Д.Соёмбо
Улс орон даяар онцгой байдал зарласан энэ өдрүүдэд шүүх байгууллага цахим хэлбэрээр хуралдаж, нэр бүхий гэмт хэрэгтнүүдэд ял оногдуулж байгаа билээ. Тэгвэл гуравдугаар сарын 27 буюу өнгөрөгч баасан гарагт Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс хахууль авсан хэмээн шалгагдаж байсан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал Ж.Сандагдорж нарын хэргийг хэлэлцэж, ял оногдуулсан байна. Тодруулбал, Ч.Алтанхуяг, Ж.Сандагдорж нарын гэмт үйлдэл баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86 сая төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой гэж үзсэн тул Ч.Алтанхуягийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 30 сая төгрөгөөр, Ж.Сандагдоржийг мөн адил нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, долоон сая төгрөгөөр торгожээ.
Мөн үүнээс гадна шүүгдэгч “Чингис хаан” банк ХХК-ийг эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас санал болгосныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Хэргийн явцыг эргэн сануулахад, өнгөрөгч намар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан арилжааны “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг яллагдагчаар татаж, улмаар тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Түүнийг эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ хорьж, шалгаж байсан. Улмаар эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансны мөнгө дампуурлаа зарласан “Капитал” банканд хадгалагдаж байсан талаар бид урьд нь мэдээлж байв.
Мөн үүнээс хойш энэ хэрэгт холбогдох шинэ баримт, нотолгоо гарч ирсээр байлаа. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй бол “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг Б.Баярхүүгээр дамжуулан Ч.Алтанхуягт хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа аж. Түүгээр ч тогтохгүй 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд заасныг үндэслэн “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татсан байна. Учир нь, энэ хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасч нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэсэн гэнэ.
Бидний авсан мэдээллээр Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсан аж. Улмаар үүнийхээ хариуд энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож С.Сандагдоржоос зургадугаар сарын 3-нд 15.6 сая төгрөг авсан байна. Түүнээс хойш долдугаар сарын 1-нд 25.8, 18-нд 13.6, наймдугаар сарын 22-нд 8.9, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байна. Уг нь хууль сахиулах байгууллагынхан гэмт хэрэгт шалгаж байгаатай холбогдуулан эд хөрөнгө битүүмжилдэг ч Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байнга эргэлтэд орж буй учраас гүйлгээнд хязгаарлалт тавих боломжгүй байдаг аж. Тиймээс өдгөө тус сангийн хөрөнгөөс зарцуулсаар 30 тэрбумаасаа багассан ч “Чингис хаан” банкныхаа дансанд байгаа гэнэ.
Хуучнаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага “Чингис хаан” банктай 2017 оны наймдугаар сарын сүүлчээр мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкан дахь 3201.... дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар, энэ оны гуравдугаар сард уг дансны үйлчилгээний гэрээнд зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр энэ нь хууль, журмын дагуу хийж буй ажил ч “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг банкандаа байршуулах гэрээ хэлцлийг Ч.Алтанхуягтай хийсэн нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл гэж хууль сахиулагчид үзэж байгаа юм. Ийнхүү давуу байдал бий болгосных нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон аж. Гэхдээ тэднийг санхүүгийн луйвар болзошгүй үйлдэлд гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Түүнээс өмнө хэргийг хаана хэмээн зарим хүн явж буй гэх сураг бий ч хууль сахиулагчид хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй, шуурхай шалгаж гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан учраас эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх гэж үзэж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч иргэн Д.Батаа тус компанийн 46, Ш.Бүтэд 31, Ц.Баярсайхан 23 хувийг эзэмшдэг юм байна.
Эрүүгийн, тэр дундаа авлигын хэргийн яллагдагчаар татагдсан “Чингис хаан” банкны ТУЗ-ийнхэн, хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн удирдлага болон банкны гүйцэтгэх захирал Сүхбаатарын Сандагдорж нар улс төрд нөлөө бүхий этгээд болох ЭМДЕГ-ын захирал Чулуунбатын Алтанхуягт 86 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн үйлдлээ хэрхэн тайлбарласан нь шүүх хурлын үеэр тодорхой болох биз ээ.
Ч.Алтанхуяг гэж
хэн бэ?
Ч.Алтанхуяг нь 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэрэгт шалгагдаж буй тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлсэн байх юм. Мөн тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой бөгөөд нийтэд нь 845 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй, дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй, 288 сая төгрөгийн авлагатай гэсэн байжээ.
Дээрх хэргийн талаар АТГ мэдээлэхдээ, Ч.Алтанхуяг нар нь “Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа хэмээн мэдээлж байсан юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"