Ц.ХАС
Ердөө дөрвөн жилийн өмнө дөө, жүжигчин Амарсайхан шүдэнз зуран гарч ирээд “би юу хийчхэв ээ” хэмээн халаглаж байв даа. Төрсөн эгчийгээ төрийн яаманд ажиллуулж албан тушаал ахиулах, дээр нь өчнөөн сая төгрөгөөр үнэлэн байж МАН-ыг магтаж ярьсан энэ бичлэгээс өнөөдөр “Би юу хийчхэв ээ” гэдэг үг өөрийн эрхгүй тод сонсогдоно.
Амараагийн энэ үгний араас МАН-ын алт бурам шиг сайхан мөрийн хөтөлбөр залгаж монголын ард түмэнд чихэр долоолгосноор МАН өнөөгийн парламентад 65 суудалтай болж энэ төрийн бүх шатны албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалан авч дөрвөн жилийг үдэв.
Цөөхөн тоотой сөрөг хүчнээ бүү хэл, гурван сая хүн ардаа ч сонсолгүй “Иргэдээ ядуурлаас аварна”, “Эдийн засгаа хямралаас гаргаж”, “Эх орноо өрнөөс салгаж”, “Төрийн дампуурлыг засна” гэсэн томьёололтой энэ намын мөрийн хөтөлбөр өнөөдөр юу болсон бэ.
Том амлалтууд юу болов
Иргэдээ ядуурлаас гаргана гэдэг бүр эсрэгээрээ болж одоо зөвхөн энэ УИХ, Засгийн газрын бууны нохой болсон Статистикийн үндэсний хороо л сар бүр гаргадаг мэдээлэлдээ иргэдийн мөнгөн орлого тасралтгүй нэмэгдэж цалин 1.2 сая болсон тухай улиглахаас хэтрэхгүй өнөөг хүрч байна. Гэтэл үнэн хэрэгтээ гэр хороолол дундах хүнсний дэлгүүрүүдэд өрийн данс хэд хэдэн дэвтэр болон зузаарч, иргэд талхыг таллаж, төмсийг ширхэглэн, махыг граммаар нь худалдан авдаг болоод удлаа.
Эдийн засгийг улам хямрааж 2015 онд 1700 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2788 төгрөгтэй тэнцэж байна. 2015 онд энэ МАН-ын улаан хамгаалагч, ядмагхан шүлэгч А.Мөнхбат “Нэг ам доллар 17 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцэж байна шүү дээ” хэмээн уйлагнаж байсан бол өнөөдөр 28 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэх болчхоод байна...
Мөрийн хөтөлбөрийн хураангуйд “Эх орноо өрнөөс салгаж” гэсэн мундаг өгүүлбэр байна... 2016 онд Монгол Улсын гадаад өр 21.6 тэрбум ам.доллар байхад амлаж байсан нь энэ. Гэтэл энэ намын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа өнөөдөр манай гадаад өр 29.7 тэрбум ам.доллар болчхоод байна...
Өмнө дурдсанчлан энэ хураангуйд “Төрийн дампуурлыг засна” гэсэн том заалт байсан. Энэ амлалт бүр урвуугаар биелж оноогоор дүгнэдэг юм бол бүр хасах болчихсон гэж болно.
Энд энэ намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон болон төрийн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа, МАН-ын улаан бат илэрхийлэх өвөртөлсөн хүмүүсийн дампуурлыг тоочих гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй.
УИХ-ын гишүүд нь төрийн хэдэн санг давуу эрхээ ашиглан хоосолж, мөнгө хүүлсэн, УИХ-ын гишүүн нь хүчингийн хэрэг үйлдсэн, хууль шүүхийн байгууллагын нь хуудуутай явдал хэрээс хэтэрч, Монгол Улсаа гадаадад төлөөлөн суугаа дипломатууд нь 50, 60-аараа хар тамхины сүлжээнд орж хэдэн кг-аас бүр хэдэн зуу, бүр тонн хар тамхи тээж зөөдөг болсон. Цагдаагийн жирийн нэг хурандаа хүртэл өөрийн 200 гаруй ам метр талбайтай байрандаа нууц казино ажиллуулчхаад “Би байраа хүнд түрээслүүлээд мартчихаж” гээд мэлзэж, Монгол Улсын тулгуур хууль Үндсэн хууль сахиж суугаа ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь харь улсын онгоцонд солонгос хүүхний өгзөг базчихаад “Би албан тушаалаа өгөхгүй” гээд гүрийж, Хүний эрхийг хамгаалах ёстой Үндэсний комиссын дарга нь эгэл иргэдийг “Гөлөг” гээд сууж байх жишээтэй. Төрийн ордон, төрийн яам, Аймгийн засаг даргын Тамгын газарт хүний амь эрсдэж, үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа нь дампуураагүй төрийн шинж үү гэж асуумаар...
МАН-ын дөрвөн жилийн өмнө та бидний өмнө дэлгэж байсан супер амлалтуудын нэг нь “ЖДҮ эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий Итгэлийн зээл олгох бодлого баримтална” гэдэг.
МАН-ын хувьд Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нь өөрийн намын гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүд нь юм санж. Жижиг дунд үйлдвэр эрхлээд тав арван хүн цалин орлоготой болгоод байж байгаа жинхэнэ ЖДҮ-чдийн авч чаддаггүй хөнгөлөлттэй зээлийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ тэрбум тэрбумаар аваад харьяа хамааралтай жижиг ч биш, дунд ч биш ТОМ ТОМ компанидаа өгчихсөн. Зарим нь бүр Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэйгээр иргэдэд дамжуулан зээлүүлж мөнгө хүүлж суугаа. Хууль шүүхийн байгууллага үүнийг нь гэмт хэрэг гэж үзээд ийн зээл авсан хүмүүсийг УИХ-ын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр удаа дараа оруулж ирсэн ч МАН-ынхан хамгаалсаар л өнөө хүрч байгаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь өөрийн банкандаа төрийн, нийгмийн даатгалын хэдэн зуун тэрбум төгрөгийг хадгалж байгаад банкаа дампууруулж орхисон нь энэ төрийн дампуурал уу, зүгээр л банкны дампуурал уу. Төрийн, ард түмний, өвгөд хөгшдийн тэтгэврийн тэр их мөнгийг үрэн таран хийгээд залгичихсан Б.Ундармаадаа энэ төр, энэ нам өнөө хүртэл юу ч хэлж чадахгүй гөлөгнөсөөр байгаа нь өөрсдөө түүний хамтрагч болсны л тэмдэг гэхээс өөр юу гэх вэ.
“Та бүхнийхээ төлөө ёстой чөмгөө дундартал зүтгэнэ” гэж сонгогдсон төрийн түшээ нь сонгогчдоо “би ямар та нарыг гуйж сонгогдсон юм уу, битгий давраад бай” гэж загнаад бохь зажилж суух нь дампуураагүй төрийн түшээ юү.
Ард түмнийхээ орлогыг нэмэгдүүлнэ гэсэн л санаа болов уу энэ МАН 2016 онд “Татвар нэмэхгүй”, “Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэж амлаж байж. Одоо өөрсдөө бол мартсан л даа. Гэтэл ердөө УИХ-ын сонгуульд ялсныхаа маргааш нь л Ж.Эрдэнэбатын Засгийн газар есөн төрлийн татвар нэмж, хадгаламжийн хүүгээс шинээр татвар авдаг болгов.
Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж, зээлийн хүүг нь бууруулна гэдэг улс, ард түмнийхээ төлөө хийдгээ хийсэн ахмад настнуудын төлөө хийнэ гэж амласан болов уу. Гэтэл тэтгэвэрт гарах насыг л нэмснээс өөрөөр ахмадуудын төлөө юу ч хийсэнгүй. Бодоход тэтгэврийг нэмсэн гэнэ л дээ. Тэр нь төгрөгийн ханшийн уналтаар хамт унаад ахмадуудын худалдан авах чадвар улам дордоод байгаа. Өөрөөр хэлбэл, нэмж байгаа хэдэн төгрөг нь ханшны уналтыг гүйцэж чадахгүй болохооор ямар ч нэмэргүй, энэ амлалтыг биелсэн гэхэд хэцүү.
“Бүх аймагт үйлдвэр барина” гэж нэг өгүүлбэр байх... 2012-2016 онд Ардчилсан хүчин эрх барьж байх үеийн гэрээ хэлцэл хийсэн, шав тавьж, эхлүүлсэн хэдэн ажлыг У.Хүрэлсүх нь сүр болгон очиж тууз хайчилсныг эс тооцвол 21 аймагт, 21 үйлдвэр хараахан бариагүй л дараагийн сонгуультайгаа золгож байна. Харин хэдэн зуун сая төгрөгөөр багийн төв, цагдаагийн пост барьсан л байх...
Эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно, хүн ардаа эрүүлжүүлнэ гэсэн энэ нам Яармагт барьж байгаа төрөх эмнэлгийн барилгыг гүйцээчихгүй атлаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 10, цагдаагийн хэлтэст зургаан давхар барилгыг нэг хоёрхон жилийн дотор барьж байх жишээтэй.
Амараа одоо өөрөө
асуух уу, Амараагаас
бид асуух уу
УИХ-д 65 суудал эзэлж, төр засгийн бүх шатны бүхий л албан тушаалыг өөрийн намын боловсрол хүмүүжилгүй хүмүүсээр дүүргэчхээд дөрвөн жилийн өмнө сайхан донгодож байсан амлалтуудаа биелүүлэх нь бүү хэл бүр ухраачхаад байгаа энэ намын бүрэн эрхийн нь хугацаа ингээд хар мөртэйгөөр дуусч байна.
Одоо жүжигчин Б.Амарсайхан “Би юу хийчхэв ээ” гэж өөрөө асуух уу, бид өөрөөс чинь “Амараа чи юу хийчхэв ээ” гэж асуух уу. Улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааны гол түлхүүр болсон төгрөгийн ханш унасан талаар УИХ-ын гишүүн, ядмагхан шүлэгч А.Мөнхбат одоо өөрөө “Нэг доллар 28 боодол нэгттэй тэнцдэг боллоо шүү дээ. Дөрвөн жилийн өмнө энэ чинь 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байсан юм шүү дээ” гээд уйлагнах уу... Эсвэл бид “Мөнхбат гишүүн ээ, нэг ам.доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байгаад одоо хэдэн төгрөгтэй тэнцдэг болоод байна вэ” гэж асуух уу...
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"