Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Алтанцэцэг: Багахангай авто зам, төмөр замтай тул дүүргийн хөгжлийг хурдасгахад төрийн бодлого хэрэгтэй

Багахангай дүүргийн Ардчилсан намын хорооны  дарга Ц.Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Та АН-ын гишүүн. Яагаад АН-ыг сонгох болсон тухайгаа та ярина уу?
-Би хувьдаа анх Ардчилсан хувьсгал гарах тэр үеэс л дэмжиж ирсэн хүний нэг. Нэг намын бодлогоор улсыг удирдаж байсан социалист нийгмийг сайн мэддэг төгсгөлийн үеийн хүмүүсийн нэг нь би шүү дээ. Биднээс дээш үеийнхэн тэр нийгмийг бүгд мэднэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой тэр үед бүх юм улсын өмч байлаа. Хувийн өмч гэдэг зүйл бараг байхгүй байв. Хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл огт байдаггүй байсан. Даргын өөдөөс үзэл бодлоо илэрхийлбэл гэмтэн болчихдог, өрхийн орлогоо нэмэгдүүлэх гээд арилжаа наймаа хийвэл дамын наймаачин, ая тухтай амьдрах гээд хөрөнгөтэй болбол хөрөнгөтөн гээд нийгэмдээ ад үзэгддэг байсан нь саяхан мэт санагдаж байна. Аягүй бол эсэргүү ч болж мэдэхээр нийгэм байсан нь үнэн. 1990 онд олон сайхан залуус тэр үеийн нийгэм, эдийн засгийн байдлыг шүүмжилж амь насаараа дэнчин тавин байж ардчилсан хувьсгалыг хийсэн. Тэр үед залуу ч байж, зүгээр л сэтгэл зүрхээрээ дэмжээд явдаг нэгэн байв. 2007 онд анх Ардчилсан намд элсэн орж байлаа. Намын зорилго бодлогыг өөрийнхөө хэмжээнд ойлгоод л үйл ажиллагаанд нь тэр үеэс л эхэлж идэвхтэй оролцож эхэлсэн. Яагаад Ардчилсан намыг сонгох болсон бэ гэвэл хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, зах зээлийн өөрчлөлтийн буянаар монголчуудыг нийтэд нь хувийн өмчтэй болгох зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн, ардчилсан нийгмийг хөгжүүлэх олон сайхан бодлого нь надад таалагдсан учраас сонгосон. Бас нэг зүйл нь олон намын тогтолцоотой Ардчилсан нийгэмд сонголтоо өөрөө хийж чаддаг болсондоо хамгийн ихээр баярлаж явдаг. Залуус өөрчлөлт шинэчлэл, эрх чөлөөт байдалд дуртай байдаг учраас тэр л сэтгэл зүрхээрээ энэ сонголтоо хийж байлаа.
-АН-ын үзэл баримтлал, чиг хандлагаас юу нь таны хувь хүний үзэл бодолд ойр байсан юм бэ?
-Ардчилсан намын эрхэм зорилго бол “Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэх” гээд цагаан дээр хараар бичиж тунхагласан нам. Үүнээс илүү чухал, үүнээс үнэ цэнтэй үнэт зүйлс бидэнд хэрэгтэй бил үү. Энэ л зорилгыг хөгжүүлэхийн тулд Ардчилсан намын тулгуур үнэт зүйлсээ дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж, ардчилсан хувьсгалын ололт амжилт, Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд нэвтрүүлсэн дэвшилтэт санаачилга, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаараа бахархаж цаашдын бодлого, үйл ажиллагаандаа дараах үнэт зүйлсийг баримтлан эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ гээд дараах таван зорилтыг дэвшүүлсэн. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо буюу эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гээд. Эдгээр эрх чөлөө бол ганц монголчууд ч биш хүн төрөлхтний амьдрахуйн язгуур эрхүүд. Эдгээр эрхгүйгээр улс орон болоод хувь хүн ч аз жаргалтай, амар тайван амьдарч, оршин тогтноход бэрхтэй.
Энэ таван үнэт зүйлийг салгаж ойлгох боломжгүй. Энэ таван зүйл хамтдаа байж Ардчилсан нийгмийг илүү хүчирхэг болгоно гэж би хувьдаа боддог.
Хаана амьдрах тав тухай орчин, эрх чөлөө байна хүн гэдэг тийшээ л зүтгэдэг шүү дээ. Хувь хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, тэр хязгааргүй мөрөөдлийг хязгаарлагдмал нөөцөөр хангах үйл ажиллагааг эдийн засаг гэдэг.
Төр барьж байгаа аль ч нам энэ хягазаарлагдмал нөөцөөр ард иргэдийнхээ тав тухтай амьдрах тэр боломжийг хөгжлийг бодлогоор зохицуулдаг шүү дээ. Тиймээс миний хувьд хувь хүний эрх ашгийг хоёрдугаарт тавьж намын үзэл баримтлал, бодлого шийдвэрийг нэгдүгээрт тавьдаг.


-АН бол хувийн өмч, хүний бүхий л эрх эрх чөлөөг эн тэргүүнд тавьдаг нам. Эдгээр эрх чөлөөтэй холбоотой бидний өнөөдрийн туулж яваа замнал өнөөгийн төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогод та хэрхэн хандаж байна вэ?

-2016 оны сонгуулиар МАН ард түмэндээ маш олон амлалтыг өгсөн. Ард түмэн тэр амлалтанд нь итгэж тэднийг үнэмлэхүй олон болгож төр засгийг удирдах эрхийг өгсөн шүү дээ. Төр удирдаж байгаа тэдгээр хүмүүс ард түмнийхээ итгэлийг алдах эрхгүй гэж би хувьдаа боддог. Хууль ёс нь алагчлалгүй, тэгш шударга байж чадахгүй байна гэж харж байгаа. Учир нь төрд гарсан эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж жирийн иргэдийн авах ёстой ЖДҮ болон бусад олон сангуудаас өөрөө болон өөрийн хамаатан саднуудаа өгснийг Монгол даяараа л бид харлаа, мэдлээ. Энэ зээлийг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгч болсон зорилтод бүлэгт хүргэсэн бол өнөөдөр хэчнээн гэр бүлийн орлого нэмэгдэж, хэчнээн хүн ажлын байртай, авах цалинтай болох байсан бол.
Хээл хахуульдаа баригдаж төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын тендерт орж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хохироож байна. Шударга үнэн үгээ хэлсэн иргэдийг хорих цагдах нэрийдлээр эрхийг зөрчиж байна. Татвар нэмэхгүй, шинэ татвар нэмэхгүй, мэргэжлийн засгийн газар байгуулна, Монгол Улсыг өрийн дарамтаас гаргана, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна, аймаг бүрт үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлнэ, УИХ гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэсэн мөрийн хөтөлбөрөөс нь тоочоод байвал амлалт нь бүрэн хэрэгжээгүй гэхэд болно. 2020 онд дэлхий нийтээр айхтар өвчин гарснаар бүх улс оронд эдийн засгийн хямрал үүсч байгаа, энэ хямрал Монгол орныг тойроод гаргахгүй шүү дээ. Энэ жил сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор засгийн газар төсвийн тодотгол хийхгүй удах тусам бидэнд эрсдэл улам их болно гэдгээс эмээж байна.
-Та төлөөлөгч, төрийн ажил, нийгмийн ажил гээд олон талтай ажил хийдэг. Нийгмийн аль чиглэлд түлхүү анхаардаг вэ?
-Би хүүхэд залуус, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллаж тэдэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж ирсэн. Одоо ч мөн ажиллаж байна. Тухайлбал 2012-2016 оны үед олон арван орон сууц баригдаж байсныг иргэд мэдэж байгаа. Тэр орон сууцнуудад орц гарц муутай, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, орчны тохижилт муутай гэсэн дутагдалтай талууд их байсан. Ялангуяа манай Баянгол дүүрэгт газар хомс, газрын зохион байгуулалт их муутай байсан. Залуус маань чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын заал ч цөөхөн. Мөн ажлын байранд нас зүс хатуу заадгаас болж идэр насны ээж нар, эмэгтэйчүүдэд ажлын байр олддоггүй байдал нь сэтгэл эмзэглүүлмээр байлаа. 25-аас доош насны өндөр царайлаг, гадаад хэлтэй гээд түмэн шаардлага тавихаар чинь ар гэрээ тэжээдэг ээж нар, эмэгтэйчүүд яаж ажилтай, орлоготой болох билээ. Үнэндээ эмэгтэйчүүдийг өндөр, царайлаг, татлаагүй гээд л зар явдаг байсан үе шүү дээ. Эндээс л бидний асуудал бас хийх ажлууд харагдаж байгаа юм.
 Миний бие Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамын сайдын зөвлөх байхдаа нэг зүйлийг анзаарсан. Улс орон хөгжихийн хэрээр техник, технологи өндөр хөгжиж, аюулгүй ажиллагаагаа хангаагүйгээс болж, эсвэл авто ослын улмаас олон хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Энэ бол тэр хүний буруу биш шүү дээ. Хэн ч ажилгүй, орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй болохыг хүсэхгүй. Тиймээс тэдгээр хүмүүст жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төслийн хүрээнд сургалт явуулах, төсөл бичих, сурсан мэдсэн зүйлээр нь жижиг дундын зээлэнд хамруулах гээд олон ажлыг хэрэгжүүлж, гар бие оролцож бас чадлынхаа хэрээр л хөөцөлдөж бүтээсэн.
Нийслэл, дүүрэг санаачлаагүй ч би нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүйтэй нийлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн бүтээсэн зүйлээр үзэсгэлэн хүртэл гаргаж байлаа. 2015 онд Мишээл экспо-гийн байранд үзэсгэлэн гаргахад хамгийн олон хүн Хөвсгөл аймгаас ирж оролцож байлаа. Мишээл экспо-гийн хамт олонд дандаа баярлаж явдаг. Тэд бидэнд талбайн түрээсээ 50 хувиар хөнгөлж өгдөг байсан. Залуусыг урлаг, спортоор хичээллэх, амжилт гаргах үед надад хандсан болгонд туслахыг хичээж ирлээ. Ер нь аливаа нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо их чухал байдаг. Эрчүүд дээгүүр төр барьж байхад нийгмийн эмзэг бүлэг, тулгамдсан нарийн ширийн асуудалтай эмэгтэйчүүд л нүүр тулж, гардан гүйцэтгэж байдаг юм шиг санагддаг. Эх хүний мөн чанар бас надад итгэж сонгосон ард иргэдийн их хүч л үүнд нөлөөлж намайг урагш түлхдэг байх.
-Та НИТХ-ийн төлөөлөгч байхдаа нэлээд ажлуудыг санаачилж бас хийж хэрэгжүүлснийг санаж байна. Энэ тухайгаа яриач?
-Миний хувьд Монгол хүн эх орондоо эзэн нь байхын төлөө, улс төрд үнэнч, журмын олон нөхдийнхөө хамтаар 2012-2016 онд Баянгол дүүргийн долоон хорооноос НИТХ-д төлөөлөгч болж надад ирсэн тэр итгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө зүтгэж чамгүй сайн ажилласан гэж боддог. 2012 онд Ардчилсан намд Монгол орны ирээдүйг ард түмэн даатгаж, энэ намаас ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө юу хийж чадахыг хүлээж суусан. Бид маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан. Бид үнэхээр хүчтэй чадварлаг багаар ажиллаж их ч бүтээн байгуулалтыг хийсэн.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 11,15,17,18,19 хороодод цэцэрлэг бариулсан, сургууль цэцэрлэгийн засвар, хороолол доторх зам, гудамж төслийнхөнтэй хамтран 16 дугаар хороонд жишиг гудамж байгуулалцсан. Дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг цэгийн үйлчилгээтэй хорооны байрыг 11,17,19 хороодод бариулсан, орон сууцны дээвэр, кодтой хаалга гэх мэт олон ажлыг он, оноор жагсаавал маш их ажлыг хийсэн байдаг. Үүнийг зүгээр дурдаад өнгөрөхөд л ийм. Зураг хөрөг, хөрөнгө мөнгөтэй нь жагсаавал маш том ажлуудыг хийснийг харж болдог.
2012-2016 онд бид багаараа Баянгол дүүрэгт УИХ, НИТХ, ДИТХ-д ялсныг иргэд маань мэдэж байгаа. Бид иргэдээсээ асууж, иргэдийн оролцоотойгоор улс, нийслэл, дүүргийн төсөвт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тусгуулж чаддаг. Мөн жил бүрийн эхэнд өмнөх ондоо хийсэн ажлаа тайлагнаж дараа жилд иргэд тэдний амьдарч байгаа орчинд юу хэрэгтэй байгааг асууж төлөвлөдөг тийм хүчтэй баг болж ажилладаг байсан. Үүгээрээ ч бахархдаг. Аливаа ажлыг хийхэд сэтгэл, зүтгэл дээр нь багийн удирдлага зохион байгуулалт хэр чухал вэ гэдэг нь эндээс харагддаг.
Мөн 2015 оны 11 дүгээр сараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллах болсон. Энэ үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд олон арван байгууллагуудын оруулсан хөрөнгө оруулалтаар нийт 11 тэрбум гаруй хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн.


-Тэр ажлуудаас хийж байгаад тасалдсан хийх ёстой ямар ажлууд байдаг вэ, засаг солигдоод зарим ажил зогсчихсон шүү дээ?
-Яг үнэн. Түрүүн дурдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас орох нийт 25 га газрын үүдний хаалга, зам, усан оргилуур, гэрэлтүүлэг гээд маш олон ажлыг бид маш богино хугацаанд хийлгүүлж чадсан.
 Гэтэл энэ хаалга өнөөдрийг хүртэл нээгдэж чадахгүй байгаад гайхдаг. Төр засгийн залгамж халаа гэж нэг юм байдаг шүү дээ. Ямар ч нам засаглалаа гэсэн ард иргэдийнхээ амар амгалан, аз жаргалтай амьдрахад чиглэсэн төрийн аливаа ажил зогсч тасалдах ёсгүй. Яагаад энэ хаалгыг одоо болтол нээчхэж болохгүй байгаа юм бол. Хэрвээ нээсэн бол улаанбаатарчуудад үнэхээр хэрэгтэй л зүйлийн нэг байсан. Түүний бүтээн байгуулалтыг гүйцээлээ гээд АН-ын юм уу, Алтанцэцэгийн нэрийг тэнд хадахгүй шүү дээ.
Мөн бид үүдний хэсэг дэх замын зогсоолыг замын компани нь өөрсдийн хөрөнгөөр бариад гаргасан зардлаа олж авах концесын гэрээтэй ажиллахаар болсон байсан. Гэтэл шалгарсан компанийн гэрээг хүчингүй болгосон байсан. Ингэж бүтээн байгуулалт хийлцэж байгаа дотоодын компаниудаа бас унагаж болохгүй шүү дээ.
Анх ашиглалтад оруулсан 30 га газартай нийлүүлэхэд маш жаахан хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Үүнийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж чадахгүй байсан ч захын компанид санал болгоход л хийчих зүйл байсан гэж бодогддог л юм. Энэ дөрвөн жилд хотын даргаар хоёр хүн ажиллалаа. Хэн нь ч үүнийг гүйцээж юу ч хийсэнгүй. Та бүхэн мэдэж байгаа урин дулаан болоход цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд зогсоол байхгүй үүдний хэсгээр битүү түгжрэл үүсдэг. Олон жил ашиглалтад оруулахгүй байхаар хөрөнгийн чанарт өөрчлөлт гарч мууддаг. Харамсалтай л санагддаг даа. Өөрийн хийж хэрэгжүүлж байсан ажил юм болохоор байнга л санаа зовж, хараа чих тавиад сурчихдаг хэцүү юм билээ.
-Таныг Багахангай дүүрэгт нэлээд ажил явуулдаг тулгамдсан асуудлуудаас шийдэлцэхэд оролцдог гэж сонссон. Энэ дүүргийн тухай болон хөгжлийн бодлогыг хэрхэн хардаг вэ?
-Миний бие 2017 оноос одоог хүртэл Багахангай дүүргийн Ардчилсан намын хорооны даргаар намын гишүүдээсээ сонгогдон ажиллаж байна. Багахангай дүүрэг маань дүүргийн статустай ч яг үнэндээ нэг сумын дайтай л байдаг. Тэнд ажлын байр байхгүйгээс хөдөлмөрийн чадвартай залуус Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг руу явж ажилладаг. Хувийн хэвшил бараг байхгүйтэй адил хөгжөөгүй.
Шинээр эмнэлэг ашиглалтад орсон ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Нарийн мэргэжлийн эмч, багш ялангуяа бага ангийн багш олдохгүй хэцүү байдаг. Энэ асуудлуудыг тэнд АН-ыг төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд надад хандаж хэлдэг.
Би анх намын гишүүдээ эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулдаг байлаа. Гэтэл иргэд бас хамрагдах хүсэлтэй илэрхийлсэн учраас иргэдийг хамруулдаг болсон. Эмнэлэг маань хараахан ашиглалтад ороогүй байсан тэр үед иргэдийг эхлээд лаборторийн үзлэг, шинжилгээ хийлгэхийг эмч нар маань хүссэн. Гэтэл дүүргийн эмнэлэгт шинжилгээний бодис, хуруу шил дутмаг байсан.
Шаардлагатай тэр хэрэгслүүдийг худалдан авч өгч шинжилгээг нь хийлгэдэг байлаа. Солонгосын эмч нарын нийгэмлэг гэсэн төрийн бус байгууллагад хоёр жил дараалан хандсаны хэрэг гарч 2019 оны 10 сард солонгос эмч нарыг Багахангай дүүрэгтээ авчран иргэдийг хамруулсан нь сайхан ажил болсон.
Иргэддээ үнэ төлбөргүй эм тариа өгөхийн зэрэгцээ, ахмадуудад нүдний шил тараасан нь хүмүүст хэрэгтэй, хүсч байсан үйлчилгээ нь болж чадсан. Ахмад настнууд маань үе мөчний өвчлөл ихтэй, хүүхэд залуус шүдний өвчлөлт ихтэй байна гэж гарсан даа. Мөн шинэ эмнэлэгтээ зөөлөн эдлэл болон, өвчтөний ор, хүүхдийн амьсгалын аппарат, комьютер зэргээр тусалж чадсандаа баяртай байгаа. Ингээд хийсэн ажлаа яриад байвал их нуршуу урт юм болох байх. Бас хийснээ их яривал өөрийгөө магтсан болно. Харин цаашид хийх ажилдаа төвлөрөх нь миний хувьд чухал байна.
-Багахангай дүүрэгт гол тулгамдсан асуудлууд нь юу байдаг вэ?
-Багахангай дүүрэгт 2013-2016 оны хооронд 8000 гаруй хүн газар өмчлөн авсан байдаг. Миний бодлоор Багахангай дүүргийг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд олуулаа болгох бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Олуулаа болсон тэр үед зах зээлийн зарчмаараа ажлын байр болон бусад хөгжил аяндаа бий болно. Газар өмчлөн авсан иргэдийг Багахангай дүүрэгт ирүүлэхийн тулд инженерийн шугам сүлжээг эхлээд төр засгийн хөрөнгө оруулалтаар бариулах Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг 12 000 иргэнтэй дагуул хот болгохоор тусгасан байдаг. Утаагүй, хөгжилтэй дүүргийг бий болгохын тулд хэсэгчилж биш, бүр нэгдсэн төлөвлөгөөг гаргах шаардлагатай санагддаг.
Энэ нь цаашдаа Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад ч сайн талтай. Багахангай дүүрэг авто зам, төмөр замтай тул дүүргийн хөгжлийг хурдасгахад төр засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Багахангайчууд дүүрэгтээ сайхан амьдрах бүрэн боломж бий. Би үүнд итгэдэг.

эх сурвалж: "Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1987115.75.219.90
Εvery weekend i used to go to sеe this site, foг the reason that i want enjoyment, аs this thіs web site conations аctually nice funny data tⲟo. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom
10 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com