“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм. Тухайлбал, өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоогоод байгаа. Тус дүүрэгт 150 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Ингээд тус сургалт хөл хорионы үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд юуг анхаарах талаарх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар мэдээлэл өглөө.
150 мянга гаруй иргэн оролцох үүрэг хүлээж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Өнөөдөр улс нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, есөн дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтөд цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Энэ арга хэмжээ өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Бид энэхүү дадлага сургуулилтад иргэдийг татан оролцуулна. Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэд энэхүү дадлага сургуулилтад оролцох үүрэг хүлээж байгаа. Тиймээс иргэдийг гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавьж байна. Сургуулилтын дараагийн үе шатанд бид энэ сургалтын үйл ажиллагаагаа дүгнэж, бид ямар нөөцтэй байна, энэ нөөцөө ашиглах боломж нь хэр байгаа, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтөөр юуг сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох ач холбогдолтой. Иргэдийн дунд гурван өдөр хөл хорио тогтооно гэсэн буруу ойлголт яваад байна. Зөвхөн өнөөдөр л Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох юм шүү. Тиймээс иргэд үнэн зөв мэдээлэлтэй байж, энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
63.9 км хилийн зурвасыг тойрсон харуул хамгаалалт гарна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн “Хөл хорио дүүргийн нутаг дэвсгэр дээр 10 цагийн турш үргэлжилнэ. Тиймээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэд оршин суугчид хөл хорио тогтоосон учраас гадуур явахгүй. Банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дотоод ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн. Зарим байгууллагууд ажиллахгүй ажилчдаа амраая гэсэн шийдэлтэй байгаа бол зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжүүд 08:00 цагаас өмнө ажилчдыг цуглуулж, 18:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулах хэлбэрээр дотоод зохион байгуулалт хийж байна. Тиймээс байгууллагууд хөл хорионы үед хэрхэн зохицож ажиллах вэ гэдгээ тооцоолох ёстой.
Чингэлтэй дүүргийн хувьд 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Тиймээс хилийн зурвасыг тойрсон харуул хамгаалалт гарна. Цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний тусламжтайгаар 700 гаруй албан хаагч оролцсон хөл хорионы арга хэмжээ авна.
Шаардлагатай иргэд, албан хаагч, автомашиныг долоон цэгээр оруулж, гаргах зохицуулалт хийнэ
Мөн нэмээд зэвсэгт хүчний анги салбарын алба хаагчид нэмэгдэнэ. Дүүргийн томоохон уулзварууд дээр зэвсэг техникийн авто машинууд орж ирж хөл хорио тогтоох ажиллагаанд оролцоно. Тиймээс иргэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, асуудалд тайван хандах хэрэгтэй. Иргэд магадгүй цэргийн зэвсэг техник ороод ирэхээр цочирдох, айх асуудал гарч болзошгүй учраас энэ нь зөвхөн хөл хорионы дэглэмд зориулсан техник хэрэгсэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний туслалцаатайгаар 2000 гаруй албан хаагч оролцсон хөл хорио тогтооно. Хөл хорионд байгаа иргэд бол эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай автомашин орж гарах шаардлага тулгарна. Тиймээс шаардлагатай иргэдийг долоон цэгээр оруулж, гаргахаар зохицуулалтыг хийнэ. Үнэхээр дэлхий даяар цар тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн коронавирусийн халдварыг дотооддоо, Улаанбаатар хотын хэмжээнд алдах юм бол бид хэрхэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж байгаа энэ хөл хорионы үед шалгах гэж байгаа учраас бид багасгасан Улаанбаатарын хувилбарыг энэ дүүргээс харах юм. Энэ вирус ороод ирвэл нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож таарна. Тиймээс бид сургалтын үйл ажиллагааг 21 хоног буюу 504 цагийн хугацаанд хөл хорио тогтоовол ямар ямар арга хэмжээ авах вэ гэдэг байдлаар тооцож бэлтгэлээ хангасан. Хөл хорио тогтоосон ч иргэдийн амьдрал үргэлжилж байх учраас иргэд хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ямар зарчим, шаардлагыг хангаж ажиллах вэ гэдэгт анхаарах ёстой. Манай дүүргийн 19 хорооноос 13 нь гэр хороолол. Тиймээс иргэдэд ундны усны асуудал хамгийн түрүүнд тулгарна. Тиймээс худгаас иргэд хөл хориотой үед хэрхэн ус авах вэ гэх мэт олон сургалтууд хийх учраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэд үүргээ ухамсарлан, хүлээцтэй хандаж гамшгаас хамгаалах сургуулилтад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг хөл хорио тогтоосон бүс рүү нэвтрүүлэхгүй
Дадлага сургуулилтын талаарх мэдээллийг авахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хөл хориотой бүс рүү нэвтрэх боломж байхгүй. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабаас иргэд, олон нийтэд 12:00 болон 16:00 цагуудад лайваар мэдээлэл хүргэх аж. Тиймээс шаардлагатай мэдээллийг эдгээр цагуудад авах боломжтой юм.
Хөл хорионы дэглэм зөрчвөл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бэлэн байдлын гурван зэргээр ажиллаж байгаа. Өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдал гэж бий. Энэ үед хөл хорио тогтоох, хэсэгчлэн арга хэмжээ авах талаар ярьдаг. Хуулийн дагуу зохион байгуулж байгаа ажил учраас хууль зөрчсөн иргэн аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй гэв. Хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгох юм байна. Нэг өдрийн турш зохион байгуулах учраас 18:00 цагаас бүх зүйл хэвийн байдалд шилжих учраас хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Зайлшгүй шаардлага гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлгөөнд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн хувьд Яаралтай тусламжийн 101,102,103 болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 7000-7105 дугаарт хандаж болно гэдгийг анхааруулсан юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний дараах долоон чиглэлийг
08:00-18:00 цагийн
хооронд зогсооно
1. ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”
2. ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”
3. Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”
4. Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж”
5. Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”
6. Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”
7. Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болж буй дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэд болон авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, долоон чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэлэхдээ “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилт Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагийн хооронд болно. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08:00 цагаас өмнө явах, мөн орой 18:00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Дадлага сургуулилт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ” гэв.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН