэлхийн эдийн засаг тэр чигтээ уналтад орчхоод байхад төсвийн тодотгол хийхгүй гээд гүрийгээд суух юм. Сонгуульд зориулсан төсөв баталсан учраас л тэдний ялалт байгуулах өчүүхэн төдий горьдлого нь арилчих учир төсвөө тодотгохгүй гээд гүрийгээд суугаад байна. Өнөөдөр Ерөнхий сайд долоон чиглэлд арга хэмжээ авч, таван их наяд төгрөг гаргана гэлээ. Чухамхүү хаанаас гаргах нь туйлын тодорхойгүй байна. Саяхан ахмадуудын өрийг тэглэнэ гээд мөнгө хэвлүүлсэн байх учиртай. Ахиад мөнгө хэвлэх гэж байгаа бол Монгол Улсыг тэр чигт нь сүйрэл рүү нь аваачсан дээр биз. Ахиад бонд босгож, зээл авах гэж байгаа бол ядаж л мега төслүүдээ улстөржилгүй явуулчхаад дараа нь энэ тухай ярьж болох. 930 мянган хүнийг ажлын байраар хангадаг жижиг дунд бизнесээ, хүн амын үнэмлэхүй олонх болдог дунд болон доогуур амьжиргаатай иргэдээ хамгаалах санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргах гэж байна вэ?
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"