Монгол Улсад өгсөн тодорхой зөвлөмжүүдээс дөрвийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэний учир Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF 2019 оны аравдугаар сарын 18-нд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан талаараа мэдэгдсэн билээ.
“Саарал жагсаалт”-д орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүхэлдээ хяналтад орж, хаагдах, тодорхой хязгаарлалттай болсон. Тодруулбал, гадаад руу картаар хийх гүйлгээнд хязгаар тогтоож, хяналт тавьж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нөлөөлөхүйц түвшинд багасч, улмаар зогсох эрсдэл үүсээд буй. Тиймээс Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд дараах дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой.
Үүнд:
1: “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”
Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам (Мэргэшсэн нягтлан бодогчдын институт), ХЗДХЯ (Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо)
2: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах”
Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд (ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага)
3: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”
Шууд хэрэгжүүлэх байгууллага - Сангийн яам, Гаалийн ерөнхий газар
4: “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”
Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар юм.
Энэхүү дөрвөн зүйл бүхий заалтыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг FATF Монгол Улсад үүрэг болгосон. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий байгууллагууд “Саарал жагсаалт”-аас гарахын тулд хэрхэн, яаж ажилласан бэ?
“Саарал жагсаалт”-аас гарах ажлын хүрээнд долоон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байв. Тэгвэл эхнээсээ энэ чиглэлээр хийж буй эрх зүйн шинэчлэл нь УИХ дээр унаад буй. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 17-ны УИХ-ын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, хамт дагаж өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслүүдийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэг заалтыг УИХ-ын гишүүд олонхоороо дэмжилгүй унагасан. Энэ нь 18.3 буюу татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэмт хэргийг шинээр хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй томьёолох заалт.
Өөрөөр хэлбэл, “Саарал жагсаалт”-аас гарах, бидний хамгийн гол төлөвлөгөө бол FATF-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 300,000 нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг торгодог тусгай санкцтай болох нэмэлт өөрчлөлт байв. Уг нь энэ жагсаалтаас гарахын тулд төрийн бүх байгууллага FATF-ын өгсөн зөвлөмжийг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Гэвч бизнесмен гишүүд үүний эсрэг санал өгснөөр жагсаалтаас гарах ажил нэг алхам хойшилжээ.
Энэ нь татвар хожимдуулах тухай ойлголт биш ба татварын дансаа нууж, гурван тэрбум төгрөгийн орлого олчхоод улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байхыг гишүүд хууль ёсны үйлдэл гэж үзэж байгаатай агаар нэг үйлдэл.
Шийдвэр гаргагчид FATF-аас өгсөн зөвлөмжийн дагуу мөнгө угаахтай холбоотой эрх зүйн зохицуулалт дээрээ санал нэгдээгүйгээс хууль эрх зүйн нэг гол шинэчлэлээ хийж чадалгүй Намрын чуулган завсарласан. Хаврын чуулганаар энэ өөрчлөлтийг хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.
Нөгөөтээгүүр, FATF Монгол Улсын эрсдэлийг үнэлэхдээ “Татвараас зугтах өндөр эрсдэлтэй” хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх үзэгдэл түгээмэл бөгөөд түүнийг хянах тогтолцоо сул гэж үзсэн. Ялангуяа, татвараас зугтсан хэргүүдийг мөрдөх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нэг жилээр дуусгавар болдог зэрэг эрх зүйн бэрхшээл байсаар байгаа тул ийнхүү хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар чангатгах оролдлого хийсэн боловч УИХ олонхоороо дэмжилгүй унагасан. Тэгэхээр Монгол Улс 2020 онд багтаж “Саарал жагсаалт”-аас гарна гэдэг төлөвлөгөө бүтэхгүй нь тодорхой боллоо.
Эргэн сануулахад...
Монгол Улс нь анх 2013 онд FATF-ын “Саарал жагсаалт”-д бичигдэж байв. Тухайн үед Монгол Улс өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин тун хангалтгүй байсан тул уг жагсаалтад орсон. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар жагсаалтаас 2014 онд гарсан. Ингээд 2017 онд APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ. 15 сарын хугацаатай уг хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тал бүрт ажилласан бөгөөд уг хүчин чармайлтыг харгалзан хугацааг дахин сунгасан байдаг.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"