Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилал дорд үзэгдэж, Ким Чен Ун мандсан Монгол орон!

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “захиалга”-аар “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татлаа. Намайг энэ мөрүүдийг бичиж байх агшинд тус сонины эрхлэгч Б.Долзодмаа цагдаа дээр байцаагдаж байна билээ.
Б.Долзодмаа18 жил сэтгүүлчээр ажиллахдаа сэтгүүлчийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татаж байхыг үзээгүй хэмээн уулга алдаж сууна.
Б.Долзодмаа уулга алдахаас яах вэ. Санаатай, санаагүй алдаа гарган хүнийг гүтгэж шүүхэд дуудагдсан сэтгүүлчид урьд нь байсан. Харин баримт түшиглэн хуульд нийцүүлэн мэргэжлийн дүгнэлт хийсэн сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татаж байсан тохиолдол үгүй.
Д.Амарбаясгалан мөн ч ааглаж байгаа биз?! “Ардчилал таймс” муу ч гэсэн өдөр тутмын том сонин шүү дээ! Бас, сонгууль дөхчихсөн байгаа! 1990-ээд оны эхээр Д.Амарбаясгалан мэтийн “шургадаг бацаан” ийм юм хийсэн бол өнгөрөө. Улс төрийн карьер нь дууссан байгаа. Тэр үед монголчууд Ардчилсан нам биш юм аа гэхэд ардчиллаар л амьсгалж байсан болохоор.
Харин өнөөдөр Д.Амарбаясгалан мэт нь “жидүү шаагаад л...”, “ардчилал руу дайраад л” гээд яах ч үгүй. Яах ч үгүйгээр барахгүй, улам тодроод байх боллоо. Олон түмний дунд рейтинг нь өсөх маягтай. Тойргийнхоо сонгогчдын дэмжлэгийг улам бүр татах бололтой дог!
Ардчилал руу дайрсан Д.Амарбаясгалан тойрог дээрээ тодрох бага хэрэг. Монголд Ким Чен Ун од болоод байна шүү дээ!
Ким Чен Уны бие муудсан сургаар манай интернэтээр “нүүрээ нуусан лаларууд-коммунистууд” дүүрч, түүний эрүүл мэндийн төлөө санаа зовж байгаагаа илэрхийлэн “мундаг удирдагч!”, “манайд ийм удирдагч хэрэгтэй!”, “хоншоортой эр, муусайн америкуудтай сайн үзээрэй!” гэх зэрэг комментуудыг хайр найргүй илгээж байна.
Ким Чен Ун манайд пад байхгүй. Тэр улс орноо дэлхий дээрх XXI зууны “хар нүх” болгон дарангуйлж буй байдаг л нэг дарангуйлагч. Манай гадаад бодлогынхон л Хойд Солонгосоор геополитик явуулах санаатай хөгөө чирдэг юм. Тэр бүтэлгүй геополитикт баахан зарлага л гардаг. Өөр өгөөж байхгүй.
Манай нүүрээ нуусан лаларууд-коммунистууд, Ким Чен Ун шиг “чанга гар”-тай болоодохвол Монгол суга хөгжих юм шиг дэмийрцгээдэг. Кимийнхэн чинь “чанга гар”-аараа, Өмнөд Солонгостойгоо зүйрлэхийн аргагүй аж үйлдвэржсэн байсан Хойд Солонгосыг дэлхийн хамгийн ядуу улс болгосон шүү дээ!
Нүүрээ нуусан лаларуудын мэдлэггүй нь арай л дэндүү. Тэгээд л төөрөлдөөд байгаа бололтой юм.
Тэднийг Ж.Энхбаяр, Д.Нямбаатар нарт хариуцуулж “төөрөгдөл”-өөс ангижруулмаар. Даанч ардчилал маань, бусад хүнд гэм болоогүй бол хэн бугай ч “галзуу” байх эрхтэй хэмээх хүнлэг зарчимтай даа.
2017 онд би “Хойд Солонгост зургаан сар амьдарч чадах залуу байвал замын зардлыг нь тэнд амьдрах зардалтай нь хамт дааж явуулна” хэмээх зар тараасан. Явъя хэмээн зориглох нэг ч нүүрээ нуусан лалар ирээгүй шүү!
Монголын ардчиллыг тэвчиж чадахгүй байсан тэднийг уухайн тас Хойд Солонгос руугаа явах байх гэсэн минь эндүүрэл байж. Тэд цагаа болоход Кимээсээ ухаан алдталаа айж жийрхдэг аж.
Тэгээд ардчилсан Монголд ардчиллыг дураараа зүхээд эрх чөлөөтэй явсан дээр гэсэн хэрэг. Бас их дотуур тамиртай. Айдас хүнийг харласан дотортой галзуу болгодог доо. Нүүрээ нуусан лаларууд ийм болой!
В.Путин Монголд моодонд ороход дарангуйллын авторитари хэлбэр нь манайд тогтох магадлалтай гэж би тааж байв. Гэтэл сүүлийн үед Ким Чен Ун моодонд орж байна. Бүр дарангуйллын тоталитари хэлбэр нь Монголд ойртож ирж байгаа бололтой!
Хойд Солонгос бол өөрөөр сэтгэгчдийг өчиггүй бууддаг, бүх насаар нь гянданд хорьдог, нутаг цөлдөг, маш хатуу дэглэмтэй орон. Өнгөрсөн зууны гучаад оны Их хэлмэгдүүлэлтийн үеийн Монгол шиг. Тийм дэглэмд нүүрээ нуусан лаларууд засаглалаа тогтоож, хүн алж, хүрээ талан ногоон малгайгаараа айлгаж суудгийг монголчууд харсан. Тэгэхээр Хойд Солонгосын дэглэмийн аймаарыг монголчууд түүхээсээ мэднэ. Ямар сайндаа ардчиллыг зүхэн солиорч явдаг нүүрээ нуусан лаларууд зургаахан сар Кимийн дэглэмд амьдраад ирэхээсээ зүрхшээхэв.
Ийм атал манай монголчууд дунд Ким Чен Ун нэр хүндтэй байна гэдэг чинь, нутагтаа бол Ким маягийн дэглэм тогтоох монгол олдвол цааргалахгүй хүлээн авч мэдэх нийгмийн солиотой хэсэг их байна гэсэн үг.
Ийнхүү тэдгээр солиотнуудын дунд дэлхийн дарангуйлагчдын нэр хүнд машид ихээр өсч, ардчилал дорд үзэгдэх болсныг МАН-ын дарга У.Хүрэлсүх анзаарсан. Анзаараад зогсохгүй, лавлан хэд хэдэн удаа тест хийж үзсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд болмогцоо цэрэгжсэн хөдөлгөөн зохион байгуулав. Муссолини, Гитлер, Франко нар яг ингэж байлаа. Түүх мэдэх боловсролтой монголчуудаас хэн ч үүнийг буруушаасангүй. Харин ч У.Хүрэлсүхийн энэ “эрэлхэг” үйлдэл түүнийг “эх оронч” болгож харагдуулав.
Зарим хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар хурааж авав. Нийтээрээ алга ташин баяр хүргэв. Рейтинг нь суга өсөв. Гэмгүй ч байсан баячуудын хөрөнгийг хураахад хүмүүс кайфтай байдаг аж. Бусдын өмч хөрөнгийг хурааж байхад кайф авдаггүй хэсэг нь ч үгүйдээ тоомжиргүй байдгийг мөн харав.
Дараа нь нам дотроо чойбалсанч ёсыг сэргээв. 1930-аад онд Х.Чойбалсан, Коминтерний даалгавраар нам дотроо баруунтан, зүүнтний хөдөлгөөнийг нухчин дарах ажиллагааг хайр найргүй явуулан лидер болж байсан юм. У.Хүрэлсүх мөн энэ жороор намынхаа нэг хэсэг нөхдийг баруунтан болгон дараад авав. Тэр баруунтных нь толгойд намаа сонгуульд ялалтад хүргэсэн, өөрийг нь халамжлан өсгөсөн, намынх нь дарга байв. 1990 оноос хойш намынхаа нөхдийг ийм ичгүүр сонжуургүйгээр золиослож байсан дарга МАН-д байгаагүй билээ. Уг жудаггүй явдалд МАН-ын гишүүд нь баяр хүргэж, Их хэлмэгдүүлэлтээс хойш суусан хүчирхийлэлд дурлах гишүүдийнх нь араншин сэрэв.
Цэргээ захирч, баячуудыг айлгаж, намаа номхотгосон У.Хүрэлсүх цаашлан Ерөнхийлөг­чийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан төрийн дээд эрх мэдлийг дефакто УИХ-аас салган Ерөнхий сайдад шилжүүлэв. Жидүү, 60 тэрбумын шантаажинд орсон УИХ баяртайгаар эрх мэдлээ өгч байгаа нь ер бусын байлаа.
УИХ-ын бүрэн эрхийг хамгаалах ёстой Г.Занданшатар яаж далдганахыг бид бүгдээрээ харсан. УИХ-д төрийн дээд эрх мэдэл хадгалагдаж байсны ачаар муухай ч, сайхан ч монголчууд тун ил тод төртэй байсан юм.
У.Хүрэлсүх төрийн дээд эрх мэдлийг дефакто өөртөө хураан авсны дараа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шүүгчийг чөлөөлөх эрх мэдлийг шилжүүлэх ажлыг лут тактиктай хийсэн. Миний бие олон шүүхээр явж байгаа. Шүүгчид ҮАБЗ-өөс маш их айж байгааг анзаарсан. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал цаасан дээр үлдсэн юм билээ.
ҮАБЗ-өөс айсан шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханг яаж хилсдүүлж байгааг хар л даа! Удахгүй Монголд эрх баригчдад таалагдаагүй бүхэн ийм үйлийн үрийг амсах болно!
У.Хүрэлсүхийн сүүлийн тест нь “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг явдал боллоо. Зориуд дахин онцлоход, нийтлэл бичсэн сэтгүүлч хэнийг ч гүтгээгүй. Баримт түшин хуульд нийцсэн санал дүгнэлтээ гаргасан. Түүний мэргэжлийн ажил.
Монголчууд ардчиллыг хир дорд үзэж байгааг шалгасан У.Хүрэлсүхийн тестүүд өдгөө Монголд ямар ч хэлбэрийн дарангуйлал тогтооход боломжтой байна гэдэг дохиог түүнд өгсөн.
Өнөө үеийхний ихэнх нь Ким мэтийн дарангуйлагчид симпаттай, ардчиллаас залхсан байдалтай байгаа аж. Ардчиллаас залхаагүй хэсэг нь чалхгүй тул хөдлөх ч үгүй. Хүн өөрийнхөө чалхгүйг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бусдад буруугаа чихэж суудаг болохыг сүүлийн үед сэтгэл зүйн шинжлэх ухаан нээсэн гэдэг.
Удахгүй болох УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүх намынхаа суудлыг хадгалж чадвал ардчиллын сүүлчийн сонгууль байх тун магадлалтай. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэлбэрийн төдий л болно.
Монголын ардчиллыг сорьсон У.Хүрэлсүхийн тестүүд бас нэг зүйлийг түүнд харуулсан. Шалтгийг нь зөв гаргаад зоригтойгоор дарангуйллаа тогтооход хүмүүс айхад бэлэн аж. У.Хүрэлсүхийн ардчилал руу дайрах дайралтад дургүй хүн тийм ч цөөн байгаагүй. Ардчилалдаа хайртай монголчууд байсаар байгаа. Гэхдээ л хөөрхийс айдсаа дийлэхгүй юм!
Хүн төрөлхтний түүх, дарангуйлал тогтохын цагт хүмүүний хийж чаддаг ажил нь айх явдал болохыг харуулсан. Ямар ч дарангуйллаас айхгүй зэвсгээ барин тулалддаг хүмүүс америкчууд л аж. Уг нь монголчууд америкчуудтай адилхан эрх чөлөөнд нугасгүй дуртай хүмүүс. Ямар сайндаа “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр” хэмээх гайхалтай ардын философитой байх вэ. Гэхдээ социализмын үед монголчуудын зоригтой бүхнийг устгачихсан юм. Одоо дарангуйлал тогтвол бидний монголчууд “айх ажил” л хийж чадна. Үүнийг У.Хүрэлсүх мэдчихсэн!
Н.Мадуро дарангуйлагч болох нүгэлтэй дуртай нэгэн. Тэгээд тэр дарангуйлагч болсон. Дарангуйллаас болж эдийн засаг нь Хойд Солонгос шиг болж хоосорч сүйрсэн. Санал асуулгаар Мадурог венесуэльчүүдийн 94 хувь нь эсэргүүцэж буй. Үндэстэндээ ингэж үзэн ядагдсан арчаагүй удирдагч ховорхон. Хөөрхий амьтан одоо улсынхаа алтыг шаачихсан генералуудын хүчээр л тогтож байна. Орос, Хятад хоёр юун Н.Мадуро мантай болсон. Н.Мадуро байхад гутамшигтай, зугтахад аюултай байдалд орчихсон, хөөрхийлөлтэй дарангуйлагч. Ким Чен Ун ч бас л ийм байдалд байгаа. У.Хүрэлсүх дарангуйлагч болбол хожим хойно түүнийг бас л ийм хувь заяа хүлээж буй! Интернэтийн XXI зуун дарангуйлагчийг удаан тогтоохгүй ээ!

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com