Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний үйлдвэрлэгч Г.Очирбаттай Ардчилсан намын үзэл баримтлал бидний амьдралд сэдвээр ярилцлаа.
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд баруун төвийн үзэлтэй нам болохоо тодорхойлж, үзэл баримтлалаа Улсын дээд шүүхээр батлуулсан. Ардчилал хөгжөөд 20 гаруй жил болсон улс оронд яагаад энэ үзэл баримтлалыг эргэн харж, батлах болов?
-Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон үндсэн хуульт ардчилал, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд өнөөдөр аюул заналхийлж, нэг ёсондоо ардчилал 30 насны босгон дээрээ томоохон сорилттой тулгараад байна. Иймээс Ардчилсан нам ардчиллыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь хэвээр байлгахын тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дотооддоо шинэчлэл хийж, баруун төвийн үзэлтэй нам болохоо үндсэн дүрэмдээ зааж өгсөн юм. Манай нам баруун төвийн үзэлтэй нам болохоо тодорхойлж, үзэл баримтлалаа дээд шүүхээр батлуулсан явдлыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гаргалгаа гэж харж болно.
-Баруун төвийн үзэлтэй нам байна гэдгийг энгийнээр тайлбарлавал юу гэж ойлгох вэ?
Маш энгийн цөөхөн үгээр баруун төвийн үзэл баримтлалыг тодорхойлж хэлбэл, нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх, хоёрдугаарт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх, гуравдугаарт, шударга ёсны эрх чөлөөг хангасан байх, дөрөвдүгээрт, улс төрийн эрх чөлөөг хангах гэж үздэг. Ингээд харвал АН-ын үзэл баримтлалыг маш сайн системчлэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болжээ гэж дүгнэж болохоор байна.
-Манай улсад бүртгэлтэй 30 гаруй намууд дээрх шиг үзэл баримтлалаа тодорхойлж, үзэл санаагаараа ялгарч чадаж байна уу?
-Үнэндээ улс төрийн намууд үзэл баримтлал, үзэл санаагаараа ялгарч чаддаггүй. Намуудын үзэл баримтлал зорилго нь тодорхой биш байдаг бөгөөд намын дүрмэндээ зүүний чиглэлийн болон барууны чиглэлийн намууд гэж заасан байдаг ч үйл ажиллагаа сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүдийг нь хараад байхад үндсэн чиглэлээсээ өөр байдаг. Улс төр судлаачид ч үүнийг хэлдэг. Энгийн жишээ авахад, сүүлийн 30 жилийн ихэнх хугацаанд төр барьж байсан МАН зүүн чиглэлийн үзэл баримтлалтай гэдэг ч хэрэгжүүлж буй бодлого мөрийн хөтөлбөрийг харахад зүүн чиглэлийн үзэл баримтлал бодлого харагддаггүй. Тэр ч байтугай улс төр эдийн засгийн суурь нэгдсэн чиглэлгүй мэт санагддаг.
-Та түрүүнд хэллээ. Манай улсын намууд тодорхой үзэл баримтлалын тухай ярьдаг ч түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй гэж. Ардчилсан намын тухайд баруун төвийн үзлээ хэрхэн сахиж, хамгаалж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Үзэл баримтлалаа батална, бүртгүүлнэ гэдэг нэг чухал том асуудал хэдий ч үзэл баримтлалаа яаж сахин хамгаалах вэ, яаж тууштай дагаж, мөрдөх вэ, энэ эрх чөлөө, үнэт зүйлсийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг хамгийн чухал юм. Бид сонгуульд оролцохдоо, улс орны хэмжээнд бодлогоо тодорхойлохдоо, 2020 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хүссэн, хүсээгүй дээрх үзэл баримтлалд нийцүүлж, хүрээ хязгаарт нь тохируулж боловсруулж байна. Бидний энэ бодлого 25-30 жил тогтвортой үйлчлэх ёстой.
-Ардчиллын амин сүнс болсон энэхүү үзэл баримтлалын талаар олон нийт хэр зэрэг ойлголт мэдээлэлтэй байгаа вэ?
-АН гэдэг бол олон нийт юм, АН гэдэг бол ард иргэд юм. Манай ард иргэдийн итгэл найдвар бол АН юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын үзэл баримтлал бодлого, хийж хэрэгжүүлж ирсэн олон арван ажлууд эцэстээ ард түмний төлөө байсан. Тийм ч учраас ард түмэн манай намыг дэмждэг. Жирийн олон нийт манай намын үзэл баримтлалыг улс төрийн шинэ дэвшил гэж сайшаан хүлээн авсан.
-Ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлалд өнөөдөр сорилт тулгараад байна. Эдгээрийг засч залруулах, ардчиллыг энэ чигээр нь авч явахын тулд монголчууд бид хэрхэн гар, бие оролцох вэ?
-Бид одоо урагшлах уу, ухрах уу гэсэн заагийн ирмэгт ирээд байна. Ардчилсан намын үзэл баримтлал үнэт зүйлийг ард нийтээрээ ойлгон дэмжих хамгийн хариуцлагатай үед бид ирлээ. Ардчилал бол ганц Ардчилсан намын өмч биш. Ардчилал бол хариуцлагатай эрх чөлөөг хүсэмжлэгч хүн төрөлхтний өмч юм. Тийм болохоор ардчиллын үнэ цэнийг ойлгож ухаарсан хэн бүхэн үүнийг хамгаалахад гар бие оролцож, хариуцлагатай, мэдээлэлтэй, ухаалаг сонголтыг хийх хэрэгтэй.
-Эрх чөлөөтэй байх нь заримдаа эрх чөлөөгүй боол, хамжлага байхаас хүнд хэцүү байдаг гэдэг. Өөрөөр хэлбэл эрх чөлөөний гол утга нь өөрийн сонгосон зам, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхэд оршдог. Үүнийг ойлгоогүй хүмүүс ардчиллаас ухарч, социализмыг эргэн санагалзаад байх шиг санагддаг?
-Үнэндээ бол тийм. Бид эрх чөлөөний утга учрыг сайн ойлгох хэрэгтэй цаг үед ирээд байна. Зарим нэгэн хүмүүс өнгөрснөө санагалзан хуучин нийгмийг сурталчлах боллоо. Нэг улсын зээлээр тэжээлгэж байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг тартагтаа тулсан энэ үед 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал эхэлсэн. Өнгөрсөн нийгэм ямар байсныг хааяа ч гэсэн сануулж байх ёстой юм билээ. Ойрхны жишээ хэлье. Ганцхан шатлалтай ганц банктай байсан. Одоо олон шатлалтай 17 банк байна. 30 орчим мянган оюутантай зургаан дээд сургууль байсан. Одоо 250 мянга гаруй оюутан залуучууд гадаад дотоодгүй суралцаж байна. Өнөөдөр Монгол хүн хэрэглээндээ дунджаар 214 нэр төрлийн барааг хэрэглэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ/facebook, twitter, linkedin, instagramm гэх мэт/ний хэрэгслээр өндөр хурдны интернэт ашиглан гадаад орчинтой цаг алдалгүй шууд холбогдож, дэлхийд тэргүүлэх технологийн компаниудын брэндийг амьдрал ахуйдаа хэрэглэж байна. Бас “Toyota” автомашин, “apple”, “huawеi”, “Samsung”-ийн гар утас, компьютерүүд, “Microsoft”-ийн программууд монгол хүний өдөр тутмын хэвийн хэрэглээ болжээ. Монгол хүний дундаж жин 1980-аад оноос хойш 15 кг-аар нэмэгдэж, биеийн тамир, эрүүл мэнд хэвийн зохих түвшиндээ ирж сайжирсан, таван өрх тутамд нэг орон сууц ногдож, гурван хүн тутмын нэг нь автомашин унаж, нэг хүн хоёр гар утас хэрэглэж байгаа хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлж байна. Энэ бүхнийг ардчилал бидэнд өгсөн гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй болов уу.
-Ардчилсан намын үзэл баримтлал таван эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх тухай өгүүлсэн байна. Эдгээрийг ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлж чадвал ард түмний амьдралд ямар өгөөжтэй вэ?
-Намын үзэл баримтлалд хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглалын эрх чөлөө, үндэсний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө гэсэн таван суурь зарчим бий. Бидэнд өнөөдөр энэ эрх чөлөө байгаа хэдий ч зарим нь үгүй болоход ойрхон ирээд байна. Чухамдаа эдгээр эрх чөлөө бидэнд ус агаар мэт чухал гэдгийг зарим нэг нь хараахан олж харахгүй байх шиг санагддаг. Ус агаар бидэнд үнэ төлбөргүй олддог болохоор түүний ач тусыг мартдагтай зүйрлэж болох юм. Ардчилсан нам улс орны хөгжлийн гарц болсон үзэл баримтлалаа, мөрийн хөтөлбөрөө баталлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Ардчилсан нам, ардчилсан нийгэм, ардчиллын үнэ цэн болсон хувь хүн бүрт хамаатай эрх чөлөөнийхөө төлөө одоо бид зөв сонголт хийх хэрэгтэй. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай Ардчилсан Монгол Улсыг хамтдаа бүтээцгээе.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"