Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хойд болон төрсөн эцгийн хүчирхийллийн тухай дуудлага эрс нэмэгджээ /цуврал №2/

 Бүтэн долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн өсвөр насны охин жирэмсэн болж, ургийн гажигтай хүүхэд төрүүлсэн гэх аймшигт хэргийг сонсоод дотор сэртхийх шиг болов. Яагаад ийм олон жил хэнд ч хэлэхгүй хүлцэв гэдэг асуулт хамгийн түрүүнд төрнө. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд ихэвчлэн бэлгийн хийгээд бие махбод, сэтгэл санааны гүн дарамтан дор амьдардаг аж. “Хэрэв чи хэн нэгэнд хэлбэл та нарыг тэжээх хүнгүй болно. Би шоронд орвол тэндээс гараад хамгийн түрүүнд чамайг ална” гэж харгис хүчирхийлэгч сүрдүүлдэг учраас л хөөрхийлэлтэй охин амаа хамхиж, дотроо шаналж, бүтэн долоон жилийн амьдралаа хар дарсан зүүд мэт өнгөрүүлжээ. Энэ бол өсвөр насны охид, бүсгүйчүүд бэлгийн, бие махбодын болон үл хайхрах гэх мэт олон хүчирхийлэлд өртөж буйн хамгийн наад захын жишээ. 

 Монголын нийгмийн бүхэл бүтэн нэг хэсэг түнэр харанхуйд “идэгдэж”, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл, архидалтын сүүдэрт хүүхэд, эмэгтэйчүүд өдөр хоногийг ямархан өнгөрүүлж буйг бид даваа гаргийн “Хүчирхийлэл гудамжнаас гэр бүлийн хүрээнд шилжиж байна” шөнийн сурвалжилгаараа хүргэсэн билээ. Энэ удаагийн цуврал нийтлэлийн хөндөх сэдэв нь “Хүүхдийн хүчирхийлэл”. Тиймдээ ч олныг сэртхийлгэсэн жишээгээр нийтлэлийн эхлэлээ тавихад хүрснийг ойлгох биз ээ.
Монгол Улсын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хандаж болох ганцхан төв байдаг нь “Хүүхдийн тусламжийн 108” юм.

 Тус төв нь улсын онцгой нууц обьектод хамаардгийн дээр цар тахал өвчинтэй холбогдуулан хатуу хөл хорио тогтоосон учраас газар дээрээс нь сурвалжилга, мэдээлэл бэлтгэх боломж бидэнд байсангүй. Иймд “Хүүхдийн тусламжийн 108” төвийн захирал С.Отгонсүрэнтэй өөр газарт цаг товлон уулзаж, нөхцөл байдал ямар байгааг асууж ярилцсан юм.


С.Отгонсүрэн:
-Хорио цээрийн дэглэмтэй энэ үед хичээл сургуульгүй хүүхдүүд маань гэр бүлийнхээ бүрэн хамгаалалтад байна гэж бид үзэж байгаа. Энэ утгаараа хүчирхийлэл буурах ёстой гэсэн хүлээлт байв. Гэтэл ийм цаг үед буурах нь битгий хэл нэмэгдэх, ялангуяа бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл нийгэмд ихсэх хандлага ажиглагдаж байна. Үүний цаад шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд нь тодруулаад гаргах байх. Яах вэ, бид зарим тоон мэдээллийг боловсруулж өгдгийн хувьд харахад, гэр бүлийн эдийн засгийн санхүүгийн хямрал үүнд нөлөөлж байна уу гэсэн сэжим байна. Мөн гэр бүлүүд өглөөнөөс орой хүртэл хоногийн 24 цагт хамтдаа байхаар элдэв харилцааны зөрчил үүсгэж, улмаар хүүхэд үүнд нь өртөх хандлагатай байна уу гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн манайд ч биш дэлхий нийтэд ажиглагдаж буй дүр зураг шүү дээ.


Нэг сард дунджаар 300 хүүхэд хүчирхийлэлд өртдөг

“Хүүхдийн тусламжийн 108” төв нь дэргэдээ түр хамгаалах байртай бөгөөд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх багтай юм байна. Тус төвд хүчирхийллийн тухай дуудлага ирэхээс гадна томчуудаас зөвлөгөө, мэдээлэл авах хүүхдийн дуудлага ирдэг юм байна. Тус төв дуудлагаа таван чиглэл, 58 ангиллаар ялгаж авч үздэг аж. Ингэхдээ өдөр тутмын дуудлагын ангиллаар бие махбод, бэлгийн хүчирхийллийн дуудлага буурахгүй буюу хамгийн түрүүнд байдаг гэсэн үзүүлэлттэй аж. Өдөр бүр яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд дунджаар 5-6 удаагийн дуудлагаар 10-15 хүүхэд тусламж авдаг гэнэ. Энэ нь өдөр бүр биш, дундаж тоо гэдгийг дахин тодотгох нь зүйтэй болов уу. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард 300 орчим хүүхэд тус төвөөс үйлчилгээ авсан дүн мэдээ гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Харин харилцуур утсаар өдөрт дунджаар 500 орчим дуудлага, сардаа 13-15 мянган дуудлага хүлээн авдаг юм байна. Эндээс харвал, сард 300 орчим хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг бөгөөд энэ нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн үг. Гэхдээ энэхүү 300 гэдэг тоонд орон нутгийн зарим хүүхдүүдийг оруулаагүй гэдгийг анхаарна биз ээ. “Хүүхдийн тусламжийн 108” төвд есөн дүүргийн хүүхдүүд болон орон нутгаас нэн яаралтай шилжүүлэн нүүлгэх ёстой ангилалд багтсан хүүхдүүд л ирж, төрийн хамгаалалтад ордог юм байна. Харин сард ирдэг 15 мянган дуудлагын дийлэнх нь хүчирхийллийн шинжтэй байдаг нь анхаарал татах асуудал болж байна.
Нөгөөтээгүүр, өнөөдөр “Хүүхдийн тусламжийн 108” төвөөс үйлчилгээ авч буй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй болсонтой холбоотой юм. Хүүхдүүд маань эрхээ мэдэж, зөрчигдсөн тохиолдолд хаана хандаж, хэрхэн хамгаалуулахаа мэдэж байгаагийн жишээ энэ мөн. Өмнө нь буюу 108 гэдэг хүүхдийн тусламжийн утас байдаггүй цаг үед хүчирхийлэлд өртсөн бяцхан зүрхнүүд хэнд хандаж, хаана очихоо мэдэхгүй суудаг байж. Тиймдээ ч 1990-ээд онд “траншейны” гэх тодотголтой гэр орноосоо дайжсан хүүхдүүд олширсон байж ч магад.

С.Отгонсүрэн:
-Хүүхэд хамгааллын үйлчилгээг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн жил бид программ хангамжийн шинэчлэлтэй холбогдуулан судалгаа авахад, нийт хүүхдүүдийн 80 хувь нь 108 утсыг мэддэг бол эцэг эх, асран хамгаалагчдын 60 гаруй хувь нь мэддэг гэж хариулсан. Олон улсын утасны сүлжээ, стандартад шилжсэн манай төв Монгол Улсын хүүхэд хамгааллын чиглэлд том байр суурь эзэлж буй үүрэгтэй алба. 21 аймаг, есөн дүүрэг гээд үндэсний хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй манай төвийн утасны шугам гуравхан л байдаг. Энэ гурван шугамаараа 24 цагийн турш дөрвөн ээлжээр тасралтгүй дуудлага авч байна. Уг нь, олон улсын стандартаар дөрвөн цаг тутамд нэг ээлж ажиллах ёстой гэж заасан байдаг. Гэтэл манайд нэг ээлж, нэг зөвлөгч 24 цаг ажилладаг.

“Чимээгүй дуудлага”-ын цаадах хашхираан

 Нэг хэсэг хүүхдүүд үнэхээр 108 гэдэг хүүхдийн утас байдаг эсэхийг мэдэх гэж тоглоом шоглоомоор их залгадаг байж. Харин өнөөдөр ирж буй дуудлагын ихэнх нь “Чимээгүй дуудлага”-ын ангилалд ордог аж. Учир нь ямар нэг асуудалд орсон хүүхэд шууд л 108 руу залгаж, учир явдлаа хэлдэггүй аж. Эхлээд туршилтаар залгаж үзээд чимээгүйхэн чагнаж байгаад салгадаг гэнэ. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүн авах эсэх, тэр хүн ууртай байна уу, загнах нь уу, эсвэл сайхан ааштай байх нь уу гэдгийг танддаг байна. Ингээд хоёр, гурав дахь удаагаа залгахдаа яриад үзье гэж шийддэг байна. Гэхдээ шууд л өөрт тохиолдсон асуудлаа хэлэхгүйгээр “Манай найзад ийм асуудал учирлаа, одоо яах вэ” гэж асуудаг юм байна. Ингээд сэтгэлзүйчтэй ярилцаж, өөрт нь ямар асуудал тулгарсныг үнэнээр нь өгүүлдэг аж. Хүүхэд гэдэг томчууд биднээс сул дорой учраас “Чимээгүй дуудлага”-ын цаана “Надад туслаач” хэмээн хашхирч байдаг байх нь. Бас нэгэн жишээ. 2018 онд орон нутагт таван настай хүү аавдаа нүүрээ тэгширтэл зодуулсан тохиолдол бүртгэгдсэн. Хүү эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсны ачаар сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжсэн юм. Гэвч өөрт нь хумсын толион чинээ хайр энэрэлгүй хандаж, адгууснаас дор авирласан аавыгаа ээжтэйгээ эвлэрүүлэхийн тулд “Та аавд битгий уурла л даа” хэмээн эмнэлгийн орон дээр ээжийнхээ хүзүүнээс зүүг¬дэн суусан өр өвдөм хүүгийн тухай сонсоод өөрийн эрхгүй хоолой зангирч байлаа. Үүн шиг хүүхдийн цэвэр ариун ертөнцийг харлуулсан жишээг өчнөөн олноор нь хэлж болохоор байна.


С.Отгонсүрэн:
-Хүнд дуудлагын дараах мэргэжилтний сэтгэлзүйн байдлыг хянах, тогтвортой байлгах зорилгоор давхар ахлах сэтгэлзүйч ажилладаг. Манай 108 утас зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх таван жилийн хугацаанд хэрэгжих төсөл байсан учраас хугацаа нь дуусаад буй. Тиймээс төрөөс программын шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байгаа. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд утсаар ярихаас илүүтэй чатаар харилцахыг илүүд үздэг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон. Тиймээс бид техник, технологийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Ирэх зургадугаар сараас бүрэн шинэчлэгдсэн байдлаар ажиллана.
Ээж нарын архидалтаас үүдэж хүүхдүүд хохирч байна

108 утасны дуудлагын 80 орчим хувийг өсвөр насны охид эзэлдэг байсан бол сүүлийн үед эрэгтэй хүүхдүүд хандаж буй учраас тус төвийнхэн хүний нөөцийнхөө 30 хувийг эрэгтэй зөвлөгчөөр бүрдүүлсэн гэнэ. Эрэгтэй хүүхдүүд хүйс ижил хүнээс зөвлөгөө авах, тэр хүнтэй дахин ярилцах хүсэлтэй байдаг хандлага ажиглагдсан байна. “Хүүхдийн тусламжийн 108” төвд гол төлөв шилжилтийн 11-16 насныхан хамрагддаг бөгөөд насны хязгаарын тухайд 3-18 насны бүх хүүхдийг хүлээн авдаг гэнэ. Амьдралын түвшингийн тухайд, зөвлөгөө мэдээлэл дээр бүх түвшин хамаардаг бол хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байраар үйлчилгээ авдаг хүүхдүүд нь эрсдэлтэй болон зорилтот бүлэгт хамаардаг аж. Тухайлбал, хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нийт үйлчилгээ үзүүлдэг хүүхдүүдийн 60-70 хувь нь байдаг гэнэ. Тус төв заавал цагдаагийн байгууллагатай хамтран үйлчилгээ үзүүлдэг аж.
С.Отгонсүрэн: -Эцэг эх нь гэртээ байхгүй, гадаа даарсан байдалтай хараа хяналтгүй орхигдсон, эсвэл айлд үлдээсэн гэхчилэн нийт хүчирхийллийн дуудлагын 90 орчим хувь нь архины хамаарлаас үүдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 108-ын түр хамгаалах байранд хүчирхийлэлд өртөн ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь архинаас, ялангуяа, ээж нар архи ууснаас үүдэлтэй байдаг. Түүнээс биш аав нь архи уугаад байгаа учраас хүүхдээ өгч байна гэсэн ээж байдаггүй. Эмэгтэйчүүдийн архидалт эрс өссөн нь манай төвд ирэх хүүхдүүдийн жишээнээс бэлхнээ харж болно. Өнгөрсөн жил түр хамгаалах байраар бид 1000 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл эдгээрийн 80 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байсан. Бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны гээд бүх хүчирхийлэл согтуугаар үйлдсэн харилцаанаас үүдэлтэй байдаг.
“Түр” хамгаалах байранд түрхэн зууртаа байж байгаад л буцдаг. Ингэхдээ өндөр эрсдэлд орсон, яаралтай хамгаалалтад авах ёстой хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулдаг аж. Журманд зааснаар 168 цаг буюу нэг долоо хоног түрдээ байлгах ёстой гэнэ. Гэлээ гээд цаг нь гүйцсэн гээд очих газаргүй хүүхдийг хөөгөөд байх боломжгүй. Тус төв нь 22 ортой ба зөөврийн 10 ор нэмэгдээд хоногт 32 хүүхдэд л үйлчлэх хүчин чадалтай. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийг гэр бүлийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, харьяа дүүргийнх нь хамтарсан багт шилжүүлэн, улмаар үнэлгээ хийн ар гэртэй нь эргэн нийлүүлдэг юм байна. Харин ар гэрт нь эргэн нэгтгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд асрамж, халамжийн төвүүд рүү шилжүүлдэг юм байна. Мөн насны ангиллаас хамаарч, тухайн хүүхдийн санал, нөхцөл байдлыг харгалзан үзээд, өөрөө гэртээ очихгүй байх хүсэлт гаргасан нөхцөлд асрамж руу шилжүүлдэг юм байна.

Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлж байна

 Саяхныг хүртэл бэлгийн хүчир­хийллийг хэн нэг танихгүй этгээд харуй бүрий цагаар гудамжинд хийдэг, эсвэл унаа тэргэндээ амыг нь дараад суулгадаг гэсэн таамаг ойлголт бидэнд байсан. Кинон дээр ч ийм жишээнүүд мундахгүй олон гардаг. Гэтэл элдэв янзын судалгаагаар хойд эцэг нь хүчирхийлэл үйлддэг гэдэг нь тогтоогдсон. Ингэтэл хүрээгээ улам тэлсээр, садан төрөл нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг болохыг тогтоосон. Гэтэл өнөөдөр хамгийн жигшим, эмзэглэм тоон үзүүлэлт гарсан нь төрсөн эцэг нь охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй дуудлага, мэдээлэл хойд эцгийнхтэй эн тэнцэх хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд хэлж байна.

Бүлгийн хүчирхийлэл дотор энэ нь хөнгөн, тэр нь хүнд гэсэн ойлголт байдаггүй. Ийм зүйлд аль ч насандаа өртсөн хүн насан туршдаа сэтгэл санааны ямар хөндүүртэй, шархтай явах бол. Бага насандаа хүчирхийлүүлж байсан хүүхэд өсч том болсон ч бие, сэтгэлийг нь эмтэлсэн явдлуудыг ор тас мартаж чад¬даггүй. Шөнө хар дарж зүүдлэх, шээс задгайрах, бухимдах нь ихсэх гээд олон шинж тэмдэг аймшигт явдлын дараах эхэн үед илэрдэг. Амьдралын жигшмээр хар барааныг нялх биеэр амссан охид насанд хүрсэн хойноо эрэгтэй хүнтэй хэвийн харилцаа тогтоох чадвар муутай эсвэл донтох эмгэгт автдаг нь судалгаагаар тодорхой болсон бодит үнэн юм. Өдгөө Эрээн хотод биеэ үнэлж буй охидын дийлэнх нь багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэж хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Харин эрэгтэй хүүхдийн хувьд хүчирхийлэгчтэй нийлэн хүчирхийлэгч болж, бага насны шархаа нуухыг хичээдэг нь юутай аймшигтай.

С.Отгонсүрэн:
-Хүүхдийн хүчирхийлэгчийг мэдээ­лэгч нь ээж байдаг бол, дараа нь нагац, авга эгч нар байдаг. Гэр бүлийн талдаа эмэгтэйчүүд хамгаалах зорилгоор ханддаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Мөн хүүхэд өөрөө мэдээлэгч болдог. Хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь үнэн шүү дээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард гэхэд, төрсөн аав нь таван настай хүүгээ хүчирхийлсэн жишээ байна. Үнэндээ нийгэмд хүчирхийллийн эсрэг мэдээлэл түгээх, сургалт явуулах ажил дутмаг байгаа нь харагдаж байна. Тиймээс цэцэрлэг, дунд сургуулийн наснаас эхлээд архидалт, донтолт, хүчирхийллийн хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг түлхүү өгдөг болмоор байна. Өнөөдөр хүүхдүүдийг хохирогч болсных нь дараа л яриад байна шүү дээ. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлд заавал сургалтын хөтөлбөрт бага наснаас нь л суулгамаар байгаа юм. Өнгөрсөн зуны турш гэхэд л өсвөр насны хүүхдүүд гааз үнэрлэж, мансуурч донтож байгаа дуудлага ихээр ирсэн дээ. Ийм үед бид СЭМҮТ-тэй хамтарч ажилладаг.
Хүчирхийлэл үйлдэгчийг яллах төдийгөөр хүчирхийлэлтэй “тэмцэж” байгаа өнөөгийн эрх зүйн орчныг бүхэлд нь өөрчилж, эргэж хармаар байна. Нэгэнт болоод өнгөрсөн явдал гээд ээж, аав, асран хамгаалагч нь дуугүй өнгөрөх бус харин ч хүчирхийллээс болж шархалсан бяцхан зүрх, сэвтсэн биеийг нь илааршуулж, хүүхэд насны хэвийн амьдралд нь хөтөлж оруулах нь хамгийн чухал. Хэдийгээр бусдын уурын мунхаг, сувдаг шуналын золиос болсон ч тэдэнд сайхан амьдрах эрх бий. Энэ бол цай уух зуур яриад өнгөрдөг, мэдээнээс уншаад өнгөрөх төдий асуудал биш.

“Түр хамгаалах байрныхан” болчих вий...

 Төр засаг ч хүчирхийллээс урьдчилан сэргийлэх баазыг нь өргөжүүлж, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүрэн үйлчилгээг хохирогчдод үзүүлж, хүчирхийлэл дахин давтагдахгүй байх бүхий л нөхцөл боломжийг улам илүү бүрдүүлэх шаардлагатай. Хүүхдийн 108 утсыг нээсэн нь нүдээ олсон алхам болсныг та бид эндээс харлаа. Гэхдээ ийм утас, тийм төвүүдийг ахиад олныг нээж болохгүйн бас нэг зовлонг С.Отгонсүрэн захирлаас сонсоод хий дэмий л толгойгоо сэгсрэхэд хүрлээ. Тэрбээр “Одоогоор манайхаас гадна гурван дүүрэгт түр хамгаалах байр байгуулсан. Ойрын хугацаанд хоёр дүүрэг дээр нэмж байгуулна. Зургаан аймгийн хэмжээнд түр хамгаалах байртай байгаа. Гэхдээ нэг хэсэг “траншейны хүүхдүүд” гэж байдаг байсан шиг одоо “Түр хамгаалах байрны хүүхдүүд” гэсэн хандлага нэмэгдэх вий гэсэн болгоомж бий. Яагаад гэхээр, архины хамааралтай ээж нар хүүхдээ нэг удаа хаяад явахад нь бөмбийтөл нь хувцаслаад, усанд оруулаад, хооллочихсон буюу ямар ч аюул эрсдэлгүй буцаагаад өгөхөөр “Аан ийм газар байдаг юм байна” гэсэн хандлага авдаг. Нэг удаа ээж нар хамтдаа хөдөө гарч архи уухын тулд бие биенийхээ хүүхдүүдэд дуудлага дуудаад хэдэн хоногоор алга болсон жишээ бий. Биднийг очиход ээж нь байхгүй, эсвэл ээж нь өндөр согтолттой үед авч явахаас өөр аргагүй. Ингээд 3-7 хоног, 10, бүр сараар хүүхдээ давтамжтай хаяад явдаг ээж нар олон байдаг. Ойрын үед нийслэлийн хэмжээнд түр хамгаалах байраар давтамжтай үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн архины хамааралтай ээж нар дээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгааны түвшинд ажиллаж байгаа” гэв.
Хүүхдийн дуудлагын утас ажиллуулж байгаа нь хүүхэд хамгааллын салбарт гарсан дэвшил. Мөн хүчирхийллийн эсрэг хуультай ч болсон. Гэлээ гээд харилцуурын цаана уйлах үрсийн тоо буурахгүй байгаа нь хууль, дүрэм журмууд “тахир дутуу” байгаагийн нотолгоо. Хүүхэд энэ хорвоод уйлж, гуньж, зовох гэж ирдэггүй. Гагцхүү ээж, аавдаа халуун хайр, аз жаргал гээд амьдралын нандин бүхнийг мэдрүүлэх гэж анх ирэхдээ л нэг уйлдаг. Түүнээс биш алаг нүднээсээ нулимс унагаж, атгахан зүрхэндээ зовлон хураах гэж мэндэлдэггүй. Ирээдүйд бусдын дунд биеэ авч явах чадваргүй архичин, биеэ үнэлэгч, хүчирхийлэгч бус харин эцэг, эхээс заяасан алдар нэрээ сайнаар дуудуулж, удам угсааг тань залгуулах энхрий үрсийнхээ нулимсыг арчиж, халуун элгэндээ тэврээч, хүмүүс минь. Амьдадаа бие биенээ хайрлая.

Өмнөх болон дараах цуврал сурвалжлагуудаас уншихыг хүсвэл:

    /цуврал №1/ http://atime.mn/view/article/?page=show&id=3951&fbclid=IwAR2fzdsjtSJkE2Vcm-2acEB5Ol5Y011tvomT9f5CBg_of_rjh5KQ6vayNrc

    /цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3964

    /цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3961

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com