НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяатай түүний үзэл баримтлал, хийж хэрэгжүүлж буй томоохон ажлын талаар цөөн хором ярилцлаа.
-Баянгол дүүргийн иргэд таныг “иргэдтэйгээ ойр, нээлттэй байдаг төлөөлөгч” хэмээн үнэлдэг юм билээ?
-Сонгогдсон тойргийнхоо иргэд болон холбогдох албан тушаалтнуудтай нягт холбоотой ажиллах нь миний ажлын үндсэн зарчим . Энэ зарчмынхаа дагуу бүх хороодын Засаг дарга, ажлын албатай хамтарч, иргэдийн санал хүсэлтийг нэгдсэн журмаар авсны үндсэн дээр тухайн хороонд тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн гаргадаг. Улмаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тухайн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулах, асуудлыг тооцоолон, аль болох богино хугацаанд шийдвэрлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд асар олон шат дамжлага дамжиж, байгууллагаас байгууллага руу шилжүүлэн, иргэдийн үнэт цагийг үр дүнгүй үрдэг тогтолцоог алгасч, тойргийнхоо иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажил хэрэг болгох үүднээс иргэд, хороо, дүүрэг, нийслэлийн холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдийг холбосон гүүр болж ажиллахыг хичээдэг.
-2016 оны сонгуулиас хойш сонгогдсон тойрогтоо хийсэн онцлох ажлуудаа дурдвал?
-Манай тойрог хүн амын төвлөрөл ихтэй, хотын төвд оршдог учир томоохон хотхон, хорооллууд олонтой. Энэ ч утгаараа томоохон хотхонуудын төлөвлөлтийн асуудлаар иргэдээс санал хүсэлт их ирдэг. Учир нь, шинэ хотхон, хорооллын ерөнхий зураг төсөв сургууль, цэцэрлэгтэй, ногоон байгууламж, авто зогсоолтой, орц, гарцыг нь бүрэн шийдвэрлэсэн байдлаар хийгдсэн байдаг. Нийслэл энэ зураг төслийнх нь дагуу газрын зөвшөөрлийг нь олгож, баталдаг. Харамсалтай нь, уг зураг төсөл бодит байдал дээр яг тэр чигээрээ хэрэгждэггүй. Жишээ нь, “Алтай” хотхон ганцхан орц, гарцтай байснаас нэлээд асуудал дагуулсан. Миний бие 2012-2016 онуудад “Алтай” хотхоныг Дунд голтой холбох төслийг амжилттай хэрэгжүүлэн, энэ асуудлыг шийдвэрлэж чадсан. Яг үнэнийг хэлэхэд, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгаанаас эхлээд зураг төлөвлөлт, төсөв батлуулалт, төслийн шалгаруулалт, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зэрэгт иргэдтэйгээ хамт бичиг цаасаа тэвэрч гүйсэн. Ийнхүү маш олон хүний хөдөлмөр хүч, үнэт цаг зарцуулагдсанаараа энэ төсөл амжилттай хэрэгжсэн юм. Одоо баруун тийшээ Гурвалжингийн гүүртэй холбосон бас нэг гүүрэн гарцын төсөл судалгааны түвшинд явж байна. Үүнээс гадна хотхон дундах авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг бид тухайн компани, СӨХ-үүд, болон хорооны Засаг даргатай хамтран нөхцөл боломжийнхоо хүрээнд шийдвэрлүүлсэн.Түүнчлэн тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хичээлийн шинэ жилийн эхэнд БГД-ийн I хороонд байрлах Нарны хорооллын оршин суугчид болон хорооны Засаг даргатай хамтран хотхондоо төрийн өмчийн шинэ сургууль, цэцэрлэгтэй болгох ажил маш амжилттай болсон. Одоо бид “Алтай” хотхоны дунд улсын сургууль, цэцэрлэг барих боломжийг судалж байна. Энэ зорилтынхоо хүрээнд хувийн хэвшлийн барьсан сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилгуудыг түрээслэх хэлбэрээр шаардлагатай байршлуудад улсын сургууль, цэцэрлэг бариулах саналаа НИТХ-д оруулаад байна. Түүнчлэн хашаандаа өргөтгөл хийх газартай, дээшээ давхарлан өргөтгөх боломжтой сургууль, цэцэрлэгүүдийн судалгааг гаргаж, зураг төслийн захиалгыг нь өгсөн. Энэ ажил эхнээсээ амжилттай хэрэгжсэн. Мөн БГД-ийн II хорооны 51-р сургуулийн гаднах талбайн тохижилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх оноос 420 хүүхдийн бага сургуулийн өргөтгөл баригдахаар зураг төсөв нь батлагдсан. 164, 62-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажил ч мөн он дамжин хэрэгжээд явж байгаа. Иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, орон сууцны хотхон хорооллын төлөвлөлт ба гүйцэтгэлийн хэрэгжилтийг хангуулахад түлхүү анхаарч ажиллаж байна.
-Олон жилийн настай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын дахин төлөвлөлтийн ажил Баянгол дүүрэгт 2014 оноос эрчимтэй хийгдэж байгаад одоо зогсонги байдалд орчхоод байна. Энэ ажилд идэвхийлэн ажилласан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Баянгол дүүргийн хэмжээнд ашиглалтын хугацаа нь дууссан 48 барилгыг дахин төлөвлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын процесс маш хүнд. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг компани сонгон шалгаруулаад, иргэд оршин суугчидтайгаа тохиролцоод бүтчихдэг ажил биш. Тиймээс бүх талын харилцааг нэгдсэн журмаар зохицуулж, аль болох богино хугацаанд шийдвэрлэж байхын тулд гүйцэтгэгч байгууллага болон оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулах. Төслийн удирдах хороо байгуулаад, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг зорилтыг барьж ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч компани, иргэн, төрийн хоорондын харилцааг илүү хурдан шийдвэрлэх, нарийн зүйл заалтыг дахин барилгажуулах төслийн журамд оруулах саналаа НИТХ-д өргөн барьсан. Баянгол дүүргийн хувьд I, III, IV хорооны дахин төлөвлөлтийн ажил маш амжилттай хэрэгжиж, эхний төслүүд маань айлуудаа оруулаад эхэлсэн.
-Сонгогдсон тойргийнхоо хөгжил цэцэглэлтийн төлөө таны баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлууд хэр байгаа бол?
-Аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад тулгуурлан эрэмбэлж хийх нь чухал байдаг. Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа голлох бүтээн байгуулалтын ажлуудаа хийж чадсан. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг чанаржуулах, зам, ногоон байгууламж, иргэдэд хамгийн их шаардлагатай байгаа соёл хөгжлийн томоохон төслүүд маш амжилттай хийгдсэн. Жишээ нь, Ахмадын хөгжлийн ордон, Хүүхэд хөгжлийн ордон, Залуучуудын ордон, Хуримын ордон, Усан спорт сургалтын төв гэх мэт олон ажлыг хэлж болно. Нэг үгээр хэлбэл бид хөгжлийнхөө суурь баазыг маш амжилттай тавьж чадсан гэж харж байна. Харин 2016-2020 оны бидний зорилт бол эдгээр бүтээн байгуулалт дээрээ тулгуурлан үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, иргэдээ боловсролтой, эрүүл, зөв хандлагатай, амьдралын дадал зуршлыг хэвшүүлэхэд түлхүү анхаарч ажиллах байсан. Нэг үгээр хэлбэл хүн рүү чиглэсэн ажлуудад голдуу хөрөнгө оруулалтаа татсан. Иргэн өвдөөд эмчлүүлэхээс илүүтэй, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангагдсан байх нь чухал учир. Цаашид ч Баянгол дүүрэг, хөгжлийн түүчээ болох олон ажил төлөвлөгдөөд явж байна.