Х.ӨНӨРЖАРГАЛ
“Чинээлэг малчин”
хөтөлбөрийн Хэнтий аймаг дахь салбарын тэргүүн Ж.Оюунбаатартай ярилцлаа.
-“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт анхан шатны бүтцүүдээ байгуулж, ажлаа эхлээд байна. Өмнө нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, нутаг орны, ялангуяа мал аж ахуйн салбарын онцлогийг сайн мэдэх хүний хувьд та энэ хөтөлбөрийн тухай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ бол нийгмийн дундаж давхаргыг тэлэх, уламжлалынхаа дагуу оршин тогтнож ирсэн мал аж ахуйн салбарыг алсын хараатай бодлогоор дэмжих, хөгжүүлэх, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь нэмэгдүүлэх зэрэг олон талын цогц ач холбогдолтой хөтөлбөр юм. Хэнтий аймгийн тухайд хөгжлийн гол хөдөлгүүр болох хөдөө аж ахуй, үйлдвэржилт, аялал жуулчлал, газар тариалан зэрэг цөөн хэдэн салбар бий. Ялангуяа, мал аж ахуй бол зөв бодлогоор дэмжиж, чиглүүлж, зохион байгуулаад өгвөл хамгийн богино хугацаанд үр ашиг нь эрс нэмэгдэх салбар. Үүнд шаардлагатай бүх нөхцөл, боломж, суурь дэд бүтэц нь манай аймагт бий. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн бодлого энэ бүхнийг харгалзан үзсэн сайн хөтөлбөр учраас хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
-Энэ хөтөлбөрийн хамгийн гол давуу тал нь юу вэ?
-Монгол малчдын үе дамжин өвлөгдсөн мал маллах мэдлэг ухаан, туршлагыг орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилттэй уялдуулснаар малчдын бүтээмж, орлого нэмэгдэнэ. Илүү олон малчин чинээлэг амьдрах боломжтой болно гэдэг л энэ хөтөлбөрийн амин сүнс нь. Өөрөөр хэлбэл, малчид олон мал өсгөх гэж тооны араас хөөцөлдөх шаардлагагүй болсон. Цөөн боловч үр ашигтай, чанартай мал, сүргээрээ дамжуулан дөрвөн жилд олдог ашгийг нэг жил хүрэхгүй хугацаанд олох боломж байгааг хөтөлбөрөөр дамжуулж малчдад ойлгуулж, таниулах нь чухал.
-Хэнтий аймгийн тухайд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх давуу, эсвэл сул тал нь юу гэж Та үзэж байна вэ?
-Эхлээд хэдэн тоо хэлье. Манай Хэнтий аймаг өнгөрсөн онд таван сая толгой мал тоолуулсан. 11 мянга гаруй малчин, 7973 малчин өрхтэй байна. Ер нь 1990-ээд онд манай аймгийн мал аж ахуй сүрхий хямарч, 3500 орчим малчин өрх, 6900 гаруй малчинтай болсон. Түүнээс хойш эргээд сайжирч, 2000-аад оноос хойш ерөнхийдөө өнөөдрийн үзүүлэлтийн түвшинд явж байгаа. Нийт малын 50 хувь нь хонин сүрэг. Адуу, үхэр өсгөхөд бас хамгийн таатай нутаг. Энэ утгаараа уугуул малчдаас гадна өөр аймгийн малчид Хэнтийд их төвлөрдөг нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжих бүх нөхцөл боломж манай аймагт бий. Сул тал гэвэл бэлчээрийн даац ихэдсэн. Энэ асуудлыг зөв зохистой шийдэхэд “Чинээлэг малчин” хөтөлбөр харин ч дэм өгнө.
-Мал аж ахуйг шинжлэх ухааны ололт дэвшил ашиглан хөгжүүлнэ гэлээ. Энд малын тэжээл, өвсний асуудал хамгийн түрүүнд яригдах байх даа?
-Мэдээж тэгнэ. Эрчимжсэн, үр ашиг өндөртэй мал аж ахуй хөгжүүлэхэд малын тэжээл тариалалтын асуудал маш чухал үүрэгтэй. Манай аймаг малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх хамгийн боломжтой нутгийн нэг. Ер нь бол Хэнтий аймагт өнөөдөр 40-өөд мянган га тариалангийн талбай ашиглалтгүй, сул байна. Үр ашиг сайтай тэжээлийн үйлдвэрлэл явуулах маш том зах зээл байна гэсэн үг. Үр ашиг өндөртэй, эрэлт сайтай тэжээлийн ургамал тариалж зэргэлдээ зах зээлд нийлүүлэх нэмэлт боломжууд ч гарч ирнэ.
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчин хүнд яг ямар ашигтай юм бэ?
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого гурав дахин нэмэгдэх тооцоо судалгаа байна. Гурван жилд олдог орлогоо нэг жилд олно гэсэн үг. Малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэдэг нь зөвхөн тэр айл төдийгүй тэднээс хамааралтай бүх хүний амьжиргаанд эергээр нөлөөлнө гэсэн үг. Маш олон салбарын үйлдвэрлэл малчдаас хамаардаг. Ялангуяа, хүнсний салбарын хамгийн үнэ цэнтэй үйлдвэрлэгчид бол яалтчгүй манай малчид. Ер нь дэлхийд хүнс хамгийн чухал салбар байдаг. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Тэгвэл монголчууд олон улсын стандартад нийцсэн экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд малчдын үүрэг оролцоо маш чухал. Өөрөөр хэлбэл, чинээлэг амьдрах боломж малчдын маань гарт байна гэсэн үг. Малын тоо толгойг биш, чанар өгөөжийг эрхэмлэснээр малчдын ачаалал буурч, амьдралын чанар сайжирна. Эцэстээ Монгол Улс л хожно. Ер нь нэг малчин өрх 1000 хүрэхгүй тоо толгой малтайгаар жилдээ 200-300 сая төгрөгийн орлого олох боломжийг л энэ хөтөлбөр санал болгож байгаа юм.
-Хэнтий аймагт “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ямар бодлогыг түлхүү барих вэ?
-Сүргийн бүтцэд түлхүү анхаарна. Ялангуяа, нийт малын 50 хувийг эзэлж байгаа хонин сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах тал дээр илүү анхаарах ёстой. Малчдын хөдөлмөрийг аль болох хөнгөвчлөх бодлого барина. Бэлчээрийн хэрэглээг зөв зохистой бодлогоор зохицуулна. Үр дүнд нь манай аймгийн мал аж ахуй эко эдийн засгийн хүчирхэг бүтэц болох юм. Аймгийн өмнөд бүсэд хонь, хойд талын сумдад үхэр сүрэгт тулгуурласан бизнес хөгжлийн загвар бий болгоно хэмээн тооцож байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН