Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.
-Монгол Улсад арилжааны банк үүсээд 30 жил болжээ. Энэ түүх ардчиллын түүхтэй нягт холбоотой. Анх арилжааны банкны систем тэр дундаа танай банк үүсч байсан үүх түүхээс Та хуваалцана уу?
-Банкны үүслээс өмнө өөрийн түүхийг ярих нь зүйтэй байх. Миний бие нийслэлийн арван жилийн 14-р дунд сургуулийг 1972 онд төгсөөд Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургуульд таван жил суралцаж ирсэн.
1977-1987 онд Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байгаад Улсын банкны ерөнхий хороонд ажилласан. Ингээд 1989 онд их дээд сургуулиудын багш нар болон эдийн засгийн байгууллагуудын залуус нийлж, “Залуу эдийн засагчдын клуб” гэж байгуулахад тэнд явдаг байлаа.
Тэнд би Улсын банкны ерөнхий хороонд ажиллаж байсан болон бусад олон эдийн засагч залуустай танилцаж нөхөрлөсөн. Ингээд ерэн оноос ардчилсан хөдөлгөөн үүсээд ирэнгүүт клубийн залуус маань нэгдэж талбай дээр болж байгаа жагсаал цуглаанд оролцдог болоод бүгдээрээ “Шинэ дэвшилтэт холбоо”-г байгуулсан юм. Дараа нь Үндэсний дэвшлийн намыг байгууллаа. Тэр намд зонхилох нь манай клубийнхэн байсан.
Бид тэр үедээ улсаа яаж аятайхан хөгжилд хүргэх вэ гээд мэтгэлцэж маргалдаж ярилцдаг байлаа. Эндээс л хувийн өмчтэй нийгэмд л орохгүй бол болохгүй юм байна, тэр нийгэмд орохын тулд улс төрийн өөрчлөлтүүдийг хийхгүй бол болохгүй юм байна аа гэдэг дүгнэлтэд хүрсэн байсан. Гэтэл 1990 оноос үйл явц эхэлсэн дээ.
Тэр үеийн Улсын банкны ерөнхий хороонд ажиллаж байсан Д.Сүх-Эрдэнэ, Н.Золжаргал, Н.Жаргалсайхан бид дөрөв арилжааны банкийг Монголд байгуулъя гээд л байгуулсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайд УБЕХ-ны дарга н.Хүдэрчулуун гуайн гарын үсэгтэй албан тоот явуулсан. Ингээд 1990 оны аравдугаар сарын 19-ний өдөр Сайд нарын зөвлөлийн 71 тоот тушаалаар Монголын анхны арилжааны банкуудын нэг болох Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан түүхтэй. 1991 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Манай банк тэр үед 47 ажилтантайгаар эхэлж байсан бол өнөөдөр 1920-иод ажилтантай банк болон өргөжин хөгжөөд байна.
-Тэр үед банкны систем, холбогдох хуулиуд ч байгаагүй. Ямар үйл ажиллагаагаар эхэлсэн бэ?
-Зуун хувь төрийн өмчийн банк байгуулсан. Тэр үед банктай холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг бараг л байгаагүй шүү дээ. Тэр үед компанийн тухай хууль ч гэж байгаагүй. Өөрөөр хэлбэл, бараг атаршсан тал дээр л банк тарьж ургуулсан. Өнөөдөр банктай холбоотой 55 хууль, 69 дүрэм, заавар, журам байдаг. Өөрсдөө Европын банкны системийг бас чадлаараа судалж байгууллаа шүү дээ. Хууль, эрх зүйн хувьд банкны салбар маань нэлээд төлөвшиж хөгжиж ирлээ. 1991 оны тавдугаар сарын 22-нд Монгол Улсад Төв банк байгуулагдсан шүү дээ. Энэ өдөр бас Банкны тухай хууль батлагдсан. Банкны холбоо гэж сүүлд байгуулагдсан. Миний бие банкны холбооны Ерөнхийлөгчөөр 2008-2010 онд ажилласан. Харин 2019 оны намар энэ ажилд дахин сонгогдоод ажиллаж байна.
-Тэгэхээр эхний мөнгөн хөрөнгө нь улсынх байсан гэсэн үг үү?
-Таны асуултад хариулахын тулд банкны мөнгө гэдгийг тайлбарлаж өгье. Өнөөдрийн байдлаар банкны нийт мөнгөн хөрөнгийн 50 гаруй хувь нь иргэдийн хадгаламж, 40 гаруй хувь нь аж ахуйн нэгжүүдийн харилцах дансны мөнгө, 10 орчим хувь нь эзний өмч байдаг. Тухайн үед энэ банк чинь УБЕХ-ны Гадаад тооцооны газар нь байсан учраас улс орнуудын гадаад төлбөр тооцоогоо хийгээд л явсан гэсэн үг. Энэ чинь нууц юм биш. Оросын цэргийн ангиудын болон байгууллагуудын мөнгө, гадаадын Элчин сайдын яамдын цалин мөнгө гээд төлбөр тооцоогоо хийгээд явж байсан. Яваандаа бид иргэдээсээ хадгаламж авдаг болох зэргээр үйл ажиллагаа маань зах зээлийн зарчимдаа шилжээд л явсан даа.
-Гучин жил болсон банкны салбар болоод банк бүрэн хөгжиж дэлхийн жишигт хүрсэн гэсэн үг үү? Бид олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг авч чадаж байгаа эсэхээ л мэдэх гэсэн юм.
-Хүн төрөлхтний хувьд гэвэл арилжааны банк XV зууны Итали, Франц, Испанид үүссэн байдаг. 1668 онд Шведийн Стокгольм хотод Төв банк байгуулагдсан. Бид тэгэхээр Төв банкны 352 жилийн өмнөх түүхийг нийтдээ банкны 600 гаруй зууны түүхийг давтах шаардлагагүй. Энэ хугацаанд хүн төрөлхтний бүтээчихсэн хөгжлийн хамгийн сүүлээс нь бид шүүрээд авна гэдэг чинь нэг талаараа сайхан биз дээ. Олон улсын банк санхүүгийн стандарт, жишгийг өөрийн орны онцлог, эдийн засгийнхаа нөхцөлд тааруулаад л цааш нь авч явж байна гэсэн үг.
Бид 1991 оны есдүгээр сард банкны олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Монголд анх нэвтрүүлж байлаа. 1996 онд Олон улсын банк хооронд төлбөр тооцоо хийж, мэдээлэл дамжуулдаг “Свифт” сүлжээг, 1999 онд банкны нягтлан бодох бүртгэлийн олон улсын программ хангамжийн стандартыг нэвтрүүлж байлаа. АТМ, пос-терминалыг манай банк анх нэвтрүүллээ. Тэгэхээр монголчууд бид банк, банкны үйлчилгээний хувьд дэлхийтэй зэрэгцэж яваа гэж хэлэх байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэх нь маш чухал.
-Та зээлийн хүүг бууруулах талаар ажиллаж байгаа гэлээ. Яагаад Монголд зээлийн хүү өндөр байдаг вэ. Үнэхээр өндөр хүү мөн үү, ямар хүчин зүйл нөлөөлөөд байна вэ?
-Зээлийн хүү өнөөдөр жилийн 16.86 хувь, хадгаламжийн хүү нь жилийн жигнэсэн дунджаар 12.81 хувь байна. Монгол Улсад зээлийн хүүгийн статистикийг 1993 оноос гаргаж эхэлсэн. Зээлийн хүү төгрөгөөр 1993 онд жилийн 300 хувь байжээ. 1994 онд 272.2 хувь, 2019 онд 16.86 хувь болжээ. Тэгэхээр энэ нь Монголд зээлийн хүү буурч байгаа үзүүлэлт мөн биз?
-Тэгвэл зээлийн хүү хэрэглэгчдэд яагаад өндөр тусаад байгаа юм бэ?
-Улстөрчид бүх буруугаа чихдэг нэг дайсан байх ёстой. Тэр нь өнөөгийн нөхцөлд банкууд шүү дээ. 1993 онд нэг долларын эсрэг монгол төгрөг 396 төгрөг 51 мөнгө байжээ, 2008 онд 1267 төгрөг, 51 мөнгө, харин өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нэг ам.долларын эсрэг монгол төгрөг 2777 төгрөг, 74 мөнгө болжээ.
-Энэ юуг харуулж байна вэ?
-Бидний ам.долларын эсрэг төгрөгийн ханш нь буураад л, төгрөгийн худалдан авах чадвар нь байнга унаж байна аа л гэсэн үг. Ханшаа бид байнга алдаж байна. Япон улсын инфляц нь жилийн 0.5 хувь, манайх 6.8 хувь байна. Хадгаламжийн хүү манайх 12.81 хувь, Японых - 0.2 хувь. Зээлийн хүү нь Японд жилийн 0.12 хувь, манайх 12.86 хувь. Тэдний Төв банкны бодлогын хүү нь - 0.10 хувь, харин манайх 10 хувь байна. Японы нэг хүнд ногдох ДНБ нь жилдээ 40800 гаруй ам.доллар, Монголд 4132 ам.доллар, 70 цент. Энэ бол 2019 оны байдал.
Энэ юуг харуулж байна гэвэл Японы нийгэм, эдийн засгийн хөгжил Монгол Улсынхаас ялгаатай. Монгол Улс ямар байдлаар хөгжиж байна гэдэг толины тусгал нь зээлийн хүү нь байдаг. Харин ч банкууд нь чардайгаад зээлийн хүүгээ буулгаад байгаа ч хоёр оронтой тоонд байсаар л байна.
-Зээлийн хүүг бууруулах аргуудын талаар Та яриач?
-Зээлийн хүү өндөр байгааг би нэг ам.долларын эсрэг төгрөгийн ханш байнга суларч байгаагаас болж байна гэж үзэж байна. Ам.доллар бол тухайн улсын валютын нөөц болдог. Бид жилдээ арайхийж экспортоор олсон валютынхаа нөөцийг буцаагаад үрээд хасах болдог. Бид хамгийн түрүүнд валютын нөөцөө нэмэгдүүлэх юмыг хийх хэрэгтэй.
Ингэсний үндсэн дээр ам.долларын эсрэг төгрөгөө чангаруулна. Энэ бол аж үйлдвэржүүлэх бодлого явуулах ёстой гэсэн үг. Жишээ нь, бид шатахуунаа Оросоос 100 хувь худалдаж авдаг колони байдлаасаа гарч дотооддоо нефть нэрдэг үйлдвэрээ барих ёстой. Бидэнд нефть байгаа түүнийгээ түүхийгээр нь гаргадаг. Энэ бол төрийн хийх ёстой ажил. Бид маш их нүүрстэй мөртлөө цахилгаанаа хоёр хөршөөсөө авч байна. Дотооддоо цахилгаанаараа хангах ёстой. Үүнд зардаг ам.доллароо дотооддоо шингээгээд үлдээх боломжтой. Дүүрэн зэстэй мөртлөө баяжмал хэлбэрээр гаргаж байна. Зэсээрээ бүтээгдэхүүн хийх ёстой. Монголоор дүүрэн төмрийн орд газартай мөртлөө төмрийн хүдрээ шороогоор нь гадагшаа зөөдөг. Өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг юм алга.
Гол валют олох нөөцөө гадагшаа хямдхан, түүхийгээр нь шахуу гаргачихдаг. Дотооддоо хүнд аж үйлдвэрийг байгуулахгүй бол валютын нөөцтэй болохгүй. Валютын эрэлт байгаад байхаар төгрөг нь сулраад байдаг л юм болж байна. Үүнээс болж л зээлийн хүү буурахгүй байна. Одоогоос 140 жилийн өмнө 1880 онд Европ тив аж үйлдвэржих хөдөлгөөн өрнөж 350 мянган км төмөр зам тавьсан. Өнөөдөр бид 2000-хан км хүрэхгүй төмөр замтай л сууж байна шүү дээ. Нүүрсээ машинаар зөөсөн хэвээр. Ингэж байж л хүмүүс ажлын байртай, цалин орлого сайтай болж худалдан авах чадвар нь сайжирна. Том үйлдвэрийг дагаж жижиг, дунд үйлдвэрүүд нь хөгжинө шүү дээ.
-Яагаад Монголын төр хүнд аж үйлдвэр барья гэж зориглодоггүй юм бол?
-Мөнгө тараая гэдгээс үйлдвэр барья гэдэг хүн байдаг юм уу. Хүнд үйлдвэрээ барьчихвал жижиг, дунд үйлдвэр өөрөө сэргээд ирнэ. Эхлээд ядаж ган, нефть, шилний үйлдвэрээ барих ёстой. Нэг хүнд үйлдвэр барихад л эдийн засагт өсөлт явагдана.
Хүнд үйлдвэр бариулахгүй байгаа нь манайхыг түүхий эдийн хараат, колони улс байлгах гэсэн янз бүрийн бодлого байна л гэж харж байна. Улс төрчид нь амиа бодож өөрсдөө л баяжихыг хүсч байгаа байдал харагдаж байна шүү дээ.
-У.Хүрэлсүх Ерөнхий сайд долоон зүйл заалтаар эдийн засагт нөлөөлөхүйц шийдвэр гаргалаа. Бидэнд ийм чадамж бололцоо байгаа юу?
-Эдийн засагч Б.Дөлгөөний судалгаа миний ширээн дээр байна. Энд эхний зургаан сарын нийт төсвийн алдагдлын 90 хувийг оруулчихсан байна гэж байна. Гэтэл 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан шүү дээ. Сонгуульд зориулсан төсөв гэж хүн бүхэн л мэдэж ярьж байна. Би хувьдаа бидэнд ийм нөөц боломж байхгүй гэж бодож байна. Дараагийн хагас жилд нь Монгол Улсын эдийн засаг яах вэ гэдэг том асуулт хүн болгоны өмнө тулгарч байна.
-Мөн Ерөнхий сайд банкуудыг заналхийлсэн байдалтай мэдэгдэл хийсэн. Үүнийг Та юу гэж үзэж байна вэ?
-Ерөөсөө дэлхий нийтээр банкууд зээл олгохдоо мэргэжлийн түвшинд ажилладаг байгууллага. Аливаа улсын Төв банк, эсвэл Засгийн газар нь арилжааны банкандаа хөнгөлөлттэй, эсвэл бага хүүтэй зээл олгоод тэр мөнгөөр нь иргэд, аж ахуйгаа дэмждэг шүү дээ.
Төр өөрөөр оролцох ёсгүй шүү дээ. Яагаад гэвэл банкны мөнгөний 90 хувь нь хүний мөнгө. Тэр чинь бүгд зээлэнд гарчихсан. Мөн бид хадгаламж эзэмшигчдийнхээ хүүг төлөх хуультай. Хадгаламжийн хүүг зогсоох хууль байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь банкууд чинь хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага л болж байна шүү дээ.
-Монголд ганц эрсдэлгүй бизнес хийдэг нь банкууд. Банкууд зээлийн хүүгээр шулж, монополдож байна гэдэг. Үнэхээр тийм гэж үү?
-Түүн шиг худлаа юм үгүй. Өнөөдөр Монголд зээл олгодог таван субьект бий. Тэгвэл арилжааны банкны жилийн дундаж зээлийн хүү 16.86 хувь, Хадгаламж зээлийн хоршооных 34,8 хувь, ББСБ-ынх 37,2 хувь, Ломбардных 42 хувь, иргэдийн сарынх 5-10 хувь гэж бодвол жилийнх нь дээд тал нь 120 хувь хүрнэ. Тэгэхээр хэн нь өндөр хүүтэй зээл олгож байна вэ. Банкнаас бусад дээрх байгууллагуудын ард дандаа эрх бүхий албан тушаалтнууд байдаг. Тэгээд бодно биз. Тиймээс л банкийг “хадны мангаа” гэж харагдуулахыг тэд хүсдэг.
Актив ба өөрийн хөрөнгийн өгөөж гэж ойлголт бий. Дэлхийн томоохон банкуудын активын өгөөж нь хамгийн өндөр нь 2 хувь хүрдэггүй, дандаа тэг хэдэн хувьтай л байдаг. Өөрийн хөрөнгийн өгөөж нь хамгийн дээд тал нь 15 хувь ч хүрдэггүй юм. Тэгвэл ХХБ-ны активын өгөөж нь 0.91 байна, өөрийн хөрөнгийн өгөөж нь 7.39 хувь байна. Энэ бол дэлхий нийтээр тооцдог банкуудын ашигт ажиллагааны үзүүлэлт юм.
-Төв банк буюу Монголбанк улс төрийн оролцоогүй жинхэнэ ёсоор ажиллаж чадаж байна уу?
-Дарамт бол байнга ирдэг гэж үзэж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"