Д.Соёмбо
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурван өдөр үргэлжилж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1 буюу үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Яллах шийдвэрийг энгийнээр тайлбарлавал, нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгажээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дээрх яллах шийдвэрийг үндэслэж шүүгдэгч М.Энхсайханы нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор болжээ. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.
Д.Оросоо: Нэг талыг барьж мөрдөн байцаалт явагдсан
Шүүх хурлын дараа М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Санал нийлэх үү?
-Үгүй. Нэг талыг барьж мөрдөн байцаалт явагдсан. Шинжээч нар алдаатай дүгнэлт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу боловсруулж, тухайн үеийн Засгийн газар хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан. Энэ төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Тэгээд ч гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажуулаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдээгүй гэсэн үг. Гэрээний төсөл боловсруулсан л үйл явдал. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Прокурорт буцааж дахин шалгах хангалттай боломж байсан. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд хандана.
-Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангийг нэгтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүллээ гэж шүүгч тайлбарласан?
-Дээрдүүлсэн юм биш. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа цаг хугацаанд хэрэглэж байсан хуулийг буюу 2002 оны хуулийг хэрэглэсэн бол дээрдсэн гэж үзэх байлаа. Үүнээс гадна миний үйлчлүүлэгч М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид албан хэрэгцээнд зориулан 130 сая төгрөгөөр худалдаж авсан "Lexus 570" маркийн автомашиныг өнөөдрийн ханшаар (элэгдэл хорогдлыг тооцон) 75 сая төгрөгөөр үнэлж, зөрүү 55 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэж үзсэн байна. Гэтэл өнөөдөр 200, 300 саяын үнэтэй жийпүүдийг М.Энхсайханаас өөр дарга унадаггүй, төрийн мөнгөөр авдаггүй байсан гэж үү. Одоо ч авч, унаж байгаа шүү дээ. Тэр машин одоо төрийн өмч хэвээр байгаа.
Өнөөдөр төрийн мөнгөөр авсан, шатахууны мангас болсон, гялгар хар машин албандаа хөлөглөж давхиа бүх дарга, сайдад дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй болов уу. Тэгж байж шударга ёс жинхнээсээ утгаа олно шүү дээ.
М.Энхсайхан: Мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий
Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан, шүүгдэгч М.Энхсайхан дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болсон шүүх хурлын өмнө хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр “Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр лүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улс төржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм. Хэрэв хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд олон том төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсч байна” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН