Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Оюун-Эрдэнэ сайд Харвардад суралцсан л байгаа даа?!

 Сүүлийн үед Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ,“Алсын хараа 2050” хэмээх сэтгэл татам нэртэй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр танилцуулан тун идэвхтэй явах боллоо. Уг хөтөлбөрийг Засгийн Газар санаачилсан гэх хэдий ч мань эр энэ хөтөлбөрийн гол автор бололтой.
Улс орноо хөгжүүлэх учгийг олсондоо итгэн хөөрч яваа залуу хүнийг харахад сайхан л даа. Тэр тусмаа Харвардад суралцаж магистр хамгаалсан гэх залуугийн үг сонсууштай байлгүй яах вэ.
Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн үгийг сонсох тусам, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг унших тусам дотор муухайрч буйгаа хэлэхээс өөр аргагүй. Бүтэлгүйтэж талийсан социализмын сүнсийг ахин дуудаж байгаа залуу үеэ харахад халагламаар байна шүү дээ!
Харвард зүүн төвийн үзэл санаа голлосон сургууль гэгддэг. Гэхдээ, нийгмийг төлөвлөгөөт удирдлагаар хөгжүүлэх ёстой хэмээх итгэл үнэмшлээрээ санал нийлдэг коммунист,фашист,нацист гэх мэт популист бүлийн үзэл санааг түгээдэг газар арай ч биш ээ.Тэгээд л би “Оюун-эрдэнэ Харвардад суралцсан л байгаа даа?!” хэмээн гайхшраад буй.
Ядахдаа, Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хөтөлбөрөө тун зохимжгүй цаг үед буюу коронагаас үүдэлтэй эдийн засгийн “цунами”-тай зэрэгцэн сурталдаж яваа нь түүнийг бүр тэнэг мэт харагдуулж байна. Хүмүүн төрөлхтөн бүгдээрээ, нэг муу вирусээс болж нурдаг хэврэг эдийн засгийн эрин үе эхэлснийг харж байгаа цаг үед шүү!
Л.Оюун-Эрдэнэ, 2050 онд Монгол Улсыг; дэлхийн эхний арван аз жаргалтай улсын нэг болгоно(одоо байгаа эхний арван улсын нэг нь өнгөрчээ!), нэг хүндээ ногдох ДНБ-ийг 15000 долларт хүргэнэ(харьцуулахаар одоо байгаа эхний арвын хэмжээнд ч хүрэхгүй л байгаа юм даа?!), дундаж ангийг 80 хувьд (дундаж ангийг малын тоо толгой шиг төлөвлөж өсгөх замаар дэлхийн рекорд тогтоох гэж байна!) хүргэх юм гэнэ. Эмоцлог монголчууд бидэнд сайхан л сонсогдож байна. Коронавирусийн цар тахалд тэвдэж буй дэлхий харин сонсвол монголчуудыг “дэмийрчихжээ” л хэмээх вий!
Би хувьдаа, юу ярьж яаж яваагаа сайн ойлгоогүй боловсрол дутмаг залуугийн мунхаглал гэж харж байна.Бичсэн тооныхоо учрыг ч өөрсдөө ойлгоогүй бололтой!
Өнөөгийн байдлаар аз жаргалын индексээрээ эхний аравт ордог орны нэг хүнд ногдох ДНБ нь 2018 оны байдлаар 45000-114000 доллар. Гэтэл Монголын нэг хүнд ногдох ДНБ 2050 онд арайхийж 15000 доллар хүрээд, тэгээд эхний аравт орох юм гэнэ. Янз нь 2050 онд эхний арван орны ДНБ нь одоогийнхоосоо 3-10 дахин буурч байж бид аравт багтаж орно гэж тооцож байгаа юм аа даа? Яаж ийм тооцоо хийж чадаж байна вэ?
Бэрс сургууль залуу сайдын маань дээд боловсролын суурийг нь тааруу тавьсан бололтой. Мөн, Харвардад мэргэжил дээшлүүлсэн манайхныг хараад байхад боловсролыг нь биш нэрийг нь зүүж ирээд байдаг дутагдалтайг хэлэх үү. Боловсролтой байна гэдэг бол зөн билигтээ хуурталгүй,оюун ухаанаараа бодит байдлыг тунгаан харах чадвартай болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аливаад хандах шинжлэх ухаанч хандлагын түвшин өндөртэй бай гэсэн үг юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ болон түүнийг дэмжигч үзэл санаа нэгтэнгүүд “зөн билгийн тулаан” явуулаад байх аж.
Шинжлэх ухаанчаар харах аваас, эдийн засгийн үйл явц цаг агаарын үйл явцтай адилхан.Таамаглах төдий, төлөвлөх аргагүй.Ган гачиг, зуд турхан, цунами, корона мэтийн гамшгууд хэлж ирдэггүй шиг, эдийн засгийн зогсолт, уналт, хямрал, сүйрэл ч бас хэлж ирдэггүй.
Долоон сарын өмнө коронавирусийн халдвар гарна гэж дэлхий огт мэдээгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр, коронагаас болоод дэлхийн эдийн засаг нь 90 жилийн өмнө тохиосон сүйрэл рүүгээ очихдоо тулаад байна. Слава Жижек хэмээх коммунист философич, улс гүрнүүд “цэргийн коммунизм”-д шилжин орж болзошгүй хэмээн айх зэрэг хачин гаж үзэгдлүүд ч болж байна.
Ертөнц ийм тодорхой бус, төлөвлөгөөгүй байхад, ирээдүйн 30 жилийн Монголыг яаж төлөвлөж чадах билээ. Жижиг Монгол төдийгүй хоёр хөршийн маань хөгжлийн хөтөлбөрүүд; Америкийн эдийн засгийн хориг, коронавирусийн цар тахал, нефтийн уналт мэтээс болоод будаа болж байна.Орос орон цаашдаа бүтэн улс байж чадах уу, үгүй юу ч гэдэгтээ тулж байна хэмээн шинжээчид бичих боллоо.
Өдгөө, аз жаргалын индексэрээ тэргүүлж байгаа арван орны алинд нь ч 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө байгаагүй, байх ч үгүй. Яагаад гэвэл, тэд нийгмийн хөгжлийг төлөвлөж болдоггүй гэдгийг сайн мэднэ.Тэд, хөгжье л гэвэл ардчилсан улстөрийн тогтолцоотой, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, нээлттэй нийгэм байхад л хангалттай гэдгийг ойлгодог. Нээлттэй нийгэм бол инновацыг өөгшүүлэн дэмждэг эвристик нийгэм учраас хөгжилд байнга нээлттэй байдаг юм.
Энэ дашрамд дурдахад, Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю бээр, сүүлчийн бичсэн “Миний алсын хараа” хэмээх нэртэй номдоо, АНУ нь Хятадыг бодвол хөгжилд илүү нээлттэй учраас ямар ч бэрхшээлийг давдаг хүчтэй улс бөгөөд Хятад нь хөгжлөөрөө АНУ-ыг гүйцэж чадахгүй хэмээсэн байдаг. Америкт 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж байхгүй, ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бодлого л гэж бий.
УИХ-аар хэлэлцэгдэж батлагдмагцаа тоосонд дарагдаж хэвтэх хувь заяатай хөгжлийн хөтөлбөрүүд манайд цөөнгүй бий. “Алсын хараа 2050” хөтөлбөр мөн тэдгээрийн нэг нь л болно.
Ийн бодоод үл тоохсон. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ мэтийн залуу үеийхэн (магадгүй өөрсдөө юу ярьж буйгаа сайн мэдэхгүй байх) маань нийгмийн асар их гай гамшиг чирч авчирсан XX зууны измүүдийн XXI зууны хувилбарыг олонд сурталдаад байна.
Нийгмийн үйл явцыг ухаалаг төлөвлөгөөтөйгөөр удирдан жолоодох замаар хөгжил дэвшилд хүргэж болно гэсэн хүмүүний давилуун зангаас национализм, коммунизм, фашизм, нацизм зэрэг ХХ зууны популист бүлийн үзэл санаанууд урган гарсан юм. Тэдгээр үзэл санаанууд хурдан гарч ирсэн шигээ хурдан дампуурцгаасан. Хамгийн удаан тогтсон коммунизм нь далан жил орчим насалсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхийн хугацаатай харьцуулбал ахар богино хугацаа билээ.
Тэдний дампуурал,яагаад нийгмийг, жишээ нь 30 жилийн ухаалаг төлөвлөгөөтэй удирдан жолоодож болохгүй байгаа юм бэ? ингэж удирдах гэхээр яагаад заавал ямар нэг хэлбэрийн дарангуйлалд хүргээд байдаг юм бэ? яагаад заавал гэм зэмгүй олон сая хүний аминд хүрдэг юм бэ? гэх зэрэг асуултыг тавихад хүргэдэг. Эдгээр асуултанд Фридрих фон Хаекаас Стивен Пинкер хүртэлх олон мэргэд хангалттай хариу өгснийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус унших хэрэгтэй! Ингэхэд Стивен Пинкер Харвардын багш шүү!
Л.Оюун-Эрдэнэ шиг залуус гэгээрч амжихгүй бол бид хэцүүдэж мэдэхээр байна!
“Алсын хараа 2050” хөтөлбөрт “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн” болгох зорилгоор монголчууд бидний үнэт зүйл, оюун ухаан, ёс суртахууныг сайжруулах 30 жилийн төлөвлөгөө суулгачхаж. Жишээ нь монголчуудын ухамсрын байдлыг судална (ухамсартай эсэх шалгуурыг хэн тогтоох юм бол?) гэнэ, монгол хүний удмын санг сайжруулна гэнэ. Монгол удмын сангаа бохирдохоос хамгаалахын тулд бүртгэл хийж, гадаадын иргэдэд квот тогтоох замаар сексийг нь хянах юм гэж ойлгож болохоор заалтбайна. Гитлер немецүүдийг сайжруулж ари үндэстэн болгох гэж нэг иймэрхүү төлөвлөгөө гаргаж байсныг эргэж санахад илүүдэхгүй болжээ.
Тийм болохоор, хэдийгээр “Алсын хараа 2050” хөтөлбөр тоосонд дарагдаж хэвтэх ээлжит нэг хөтөлбөр болохыг мэдэж байвч, үзэл санаа нь манай залуу үеийнхэнд хортой нөлөөлж төөрөгдүүлэх учир санаа зовж байна даа!

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com