Ц.ХАС
Улсын Онцгой комиссын орлогч дарга хошууч генерал Т.Бадралын гарын үсэгтэй “аймаг нийслэлийн засаг дарга нарт” гэсэн 437 тоот албан бичиг энэ 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өртөө шуудангаар дамжин аймгуудад хүрчээ. “Улсын Онцгой комисс” гэсэн сүртэй том тамгатай энэ бичгийг эрхэм Т.Бадрал санаанаасаа зохиогоод, өөрөө бичээд дураараа шидчихээгүй нь ойлгомжтой.
Аль байгууллага асуудлыг олонхоороо шийддэг гэдэг ч эцсийн шийдвэрийг толгой дээр байгаа хүн л шийдэж шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ тэнэг санаа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гэдэг хүний санаа, шийдвэр байх нь...
Тэнэг шийдвэр гэхийн учир нь бүх шатны сургуулийн хичээлийг хааснаас хойш нийслэлийн замын түгжрэл эрс буурч хөдөлгөөн үндсэндээ хэвийн болсон гэж болно. Аймгуудын тухайд бол бүр ч асуудал байхгүй, угаасаа түгжрэлгүй, дээр нь аюулт өвчнөөс эмээсэн хүмүүс аль болохоор гадуур гарахгүйг хичээж байгаа цаг. Ийм нөхцөлд авто машины хөдөлгөөнийг “нийслэл, аймгийн төвүүдэд авто тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал мөрдүүлж ажиллах шийдвэр гаргахыг чиглэл болгож байна” гэх хэрэг юу байсан юм бол.
Алба, амины ажилтай албатай хүмүүс явдгаараа л явна, ажлаа хөөцөлдөнө. Урин дулаан цаг эхэлж, барилга,засвар, уул уурхай, мал төл, хаврын тариалалтын ажлын бэлтгэл ид явж байна. Хэдийгээр өвчин халдвар гээд байгаа ч амьдрал цааш үргэлжилнэ, хэд гурван хүнээ цалинжуулах, ажилтай байлгах гэсэн компани аж ахуйн нэгжүүд хийдгээ хийж ажлаа явуулах, тэгээд ч авто замын ачаалал эрс буурчихсан энэ үеэр ийм тэнэг шийдвэр гаргах нь хэнд хэрэгтэй байсан юм бол. Зөвхөн нийтийн тээврийн хэдэн компанид уу.
Ийм мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэлмэгц иргэд дургүйцлээ илэрхийлж эхэлснээр Засгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Золбаяр “ийм шийдвэр хараахан гараагүй, зүгээр л санал гарч яригдаж байгаа” хэмээн тайлбар хийснээр албаны тамга, албан тушаалтны гарын үсэгтэй энэ “санал” хэрэгжсэнгүй өнгөрлөө. Манай төр засаг зүгээр л өөр зуураа ярьж байсан саналаа албаны тамга, албан тушаалтны гарын үсэгтэйгээр аймаг нийслэлд илгээдэг болсон юм байж. Энэчлэн манай эрх баригчдын хэнээс ч асуухгүйгээр дур мэдээд гаргасан олон шийдвэр ингэж олон нийтийн эсэргүүцлээр замхарч байсан нь нэг биш удаа, Зарим нь хэдэн зуун сая төгрөгийн хохиролтойгоор.
Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар өнөөх уяач Су.Батболдыг байхад төв замаар зүүн эргэхийг хориглосон шийдвэр гарч замын тэмдэг, тэмдэглэгээ хийхэд хэдэн зуун сая төгрөг зарцуулаад олны эсэргүүцлээс болоод 15 хонолгүй хүчингүй болж байсныг бид мартаагүй. Нийслэлийн эрх баригчид Замын тэмдэг тэмдэглэгээний хэдэн үйлдвэрийг ард түмний мөнгөөр тэжээгээд л юу ч болоогүй юм шиг өнгөрсөн.
Төсөрхөн нийслэлийн засаг дарга Улаанбаатарын захирагч С.Амарсайхан бас Сүхбаатарын талбайгаа ард иргэдээс хамгаалах гэж байна хэмээн дөрвөлжин чулуу хийлгэн байрлуулсан нь мөн л олны дургүйцлийг хүргэж олон нийтийн сүлжээгээр шүүмжлүүлснээр ганцхан хоног болоод эргүүлж авсан. 300 гаруй сая төгрөг зарцуулан хийлгэсэн энэ чулуу одоо хотын захын дүргүүдэд тавьсан гэдэг. С.Амарсайхан чулууны нэгэн компанийг ивээн тэтгэх үүргээ биелүүлж хувиа авсан болохоор нэг газар шингээх нь ойлгомжтой нь тэр.
Ийн ажлаа мэдэхгүй, бодож төлөвлөөгүй, тоцоо судалгаагүй гаргасан алдаатай шийвэрүүд цаанаа эрх баригчид өөрийн хамаарал бүхий хэн нэгнийг ард түмний мөнгөөр ивээн тэтгэж, дарга нар түүнээсээ хувь аваад өнгөрдөг явдал өнгөрсөн дөрвөн жилд өчнөөн гарсныг дурдаад барамгүй.
Уг нь хар ухаанаар бодоход өөрсдөө мэддэггүй юм бол шийдвэр гаргаж тамга дарж гарын үсэг зурахаасаа өмнө олон нийтийн сүлжээгээр “ийм шийдвэр гаргавал ямар вэ” гээд санал асуулга авч байвал ч яадаг юм. Яах вэ мэдээж өөрсдийн тролуудаар баахан бичүүлнэ л дээ, хэн мэдээжийн. Гэхдээ л ядаж дараа нь “бид олон нийтээс санал авсан шүү дээ” гэж хэлэхэд амар баймаар юм.
Үнэхээр бид ямар хүмүүсээр төрөө бариулчихсан юм бэ хэмээн эргэлзэж гайхмаар юм байн байн гараад байх нь сонгууль ойртсоны шинж үү, эсвэл энэ бүхний цаана мөнгө харагдаад шунал нь оргилоод байж сууж чадахаа больчихсон хүмүүс үү энэ дарга нар. Өөрсдөө мэддэггүй, цаг үеэ мэдэрдэггүй юм бол олон түмнээсээ асуухад яах вэ дээ.....
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"