Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Лу.Гантөмөр: Компаниудын 500 саяас дооших эрүүл зээлийг ЖДҮ-гийнхээр солих хэрэгтэй

 УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Коронавирусийн цар тахал дэлхий дахиныг нөмөрлөө. Монгол Улсад уг вирусээс үүдэн ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдэж, ААН-үүд үүдээ барьж, эдийн засгийн гүн шок үзүүлж байна. Үүний эсрэг төр засгийн зүгээс тодорхой бодлогын арга хэмжээ авч байгаа ч энэ нь төдийлэн үр дүнгээ өгөхгүй байх шиг. Эдийн засагч, тооны ухааны хүний хувьд энэ бүхнийг том зургаар нь хэрхэн харж байна вэ?
-“COVID-19”-өөс улбаатай эдийн засгийн хүндрэл дэлхий дахинд бий болчихлоо. Хятадын эдийн засаг эхний улиралд гэхэд нэлээд унаж, улмаар хэдэн сая хүн ажилгүй болсныг тооцоолох аргагүй байна. АНУ-ынх мөн л агшиж, 30-40 саяулаа ажилгүй болсон тухай мэдээлэл түглээ. Том улс гүрнүүд коронавирусийн эсрэг арга хэмжээнд хэдэн арван их наяд ам.доллар, юань нийлүүлж байгаа ч хэрхэн гарах гарцаа олж харж чадахгүй байна.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын үеийн эдийн засаг V хэлбэр (Богино хугацаанд унаад босох)-ийн уналттай байна гэж тооцоолж, вирусийн эсрэг авах арга хэмжээгээ боловсруулсан. Харамсалтай нь, эдийн засаг арай ч L хэлбэр (удаан хугацаанд үргэлжлэх)-ийнх биш ч гэлээ өсөлт нь тун удаан байхаар байна. Одоогоор вирусийн үеийн эдийн засгийн хямралд төрийн албанынхнаас бусад нь өртчихөөд байгаа. Хэрэв намар тийш ам.долларын ханшаа барьж дийлэхгүй тавиад туучихвал бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, иргэдийн гар дээрх цалин ахуйн хэрэгцээндээ ч хүрэхгүй болж, улс даяараа гүн хямралд орох магадлал тун өндөр байна.

 Үүний зэрэгцээ манайханд хоёр том сул тал байгаагийн нэг нь, иргэдийн 80-90 хувь нь хадгаламж, хуримтлалгүй, тухайн сарынхаа орлогоор амьдардаг. Нөгөөх нь, улс орны хэмжээнд ч мөн валютын нөөц, нийлүүлэлт байхгүй байна. Өндөр хөгжсөн орнуудын тухайд, мэдээж хэрэг манайхаас эсрэгээрээ. Тиймдээ ч томоохон хөгжингүй орнууд 1-2 их наяд ам.долларыг зах зээлдээ торохгүй нийлүүлж чадаж байна. Иргэд нь хадгаламжаа задалж, үнэт цаасаа худалдаж байна шүү дээ. Гэхдээ нэг харамсмаар зүйл нь, аялал жуулчлал гэх мэт глобалчлалын үр шимийг хүртэн амьдарч байсан бизнесүүд бүрмөсөн зогсонги байдалд орох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр том зургаараа манай улсын эдийн засаг багаар тооцоход 10-аад хувиар унах нь тодорхой, буцаж сэргэхдээ наанадаж 1-2 жилийг зарцуулах нь байна. Тиймээс Засгийн газар бодлогоо маш оновчтой тодорхойлох ёстой болох нь.
-Хэрэв Та Ерөнхий сайд, эсвэл Сангийн сайд байсан бол коронавирус цар тахлын энэ эгзэгтэй үед яг ямар бодлого явуулж, эдийн засгаа эрчимжүүлж цус сэлбэх байсан бэ. Учир нь уул уурхайн гол түүхий эдийн үнэ ханш гадаад зах зээлд уналттай, эрэлт, нийлүүлэлт нь хумигдаад байна. Тэгэхээр өөр ямар арга зам хайх вэ?
-Одоогоор уул уурхайн салбарт ажиллаж буй цөөн тооны, мөн төрийн албаныхан болон гар дээрээс худалдаа, наймаа эрхэлдэг хүмүүсийн ажлын байр хадгалагдаж байгаа бол бусад салбар бүхэлдээ уналтад орсон байна. Эндээс өнөөдрийг хүртэл бий болсон салбар бүрийн ажилгүйдлийг яах вэ гэдэг асуулт Засгийн газарт тулгарна. Гэтэл Засгийн газар эдийн засгийг V хэлбэрийнх байна гэж тооцоолж байгаа нь оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болж байна. Уг нь эдийн засаг унаад, эргээд удаан хугацаанд сэргэнэ гэж тооцоолсон бол өнөөдөр арай өөр арга хэмжээ авах байсан. Өөрөөр хэлбэл, хэнээс эхэлж, аль салбараа, ямар хугацаанд хамгаалах вэ гэдгээ илүү нарийн тодорхойлно гэсэн үг. Тиймээс Засгийн газар алдаатай бодлогоо үтэр түргэн засах хэрэгтэй.
Нөгөөтээгүүр, коронавирусийн үед болон дараа эдийн засгаа яаж босгох вэ гэдэг засгийн бодлого тун бүрхэг байх юм. Нүүрсний экспортоос сэргэлт авна гэж төсөөлж байгаа ч нүүрсний экспорт өнгөрсөн оны түвшинд хүрэхэд ойролцоогоор нэг жил зарцуулах төлөвтэй. Учир нь Хятад улс дотоод нөөцөө бүрэн шавхах учраас манайхаас нүүрс авахаа урьтал болгохгүй болов уу. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөх төлөв ажиглагдахгүй байна. Улс орнууд эдийн засгийн хямралд орсон учраас өндөр үнэтэй зэсийг нэг хэсэгтээ л их хэмжээгээр худалдан авч, нөөцлөхгүй байх. Энэ нь зэсээр хийсэн бүтээгдэхүүний борлуулалт тийм ч гүйлгээтэй байхгүйтэй холбоотой. Тэгэхээр түүхий эдийн үнэ, үүний экспортын хэмжээ урт хугацаанд сэргэхгүй гэдэг тактик баримталж бодлогоо томьёолох хэрэгтэй. Эндээс алдах 1.5-2 тэрбум ам.долларыг хаанаас бий болгох, яаж амьдралаа хэвийн түвшинд хүргэх вэ гэдгээ бодох ёстой. Уул уурхайн экспорт 2019 онд долоон тэрбум ам.доллар хүрлээ шүү дээ. Бидний амьдрал энд хүрсэн гэсэн үг. Үүнээс 20 хувь доошлоход хэрхэн, яаж нөхөх вэ гэдэг асуудал тулгарч байгаа биз?
-Манай улсын төсвийн орлогын дийлэнх хэсэг нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас хамааралтай байдаг. Ядахдаа 2020 оны төсвийг өөдрөг төсөөлсөн байдаг. Гэтэл эдийн засгийн хямрал нүүрлэчихлээ. Таны яриад байгаа 1.5-2 тэрбум ам.долларын цоорхойг яаж нөхөх вэ. Таны гаргалгаа юу вэ?
-Нэгэнт орлогын 20 хувь байхгүй тохиолдолд бидэнд хийх ямар алхам байж болохыг бодох хэрэгтэй. Нэгдүгээрт, гадаад эх үүсвэрээ бод. Сая Хятадтай 30 мянган хониор дипломат алхам хийсэн шиг гадна талдаа бид ямар дипломат алхам хийх өөр ямар нөөц байгаагаа сайтар тунгаа. Олон улсын байгууллагуудтай яаж ажиллах, бондын өр болон дэлхийн улс орнуудаас авсан зээлийн бичилтийг яаж тэглүүлэх вэ гэдэг дээр бодлого боловсруулагчид өнөөдөр ухаанаа уралдуулж байх ёстой. Дефолт руу ойртох нь тодорхой учраас өр, зээлээ тэглүүлэх санаачилга гаргах хэрэгтэй. АНУ хоёр, Япон нэг их наяд ам.долларын мөнгөний нийлүүлэлт хийж байна. Энэ мэт их дүнтэй мөнгөнүүд зах зээлийн нэг талаас зутгаж байна. Тиймээс нөгөө талд хөгжиж буй орнуудын өрийг хэрхэх асуудал ч мөн сөхөгдөж байгаа тул ядаж санхүүгийн шинэ хэрэгсэл гаргах арга замыг эрэлхийлмээр байна. Наад зах нь, бондуудаа ОУВС-тай ярилцаад Японы Засгийн газрын хүү багатай зээл болгомоор юм. Одоо л хөдлөх алтан боломж шүү дээ. Ухаантай баймаар даа.
Нөгөөтээгүүр, унасан экспортын орлогыг юугаар нөхөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үндсэндээ 12 дугаар сард нөхөх шаардлага тэртэй тэргүй үүснэ. Энэ чиглэлд бид юу хийж чадах вэ, хэрхэн хөрөнгө татах вэ, яаж хүмүүсээ ажиллуулах вэ гэдгээ одооноос бодох ёстой. Ажиллах хүчний 10 хувь нь уул уурхай, 90 хувь нь бусад салбарт байна. 90 хувийн таван хувь нь экспорт хийдэг үлдсэн 85 хувь нь дотоод хэрэглээнд явж байна. Тэгэхээр 20 хувийн экспортын уналт нь төгрөгийн ханшийг тэр хэмжээнд алдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ам.доллар 2700 төгрөгөөс 3300 төгрөг рүү унавал яах вэ? Тиймээс экспортын 1.5-2 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх арга замыг Засгийн газар өнөө, маргаашгүй гаргахгүй бол намар борлуулалт хийгдэхгүй, улмаар ирэх жилүүдэд эдийн засаг улам доройтно.


-Танд ямар гарц харагдаж байна вэ?
-Бидний хийж чадах нэн тэргүүний ажил бол хөдөө аж ахуй. Улаанбуудай, тэжээлийн ургамлын тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлж, гурилан бүтээгдэхүүн болон малын тэжээлийг экспортлох замаар орлогоо нэмэгдүүлэх боломж бий. Мөн мах, махан бүтээгдэхүүнээ зөв менежментээр, тохирох зах зээлд нийлүүлж чадвал дахиад ч боломж нэмэгдэнэ. Дараа нь дотооддоо үйлдвэрлэж буй эм, бэлдмэлүүд болох “Монос”, “Ази фарм”, “Чакра” гэх мэт компанийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах. Дээрээс нь сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт байна. Энэ мэт экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Засгийн газрын бодлогоор яг одооноос эхлүүлэх ёстой. Ялангуяа, улаанбуудай, тэжээлийн ургамлын тариалалт дээр асар өндөр ач холбогдол өгч, махны экспортод довтолгоо хийх хэрэгтэй. Энэ бол маш тодорхой гарц шүү. Үнэндээ Хөдөө аж ахуйн сайд нь ашиг харж, ах дүү, найз нөхдөөрөө бизнес хийлгэдгээ болимоор байна. Төр гэж байгаа бол хүнсний салбартаа хамгийн ухаалаг схемээр, зөв хуваарилалт хийж, өндөр ашигтай экспорт хийх хэрэгтэй.
-Коронавирус дэгдсэнээр зарим салбарт өөрчлөлт ажиглагдаж байгаагийн нэг нь алт тушаалт. Алт тушаалт нэмэгдэхэд хилээ хаасан нь нөлөөлсөн. Уг нь татварын бодлогоо зөв тодорхойлбол үнэт металлаа гадагш алдахгүй байж болох уу?
-Засгийн газар алтны татварынхаа учрыг яаралтай олж, дотооддоо авч, арилжаагаа зөв хиймээр байна. Салхитын мөнгөний орд дээр хийсэн шигээ бусад алтны уурхайнуудыг байгаль орчинд ээлтэйгээр сэргээхгүй бол бас л хямрал ангал руу орж мэдэхээр байна. Үнэнийг хэлэхэд, энэ сард хүмүүст уналт мэдэгдэхгүй, байгаа бүх нөөцөө барж иднэ. Ирэх сард бас л нөлөө үзүүлэхгүй, учир нь бүгд сонгуулийн ухуулагчийн цалингаар яаж ийгээд амьдарчихна. Ингээд долдугаар сард бүгд зугаалгаар яваад, амралтын байдалтай мартагдана. Сонгуулийн дараа УИХ солигдоно, долдугаар сард парламент бүрдэх хүртэл Засгийн газрын бүх яам, агентлаг ажил хийхгүй нь ойлгомжтой. Гэтэл Хөгжлийн банкны байгаа нөөц, хөрөнгө оруулах чадвар нь 600-хан тэрбум төгрөг байна. Хэрэв энэ нөөцөөсөө Хөгжлийн банк дээр хэлдэг хоёр салбарт бүтэн санхүүжилт хуваарилахгүй бол наймдугаар сараас бүгд уналтад орно гэдгийг дахиад хэлье.
-Засгийн газраас ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь сард 200 мянган төгрөг олгох гэх мэт цар тахлын эсрэг үе шаттай арга хэмжээнүүдийг авч байгаа ч үр дүнгээ өгөхгүй байх шиг. Өдөр бүр л ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Ажлын байрыг хадгалахын тухайд, гаднаас нь харахад ямар онч бодлого үгүйлэгдэж байна вэ?
-Ажлын байрыг хадгалах тухайд, үйлчилгээний салбаруудаа энэ цаг үед нээж, хоригуудаа болих хэрэгтэй. Ард түмнийг худал айдаст автуулж, сонгууль хийх гэсэн дүрээсээ гармаар байна, эрх баригчид. Сургалтын төв, цэцэрлэг, ахлах ангийнхны хичээлийг нээ л дээ. Манайд ханиадны улирал хэдийнэ дуусчихсан, уучлаарай. Одоо ханиад байхгүй. Коронавирус дотоодод тархаагүй байхад хамаг бүхнээ хаагаад байгаа нь гамшиг болж байна. Хилээ хаачхаад хэдүүлээ дотроо сайхан амьдарч болох л байлтай. Шөнөжин орилоод байгаа караоке, диско баараа хааж болно, гэхдээ бусдыг нь нээ л дээ. Хамгийн ойлгомжгүй нь, битүү зах, худалдааны төвүүд нээлттэй хэрнээ сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагууд хаалттай байгаа нь үнэхээр утгагүй.
Зүй нь, ажлын байр хадгалах хамгийн найдвартай арга нь ААН-үүдийн зээлийн хүүгийн дарамтыг багасгах. Ингэхгүй бол ямар ч компанид цааш явах итгэл үнэмшил төрөхгүй, улмаар олон компани дампуурах эрсдэл үүслээ.Угтаа арга нь их тодорхой шүү дээ. Зарим нэг эрүүл зээлийг ЖДҮ-ийн зээлээр солих. Зарим нэг чанаргүй зээлийн хүүгийн зөрүүн дээр ажилла. Зээлийн ангилал нь нэг бүрчлэн гарсан, бүгд тодорхой байгаа. УИХ-ын хэн гэдэг гишүүн хэлснийг мэдэхгүй ч, 500 сая төгрөгөөс доош зээлтэй компанийн зээлийг ЖДҮ-ийн гурван хувийн хүүтэй зээлээр солих санаачилга хэрэгжвэл хамгийн зөв алхам болно. Ингэвэл банкуудын мөнгө суларч, тэд бага хүүтэй зээл гаргаж эхэлнэ. Мөнгө алга болдоггүй. Нэг газраас нөгөө газарт бичилт хийгээд дамждаг. Суларсан эх үүсвэрээ хааш нь гаргаж, ашиг олох тухайд хүн толгойгоо гашилгаж эхэлнэ биз дээ? Тиймээс 500 саяас дооших эрүүл зээлийг бүгдийг нь ЖДҮ-ээр солих хэрэгтэй.
-Төсвөөс зарцуулж буй санхүүжилтийг харахад дийлэнх нь барилгын салбарт хуваарилсан байх жишээний. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт ажлын байр олноор бий болгодог, орлогын хүртээмж сайтай салбар тэр чигтээ орхигдоод байна л даа?
-Энэ сарын эхээр тариалалт эхлэх ёстой байсан ч тариалагч компаниуд эргэлтийн хөрөнгөгүйн улмаас асар үнэтэй цагаа хий дэмий алдаж байна. Эрх баригчид эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд сонгуулиа л харзнаад байх шиг. Энэ чигээрээ байвал ирэх дөрвөн жилд эрх мэдэлтэй хүн зовлонгийн далай болно шүү. Маш олон шөнө нойргүй хонох, эцэс төгсгөлгүй их ажил хүлээж байгаа гэдгийг бодож, одоо л зөв алхам хийх хэрэгтэй.
-Та сургууль, соёлоо нээх хэрэгтэй гэлээ. Гэвч салбар яам нь цахим сургалт үр дүнтэй байна гээд байгаа. Гэхдээ энэ цаг үед хүүхдүүд, ялангуяа, төгсөх ангийнхан ихээхэн хохирч байна. Та энэ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд зурагтаар зааж байгаа цахим хичээлийн агуулгад ямар дүгнэлт өгөх вэ?
-Байгалийн ухааны хичээлийг цахимаар заагаад явахгүй ээ. Онлайн болон телевизийн сургалт хоёр хоорондоо тэс өөр байдаг номтой. Онлайн сургалт нь багштайгаа шууд харьцдаг тавилт нь өөр. Тиймээс онлайн хичээл гаргахын тулд их бодлого боддог, үүнийг багш өөрөө хийдэг юм. Түүнээс биш самбар дээр зааж байгаагаа цахим хичээл гэж нэрлээд өөрсдийгөө хуурч болохгүй. Дээр нь ахлах ангийнхныг одоо сургахгүй бол хэцүүдлээ. Танхимын хичээлийг хориглох ямар ч шаардлагагүй. Ахлах ангийнхан одоо бүгд зуслан гараад бүтэн зунжин амраад явлаа. Ингэж хичээл номоос нь холдуулснаар сургуульд суралцаж байсан хүүхдүүдийг огт өөр хүн болгож, эрдэм мэдлэгт хандах хандлагагүй болгож байна. Хүүхэд сургуульд сурах нь миний үүрэг гэж боддог байсан бол одоо энэ бодол нь сарниж, энэ чигээрээ болдог юм байна гэсэн хандлагатай болж байна. Нэгэнт суусан хандлага хурдан арилдаггүй гэмтэй шүү дээ. Тэд эргээд номондоо ортол эцэг, эхчүүд, манай багш нарыг нэлээд зовоох байх шүү.
-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com