Б.НАРАН
Иргэдийг төлөөлж эрх баригчдад хяналт тавих ёстой хүмүүс бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд. Энгийнээр хэлбэл, тэд засаг ноёдын гаргаж буй шийдвэр хөрсөн дээр буух эсэхэд, иргэдэд тулгамдаж буй асуудлыг эрх баригчдад уламжилж шийдвэрлүүлэх үүрэгтэй.
Гэвч өнөөдөр төлөөллийн ардчилал үнэ цэнээ алдаж, иргэдийг төлөөлж дуу хоолойгоо өргөх ёстой хүмүүс нь эрх баригчдын цүнх баригч, халаасны хүмүүс болж хувирчээ. Үүний хамгийн тод жишээ бол өдгөө НИТХ-ын даргын албыг хашиж буй Р.Дагва юм.
Р.Дагва нь 1966 онд төрсөн. Тэрбээр 2002 онд МУИС-д эрхзүйч мэргэжил эзэмшсэн гэх бөгөөд үүнээс өмнө хаана, юу хийж явсан нь тун бүрхэг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 1987 онд УКЕГ-т техникч мэргэжил эзэмшиж, 1992 оноос “Эрч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2012 онд ИЗОУИС, 2015 онд Удирдлагын академийг тус тус дүүргэж, магистр докторын зэрэг хамгаалжээ. Ингээд 2006 оноос МҮОНРТелевизэд хүний нөөцийн албаны дарга, 2007 оноос НЗДТГ-т Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010 оноос Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын орлогчоор ажиллаж байжээ. Улмаар 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2018 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, 2019 онд НИТХ-ын дарга болоод байгаа азтай нэгэн юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор ахиулсан түүний улс төрийн карьерт онцгой нөлөө үзүүлсэн хүн бол Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гэдэг. Тухайн үед Д.Сумъяабазар сайд нэгэнтээ “Э.Амарсайханыг хотын даргад Ерөнхий сайд зүтгүүлээд байгаа юм. Тиймээс хотын даргаар томилохоос өөр арга байхгүй. Харин би Р.Дагвыгаа хурлын дарга болгоё. Нөхдүүд дэмжинэ биз дээ” гэж ам алдсан байна. НИТХ-ын дарга Р.Дагвын хувьд жилийн орлого нь 47 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 150 сая төгрөгөөр хэмжигдэх бөгөөд 330 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, нийт 71 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг, туулах чадвар өндөр жийп болон суудлын жижиг автомашинтай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Р.Дагва НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Аз жаргалтай хот” хорооны даргаар ажиллаж байжээ. Харин өнгөрөгч намар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар хотын дарга С.Амарсайханы “Аз жаргалтай хот”-ыг цогцлоох үндсэн чиглэлд “Хангалттай” хэмээх дүн тавьсан билээ. Харамсалтай нь хоёр даргын нэгэндээ тавьсан “Хангалттай” үнэлгээнд иргэд сэтгэл хангалуун бус байгаа юм. Учир нь нийслэлчүүдэд тулгамдаж буй хамгийн том асуудлын нэг болох гэр хорооллыг орон сууцжуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг С.Амарсайхан, Р.Дагва нар орхигдуулсан гэхэд хилсдэхгүй. Тэд өдгөө, 2020 оноос иргэдийг орон сууцжуулах ажил эрчимжиж эхэлнэ гэж ярьж байгаа нь өнөөх сонгуулийн амлалт шиг сонсогдож байгаа юм.
Үүнээс гадна, Р.Дагва НИТХ-ын дарга болоод хийж хэрэгжүүлсэн ажлыг нэрлэ гэвэл нүдэнд үзэгдэж, гарт өртөх нь тун цөөн. Тэрбээр юун түрүүнд, хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг гаргасан байх юм. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 11 хороо, Налайх дүүрэгт нэг хороо, Хан-Уул дүүрэгт таван хороо, Баянгол, Баянзүрх дүүрэгт нэмж хороо байгуулахыг үүрэгдсэн байна. Дээрх шийдвэрийн талаар, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт хороо нэмэгдүүлсэн хэмээн улс төржүүлж хардах хүмүүс ч байгаа юм.
Уг нь НИТХ-ын дарга гэдэг хотын даргын ажил үүргийг хянаж шалгадаг, цензур тавьдаг чухал албан тушаалтай хүн. Гэтэл Р.Дагва дарга энэ чухал үүргээ умартсан бололтой. Хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нар 2020 оны МАН-ын сонгуулийн төсвийг бүрдүүлэх нэг зорилгын төлөө санаа шулууджээ. Нэг л жишээ татахад, хотын дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээвэр ашиглалтад оруулах тухай үлгэр ярьж явахад Р.Дагва дарга нүдэн балай, чихэн дүлий суусан билээ. Агаарын дүүжин тээврийг ашиглалтад оруулахад багадаа 50-60 сая ам.доллар, ихдээ 500 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог хотын дарга хэлж байсан. Энэхүү төсвийг цагаан дээр хараар бичиж, баталсан хүн нь Р.Дагва дарга. Үүний цаана, дээрх төслийг хэрэгжүүлэх нэрээр МАН сонгуулийн төсвөө бүрдүүлэх бөгөөд муу нэрийг нь С.Амарсайхан, Р.Дагва нар аль хэдийн үүрэхээр шийдсэн бололтой.
Хамгийн сүүлд Р.Дагва дарга “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах үүрэг даалгаврыг хотын дарга С.Амарсайханд өгсөн байна. Үүнээс харахад, С.Амарсайхан, Р.Дагва нараар ахлуулсан хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй “Аз жаргалтай хот” төслөө ирэх дөрвөн жилд цогцлоох тухай “шинэ” үлгэрээ бичиж эхлэв үү гэх хардлага төрсөн юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"