Голомт банкны эдийн засагч бусадтай нийлж хохироосон, гэнэтийн ослоор нас барсан аавынхаа нэр төр, ажил үйлсийг мөнхжүүлэх гэж тэмцэж яваа С.Урансувдмаатай ярилцлаа.
-Та эд хөрөнгөө залилуулсан гээд эрхээ хамгаалахын тулд удаан хугацаанд тэмцэж ирлээ. Яг ямар асуудал танд тулгарч, таны эрх зөрчигдөөд байгаа юм бэ?
-Монгол Улсын нийгэмд хүн эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй тайван амьдарч чадахгүй болсон байна. Би 20 настайдаа гадаадад гарч амьдарч байгаад 2012 онд эх орондоо ирсэн. Тэгээд 110 ам метр талбайтай супермаркет худалдаж аваад бусдад түрээслэдэг байсан. Тэр үед нэг хүн, өнөөдөр намайг залилсан этгээд миний супермаркетыг түрээслэхээр ирсэн. Ингээд нэг жилийн түрээсийн гэрээ хийсэн. Дараа нь худалдан авъя гэсэн санал тавьсан. Тэр саналыг нь би хүлээж аваад Голомт банкнаас худалдааны зуучлалын үйлчилгээ авахаар сонгосон. Өөрөөр хэлбэл энэ банкаар дамжуулж үл хөдлөх хөрөнгөө зарсан гэсэн үг. Гэтэл Голомт банкны үүдээр орсон өдрөөс хойш эд хөрөнгөө бусдад алдаж юу ч үгүй болж хохирчхоод байна. Энэ банкны эдийн засагч намайг залилагч талтай хамтарч хохироосон. Банкны эдийн засагч нь намайг гадаад валютын данстай юм байна. Та энэ гэрээг хийхийн тулд төгрөгийн данс нээлгэх ёстой гээд л бүх зүйл эхэлсэн. Эцэст нь миний дансанд мөнгө ороогүй, орсон гэсэн мэдээлэл ч надад ирээгүй. Харин залилагч тал Голомт банкнаас надад шилжүүлэх ёстой бүх мөнгийг нь авчихсан байна лээ. Тэгээд намайг залилж авсан мөнгөөрөө Хаан банкны өрөө дарсан байсан.
-Та хэдэн төгрөгөөр хохиров. Хууль хяналтын байгууллагад хандаад хохирлоо барагдуулж чадаагүй гэж үү?
-Би энэ асуудлаас болоод хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадалгүй бараг найман жил боллоо. Хүн, тэр дундаа эх хүн ийм урт хугацааг тэвчих хэцүү. Гэвч би сэтгэл санааны хохирол нэхээгүй. Өнөөдөр би эх орондоо ирээд ёстой л “Орох оронгүй, оочих аягагүй” гэдэг болоод байна. Иймд намайг залилсан хүмүүсээс эд хөрөнгийн хохирлоо барагдуулж өгөхийг хүссэн. Эд хөрөнгийн хохирол бол 350 сая төгрөг. Би үр хүүхдээ санасан эхийн сэтгэл санааны хохирол нэхээгүй байгаа. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд асуудал гарч ирсэн. Гэхдээ Авлигатай тэмцэх газарт одоо хэрэг үүсгээд шалгаж байгаа. Тэгээд АТГ-аас Монголбанкнаас гурван шинжээч томилоод намайг хохирогч гэдгийг тогтоосон. Гэвч дахиад л хана мөргөсөн. Энэ хэргийг бүх шатны прокурорууд хүчээр дараад байна. Энд бас нэг асуудлыг тодотгож хэлэхийг хүсч байна. Тэр нь миний аавын учир битүүлэг ослоор нас барсан асуудал юм. Аав маань хилийн цэргийн хурандаа цолтой, олон хэл мэддэг хуучин нийгмээр бол жинхэнэ сэхээтэн хүн байсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор нас барсан. Асуудлыг судлаад үзэхээр манай аавын талаар ярьж бичсэн зүйл өнөөг хүртэл байхгүй. Үүнийг бас тодруулж түүхэн үйл явцыг тодруулж бичихээр бас эрх баригчдад асуудал тавьсан. Монголын генералууд аавыг маань сайн мэддэг юм билээ. Бас Хүний Эрхийн Үндэсний комисст аавынхаа нэр төр, алдар гавьяаг сэргээх талаар хандсан байгаа. Миний хувьд айлын отгон охины хувьд эдгээр асуудлаар л гэр бүл, үр хүүхдээ хойш тавиад найман жил шахуу зүтгэж явна. Ингээд өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр Төрийн ордны гадаа суулт хийж байгаа юм.
-Таныг залилсан гэж байгаа хүмүүсийг урд нь таньдаг байсан уу?
-Үгүй. Намайг эд хөрөнгөө түрээслүүлэх гэсэн зар хараад ирсэн хүмүүс. Гэтэл Голомт банк миний голомтыг самарчихлаа. Голомт банкаар ороод л ийм асуудал үүсчихсэн. Ер нь Голомт банканд залилангийн бүлэг байдаг юм байна. Манай банкны хууль тогтоомж байсан ч түүнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Монголбанк, Голомт банк, прокурорууд бүгд хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл прокурорууд Голомт банктай орон сууцны хаалттай гэрээ хийсэн юм билээ. Шүүгчид нь Хаан банкнаас орон сууцны хаалттай нэг хувийн хүүтэй гэрээ хийсэн байна. Тэгэхээр манай улсад өнөөдөр шүүх, прокурорын байгууллагууд чадамжаа алдсан.
Шударга ажиллаж чадахгүй болсон гэж үзэж байна. Эцэст нь жирийн иргэд хохирч үлдэх болж. Монголд аюултай нийгэм бүрэлдэж, бид түүнийг анзаарахгүй хувиа бодож амьдарч байна. Иргэд тайван амьдарч болохгүй байна. Банкны систем тэр чигээрээ байхгүй. Олон улсад банкны ажилтны буруугаас харилцагч эрсдэлд орсон бол банкны эрсдэлийн сангаас хохирлыг нь шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагаар явж цаг алдалгүй 72 цагийн дотор шийдэж өгдөг. Монголд ийм жишиг алга. Банк нь хэзээ ч буруугаа хүлээхгүй. Яагаад гэвэл хууль, хяналтын байгууллагуудаа халааслачхаад иргэдийг хохироож байна.
-Тэгвэл таныг залилсан гээд байгаа хүмүүсийн цаадах холбоо сүлбээг та хэрхэн таамаглаж байна вэ?
-Би энэ бүх ялзрал улстөрчидтэй холбоотой гэж үзэж байна. Яагаад гэвэл банк үнэхээр бардам байдаг. Шүүх, цагдаа, прокурор гээд хуулийн байгууллагаар яв гэж хэлээд тоодоггүй. Хууль хяналтын байгууллага нь банкны талд шийдвэр хүчээр гаргаж байна. Гэхдээ Монголд олон жил амьдраагүй болохоор Голомт банктай ямар улстөрчид холбоотойг мэдэхгүй. Ер нь манай нийгэм маш хэцүү л болсон байна. Энэ нь улстөрчид, төрийн эрх барьж байгаа хүмүүстэй холбоотой шүү дээ. Дахин хэлэхэд би Монголд удаан амьдраагүй болохоор улс төрийн системийг сайн мэдэхгүй. Банкны ажилтнууд нь залилан хийчхээд байхад Д.Баясгалан захирал нь гавьяат болоод явж байдаг юм байна. Би хэнд ч юм гомдож, Монголчуудаа бодохоор зүрх шимширч байна.
-Та гадаадад байсан гэсэн. Ямар улсад хэрхэн амьдарч байв?
-Би 20 настай байхдаа эх орноосоо харийг зорьсон. Тэгээд Италид дээд сургууль төгссөн. Итали, Араб, Англи хэлтэй. Дубайн бүтээн байгуулалтын олон улсын дизайн интирерийн багтай хамтран орчуулагчаар ажиллаж байсан.
-Та хохирлоо барагдуулахаар ямар ямар албан тушаалтан, байгууллагад шаардлага хүргүүлсэн бэ?
-Би Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нартай уулзах хүсэлт өгөөд хүлээж сууна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд асуудлаа тавьсан. Хэлэлцэж байна хүлээж бай гэсэн. Хэзээ хариу өгөхийг бүү мэд.
-Танд хохирлоо барагдуулах, аавынхаа тухай түүхэн үнэнийг олон нийтэд таниулах боломж байна уу?
-Голомт банктай тохиролцох боломж бий. Гэвч би тохирохгүй гэсэн. Эхлээд ажилтнуудынхаа холбогдсон эрүүгийн хэргийн асуудлаа шийд. Тэгээд тохиролцох талаар ярилцъя гэж байгаа. Голомт банкны эдийн засагч залуу миний гарын үсгийг хувилж хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэг байгаа юм. Үүнийг АТГ-аас томилсон шинжээчид тогтоосон. ХЭҮК Голомт банктай эвлэрүүлье гэдэг. Прокурорууд хүлээн зөвшөөрдөггүй. Л.Оюун-Эрдэнэ хонгил нураана гэж гарч ирсэн. Гэтэл тэр хонгил нь хэвээрээ байна. Яагаад чадахгүй байгаа юм бол. Хуулийн хэдэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулаад болох зүйл гэж би бодож байна. Ийм энгийн зүйл хийдэггүй юм уу эсвэл нурдаггүй хонгил байдаг юм уу бий гайхаж байна. Харин Засгийн газраас манай аавын ослоор өнгөрсөн асуудлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шалгах байх гэж найдаж байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН