Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.ЗОРИГ: иргэд ээ, ардчиллыг дэмжиж байгаа нь суугаарай

  Өнөөдөр Монголын ард­чиллыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулагчдын нэг, бас манай сонины үүсгэн байгуулагч С.Зориг агсны төрсөн өдөр. Өчигдөр С.Зоригийн тухай иргэд ямар ойлголттой байгаа талаар зарим иргэдээс сонирхов. Надтай таарсан 11 хүн бүгд С.Зоригийг мэддэг байсан. Тэд бүгд С.Зоригийг сайн хүн гэж мэднэ. Харин тэрээр юугаараа сайн хүн гэдгийг бараг бүгд тайлбарлаж чадаагүй. Ахимаг настай нь “Шударга хүн байсан” гэж байгаа бол залуучууд нь “Сайн хүн байсан гэж дуулсан” гэхээс цааш мэдээлэлгүй бололтой юм. Манай боловсролын хөтөлбөрт ардчиллын тухай мэдээлэл байдаггүй учраас сурагчид С.Зоригийн тухай ямар ч мэдээлэлгүй байдаг гэнэ.

Зүй нь ардчиллын тухай, ардчиллын төлөө тэмцэгчдийн тухай улс орон бүр түүхийн хичээлдээ оруулсан байх ёстой аж. Гэхдээ мэдээж зөвхөн С.Зориг Монголд ардчиллыг авчраагүй. Түүний хамтран зүтгэгчид ч түүхэнд үлдэх ёстой. С.Зориг нэн даруухан байсныг түүний хамтран зүтгэгчид ярьдаг.
С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ. Тэрбээр 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсч, 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг философийн ангийг дүүргэжээ. 1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байв. 1989 онд Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхтэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан нь С.Зориг байжээ.
Тэрээр1989-1990 онд Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Гэвч 1990 оноос ардчилсан үйл явцад алдаа гарч байгааг тэрээр ажиглаж 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулав. Тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв. 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч Монголын ард түмнийг цочроов.
Харин түүний дүү С.Оюун нь 1999 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Тэрээр ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Иргэний Зориг Намыг байгуулсан юм. С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсч ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны гуравдугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэжээ.
С.Зориг Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Христосын ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоов.
С.Зориг энгийн бөгөөд хэнэггүй хүн байсан. Түүнийг таньдаг, ойр байсан хүмүүс ярихдаа анх их цэрвэж уулзсан гэдэг. Гэтэл анх уулзсанаас хойш илэн далангүй ярьдаг болсон гэдэг. С.Зоригийн мэдрэмж Э.Бат-Үүлтэй их ойролцоо. 1991 оны наймдугаар сард ЗХУ-д төрийн эргэлт гарахад тэр орой С.Зориг “сэтгэл түгшиж” байгаагаа мэдэгдсэн бол Э.Бат-Үүл маргааш өглөө нь “Үнэн сонин төрийн эргэлтийг зохион байгуулагчдын мэдээг нийтэлсэн тухай мэдээлсэн” хэмээн буруушааж байв. С.Зориг маань өнөөдөр амьд байсан бол 58 настай байх байсан. Монголчуудын ярьдгаар 37-ны жил буюу жил орох жилээ аймшигт үхэлтэй тулгарсан байдаг.
Анх түүнтэй би уулзсанаа мартдаггүй. МоАХ-ны хурал хуралдсаны дараа Э.Бат-ҮҮл намайг байнга загнадаг байсан. Төв аймаг МоАХ-ны салбар байгуулахгүй удаж байгаад тэрээр бухимддаг байсан. Нэг удаа Үүлийн өрөөгөөр шагайсан чинь “Төгсөө яагаад хурлаа хийхгүй байгаа юм” гэж байна. Би хариуд нь “Дарга болох хүн олдохгүй байна” гэтэл миний ардаас “Үүлээ Ардчилсан холбооны даргын сургууль гэж байдаг юм уу” гэж асууж байна. Тэр нь С.Зориг байсан юм. Удалгүй тэрээр Ж.Мягмарсүрэнтэй ярьснаар аймгийн Ардчилсан холбооны хурлыг 17 сумын оролцоотойгоор хийж би дарга болж билээ. Түүнээс хойш олон удаа уулзаж, муудалцах нь цөөнгүй байсан. Түүний нэг сонин зан нь ямар ч шүүмжлэлийг тайван сонсдог. Хариу өгөхдөө яарахгүй. Өгөхдөө жаахан ёжтой хариулна. Түүний араншин ардчиллын эгзэгтэй хоёр үед маш их тодорсон гэж боддог.
1998 онд “Ардчилсан холбоо” эвсэл М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргав. С.Зоригоос “Чи яагаад М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахын төлөө байна” гэж асуув. “Би бол хувь хүн. Шийдвэр бол намынх тийм учраас дагах ёстой” гэж байв. Мөн 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд ардчилсан нэгэн үйл ажиллагаа явуулсан юм. Тухайн үед МАХН (одоогийн МАН) Сүхбаатарын талбай дээр цуглаан, жагсаал хориглосон зарлиг гаргаж, улмаар жагссан тохиолдолд хуулийн арга хэмжээ авах тухай урьд орой нь үндэсний телевизээр улсын прокурор хоёр удаа мэдэгджээ.
Гэвч маргааш нь ардчилагдчид өмнө нь зарласан цуглааныхаа товыг өөрчилсөнгүй. Энэ үе бол Хятадын Тян Эн Миний талбай дээр аймшигт хядлага болсон, Румыны удирдагч Н.Чаушеску эхнэртэйгээ хуульгүй буудуулсан, Германы нууц мэдээлэгчид амьдралаасаа хагацсан үе байжээ. Тэр өглөө ардчилагчдын ихэнх нь эцсийн тулаанд мордоно гэж бодож байсан болов уу. Хожим нь ярихад орон нутгийнхан бүгд бичиг баримтуудаа нуусан байдаг. Ихэнх нь С.Зоригоос “Бид маргааш Сүхбаатарын талбайд очих ёстой юу” гэж асуухад “Та нар өөрсдөө шийд” гэсэн хариу өгсөн байдаг. Тухайн үедээ ардчиллагчдын дөрөвдүгээр сарын 27-ны Төрийн ордныг бүсэлсэн ажиллагаа ардчиллагчид эрх баригч хүчний оргил тулаан болсон гэдэг. Энэ өдөр л Монголын ардчиллын хувь заяа шийдэгдсэн гэнэ.
Төрийн ордныг хүчний байгууллагаар хамгаалж, зарлигаар Сүхбаатарын талбайд цуглаан хийхийг хориглосон ч залуучууд талбай дүүрэн хурав. Монголчууд цэрэг, цагдаагаас айсангүй. Тэд эрх баригчдын байрлаж байгаа саарал ордныг нураахаас буцахгүй бухимдав. Бухарест, Бээжингийн хувь заяа Монголд давтагдах аюул нүүрлэв. Энэ үед С.Зориг бухимдсан олон түмний өмнө гарч иржээ. Тэрээр төрийн нийслэлийн төвийг эзэгнэсэн чанга яригч дуу хоолойн эсрэг 20-иодхон метр зайд дуулдах жижигхэн чанга яригчаар “Хүмүүс ээ би С.Зориг байна. Ардчиллыг дэмжиж байгаа нь дороо сууна уу” хэмээн чадлынхаа хэрээр орилсон гэдэг. Омогшсон олонд энэ үг үнэтэй тусав. Бухимдсан олон энэ үгэнд орж юу ч болж мэдэх мөргөлдөөнөөс зайлсхийж чаджээ. Энэ өдрийг монголчууд бурхан ивээсэн өдөр гэдэг гэнэ. Өнөөдөр олон хүмүүс С.Зоригийн хөшөөнд очно. Түүний анх санаачилсан сонин гарч байна. Түүний зүтгэж байсан нам нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Түүний хамтран зүтгэгчид түүний хүсч, мөрөөдөж байсан үйлийг чадлын хэрээр үргэлжлүүлсээр...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com