Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Даваасүрэнд хариуцлага тооцож, Ц.Цогтбаатарын “амийг” хэлтрүүлэв үү

Д.СОЁМБО

Гадаад харилцааны яам өчигдөр Төрийн нарийн бичгийн даргаараа тахил өргөлөө. Тодруулбал, 2016 оны есдүгээр сараас тус албанд томилогдон ажиллаж байсан Д.Даваасүрэнг Засгийн газрын хуралдаанаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ойрын өдрүүдэд МАН халаа сэлгээ, намаас гарч, орох хөдөлгөөн ширүүсч байгаа нь сонгууль ойртсоны дохио гэлтэй. Түүнийг яагаад гэнэт халах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч дээрх шийдвэрт талархал илэрхийлж, Ц.Цогтбаатар сайд 60 тэрбумын нөхдөөсөө салж буйд баяр хүргэх нэг хэсэг байх шиг. Нөгөө хэсэг нь Засгийн газар, Гадаад харилцааны яамыг төлөөлж түүнтэй хариуцлага тооцож буй нь Ц.Цогтбаатар сайдыг нэр цэвэр авч үлдэх гэсэн оролдлого хэмээн хардах хүмүүс ч байгаа юм. Харин Д.Даваасүрэн даргын хувьд 1994-2002 онд Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан, 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан нэгэн юм. Түүнийг улс төрийн хүрээнд экс ерөнхий сайд М.Энхболдын хүн гэлцдэг. Тэгэхээр мэдээж, энэ эгзэгтэй мөчид Д.Даваасүрэн даргыг ажлаас халж буй нь давхар нүүдэл хийж буй хэрэг биз ээ.
Үнэндээ, У.Хүрэлсүхийн Засгийн газраас хамгийн их хэл ам таталдаг яамдын нэг бол яалт ч үгүй Гадаад харилцааны яам. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус яаманд харьяалагдах дипломат ажилтнууд хар тамхи зөөж, энэ төрлийн гэмт хэргийг манай улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж явна гэхэд хилсдэхгүй биз. Үүнийг нотлох сүүлийн хоёр жилийн статистик тоон мэдээллийг Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд хэвлэлд өгч байсан билээ. Тэрбээр, “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насы залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32 хувиар, харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21 хувиар өссөн байна” хэмээн ярьжээ. Мөн 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу найман хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байв.
Манай улс гадаадаас хар тамхи зөөвөрлөх, хар тамхи дамжин өнгөрүүлэгч, хар тамхи хэрэглэгч орон болсон гэдэг гашуун мэдээлэл ч бий. Тэгвэл манай дипломатчид төрөл бүрийн наймааны хэрэгт холбогддог учраас элдэв хардлага дагуулдаг. Өөрөөр хэлбэл, Элчин сайдын яамны ажилтнуудын “Цалин хөлс хүрэлцдэггүй учраас бүгдээрээ шахам тамхи зөөдөг. Мөнгөө нийлүүлж нэгэндээ өгөөд хүлээдэг” гэсэн ярилцлага гарч байсан удаатай юм. Тэгэхээр бараг бүх улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд ямар нэг бизнес эрхэлдэг болж таарч байна. Визний наймаа, контрабанд, далайн дээрэмчдэд туг далбаагаа ашиглуулдаг (Н.Энхбаярын дүү ашгийг нь хүртдэг байв) гэх мэдээлэл ч дуулдаж байсан. Та бүхний мэдэж байгаачлан, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх залуу “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо дипломат төлөөлөгчдийн булхайг хайр найргүй олон нийтэд дэлгэсэн билээ. Эргэн сануулахад Д.Мөнх-Эрдэнэ, “Ний нуугүй хэлэхэд, Элчин сайд, Ерөнхий консул, дипломат төлөөлөгчид нь улс төрийн томилгоо байдаг шүү дээ. Гадаад яам дарга, сайд нарын хүүхдүүдээр дүүрсэн. Хөх хотын дэд консулаар томилогдсон Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байхдаа Замын-Үүдээр Монгол руу будаа нууцаар ачиж ордог. Буцаж Монголоос Эрээн рүү гарахдаа мах ачиж ордог байсан гэнэ. “Махны” Баатарчулуун гээд алдартай нөхөр гэж байна шүү. Хөх хотын консулд одоо виз наймаалах сонирхолтой хүмүүс үлдсэн. “Чононд хонь хадгалуулсан” гэдэг шиг зүйл болсон” гэж ярьсан байдаг.
Тэгвэл хамгийн сүүлд, БНТУ-ын Истанбул хотод суугаа манай Ерөнхий консулын газрынхантай холбоотой дахин нэг дуулиан дэгдээд байна. Тодруулбал, өнгөрөгч сарын 17-нд Турк улсын холбогдох байгууллагаас манай Гадаад харилцааны яаманд ноот ирүүлжээ. Ноотод Истанбулын прокурорын газраас тус хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд Консул Б.Энхмөнх, техникийн ажилтан асан Б.Алтансүх нарыг мансууруулах бодис хууль бусаар худалддаг гэмт бүлгийн гишүүнээр элссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлсэн талаар дурджээ. Түүнчлэн, Монгол Улс, БНТУ-ын хооронд Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Б.Энхмөнх, Б.Алтансүх нараас Истанбулын прокурорын газрынхан байцаалт авах гэж буйг дурдаад зөвшөөрөл хүсчээ. Тус хотын прокурорын газраас дээрх хэрэг явдалтай холбогдуулан хавтаст хэрэг нээсэн аж. Туркээс Европын бусад улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлдэг гэмт бүлгийг тус улсын цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм байна.
Үүгээр зогсохгүй, Б.Энхмөнх, Б.Алтансүх нарын хэрэг нь өнгөрсөн жил дипломат дугаартай автомашинаараа 70 кг хар тамхи тээвэрлэж, ХБНГУ-ын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баривчлагдсан тус газрын дэд Консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын гэмт бүлэглэлийн үйлдсэн хэргийн үргэлжлэл байх магадлалтай гэх таамаг байгаа аж. Эх орныхоо болон Монголын дипломат албаны нэр хүндийг шавартай хутгасан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар өдгөө тус улсад яллагдахаар хоригдож байгаа юм. Дашрамд дурдахад, дэд Консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү, тус улсад их сургууль төгссөн нэгэн. Харин техникийн ажилтан Б.Алтансүх нь дээрх Ерөнхий консулын газарт ажиллаж байжээ. Түүний ажиллах эрхийг цуцалсан ч эх орондоо ирэлгүй тус улсад амьдарч байсан гэнэ. Түүнчлэн сэжигтнүүд тус улсад суугаа Монгол Улсын дипломат ажилтнуудаас илүү тансаг зэрэглэлийн орон сууцад амьдарч байгаа, тийм байр хөлслөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгана гэжээ.
Энэ хэргийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн иргэн нь тус улсад байнгын оршин суудаг. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд ч гэсэн тайлбараа өгөөд явж байгаа. Бид энэ тохиолдолд Хууль зүйн яамтай холбогдож, хуулийн зөвлөгөө, туслалцаа хүсч хамтран ажиллаад явж байгаа. Дипломат ажилтнууд гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэсэн тайлбарыг өгчээ.
Үнэн хэрэгтээ Д.Цогтбаатар сайд нэгэнтээ “Улсынхаа нэрийг бодоод хууль бус асуудалд холбогдсон дипломатуудыг зарладаггүй” гэж ам алдсан удаатай. Энэ бол маш буруу жишиг, ажлын алдаа дутагдал гэж болно. Гадаад харилцааны сайд өөрөө хар тамхины наймаа, хууль бус тээвэрлэлтийг өөгшүүлсэн, мэдээлэл нуун дарагдуулж байна гэсэн үг. Д.Цогтбаатар хар тамхины наймаачдыг илчлэх, ёс зүйн хариуцлага хүлээхийн оронд “Тэднийг ажлаас нь халсан” гээд сууж байх. Энэ мэтээр хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийг эрх баригчид өөгшүүлсний үрээр манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орноос хар тамхи хэрэглэгч орны статуст шилжсэн гэж хэлж болох нь. Дунд сургуулийн сурагчдын 50 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн, хар тамхи хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насныхан байна гэдэг судалгааг Хар тамхитай тэмцэх газар онцолж байна. Өнөөдөр энэ асуудалд цэг тавьж, хариуцлага тооцохгүй бол ирээдүй биднээс хэд дахин өндөр үнэтэй төлөөс нэхэхийг таахын аргагүй.
Харин өнөөдөр энэ бүх хэрэгт нэг мөр цэг тавих гэж, нүглийн нүдийг гурилаар хуурах гэж У. Хүрэлсүх, Ц.Цогтбаатар нар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд хариуцлага тооцсон болж, туг тахиагүй биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм. Уг нь ард түмэн эх орныхоо нэрийг баастсан дипломатуудаа татаж, хар тамхи, визний наймааг бүр мөсөн зогсоогоод өгөөч гэж хүссэн. Харин хоёр сайд маань ард түмний гэгээн хүслээр жигүүрлэж, сонгуулийн шоугаа хийхээр бэлтгэл ажилдаа орсон бололтой.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com