(Нэгэн эмэгтэйн нулимстай харууслаас ... )
Хүчирхийллийн буруутан нь
архи уу...
Долоохон насандаа ээжийнхээ өөрийг нь харуулж үлдээсэн залууд, 11 насандаа ээжийнхээ найз залууд хүчиндүүлсэн эмэгтэй ийн хэлсэн юм. Гэхдээ 20-хан насан дээрээ өөрөө охиноо төрүүлчхээд ээждээ тэр харуулаагүй, уулзахыг ч хүсээгүй. Тэр 10 жилийн хойно бие сэтгэлийн дарамтад орж хүний орчлонгийн адгийн бузар булайд дарлуулан доромжлуулж явснаа өөрөө охин үрээ төрүүлээд ойлгосон нь энэ. Тэр эмэгтэй ийнхүү 10 гаруй жил араатны учруулсан хар бараан үүлэн сүүдрийг нөмөрч амьдарсан нь энэ. Тэр үүлэн сүүдрийг сөхөх сэтгэлийн гэгээн наран түүнд тусаагүй. Хүчирхийллийн сүүдэр насан туршид арилдаггүй гэдгийг л үүгээр хэлэх гэсэн юм. Харин саяхан архи уудаг ээждээ хаягдаж, зодуулсан охин “Миний ээж муухай, гэхдээ би ээждээ хайртай...” гэж нулимс дуслуулан хэлсэн. Уруул дордойвч элэг дордойдоггүй гэдэг энэ. Хүчирхийлэл үүнээс цааш урган салаалдаг эд. Хүчирхийлэл ээжийгээ, аавыгаа, удам судрынхаа нэр төрийг бодсон хүний айдас, ичдэс хайран дээр цэцэглэдэг эд шүү дээ.
Ээждээ хэлчихвэл ээжийг зодох байх, аав ээж хоёр маань хэрэлдчих байх, намайг хүмүүс тэнэг гээд бодчих байх, хань минь хаяад явчих байх, хоногийн хоолгүй болчих байх... бурууг зөвтгөх шалтаг хаа мундах вэ дээ. “Цагдаад хэлбэл шоронгоос гарч ирээд хамгийн түрүүнд чамайг ална....” ийм үг сонсоогүйгээр зодуулсан, заазуурдуулсан, хазуулсан, хүчирхийлүүлсэн гэмт хэргийн золиосыг хайгаад үзээрэй... Сошиалаар сүр үг, сүрхий зургаа харуулж сүржин эшлэл поостолдог сэтгэлзүйчид хаана явна!!!
Хүчирхийллийн тухай бичихэд үнэхээр үг цуцаж, үзэг сульдана. Эх адаггүй энэ сэдвийг бичээд бичээд өнөөдөр юу өөрчлөгдсөн юм бэ. Үзэгдэлд хошуурч, үзэгдэлд халаглаж, үзэгдлийг үзээд л өнгөрдөг нь манай нийгмийн, бидний алдаа. Харин энэ 30 жилд хэзээ ч буурч байгаагүй, хэлбэржин хөгжиж, арга нь нарийсч, араншин нь зэрлэгшсээр буй энэ асуудлын учир шалтгаан руу бид хэзээ өнгийж үзсэн юм бэ.
Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь нь архинаас үүдэлтэй. Архи уусан хүнийг эрүүлжүүлнэ, суллана. Ингээд л үндсэндээ асуудлыг шийдчихнэ. Архи хэмээх идээг хүн яагаад уудгийг, яахаараа хүн уухыг хүсдэгийг хэзээ, хэн судалж үзсэн юм бэ. Энд судлаад сурвалжлаад сүйд болоод байх юм үгүй л дээ. Хүн гэдэг сэтгэл тавгүй, гунигтай үедээ ганц хоёр балгамаар, баагиулмаар санагддаг. Ганц хоёр балгалт нь яван явсаар донтох эмгэг болдог. Өөрөөр хэлбэл аз жаргалгүй хүн архи уудаг. Уг нь ийм л амархан. Хүн яагаад аз жаргалгүй байдаг вэ. Дутуу бүхний мэдрэмжээр сэтгэл нь дүүрээд ирэхээрээ архи ууж араатан шинжээ ил гаргадаг. Өөрийгөө хянах чадваргүйгээс гадна, энэ хорвоод хүн болж төрчхөөд аз жаргалгүй дундуур дулимаг яваа өс хонзонгоо хэнээс ч юм бэ авч тайлахыг хүсдэг.
Хүн хэрвээ сэтгэлийнхээ хоронд өөрөө хордож үхдэг байсан бол энэ улсад хүүхдүүдээс өөр хэн ч үлдэхгүй байсан биз ээ.
Тэгвэл хүн яагаад аз жаргалгүй болдог вэ? Хүн шиг амьдарч чадахгүйдээ бухимдсан гурван сая хүнийг энэ улсаас олох боломжтой шүү. Ажилгүй, мөнгөгүй, хийх юмгүй, идэх хоолгүй, өөрөө өөртөө таалагддаггүй, аваад суусан эхнэр, нөхөр нь буруутай юм шиг санагддаг. Нүднийх нь үзүүрт бөртөлзөх үр хүүхэд нь амьдралынх нь гай барцад, илүү зардлын нэмэр мэт үзэгддэг, бие сэтгэлийн өс хонзонгоо авч дийлмээр юм шиг бодогддог... Ийм л араншинтай нийгэм. Жаахан зүгээр суугаад, жаахан ядуураад эхлэхээрээ энэ бүх араатан араншин нь сагаж асгадаг.
Манай улсын хамгийн том зовлон бол ядуурал. Аз жаргалгүй хүн хоногийн хоолныхоо мөнгөөр шил архи авч уучхаад тасраад орчлонг мэдрэхгүй байхыг илүүд үздэг гэдгийг л төр засаг ухаарах хэрэгтэй. Үүгээрээ ямар ч архичинг, хүчирхийлэгчийг өмөөрөх гэсэнгүй. Үеийн үед бид архитай, хүчирхийлэгчтэй тэмцэж ирсэн. Харин учир шалтгаантай тэмцэж ирээгүй юм шүү. Хамгийн аймшигтай нь архичны золиос нь хүүхэд болдог. Хүүхэд. Улс орны тэргүүнүүд дэлхийн хөгжил, эдийн засгийн өсөлт, уул уурхайн хувь хишиг, инновац, үүлэн технологи, эрчимтэй өсөлт ярин элийрч байхад хүйтэн гэртээ өч төчнөөн юу ч мэдэхгүй балчир хүүхдүүд архичин ээждээ, эцэгтээ зодуулж, нөмрөх хөнжил, түлэх түлшгүй дагжин чичирч, өчнөөн охид хөвгүүд хойт эцэгтээ, төрсөн эцэгтээ, өвөөдөө, нагац, авга ахдаа хүчирхийлүүлж амыг нь дарсан бузар гарынх нь дор халуун нулимсаа урсгаж байна!!!
Эдийн засгийн өсөлт бууралт, инфляцын уналт, сэргэлт, гадныхны барьсан шилэн өндөр барилгууд, дэлхийн хурал дээр хэлсэн сайхан үгс чинь улс орныг залгамжилдаггүй юм эрхэм “үхэрнүү дээ”. Та нар, бас бид үхэж ирээдүйг энэ үр хүүхдүүд маань үргэлжлүүлнэ.
Хөгжил гэж шилэн байшин, цардмал зам, үнэтэй тохижуулсан албан тасалгааны тавилга ерөөсөө ч биш. Эрүүл, аз жаргалтай, зөв хандлагатай, эх орон, улс үндэстнээ ойлгодог болон төлөвших хүүхэд. Өөр хэн ч биш.
Тээр дээр залран суугаа Ерөнхий сайдтан танд дайх үг
Буруу ойлгоогүй бол Ерөнхий сайдтан та Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Эрхэм У.Хүрэлсүх таныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэйгээ хамтраад дэлхий дахиныг айлгасан коронавирустэй тэмцээд зав зайгүй байгааг ойлгож байна. Таныг болоод танай засгийн газрыг коронагоор далимдуулж нэр хүндээ өсгөж, хөл хориогоо сунгаж, дордуулах долоон заалтаа хэрхэн биежүүлэхээ мэдэхгүй самгардаж байх зуур чинь ард иргэдийн чинь амьдрал шалан дээр унаж, шороон дээр мөлхөж байна гэдгийг танд дуулгая. Жижиг дунд үйлдвэрүүд чинь хаалгаа барьсан, арай томууд нь ажилчдаа халаад эхэлчихсэн. Таван богд групп 2000 хүн халахаа ил тод мэдэгдсэн бол, Монос групп ажиллагсадынхаа нэгж хэлтэс бүрээс 20 хувийг нь цомхотгоод эхэлчихсэн байх жишээтэй. Үйлдвэр үйлчилгээнүүд ихэнх нь зогсч монголчууд талх, архи хоёроор голоо зогоож байгааг танд дуулгая. Талхны үйлдвэрүүд ажиллаж, архи согтууруулах ундаа дэлгүүр болгоны лангуун дээр балгаад уухаар, хөнтрөөд залгилахаар ёоз ёозоороо зарагдаж байна. Их тэнгэр, Зайсангаас Засгийн газрын ордон хүртэлх замд танд тиймэрхүү амьдрал мэдээж тааралдахгүй. Тэгвэл таны хэзээ ч бодож, төсөөлж яваагүй борчуудын чинь амьдрал архин далайд живж, ядуурлын ангал руу гулсч байна. Хаасан, хорьсон, цагдсан, загнасан бүхнээс чинь хүмүүс хийх байх юмаа үл олон зүгээр л гэртээ архидацгааж байна. Гараад хийх ажилгүй, ороод уух бааргүй болсон аз жаргалгүй, сэтгэл санааны дархлаагүй зон олны чинь нэг хэсэг гэртээ архидан согтуурч гарын чилээгээ эхнэр хүүхэддээ, биеийн халуунаа хүүхдэд гаргаж байна. Та бүхний коронагоор баатар болж, дахин сонгууль авч, та магадгүй ерөнхийлөгчид санаархах таны хувийн л хэрэг. Таны хувийн хэрэг. Угаасаа та бүхний хувийн хэрэг байсаар ирсэн. Харин улс орны эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд, гэм зэмгүй хууль журмаа сахисан иргэдийгээ айлган сүрдүүлж, ядуу иргэдээ улам ядууруулж үр хүүхдийг нь өчнөөнөөр нь та хүчирхийллийн золиос болгох тийм үнэ хүндтэй албан тушаалыг хүмүүсийн төлөө биш юм бол үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа байх. Та ч хүүхэдтэй, та бас өвөө. Би ч бас үр хүүхэдтэй. Хэний төлөө та бүхэн ажиллана вэ.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оноос яг энэ үед 30-40 хувиар өсч, хүрэлцээ муутай хүүхдийн хэмээх 108 дугаарын утас халтлаа дуугарч, ард нь суух сэтгэлзүйч нь муужирч унатлаа 24 цагаар ажиллаж байна. Түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгдэж эргүүлийн цагдаа нар шөнөжин айлын гэрт очиж авгай нөхрийн зодоон цохион, хэрүүл, цус нөж зохицуулдаг боллоо. Танай Засгийн газар коронаг ялан дийлж дархан цолоо мандуулж, сошиалаар нэг сэвүүлж магтуулж байх хооронд араар чинь амьдрал ийн өрнөж байна.
Өдрийнхөө орлогоор оройн хоолондоо цувдайн шөлөнд шар будаа буцалгаж иддэг хэчнээн мянган гэр бүл байдгийг танай Засгийн газар ганц удаа ч гэсэн судалж үзсэн үү? Хэчнээн мянган хүн тогтсон ажлын байргүй, нийгмийн даатгалгүй халтуурны ажлаар хоногоос хоногийн хооронд голоо зогоож, амьдралаа залгуулдгийг та бүхэн тооцож гаргасан уу?
Хэчнээн хөдөөний иргэд таавчик нэртэй таксинд явж өдөр хоногийг өл залгадаг байсныг та нар судалж гаргасан уу? Тэгвэл тэр бүхэн чинь зогссон, дампуурсан. Танай төрийнхний зээлийг нь хулгайлаад авчихсан жинхэнэ ЖДҮ эрхлэгчид дампуурсан, өр зээлэндээ баригдсан. Түүнээс гадна жижиг үйлчилгээнүүдийг хааснаас болж ар гэртээ архидан согтуурч будантай нүдээр хорвоог харж, булингартай сэтгэлээр бусдыг бузарлахаас өөр ажил хийхгүй байна. Сургуулийн үдийн цайны ганц боорцог, тал аяга хярамцгаар чинь хэчнээн айлын хүүхэд өлөө дарж, сугалан байж оруулсан цэцэрлэгийн үдийн хоолоор хэчнээн эцэг эх хүүхдээ хооллодог байсныг та бүхэн өнөөдөр тооцож гаргасан уу?
Тэр хүүхдүүд өнөөдөр юу хийж байгаа вэ? Шороот гудамжиндаа коронатой манатай, гунигтай харц, өлөн ходоодтой тоглож явна. Таныг хүүхдийн төлөөх байгууллагын хамгийн том дарга гэдгийг тэд мэдэх ч үгүй. Өлсч, хүчирхийлүүлж, зодуулж байснаас тэр коронаг нь тусаад шалавхан энэ орчлонгоос явсан нь дээр нөхцөлд амьдарч, та бүхэн тэднийг тийн амьдруулж байгааг ч ухаарахгүй гүйж яваа даа.
Энд нэг жишээ хэлье. Бразилийн бухын тулааны тамирчнаас нэгэн сэтгүүлч “Та яагаад ийм аймшигтай, амь насны эрсдэлтэй сонголтыг хийж бухтай тулалддаг юм бэ? гэж асууж л дээ. Харин тэр залуу “Буханд өлгүүлж шархдахаас өлсөх нь илүү өвддөг юм аа” гэж хариулсан юм. Энэ бол бодит түүх. Тиймээс ядуурлын ангал руу гулсч яваа иргэд чинь, хүчирхийллийн золиос хүүхдүүд чинь өлсч ядуурч, хүний гарт хүчирхийлүүлж амьд үлдсэнээс корона тусч хурдхан үхэхийг илүүд үзэж магадгүй юм даа.
Өмнөх цуврал сурвалжлагуудаас уншихыг хүсвэл:
/цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3964
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"