Ц.ХАС
Хэдхэн хоногийн өмнө сэтгэл эмзэглүүлсэн хоёр мэдээ олон нийтийн сүлжээгээр тархав. Нийслэл хотын Баянзүрх дүүрэгт 11 сартай бяцхан хүүхэд нас барсныг эхлээд угаарт хордсон гэж үзсэн ч задлан шинжилгээгээр өлсгөлөнгөөс болж нас барсныг тогтоож. Үүнийг нэгэн эмч мэдээлснээр эмч нар нэн ядуу өрхөд туслах “Хүнстэй богц” аян эхлүүлсэн мэдээ байна.
XXI зуунд, улсын нийслэлд бага насны хүүхэд 72 цаг юу ч идэлгүй, балга сүү ч амсалгүй байгаад өлсч амь тавина гэдэг юутай аймшигтай. Олон нийтийн нэг хэсэг нь “хүүхдээ 72 цаг юу ч идэж уухгүй байхад ядахнаа гуйлга гуйхгүй яачихсан эх вэ” гэж байхад ихэнх нь ард түмнээ ийм байдалд хүргэсэн эрх баригчид, өнөөгийн төр засгийг буруутгаж байна. Олонх нь хар нялхаараа хорвоог орхисон тэр бяцхан амьтныг, өөрийгөө бүү хэл нялх үрээ тэжээх чадваргүй болсон эхийг өрөвдөж “Ганц балга сүү ч өгчихгүй яав даа” гэж халаглаж байна.
Энэ аймшигт мэдээтэй бараг зэрэгцээд цагдаагийн ажилтнууд сүү зардаг эмэгтэйчүүдийн зарж борлуулж байсан сүүг хүч хэрэглэн хураан авч, уйлуулж байгаа мэдээлэл гэрэл зурагтайгаа тарж олныг гайхшруулав. Ер нь манай цагдаагийнхан сүү цагаан идээнд харшилтай ч юм уу, дээрээс нь ингэж үүрэгддэг ч юм уу, байн байн хурааж торгож дайн зарлах нь нэг удаагийнх биш. Өнгөрсөн өвөл аарц ачаад нийслэл рүү орох гэж байсан хүнийг 250 мянган төгрөгөөр торгож байсан /Өнцөг.mn. 2019.12.27/ удаатай. Монгол Улс 2019 оны эцсээр 70.9 сая малтай гэж гарч. Дундчилж бодоход үүний 40 орчим хувь нь хээлтэгч мал. Эднээс жилдээ 902.4 сая литр сүү бэлтгэх боломжтой гэж энэ салбарын мэргэжилтнүүд үздэг юм байна. За яах вэ малаа саадаг саадаггүй гэж байна аа байна. Гэхдээ ч амьжиргааны нь эх үүсвэр болсон малаа саахгүй байна гэж юу байх вэ....Өвөлдөө мах, хавартаа ноолуур бэлтгэх болоогүй байхад сааль сүү нь л малчдын ганц эх үүсвэр юм чинь.
Гэтэл манай улсын хэмжээнд сүүний үйлдвэр, цех 230, хөргөлтийн 72 төв ажиллаж өмнө дурдсан сүүний нөөцийн дөнгөж 134.9 сая литр сүүг л хүлээн авч боловсруулдаг гэсэн мэдээлэл байгаа юм.
Одоо цаана нь 700 гаруй сая литр сүү малчдын гэрт үлдэж байна гэсэн үг. Чухам үүнийг чинь малчид өөрсдөө боловсруулж, идэж ууж, хол ойр байгаа үр хүүхэддээ өгч, нэг хэсгийг нь борлуулж хэдэн төгрөг болгон амьжиргаагаа залгуулж байгаа.
Сүүний үйлдвэрүүд ихэвчлэн саалийн ферм, төвлөрлөөс сүүгээ авахаас биш хаа тэртээ жалгын ганц айлаас 40 литр сүүг нь авна гээд бензин тос шатаагаад давхидаггүй.
Ийм нөхцөлд амь зуухын эрхэнд өөрсдийн хэрэгцээнээс илүү гараад байгаа тэр л буянт малын сүү шимээ зүгээр гашилгаад асгачихгүйн тулд болох чинээгээрээ боловсруулаад аль ойр дөт төв суурин газар, сум аймгийн төв, нэг хэсэг нь нийслэлд борлуулах гэж яваа нь тэр. Харин яагаад энэ хүмүүс манай төрийн, цагдаагийнхны нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болж харагдаад үзэн ядаад хэдэн төгрөг салгах гэж илүү хараад байгааг ойлгох ухаан хүрэхгүй нь. Энэ төрийнхөн чинь “Иргэн баян бол улс баян”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”, “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч байя” гээд байдаг биш үү. Энэ том уриа лоозонгоо зөвхөн хурал цуглаан дээр ярьж олны анхаарлыг татаад, цаагуураа ард түмнээ аль болох ядуу зүдүү, мөнгө төгрөггүй ядмаг байлгах гэж бодоод байдаг хэрэг үү гэж асуумаар.
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн хуралдаан дээр МАН-аас нэр дэвшин сонгогдсон эрхэм түшээ Б.Дэлгэрсайхан “Ардчилсан намын үед хувийн хэвшлийг байнга дэмжиж ирсэн. Манай намын үед л болохоор ямагт дарамталж, хавчиж хяхаж боогдуулж байдаг” гээд төмөр замын тээврээр бүр жишээлэн ярьсан нь үнэн болж таарч байна.
Манай муйхар цагдаагийнхны хүний зарж байсан сүүг хураан авч байгаа шалтаг нь бол тодорхой. “Гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан” гэж байгаа. Хөөрхийдөө энүүхэн Батсүмбэрээс хар өглөөгүүр вагонд суугаад 20 литр сүү бариад явж байгаа авгай, хэдийд нь сумын төвөөр ороод малын эмчийг хайгаад өнөөх бичгийг нь хийлгэх гээд явж байх вэ дээ...Өнөөх малын эмч байгаа ч бил үү, үгүй ч бил үү...Түүнийг хайж, өнөөх бичгийг нь авах гэсээр байтал галт тэрэг яваад өгнө, эсвэл сүү нь гашилчихна. Аягүй бол өнөөх гарал үүслийн бичиг нь 20 лирт сүүнээс нь үнэтэй байж таарна. Өмнө өдөр нь ч юм уу, хэсэг хугацааны өмнө өнөөх бичгийг нь авчихъя гэхээр малын эмч сүүг чинь үзэж, амсч байж бичиг өгнө гэнэ.
Гарал үүслийн бичиг гэдэг ийм л хэцүү. Тав зургаан тонн хот руу оруулах, сүүний үйлдвэрт тушаах гэж байгаа бол яая гэх вэ нэхэхээс яах вэ. Хотод суугаа хүүхэддээ өгөх гээд нэг малчин хонины нэг гулууз, 10 литр сүү, нэг уут ааруул аваад ирж байхад ийм хүнд суртлын бичиг нэхээд хурааж байгаа төр, цагдааг юу гэж ойлгох вэ.
Нөгөө талаар хотод зарах гэж байгаа юм гээд л нэг айл 20 литр усанд хуурай сүү найруулаад сууж байдаг малчин гэж байх уу...Харин ч өнөөх үндэсний том сүүний үйлдвэрүүдийн зарим нь гадаадаас оруулж ирсэн хуурай сүү найруулж зардаг тухай яриа байдаг л юм.
Ийм томцуул, наадмын өмнө тонн тонноор нь айраг ачсан машин дагуулаад хот руу орж байгаа том хар жиптэй баячуулыг бол энэ цагдаа нар яах ч үгүй нь бүр ойлгомжтой. Ёстой зүгээр ёслоод л өнгөрөөдөг. Эцэст нь хэлэхэд манай цагдаа нарын хураасан юм хаачдаг вэ....Асгаад л, устгаад л хаячихдаг болов уу.....Юу л бол доо......
Балга сүү ч баялаг шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН