“Ардчилал Таймс” сонин долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдийнхээ дуу хоолойг сонсдог “Иргэний индэр” булан ажиллуулдаг билээ. Бид энэ удаагийнхаа дугаартаа “УИХ-ын гишүүнд ямар шалгуур тавьж байгаа талаар иргэдийн үгийг сонссон юм. Уншигч та бүхэн 86106009 дугаарт холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.
Бодит амлалт, үр дүнтэй арга зам, бодлого ярьсан хүнийг УИХ-д сонгоно
Иргэн Н.Эрдэнэтуяа:
Би старт апп компаниа үүсгэн байгуулаад явж байгаа хувиараа бизнес эрхлэгч. Энэ жил бол миний хувьд гурав дахь сонгууль өгнө. Одоо нийгэм маань өөр болсон, мэдээ мэдээллүүд харьцангуй боловсорч, мэдээлэл авах сувгууд маань ч нэмэгдсэн. Би өөрөө залуу хүн яг нийгэмшээд явж байгаа болхоор надад юу хэрэгтэй, хэнийг дэмжвэл миний ажил илүү сайн урагшлах вэ гэдгийг нийгмийнхээ тогоон дотор нь ороод унаж босоод, зовж жаргаад бизнесээ авч явж байгаа хүний хувьд яг өөрийнхөө бодлоор, хүслээр энэ жилийн сонгуульд оролцоно. Энэ жил сонгогч нарт Covid-19 маш их нөлөө үзүүлэх байх. Учир нь энэ хүнд хэцүү цаг үед ард иргэд маань ямар хүн гарвал илүү бодитой ажил хийж чадах, үнэн бодитой бодлого хэрэгжүүлж чадах вэ гэдгийг харах маш том хөшүүрэг болж байгаа. Жишээ нь манай Аялал жуулчлалын салбар 00 зогсолттой байна. Бидний хувьд яаж компаниа авч үлдэх вэ гэдэг асуудал тулгарч байна, хүссэн хүсээгүй ажилчидаа халж байна. Энэ мэтчилэн олон бизнесүүд аль байдгаараа л тэсч үлдэх арга замаа эрэлхийлж байгаа. Тиймээс энэ жил иргэдийн хувьд илүү бодит амлалт, үр дүнтэй арга зам, бодлого ярьсан, үнэн бодит байдал дээр тулгуурласан, хэрэгжих боломжтой зүйл ярьсан тийм л хүнийг сонгох байх. Миний хувьд ч мөн адил. Улс төрд залуу улстөрчид илүү гараасай гэж боддог. Намчирхаад байдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, түүнийхээ төлөө тэмцдэг, шударга, ил тод ярьдаг хэнээс ч хараат бус нийгмийнхээ аль ч бүлэг давхаргын хүмүүстэйгээ ярьж ойлголцож чаддаг улстөрчид илүү гараасай гэж бодож явна даа.
Тэнгэрийн, үлгэрийн мөрийн хөтөлбөртэй хүмүүс бол энэ жил цаашаа шүү
Иргэн: Х.Цацрал
Өнөөдрийн нийгэм ямар байна, дэлхий нийтийн хөгжил хаашаа яваад байна, залуучууд маань юу хүсээд, юуны төлөө тэмүүлээд байна, тэдэнд ямар бодлого хэрэгтэй байна гэдгийг тодорхойлж чаддаг хүн УИХ-д хэрэгтэй байна. Манай улсад баян ядуугийн ялгаа маш их гарч бна. Нийгмийн аль давхаргад ямар зүйл хэрэгтэй вэ гэж сегментчилж, ялгаж салгаж харж чадаж байгаа хүн л хэрэгтэй. Өмнөх жилүүдийг бодвол залуучуудын үзэл бодол, хөгжил, мэдээ мэдээллээ хэрхэн авах, юу нь үнэн юу нь худал болохыг ялгаж, өөрсдийн дуу хоолойгоо хэнд хүргэх гээд бүх зүйл өөр болсоныг сонгуульд нэр дэвшигчид маань ч бас бодох хэрэгтэй. Иргэдийнхээ үзэл бодол, ААН-үүдийнхээ шаардлага хэрэгцээт байдлыг судалж байж мөрийн хөтөлбөрөө гаргах хэрэгтэй. Тэнгэрийн, үлгэрийн мөрийн хөтөлбөртэй хүмүүс бол энэ жил цаашаа шүү л гэж хэлмээр байна. Мөнгө амладаг, худал хөөрөгддөг цаг үе ард үлдсэн . Мөнгө амлахад дуртай хүлээж авах, дэмжих хүмүүс байгаа ч үүний цаана үнэн бодитой зүйл хүлээж байгаа идэр залуу хүмүүс илүү олон байгааг санаарай. Үнэн бодитой, дэс дараатай, биелэгдэхүйц, хэрэгжиж болохуйц мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг л харах цаг үе ирсэн. Ер нь энэ удаагийн сонгууль залуучууд маань, хувиараа ажил хөдөлмөр эрхлэгчид маань илүү идэвх санаачилгатай, сэтгэл гаргаад оролцоосой гэж хүсч байна. Залуу хүмүүс бид нам нам гээд гүйдэг байж болохгүй. Жишээ нь: Гадаад руу ноос ноолуураа, мах махан бүтээгдэхүүнээ гаргая гэхэд л үүнийг шийдээд шийдвэрлээд өгөх хүн хэрэгтэй байна.
УИХ-д нэр дэвшиж байгаа намын болон бие даагчдын мөрийн
хөтөлбөртэй маш сайн танилцаж судлана
Иргэн У.Чимгээ:
УИХ-ын гишүүдийг маш шударга, эх оронч, эх нутаг байгаль дэлхийгээ хайрладаг, үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаардаг, ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулахын төлөө зүтгэдэг, хот, төв суурин газруудын тохижилт, төвлөрөлтийг анхаардаг, хувийн сонирхол бага, эд хөрөнгийн болон баяжих сонирхол багатай, эрх ашгийн зөрчилгүй хүмүүс байгаасай гэж боддог. Одоо УИХ-д нэр дэвшиж байгаа намын болон хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж судална. Үнэн бодит, биeлэх боломжтой, эх орон, газар нутаг, ард иргэдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, шударга үнэний дуу хоолой болох мөрийн хөтөлбөртэй хүнд саналаа өгнө. Eр нь хүмүүс сонголтоо буруу хийснээс эрх мэдэлтнүүдийн дотор улс орон, ард иргэдээ бодохгүй хувийн эрх ашиг хөөж, өөрсдөө баяжиж эх орон газар нутгаа худалдаж гадны мөнгөтэй хүмүүсийн гар хөл бологсод байгаа ч юм шиг санагдах юм. Сүүлийн үeд шинээр баригдсан барилга орон сууц, замын чанар муу байгаа нь чанартай юм хийхийн төлөө биш, дундаас нь зувчуулж өөрсдөдөө ахиухан ашиг олохын төлөө бодож сэтгэдэг албан тушаалтнууд их болсны хар гай гэж боддог.
УИХ-д очихын тулд юу ч гэж иргэдийг төөрөлдүүлэхээс
буцахаа больсон арми бий боллоо
Иргэн Б.Бөхбаатар:
Үнэн хэрэгтээ иргэд бид бүхэн УИХ-ын гишүүний ажил үүргийн хуваарийг төдийлөн мэддэггүй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага учраас тэнд ард түмний, улс эх орны эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавих ёс зүйтэй хүмүүс сонгогдох эрхтэй. Гэтэл энэ байдал өмнөх жилүүдэд эсрэгээрээ эргэсэн. Сүүлдээ дуучин, бөх, жүжигчдэд УИХ хэмээх хууль тогтоох байгууллагад өөрсдийгөө төлөөлөх эрх гарт нь атгуулаад явуулчихдаг. Нөгөө сонгогдсон хүмүүс нь мэдлэггүй, боловсролгүй, мэдрэмжгүйгээсээ болоод оноогдсон үүргээ ойлгохгүй байсаар дөрвөн жилийг үдэж байна. Сүүлдээ УИХ-ын гишүүн гэдэг их хэмжээний мөнгө олж болдог талбар мэт ойлголттой болоод тэр албан тушаалд очихын тулд юу ч гэж иргэдийг төөрөлдүүлэхээс буцахаа больсон хоосон толгойтнуудын арми бий боллоо. Гэхдээ энэ жил иргэдийн хандлага тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, сонгогчийн боловсрол нь дээшилсэн байх гэж бодож байна. УИХ-ын гишүүнээр ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлдэг, жендерийн мэдрэмжтэй, бодит боловсролтой (хэр олон сургууль төгссөн гэхээс илүүтэй ямар туршлага, ур чадвартайг нь харж болохуйц) хүнийг сонгоход би бэлэн байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН