Хөндөх Сэдэв: ЯДУУРАЛ
Хөргөгчний “нэгжлэг”
Ойрын үед гэртээ сууж байгаад айлын хөргөгч “нэгжих” боллоо. Манай сонины сэтгүүлч П.Батзаяа хөл хорионы үеийн ядуурлын нөхцөл байдлыг сурвалжлахдаа Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч Б.Маралгуагийнд очиж, “Хоёр ширхэг төмс, гурван ширхэг лууван, жаахан гэдэс дотроос өөр хүнс энэ айлын хөргөгчинд алга” хэмээн тайлагнав. Б.Маралгуа нь 30 настай, дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүд болон ээжийнхээ хамт тус хороонд айлын хашаа хөлслөн суудаг байна. Тэдэнд өөрийн эзэмшлийн хашаа байхгүй учраас тус дүүрэг, хороонд харьяаллаа шилжүүлэх боломжгүй. Ядаж л хүнсний талонд ч хамрагдах эрхгүй хоцорчээ. Энэ мэтчилэн харьяалагдах хороо, дүүрэггүйгээсээ болоод төрийн халамжийн гадна үлддэг айл өрхүүд олон байгааг тус хэсгийн ахлагч Б.Оюунчимэг ярьжээ.
“Ардчилал таймс” сонины нэхэл үүгээр дуусахгүй. Манай сэтгүүлч Б.Наранчимэг дараагийн удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас зарим хүний мөрөөдөл болоод байгаа хүнсний талоны талаар тодруулсан юм. Б.Ундрал дарга хариулахдаа “Тодорхой зорилтот бүлэг болон ядуу өрхүүдэд чиглэсэн үйлчилгээний нэг төрөл нь хүнсний талон байгаа юм. 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгждэг хүүхэд болон том хүнийг хүнс тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлдэг энэхүү үйлчилгээнд 2019 онд 42 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг” хэмээн хариулсан.
Манай сурвалжлагч дөрвөн хүүхдийн ээж Б. Маралгуагийн тухай лавлахаа мартсангүй. Хүнсний талонд ч хамрагдаж чаддаггүй, төрийн үйлчилгээ хүртэж чаддаггүй ийм иргэн нийслэлд хэчнээн байдаг талаар Б.Ундралаас лавлахад, “Тийм иргэн байх ёсгүй” гэж хариулсан байна лээ. “Орон нутгийн харьяалалтай байж байгаад нийслэлийн аль нэг дүүрэгт түр оршин сууж байсан ч түр хаяг дээр нь судалгаа авч, халамжийн үйлчилгээнд хамруулдаг” гэж мөнөөх дарга тайлбарлажээ. Гэхдээ бодит байдал, даргын тайлбараас зөрж байгааг уншигч та ч, үүнийг өгүүлэгч би ч мэднэ.
“Ардчилал таймс” сониныхон нийслэлийн цор ганц ядуу айлыг илрүүлээд хөргөгчийг нь уудалсан ч юм биш. news.mn-ийнхэн ч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяа, Алтан-Овоогийн задгай гэх газарт буусан хэдэн айлаар “зочилжээ”. Иргэн Г.Чулуунхүү “Хоолгүй хонох өдрүүд олон. Ер нь иргэдийн амьдрал доройтсон. Коронавирусээс болоод гэнэтхэн иргэдийн амьдрал муудчихсан юм биш, үүнээс ч өмнө доройтчихсон. Засгийн газраас иргэдээ дэмжинэ, мөнгөн тусламж үзүүлнэ гэдэг. Ирдэг мөнгө, дэмжлэг нь ч алга. Улаанчулуутаас хоногийн хоолтойгоо залгаж буй хүмүүс хүний тооноос хасагдсан. Ардууд нь яаж амьдарч байгааг эрх баригчид мэдэхгүй. Манайх шиг хоолгүй хонож байгаа айл олон. Нэн ядуу иргэд нь коронавирусээс илүүтэй өлбөрч үхэхэд ойрхон байна” гэж ярьсан байна лээ. Сэтгүүлч мөн хөргөгчийг нь нээж үзээд зургийг нь оруулжээ. Эдний хөргөгчинд жаахан ургамлын тос, сод л харагдана.
Сургууль хичээллэхээ больсон биш Улаанчулуутын хогийн цэг дээр хүүхдүүд ажиллах нь олширсныг сэтгүүлч анзаарчээ. “Хог ачсан машины цуваа тасрахгүй, машины урдуур хойгуур гүйх хүүхэд ч олон” хэмээсэн байна лээ.
Хогийн цэгт ажилладаг амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдийг хамруулдаг “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулагдсан ч хөл хорионы улмаас үүдээ барьжээ. Цэцэрлэг хаагдахад олон хүүхэд өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж байгаа нь тодорхой.
“Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Болормаа “Цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос хойш бид хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хүүхдүүдийнхээ гэрт нь очиж, хоёр удаа хүнсний тараалт хийсэн. Бид 40 айлаар ороход үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдал угтдаг” хэмээн ярьсан юм.
Монголд ч баатарлаг
багш бий
“Сурагчдадаа үнэгүй хоол өдөр бүр тараадаг баатарлаг багш”-ийн талаар хэвлэлээр мэдээлж, сошиалаар шагшиж буй. Линкольнширийн Гримсби хотын бага сургуулийн багш Зейн Пауэлс баатар гэгдэх болжээ. Тэрээр өдөр бүр найман км зам туулж, гэрийн хорионд байгаа сурагчдадаа үдийн хоол хүргэдэг байна. Тус сургуулийн нийт сурагчдын 41 хувь нь үнэгүй хоолоор хангагдах эрхтэй бөгөөд тэднээс 34 хувь нь ядууралд өртсөн талаар “Bored panda” хэвлэл онцолсон. Монголд ч ийм баатарлаг үйлстэнүүд байна. Тэдний нэг “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Болормаатай холбогдож хүүхдүүдэд тарааж байгаа хүнсээ ямар эх үүсвэрээс цуглуулдгийг нь лавлав. Төрөөс хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүддээ хүнс хүргэхэд анхаарсан юм болов уу гэж найдсан юм л даа.
Дандаа хүмүүсийн хандиваар хүнс тараасан. Манай байгууллагыг мэддэг хүмүүс “Танай цэцэрлэгийн хүүхдүүдэд хүнсний тусламж үзүүлье” гэдэг. Өнөөдөр ч хүмүүс хамтраад 26 айлд хүнсний тусламж үзүүллээ. Цэцэрлэгтээ ирээд хоол идээд, тоглодог байсан хүүхдүүд маань одоо эцэг эх нь байх байхгүй, хоолтой хоолгүй байгаа юм хэмээн П.Болормаа тайлбарлав. Энэ цэцэрлэгийг санаачилсан Канадын иргэн Жули Вэлүү хөл хорионоос болоод, хөрөнгө босгож чадахгүй, цэцэрлэг нь хүнд байдалд оржээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлын үеэр ч эрх баригчид маань сонгуулийн сурталчилгаандаа улайрч буй. Тодорхой хаяггүй, сонгууль өгөх боломжгүй нэн ядуусыг анхаарах сөхөө тэдэнд алга.
УИХ “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” хэмээх урт нэртэй тогтоолын төслийг баталсан билээ. Энд орох оронгүй, оочих аягагүй ядуус аанай л мартагдсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уг тогтоолыг танилцуулахдаа “Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон” гэв. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л цар тахлаар далимдуулан малчдын орлогыг нэмэгдүүлэхээр кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авахаа мэдэгдсэн шүү дээ. Малчид хөл хорионы үеэр хамгийн их ядарч зүдэрсэн бүлэг биш гэдэг нь хэнд ч илэрхий. Үүнийг зөвхөн нийслэлийн шаардлага өндөртэй сонгогчдоос зугтаж, малчдыг тойлж байгаад засгийн эрхийг авч амташсан эрх баригчдын санаархалтай л холбож тайлбарлахаас аргагүй. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хэлсэнчлэн “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон” гэж байгаа. Ядаж л харьяалалгүй, бүртгэлгүй хэмээгдэн хүнсний талон ч авч чадахгүй байгаа нэн ядуу иргэдээ өлсч үхэх аюулаас гэтэлгэж, ядууралд нэрвэгдсэн газруудад үнэгүй халуун хоолоор үйлчилдэг ганц, хоёр ч болов газрууд байгуулаач. Ядарсан хүмүүст элдэв шаардлага тавихгүйгээр аяга халуун хоол идүүлэх нь чухал байна.
Төрд мартагдсан эмзэг бүлгийн иргэдэд сайн санаатай хүмүүс л гар сунгаж байна даа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас манай сэтгүүлч “Гадаадад байгаа орох оронгүй, орлого мөнгөгүй болсон иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх үү гэж асуухад:
-Мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй. Манай улсын эдийн засаг өнөөдөр ядарч туйлдсан шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх асуудал ярихад тохиромжгүй. Иймд олон улсын байгууллагуудад хандаж дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ярьж, судалж байна” гэж хариулсан байна лээ.
Ямаанд зарцуулах болохоор мөнгө олддог, ядууст зарцуулах болохоор мөнгөгүй болчихдог нь эрх баригчдын гэм биш зан юм даа.
Гадуурхаж мартагдсан ядуус нь цар тахлын үүр уурхай болох эрсдэл байгааг эрх баригчдад сануулъя.
ӨМНӨХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №1: http://atime.mn/view/article/?page=show&id=4032
ЦУВРАЛ №5: http://atime.mn/view/article/?page=show&id=4096
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН