Х.АМАРАА
УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр горилж буй 208 иргэн Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд буй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвших горилогчдын тоо өмнөх 2016 оны сонгуулиас гурав дахин их байна. Тодруулбал, 2016 онд 74 бие даагч нэр дэвших хүсэлтээ өгч байснаас 69 нь эрхээ авсан бол энэ удаагийн сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагчийн тоо ийнхүү 208-д хүрээд байна.
Тэгвэл судлаачдын үзэж буйгаар бие даагчдын тоо ийнхүү суга өсөхөд МАН-ын хагарал чамгүй нөлөө үзүүлсэн гэж дүгнэлээ. Учир нь 100 жилийн түүхтэй ууган нам ардчилсан Үндсэн хууль баталж асан 1992 оноос хойш өнөөг хүртэлх парламентын засаглалын хугацааны дийлэнхт нь төрийн жолоог атгаж ирсэн. Энэ нь нөгөө утгаараа УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу “тоглоом”-ын дүрмийг үргэлж МАН зохиож ирсэн гэсэн үг. Тэдэнд улс орны эрх ашиг, тогтвортой байдал, үзэл баримтлал, чигч бодлогоос илүүтэй эрх мэдэл, сандал суудлын төлөөх аминч үзэл илүү шингэсэн байдаг учраас тухайн үеийн нийгэм, эдийн засгийн уур амьсгалыг харж байгаад өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийн хуулийг өөрчилдөг улс. Энэ жишгээр энэ удаагийн сонгуулийн тогтолцоо ч МАН-д ашигтай байдлаар өөрчлөгдсөн. Тэд хүн амын тал хувь нь суурьшиж буй Улаанбаатар хотынхноос сүнсээ гартал айсан учраас хөдөөгийнхнийг илүүд үзэж орон нутагт олон мандат хуваарилсан. Гэвч өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буудаг гэмтэйг энд сануулъя.
Ямартай ч ийн өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн тогтолцоог өөрчилсөн учраас энэ цаг үед мандат хуваарилах эрх мэдэлтэй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүх юмны хаан мэт аяглаж байна. У.Хүрэлсүхийн үүдийг мандат горьдсон, өлөн нүдтэй, шүлсээ гоожуулсан МАН-ын гишүүд өдөр шөнөгүй сахиж байгаа сурагтай. Тэрээр “60 тэрбумчин”, ЖДҮ-чин, гэмт хэрэгт холбогдсон гишүүддээ мандат өгөхгүй гэж “попорсон”. Угтаа тэр өөрөө ч гэсэн ЖДҮ-чин байлтай. Тийм гэдэг нь ч олон баримтаар нотлогдсон. Тэгвэл ЖДҮ-чин Ерөнхий сайд “32”-ын бүлгийнхнийг ийн хийсэн хэргээр нь барьцаалж, хэцүү нэртэй газарт хорино, цагдана хэмээн сүрдүүлж, нэр дэвших эрхээсээ татгалзах байдалд хүргэж байгаа сурагтай. Үүний нэг тод жишээ нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэж бор шувуу нисч байна лээ. Ийн шоронгоор барьцаалуулсан эрхэм түшээ ч нэлээд уур уцаартай байгаа сурагтай. Тиймээс бие даагаагүй болон энэ удаагийн сонгуульд мандат авч чадаагүй МАН-ынхан намаа буюу намын дарга У.Хүрэлсүхийг унагахаар ажиллаж байгаа гэнэ.
Түүний энэ дарангуйллаас үүдэн өнөөдөр МАН-аас бие даагчдын тоо тоймгүй ихээр өсөөд байна. Өөрөөр хэлбэл, бие даагчдын тоо өссөн нь МАН-ын үйл ажиллагаа, хагарал, дотоод уур амьсгалтай шууд холбоотой. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд оролцох “тоглоом”-ын дүрмийг яаж зохиож байгаагаас шалтгаалан МАН-ын бие даагчид олширч байна уу, үгүй юу гэдгийг тольдож болно гэсэн үг ээ. Ийн МАН-ын хагарал чинээндээ тулсны нэг жишээг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар харж болох. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ХНХ-ын сайдаар ажиллаж байгаад засаг солигдоход суудлаасаа огцорсон. Ингээд шаралхсандаа ч тэр үү, ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярыг ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг авсан баримтыг олон нийтэд дэлгэж, намын даргатайгаа дайн зарласан юм. Тэдний энэ дайсагналцал нам доторх хагарлыг улам ширүүсгэж, мөнхийн хэрэг төвөгт орооцолдож явдаг Н.Номтойбаяр нь хүн амины хэрэгт сэжиглэгдэн, буруутгагдаж, эцэстээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Ийн цагтаа тэргүүн эгнээнд, улаан шугамаар намынхаа үйл ажиллагаанд оролцож явсан Н.Номтойбаяр МАН дотроо багтах орон зайгүй болсноор энэ удаагийн сонгуульд төрөлх Дорнод аймагтаа бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм.
Дараагийн нэг жишээ нь, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан С.Мөнхчулуун. Тэрбээр мөн л энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд хотын даргын сунгаанд С.Амарсайхантай өрсөлдөхөөр заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч намын бодлого сөрсөн гэх утгагүй үндэслэлээр хасагдсан. Уг нь НИТХ-ын хурлаар С.Мөнхчулууныг хотын даргад олонхын саналаар дэмжсэн боловч цаанаасаа С.Амарсайхан нь “захиалгатай” буюу улс төрийн тохироотой байсан учраас зориуд саналыг нь хүчингүйд тооцож, хүчээр бургас хочит хотын даргыг “залсан” юм. Тиймээс С.Мөнхчулуунд мөн л МАН дотор багтаж шингэх орон зай үлдээгүй тул ийнхүү бие даахаар сэтгэл шулууджээ.
Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвших гэж буй эрхмүүдийн дунд олонд танигдсан хүмүүс нэлээд бий. Ямартай л ард түмэн “О.Осоржамаагаас бусад нь бие даан нэр дэвшихээр болжээ” хэмээн егөөдсөн байдаг. Олонд танигдсан хүмүүсийн дунд МАН-ын тэмцэгч таван гишүүн (Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд)-тэй шударга ёсны төлөө тэмцэхээ Төв талбайд зарлаж байсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Тордайн Ганболд багтжээ. Түүнийг хүмүүс тэмцэгч тавтай нийлээд улс төр хийгээд явсан учраас баталгаатай МАН-аас нэр дэвших мандат өвөртөлсөн гэж таамаглаж байсан ч намын даргатайгаа үл ойлголцсон уу, ганцаараа явахыг илүүд үзэв үү, бие даахаар шийдсэн байна. Түүний араас нэгэн үе гоц авьяастнаар өргөмжлөгдөж, одоо “Уул ус газар шороогоо хамгаалах хатан хаант бодлого” нэртэй ТББ-ын тэргүүнээр яваа Л.Өнөрчимэг, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Эксклюзив”-ийн Г.Майцэцэг нарын нэр хөвөрч байна.
2020 оны сонгуульд хуульчдыг төлөөлөн бие даан нэр дэвшиж буй эрхмүүдийн дунд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон байна. Тэрбээр өмнөх УИХ-ын дарга М.Энхболдын үед ажиллаж байсан, 32-ын бүлгийн талын хүн учраас ажлаасаа албан хүчээр гарснаа ил тод илэрхийлсэн байдаг. Нэгэнтээ бүх эрх мэдлийг М.Энхболд биш У.Хүрэлсүх атгаж байгаа учраас түүнд мандат олдохгүй гэдэг нь тодорхой ч байсан биз. Энэ мэтээр мандатын гадна үлдсэн МАН-ын харьяалалтай Т.Бат-Оргил (дуучин), С.Даваасүрэн (СЗХ-ны дарга асан), Ц.Төмөрбаатар (жүжигчин), Ц.Хулан (яруу найрагч), С.Сайнжаргал (ЗЦГ-ын дарга асан), С.Мөнхбат, П.Бүүвэйбаатар нарын олны танилуудын нэрс хөвөрнө. Энэ 208 бие даагчдын дийлэнх нь олонд танигдаагүй МАН-ын гишүүд ч байх магадлалтай байна. Ямартай ч энэ удаагийн сонгуульд урд өмнө байгаагүй олон бие даагч нэр дэвшиж байна. Мөрийн хөтөлбөрөө өгсөн бие даагчид бүгд нэр дэвших эрхээ авбал нэг тойрогт ногдох бие даагчдын нэрсийн жагсаалт нэлээд урт болох шинжтэй.
Дээр өгүүлсэнчлэн У.Хүрэлсүх 32-ын бүлэгт хамаарах намынхаа зарим нөхдийг оролдоод эхэлсэн нь АТГ-аас мөрдөж, прокурорт шилжүүлсэн хэргээс харж болох. Тодруулбал, энэ сарын 14-ний өдрийн байдлаар АТГ-аас 73 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдтэй холбоотой байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг байна.
Бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох юм. Ийнхүү МАН-ын хагарал бие даагчдын тоог өсгөж, тэмцэгчид дэвшигчид болж, сошиалын одод сонгуулийн сунгаанд өрсөлдөж, урлагийнхан улс төрийг хүсэмжилж, гялтайх гурав дөрөвхөн бие даагчтай сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН