Монголд ардчилсан хөдөлгөөн үүсээд 30 жил боллоо. Хэдийгээр ардчилал нь манай эртний өмнө V зууны Грекийн Афинд үүссэн гэдэг боловч Монголд 24 зууны дараа л мөн чанараараа ирсэн гэдэг. Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун бус иргэд ардчиллыг зүхэх нь нэмэгдэж байна. Мөн ардчиллаар далимдуулж, бизнес хийхгүйгээр хөлжигсөд тэднийг дэвэргэж байна. Харамсалтай нь цөөнгүй залуус ардчиллаас болж ядуурсан тухай ухуулгад автана. Үнэн хэрэгтээ 2500 жилийн өмнө үүссэн ардчилал Монголд зүхүүлэх ямар ч муу зүйл хийгээгүй. Ардчилал нь хүн бүрийн хүслийг хангадаггүй ч олонхын чадлыг үнэлж, цөөнхийн хэрэгцээг хангадаг зарчим. Өнөөдөр ардчилалд жинхэнэ, хуурамч, зөвлөлдөх гэх мэт хоч өгч байгаа нь хүн бүрийн ардчиллыг харах, ойлгох чадвараас хамаарна. Миний үеийнхэн амьдралынхаа 30 шахам жилийг социализмын материал техникийн суурь байгуулахад өнгөрөөсөн. Тухайн үед дэлхий социалист, капиталист нэртэй бүсэд хуваагдсан. Социалист бүсийг ЗХУ, капиталист бүсийг АНУ тэргүүлнэ. Социалист бүсэд капиталист бүсийн тухай мэдээлэл бараа, үйлчилгээг хориглодог бол капиталист бүс социалистуудын мэдээг тагнуулын аргаар л олно. Монгол Улс социалист бүсэд хамаарна. Монголчууд капиталист бүсэд зорчих эрхгүй. Социалист орнуудад л суралцахаар зорих эрхтэй. Гэхдээ суралцагсадын ихэнх нь ЗХУ-д сурах боломжтой. Үүнээс үүдэж оросууд “Монгол гадаад биш, тахиа шувуу биш” гэж хошигноно. Тийм учраас монголчууд ЗХУ-ын улс төр, эдийн засгийн үзэл суртал, номлолын хүрээнд л амьдралаа зохицуулна. Тэр нь нэг намаар (марксист онолтой) төрөө удирдуулж, хувьдаа өмчтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Энэ үеийн хамгийн том өмч нь амины машин. 1980 оны сүүлээр улсын хэмжээнд 4000 гаруй амины машин бүртгэгдсэн байдаг. Үүнээс 20 гаруй хувь актлагдсан машины хаягдлаас босгосон. 60-аад хувь нь өндөр албан тушаалтан ба гадаад орнуудад дипломат албанд ажиллаж байсан иргэд, үлдсэн ЗХУ-д амьдарч байсан төрийн албан хаагчид байсан гэдэг. Сонирхолтой нь хувийн машинд улсын бензин өгөхийг зөвшөөрдөггүй боловч дээрх машинууд бензинээр тасарч байсан түүхгүй. Инженерийн хангамжтай анхны бүх орон сууцууд зөвхөн төрийн дарга нарт очно. Өмчлөх эрхгүй төрийн өмч. 44 жил Монголын төрийг удирдсан Ю.Цэдэнбал өөрийн гэсэн орон сууцгүй хорвоог орхисон. Хувь хүн 50-иас дээш толгой малтай байхыг хориглоно. Энэ нь бодод шилжүүлбэл арав гаруй толгой мал. Эдийн засгийн хувьд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэсэн хангамжтай байсан бол үзэл суртлын хувьд түүнээс дор шорон маягийн дэглэмтэй. Үс ургуулах, дээгүүрээ нарийн, доогуураа өргөн (геометрийн трапец дүрс) өмд өмсөх хориотой. Би 1980 онд Төв аймагт Москвагийн олимпод зориулж гаргасан зайгаар ажилладаг пянз тоглуулагч, баруун Германы “Чингис хаан” хамтлагийн пянзыг оруулж ирсэн. Түүнийг найз нар маань хаа сайгүй газар сонсоно. Нэг удаа аймгийн төв цэцэрлэгт найз нар сонсч байтал нэг цагдаа “Чингис хаан” хамтлагийн пянзыг хураагаад авчхав. Аав маань “Хил дээр хураагаагүй, Намын зүгээс хориглосон тогтоол, шийдвэргүй зүйлийг цагдаа хураах эрхтэй юү” гэсээр Цагдаагийн дарга дээр давхиж оров. Гэтэл нөгөө хураасан цагдаа зах гаргаж зарах санаатай авснаа хүлээснээр би пянзтайгаа үлдэж билээ. Шашин шүтэхийг хориглоно. 1980-аад онд Төв аймгийн нэгэн суманд бороо орохгүйн улмаас сумын төлөвлөгөө тасрах аюул нүүрлэжээ. Төлөвлөгөө тасарвал сумын даргыг буудахгүй ч албан тушаал буурна. Энэ нь удам судраараа хядуулснаас дор юм болно. Гэтэл тус сумаас гаралтай нэг лам байсан аж. Түүгээр сумын намын дарга тэргүүтэй нөхөд овоо тахиулахаар шийдэв. Хэрэв бороо ороод дарга нар овоо тахисан гэж намын дээд удирдлагад мэдэгдвэл дарга нар буруудсан ч намын даалгавар биелнэ. Овоо тахиад бороо орохгүй бол сумын удирдлага овоо тахисан, төлөвлөгөө тасалсан давхар ялд унана. Дарга нар азаа үзэж овоо тахиулав. Удалгүй шашинд итгэсэн хэргээр одоогийнхоор “ооптоороо” хусуулав. Хожим нь тэдний нэгнээс “Бороо орсон уу” гэж асуухад “Орсон. Ороогүй бол асуудал бүр хүндрэх байсан шүү” хэмээн хөхөрч байв. Сэтгүүлч Г.Дашрэнцэн айлын ганц. Түүнийг бага байхад нь хамаатан лам нь шөнө нууцаар авдранд зул өргөөд, маани уншдаг байсныг мэдэв. Хэрэв амттан өгөхгүй бол Дашка түүнийг авдранд зул өргөж, маань уншдаг тухай сумын намын даргад хэлнэ гэж рекетэлнэ. Түүний хүүхдүүдийн гаргасан “Манай сумын намууд” нэртэй ном бий. Энэ номонд Дашкагийн маань социализмын үед хоригдож байсан үзэл санаа бүрэн туссан. Бас социализмын алдаа оноог шүүсэн “Болор цом”-д уншсан шүлгүүд бий. Тэрээр социализмын үед ЗХУ-д сурч байхдаа ганц олсон мэдээ нь “К.Маркс шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи биш гэж хэлээгүй. Шашин бол ард түмний оюун санааны оюун ухааны сэргээш мөн”. Харамсалтай нь 1990 онд түүний удирдаж байсан Ардын элч” сонинд гарсан оргил бичлэгүүд болон Төв аймагт ардчилсан хүчин байгуулагдаж байсан мэдээтэй сонинуудыг Төв аймгийн номын сан устгасан гэнэ. Дээрх түүхээс харахад “Тэгээд 1990 оноос хойш ардчилал бидэнд юу өгөв” гэсэн асуулт гарна. Өнөөгийн залууст бидний залуу үеэ өнгөрөөсөн коммунист шорон, улаан хядлага сонин биш. Тэдэнд энэ тухай мэдэх ч шаардлага байхгүй. Учир нь социализм ба коммунизм Монголд давтагдахгүй. Монголд дарангуйлагч төрнө, Хоёр хөршийн түрэмгийллээс болгоомжлох гэх мэтийн номлол нь 1990 оны улс төрөөс цааш харах чадваргүй улс төрийн наймаанаас өөр юмаар үхсэн буурнуудын үзэл. Хүн алж, хүрээ талсан улстөрчид л ямар нэгэн дарангуйлагчийн тухай ухуулга хийж, ялаас мултрах улс төр хийдэг. “Дарангуйлагч төрнө” гэдэг сурталчилгаа нь алсан, талсан улстөрчдийн л айдас. Ардчилал бидэнд ашиглаж чадах юм бол амиа хамгаалах хангалттай орон зай өгсөн. Өнөөгийн залууст бидний үетэй харцуулахад асар их боломж бий. Төв аймаг 1978 онд Зуунмод хотын захиргаа хулгайгаар самар зарж байгаа хүмүүсийг шүүрний өвс түүх шийдвэр гаргаж. Зуунмодоос Улаанбаатар ороход хотын захиргаанаас зөвшөөрөл авах журмыг 1988 онд гаргаж байсан. Энэ бүх хориг та бүхэнд өвлөгдөх байсныг үл үзэгдэх ардчилал таслан зогсоосон юм. Зүхүүлээд байгаа нөхөр ардчилал та бүхний өмнө ямар ч буруугүй. МоАХ ардчилсан хөдөлгөөний өдөөгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ардчилал өнөөгийн монголчуудад эрх чөлөө өгсөн. “Эрх чөлөөт хүн алдвал өөрийгөө л буруутгах хэрэгтэй” гэсэн үг байдаг. Монгол залуус өнөөдөр кола ууж, пицца идэж байна. Жийп унаж, Хавайд тухалж байна. Энэ боломжийг эдэлж чадаагүй залууст ардчилал буруутай биш.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"