Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сонгуульд сохорсон Засгийн газар хувийн хэвшлийг сүйрүүлэх нь

 Зээлийн хүүгийн найман хувийг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газар тун удахгүй гаргах бололтой. Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийн тав, банк гурван хувийг даах гэнэ. Эл хөнгөлөлтийг гурван сарын хугацаанд эдлүүлэх шийдвэрийн төсөл бэлтгээд байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж дуулгалаа. Өөрөөр хэлбэл, нэг улирлын турш хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Найман хувийн хөнгөлөлтийг дөрвөн улиралд хуваавал хоёр болно. Тэгэхээр зээлийн жилийн хүүгийн хоёр хувийг хөнгөлнө гэсэн үг. Тодруулбал, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан хуулийн этгээдийн хүү 22 хувь болж буурах нь. Одоогоор ямар төрлийн зээлийн хүүг хөнгөлөх нь тодорхойгүй байна. Бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл, хэрэглээний зээлийн хүүд хөнгөлөлт эдлүүлэх болов уу гэж таамаглая. Энэ нь урт хугацааны хөнгөлөлт биш учраас компаниудад дорвитой дэмжлэг болохгүй. Харин хагас жилийн хугацаанд хөнгөлөлт эдлүүлбэл, зээлийн хүү дөрвөн хувиар буурна. Дээр дурдсанчлан 24 хувийн хүүтэй зээл авсан хуулийн этгээдийн зээлийн хүү 20 хувь болж буурах юм.

Засгийн газраас хувийн хэвшлийн компани, төрийн бус байгууллага, их, дээд сургуулиудыг бүгдийг нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр өмнө нь гаргасан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хорио цээрийн дэглэмээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоосон хуулийн этгээдийг л нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх бодлого баримталж байв. Олны дургүйцлийг төрүүлсэн эл шийдвэрийг МҮХАҮТ-ын удирдлага идэвхтэй эсэргүүцсэн. Эцэст нь Засгийн газар алагчлахгүйгээр бүгдийг нь ниймгийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр дорвитой үр дүн үзүүлэх, эсэх нь эргэлзээтэй ч зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх нь хувийн хэвшлийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ачааг бага боловч хөнгөлөх нь дамжиггүй.
Дэлхий нийтэд “Ковид-19” өвчин тархсаны улмаас энэ оны хоёрдугаар сарын 13-наас орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар хилээ хааж, гадаадын иргэд нэвтрэхийг хориглов. Үүнээс үүдэж эдийн засагт эрэлт, нийлүүлэлт, санхүүгийн гацаа үүслээ. Эдийн засагчид үүссэн нөхцөлийг “Гурвалсан шок” гэж томьёолж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэрхэн саарч байгааг марко үзүүлэлтүүдээс харж болно. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний улирлын дүнгээр экспорт 41.5, импорт 9.7, жуулчдын тоо 51.6 хувиар буурчээ. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 25.9 хувиар өссөн байна. Эдгээр үзүүлэлт эдийн засгийн хямрал хэрхэн эрчээ авч буйг харуулах баримт болно. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжихээр дээрх арга хэмжээг авсан хэрэг. “Ковид-19” өвчнөөс шалтгаалсан эл хямралын ачааны хүндийг үүрч буй хувийн компаниуд, тэдний ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг хадгалахын тулд Засгийн газар дахиад ч дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Энэ нь амьдралын бодит жишээнээс харагдаж байна.
Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосноос хойш нэгэн зочид буудал орлогогүй болжээ. Хурим найр, хүлээн авалт зэрэг олныг хамарсан үйлчилгээ үзүүлэхийг нь мөн хориглосон. Тиймээс зочид буудал орлогогүй болох нь тэр. Ингээд ажилчдаа цалингүй амраасан гэнэ. Зарим компани ажиллагсадаа ажлаас нь халаад, ажилгүйдлийн тэтгэмж аваад байдлыг харзнаж байхыг зөвлөж буй. Тэгвэл уг зочид буудал нэг ч ажилтнаа халаагүй агаад нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байжээ. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болсон тул тус компанийн ачаа бага боловч хөнгөрсөн. Гэхдээ орлогогүйгээс үүдсэн ачаа нуруун дээр нь дараастай хэвээр.
Тус зочид буудал цахилгаан, дулаан, усны төлбөрөөс гадна газар, үл хөдлөх хөрөнгө, агаарын бохирдлын татвар төлдөг. Тэдний сарын зардлын тэн хагасыг ажилтнуудын цалин, үлдсэнийг нь төлбөр, татвар эзэлдэг гэнэ. Зочид буудал саяхнаас санхүүгийн дутагдалд орж, цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ. Тиймээс МҮХАҮТ-аас Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан байна. Тэгээд эрчим хүч, усан хангамжийн компаниудын байцаагчдад гэрчилгээгээ үзүүлж, төлбөрөө төлж чадахгүйд хүрснээ уламжлаад хожим нөхөж төлөхөө хэлжээ. Гэтэл “Наад гэрчилгээ чинь ямар ч нэмэр байхгүй” гэж хэлээд хэрэглээний усыг нь тасалчхаад яваад өгсөн байна. Тиймээс тус компанийнхан цахилгаан, дулаан, усны төлбөрийг хэсэгчлэн төлөх, хойшлуулах боломж олгооч гэж Засгийн газрын мэдлийн компаниудаас хүсч буй. Бүх төлбөр, татварыг биш, хамгийн өндөр зардалтай цахилгаан, дулаан, усны төлбөрийг л хойшлуулаад өгчихвөл тэдний ачаа хөнгөрөх гэнэ. Байцаагчид “Бид төсөв бүрдүүлэх гэж байна. Төлбөрөө төл. Эсвэл цахилгааныг чинь тасална” гэж сүрдүүлдэг гэсэн. Цахилгаан, хэрэглээний усаа таслуулчихвал мөнөөх зочид буудал харанхуй, хүйтэн байшин болно. Ажилтнуудаа халаад явуулчихна. Цахилгааны төлбөрийг ч хойшлуулах нь ажлын байраа хадгалах нэг арга байгаа биз.
Тусгай хангамжтай учраас төсөвт байгууллагуудад ийм зовлон нүүрлээгүй. Хувийн хэвшлийн хэдэн компани дээрх зочид буудлынх шиг зовлон үүрч яваа бол. МҮХАҮТ-д одоогоор 250 гаруй компани Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар ханджээ. Эдгээрийн 120-д нь тийм гэрчилгээ олгоод байгаа гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ярьсан. Тэрбээр “Эдийн засгийн нөхцөл хүндрэх тусам Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авах хүсэлтэй компанийн тоо олширч байна. Нөхцөл улам хүндэрвэл 80 мянган аж ахуйн нэгж ч гэрчилгээ авах гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр манайх 80 мянган удаа гарын үсэг зурж байхаар Эрчим хүчний сайд шийдэл гаргаад, нэг удаа гарын үсэг зураад, цахилгаан, дулааны төлбөрийг нь хойшлуулаад асуудлыг шийдчих боломжтой” хэмээв. МҮХАҮТ-аас олгодог Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ аливаа төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэх эрх зүйн баримт бичиг болдоггүй аж. Харин хоёр тал шүүхийн маргаан үүсгэвэл уг гэрчилгээ тухайн үед давагдашгүй хүчин зүйл нөлөөлснийг гэрчлэх баримт болдог юм байна.
Засгийн газар дээрх зочид буудал шиг ажлын байраа хадгалж байгаа компаниудын ажилтан тус бүрт 200 мянган төгрөгийн тэтгэмж сар бүр олгоно гэж зарласан. Гэвч өнөөг хүртэл нэг ч компани, ажилтан 200 мянган төгрөгийн тэтгэмж авч үзээгүй. Засгийн газар амлачхаад өгөөгүй юмыг хэн ч авах билээ. Хувийн хэвшлийнхэн ажилтнуудаа халчихгүйг хичээсээр л байгаа. Гэвч эдийн засаг улам хүндэрвэл халахаас өөр аргагүйд хүрнэ. Цалингүй амарч байгаа хүмүүс ямар ч орлогогүй болсон. Тиймээс наад захын хэрэглээний хүнсээ авах мөнгөн тэтгэмж олгохгүй бол ядуурал улам гаарна. 200 мянган төгрөгийн тэтгэмж өгөх нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөс ч илүүтэйгээр ажлын байрыг хадгалах хөшүүрэг болж мэдэх юм. Зарим ажилтан компаниасаа сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж авна гэж нэхсэн тохиолдол гарчээ. Мөн 12 хүртэлх настай хүүхэдтэй ээжийг цалинтай амраана гэж Засгийн газар “айлдсан”. Сарын цалинтай нь дүйх мөнгийг Засгийн газар гаргах юм уу гэтэл тэгсэнгүй. Хувийн хэвшлийнхний нуруунд үүрүүлчхээд бүлх залгисан мэт таг дуугүй болсон. Хувийн хэвшлийн компанид ажиллаж буй 12 хүртэлх настай хүүхэдтэй ээж “Засгийн газрын шийдвэрийн дагуу цалинтай амарна” гэж удирдлагатайгаа маргасан нь бишгүй.
Үйл ажиллагаа нь зогссон ч ажлын байраа хадгалж буй компанийн ажилтан бүрт 200 мянган төгрөгийн тэтгэмж өгнө, 12 хүртэлх настай хүүхэдтэй ээжийг цалинтай амраана гэсэн шийдвэр эрх баригчдын сонгуулийн оноо цуглуулах гэсэн хоосон амлалт байж. Одоо Засгийн газар ноолууранд урамшуулал олгохоор ажиллаж байна. Угтаа малчдын саналыг “худалдаж авах” санхүүгийн хөшүүрэг хэрэглэж буй нь тэр. Эрх баригчид “Зээлийн хүүг хөнгөллөө” гэж сүр дуулиантай зарлах байх. Тэр нь даанч өчүүхэн хөнгөлөлт. Хувийн хэвшлийнхэнд банкууд зээл олгохоос болгоомжилж эхэлсэн. Зээлийн батлан даалтын сангаа “цэнэглэх” хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийнхаа хөрөнгийг нэмж, их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгуулах хэрэгтэй. Эдийн засгийн бодит секторыг урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй зээлээр дэмжих зайлшгүй шаардлагатай болсон. Зах зээл мөнгөөр дутаж эхэллээ. Хямралын үед Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлд үнэхээр муу ажиллаж байгаа. Энэ нь Ч.Хүрэлбаатар хэмээх хүйтэн сэтгэлт Сангийн сайд төсвөө тодотгочихвол сонгуульд зориулсан бодлого нь задарна гэж айж буйтай холбоотой. Сонгуулийн санал хураалт дуусч, дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуултал бараг гурван сарын хугацаа бий. Сонгуульд ялахын тулд төсвөө задлахгүй гүрийж байгаад хувийн хэвшлээ сүйрүүлэх нь. Эрх баригчдын нүдийг сонгууль сохолчихсон бололтой. Төрийг ийм харалган бодол, харанхуй сэтгэлээр удирддаггүй л баймаар.

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР СОНИН"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com