Түм түжигнэж, бум бужигнасан нийслэл Улаанбаатар хотын иргэд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэхэн өглөөг угтан авлаа. Тэр дундаа 150 мянга гаруй иргэд оршин суудаг Чингэлтэй дүүргийн иргэдийн хувьд коронавирусийн хөл хорионы үеийн сургуулилтад оролцох хариуцлагатай өглөөг эхлүүлсэн юм. Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудын өгсөн мэдээллээр тус дүүрэгт 08:00 цагаас 18:00 цаг хүртэл иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажил, амьдралаа урьдчилан зохицуулах талаар мэдээллээд байсан. Өглөөний 07:30 минутын орчимд Хайлаастын 17-гийн автобусны буудал, 32-ын тойрог дагуух замын хөдөлгөөн ачаалал ихтэй байлаа. Магадгүй иргэд хөл хорио тогтоох цагаас урьтаж ажлын байрандаа очихоор тэмүүлж байгаа биз. Замын хажуугаар цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд хэдийнэ бэлэн болсноо илтгэн зогсчээ. Товлосон цаг болоход Чингэлтэй дүүргийн 63.9 километр газрыг хамарсан хөл хорионы бүсийг тусгаарлалаа. Зарим иргэд цагтай уралдан хаа нэг тийш яаран гүйж харагдана. Хэдийгээр энэ үйл ажиллагаа “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилтын ажиллагаа боловч хүн бүр өөрийн үүрэг, оролцоог ухамсарлан төрийн ажил боловч иргэд хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлж байсан юм. Хэдийгээр товлосон цагт тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд болон автомашины хөдөлгөөнийг хориглосон ч гэлээ цагаасаа 5-10 минут хоцорсон иргэдийн учир шалтгааныг ойлгож богино хугацаанд ажлын байран дээрээ очихыг үүрэгдэж байсан. Зарим иргэд хөл хорио тогтоохыг мэдсэн учраас ажлын байран дээрээ хоносон тухайгаа цахим орчинд мэдээлсэн байна лээ. Үүнээс үзэхэд манай улсад төдийгүй дэлхийн түүхэнд ховор тохиолдсон цар тахлын үед иргэд болон төрийн байгууллагуудын хувьд туршлага хуримтлуулах нь зүйтэй гэдгийг ухамсарлаж байгаа бололтой. Ямартай ч манай улс дотроо коронавирусийн халдварыг алдаагүй гэдгээрээ онцлог. Гадаадын улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 41 тохиолдол бүртгэгдээд байгаа ч тайвширч суух цаг одоо биш. Муу ёрлож байгаа ч юм биш. Ямар нэгэн байдлаар дотоодоос тус вирусийн халдвар илэрсэн тохиолдолд хэн юу хийхээ мэдэхгүй, сандралдаж тэвдэхийн оронд ямар ч үед бэлэн байдлаа хангасан байх нь чухал хэмээн үзэж ийнхүү нэг өдрийг, нэг дүүргийг дадлага сургуулилтын бүс болгон ашиглаж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж
үйлчилгээ үзүүлэх боломжтой
Тус дадлага сургуулилтын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас удирдан “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийлээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдсан тус дадлага сургуулилтад НЭМГ-ын харьяа 29 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон. Дадлага сургуулилтаар “Ковид-19” халдварт цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эмч ажиллагсадын хуваарилалт, эмнэлгийн бэлэн байдлыг бодит жишээ /халдвар авсан жирэмсэн эх, хүнд өвчтөн/-нд тулгуурлан үзүүлснээрээ онцлог байлаа.
Сургуулилтын хүрээнд Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь “Ковид-19” халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна. Тус эмнэлэгт нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А, B, C зэрэг гурван бүсэд өвчтөнийг эрэмбэлэн ангилж (өндөр эрсдэлтэй болон ахмад настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид) тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Дараагийн бэлэн байдлаа хангасан эмнэлэг бол “Яармаг-100” эмнэлэг байлаа. Тус эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Өчигдрийн байдлаар 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогджээ. Нэг ээлжинд 90 хүн, нийт гурван ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага, сургуулилт хийлээ. Түүнчлэн үзлэг оношилгооны өрөө, эмчилгээний тасгуудаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөц, эмч ажиллагсадын хувцас өмсөх, солих болон амрах өрөө, ариутгал халдваргүйтгэл, лаборатори зэрэг шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийсэн байна.
Энэ ч утгаараа, халдварын үеийн нөхцөл байдалд өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор нь үзүүлэх тус сургуулилтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө сэргийлэх арга барил, дадлагыг давхар эзэмшиж байгаа нь онцлог гэсэн юм.
Зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол гарсан нь бид бүхэнд маш ноцтой
анхааруулга өгч байна
Сургалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Манай эх оронд КОВИД-19 халдвар 10 гаруй гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол гарсан нь бид бүхэнд маш ноцтой анхааруулга өгч байна. Иймээс халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын дадлага сургуулийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн туршлага бидэнд байгаа. Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллах болно гэж үзэж байна. Уг дадлага сургуулийн үйл ажиллагааг анх удаа цахим хэлбэрээр бүх аймгийн онцгой байдлын комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай холбогдон зохион байгуулж байгаа нь үндэсний хэмжээний дадлага сургуультай дүйцэхүйц түвшинд болж байгаад Улсын онцгой комиссыг онцгойлон сайшааж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах
байранд байрлуулна
“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд иргэд эмнэлгийн байгууллагаар хэрхэн үйлчлүүлж, нийгмийн амьдралд хэрхэн оролцох талаарх дадлага сургуулилт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр үргэлжиллээ. Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд тус эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийг хоёр метрийн зайтай дарааллын дагуу үйлчлүүлэхийг зөвлөх бөгөөд асуумжинд хариулж, халуунаа хэмжүүлсэн иргэдээс сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлгийн үүдэнд урьдчилан бэлдсэн асарт оруулан шинжилгээ авах аж. Харин ямар нэгэн эрсдэлгүй иргэдийн хувьд ногоон шугамын дагуу зорчиж эмнэлгийн үйлчилгээ авах юм. Ингээд эрсдэлтэй гэж үзсэн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу 10 минутын дараа гарахад коронавирусийн халдвар илэрвэл шинжилгээ авч байгаа асрын цаана байрлуулсан өвчтөн тусгаарлах байранд түр байрлуулж ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн баг хамт олныг дуудсанаар өвчтөнийг зөөвөрлөх аж. Харин Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлын иргэдийг Яармагт тусгайлан бэлдсэн тусгаарлах байр луу авч явсан юм. Тус бүс нутгийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг автомашинаар болон явганаар хийж гүйцэтгэж байлаа. Халдварын тогтоосон бүс нутаг руу орохдоо тусгай заасан хөх бүсээр орох юм. Халдварын тохиолдол хэд бүртгэгдсэнээс хамаарч ариутгал халдваргүйжүүлэлтийг хэдэн цаг тутамд хийхийг заасан байдаг байна.Тус үзүүлэн сургалтад энгийн иргэдийг оролцуулаагүй бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий цөөн тооны ХМХ-ийн сэтгүүлчдийн халууныг хэмжиж нэвтрүүлж байсан юм.
Коронавирусийн үед хүнсний дэлгүүрүүдийн хангалтыг төвөөс нийлүүлнэ
Дараагийн үзүүлэн сургалт тус дүүргийн 15 дугаар хороонд үргэлжиллээ. Иргэд коронавирусийн халдвар гарсан хөл хорионы үед хүнсний дэлгүүр болон зөөврийн ус авахдаа ямар халдвар хамгааллын дэг журам барих талаар үзүүлсэн юм. Айл өрхүүдийн хувьд нэг иргэнийг сонгон дэлгүүр лүү явуулах аж. Коронавирусийн үед хүнсний дэлгүүрүүдийн хангалтыг төвөөс нийлүүлж тодорхой зөвлөмжийн дагуу ажиллах юм. Түүнчлэн цар тахал гарлаа гэхэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг гэр бүлийн гишүүдийн тоогоор олгох зохицуулалтыг хийсэн байна. Хөл хорионы үед хүн амын зайлшгүй хэрэглэх есөн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мэргэжлийн байгууллагаас гаргадаг байна. Иргэд хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хоёр метрийн зай авч халуунаа үзүүлэхээс гадна хүнсээ бичүүлэхдээ мөн адил тогтоосон зайг барих юм. Зөөврийн усан хангамжийн хувьд худгуудад усны машин зөөврийн усаа нийлүүлэхээс өмнө МХЕГ-ын мэргэжилтнүүд урьдчилан шинжилгээ авах бөгөөд чанарын шаардлага хангасан усыг худагт нийлүүлсний дараа иргэд усаа авах боломжтой болох юм. Иргэд ямар ч үед амны хаалтаа зүүж, хоорондын тогтоосон зайг мөрдөх ёстой байна.
Хөл хорионы бэлэн байдлын үед тусламжийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг зорилтот айлын хашааны гадна тавина
Хөл хорио тогтоосон үед амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд МУЗН-ээс нэн шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүргэх дадлага сургуулилтын ажлаар үргэлжилсэн юм. Хөл хорионы бэлэн байдлын үед тусламжийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг зорилтот айлынхаа хашааны гадна аваачиж тавих бөгөөд тухайн айлын иргэдтэй утсаар холбогдож хүнсний бүтээгдэхүүнээ авахыг сануулах юм байна. Энэ ажлын үр дүнд хүнсний бүтээгдэхүүнийг гараас гарт дамжуулахгүй, ямар нэгэн эрсдэлгүй байдлаар зорилтот бүлгүүддээ хүргэхийг зорьж байгаа аж.
300 гаруй иргэн шаардлагыг зөрчиж, сануулах арга хэмжээ авхуулсан байна
Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийхээр Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарласан билээ. Эцэст нь УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр дадлага сургуулилтын талаар хэлэхдээ “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн ард иргэд биднийг дэмжиж, маш сайн оролцлоо. Нийт иргэддээ талархал илэрхийлье. Тогтсон цаг болсон учир дадлага сургуулилт, хөл хорионы хязгаарлалт дууссаныг мэдэгдсэн юм. Дашрамд дуулгахад, онц байдал зарлан, хөл хорио тогтоож иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан ч 300 гаруй иргэн шаардлагыг зөрчиж, сануулах арга хэмжээ авхуулсан байна.
Зарим иргэдийн хувьд цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед нэг өдрийн ч гэсэн ажил, орлогоо алдсандаа бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ өдрийн орлого алдсан явдалд хэн ч хариуцлага хүлээхгүй учраас иргэдийн нуруун дээрх санхүүгийн байдал улам хүндэрч байгааг хэлж байна. Коронавирусийн цар тахал, манай улсын УИХ-ын ээлжилт сонгуулийн жил давхцсанаар нийгэмд ээдрээтэй хийгээд эргэлзээтэй асуудлууд бий болсоор л байгаа юм. Үнэндээ эрх барьж байгаа МАН-ынхны хувьд коронавирусийн үеийн хөл хориог үргэлжлүүлэх нь энэ удаагийн сонгуульд амжилттай оролцох хөзрийн тамга нь ч байж болох. Учир нь тэд өрсөлдөгчдөдөө өөрийгөө таниулах боломж олгохгүй байх бас нэгэн тактик ч байх талтай. Ямартай ч олон хүний хүч хөдөлмөр зарцуулсан нэг өдрийн хөл хорио өндөрлөх мөчид МАН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинг Чингэлтэй дүүрэгт сойх талаарх мэдээлэл чих дэлсээд амжив. Үнэхээр нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс онцгойлон Чингэлтэй дүүргийг сонгож олон иргэдийн хичээл зүтгэлийн үр дүнд зохион байгуулсан энэ арга хэмжээ нь УОК-ын дарга, Шадар сайдыг дахин УИХ-д зүтгүүлэх далд санаархал агуулж байсан эсэхийг удахгүй харах л үлдлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН