Б.ЧИМЭГ
Чингэлтэй дүүргийн 16-р хороонд өнгөрөгч гуравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө 57,30 настай хоёр иргэн сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон хэрэг гарчээ. Энэ явдлаас хойш 57 настай эмэгтэй огт ухаан ороогүй байдалтай байгаа бөгөөд 30 настай эмэгтэй эмнэлгийн асаргаанд байна. Бид тэдний ар гэртэй холбогдож болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Хохирогчийн хүү П.Пүрэвжаргал ярихдаа, “Гуравдугаар сарын 27-ны орой ээж маань ажлаасаа тараад гэртээ очсон байдаг. Харин дүү маань 22 цаг хүртэл хөршийндөө байж байгаад гэр лүүгээ орсон.
Түүнээс хойш хэнтэй ч ямар ч холбоогүй байж байгаад өглөө хөрш айлын хүн нь 12 цагт орж хараад унтаж байна гэж бодсон байгаа юм. Хоёр цагийн дараа ороход нь яг хэвэндээ байсан тул над руу залгаж мэдэгдээд, түргэн тусламж дуудсан. Би дуудлага аваад шууд Нэгдүгээр эмнэлэг дээр очсон. Түргэн дуудах үед цагдаа, Онцгой байдлынхан ирээд угаартсан байна гэж дүгнэсэн байна лээ. Тэгээд зуухны үнснээс дээж аваад явсан гэсэн. Одоогоор тийм ийм хариу гарлаа гэж мэдэгдэл ирээгүй байна. Ер нь мэргэжлийн байгууллагуудаас ямар ч хариу мэдэгдэл алга. Тухайн үед үнснээс дээж авч байгаа нь дутуу шаталттай байж болзошгүй гэж үзсэн байгаа юм. Гэхдээ энэ шахмал түлш чинь бүтэн шаталт явсан ч үнс нь бондгор хэлбэртэй хэвээрээ байдаг. Тэр байдлыг харчхаад Онцгой байлынхан газар дээр нь ажиллахдаа дутуу шатсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Би хэд хоногийн өмнө гэртээ очоод тэр үнсийг хатгаж үзэхэд шууд бутраад унасан. Тийм учраас тэнд ямар ч дутуу шаталт байхгүй гэж үзэж байгаа” гэлээ. Тухайн айл жирийн ханан пийшинтэй байсан бөгөөд өвлийн турш энэ түлшийг заавар, зөвлөмжийн дагуу яндангаа хөөлөөд хэрэглэж байсан гэнэ. Хохирогчийн ар гэрийнхний таамаглаж буйгаар гадаа дулаан болох үед соролт нь багасаад, дотор тал руугаа үлээж эхэлдэг. Шахмал түлш өөрөө ямар ч утаа байхгүй, үнэр байхгүйн дээр химийн бодисоо буцааж үлээгээд түүнд нь угаартсан гэж байна.
Үүнээс гадна тухайн айлд утаа мэдрэгчийг дээрх үйл явдал болохын өмнөх өдөр нь өгсөн гэнэ. Ингэхдээ ямар ч заавар зөвлөгөө өгөөгүй бөгөөд зүгээр л тэр төхөөрөмжөө өгчхөөд явжээ. Хохирогчид төхөөрөмжийг яаж ажиллуулахаа мэдэхгүй, зайг нь хийхэд тасралтгүй дуугараад байхаар нь эвдэрхий гэж бодоод унтраагаад тавьчихсан аж. Үнэнийг хэлэхэд, утаа мэдрэгч тараалаа л гэнэ. Яаж ажилладаг, дуугарч байгаа нь ямар утгатай болохыг мэдэхгүй хүн олон байгаа нь нууц биш. Аль аравдугаар сараас түлшээ худалдаанд гаргачхаад хагас жилийн дараа л утаа мэдрэгчээ тарааж байгаа төр засгийн бодлогыг юу ч гэх вэ.
Харин өдгөө эрүүл саруул ажиллаж, амьдарч явсан ээж дүү хоёр нь хоёулаа угаарын хийн гүн хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Энэ талаар П.Пүрэвжаргал ярихдаа “Дүү маань угаартсанаасаа гурав хоногийн дараа ухаан орсон. Түүнээс хойш тогтмол эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь тогтворжсон. Их орон гаран, мартамхай байдал ажиглагдаж байгаад арав хоногийн өмнөөс огцом бие нь муудсан. Ямар ч ой ухаангүй, дөнгөж уулзаад салсан хүнээ санахгүй болсон. Юм хэлэхээр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, алхаж гишгэх асуудалтай болсон. СЭМҮТ-д үзүүлэхэд эмчилгээний дараах хордлого гэсэн оноштой, тэнэгрэлийн эхний шинж илэрсэн байна гэсэн. Ээж Нэгдүгээр эмнэлэгт 24 хоноод, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 15 хоног эмчлүүлж байна. Энэ хугацаанд ямар ч өөрчлөлт гараагүй, ухаан байхгүй. Дүү маань хувийн эмнэлэгт мэдрэлийн эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь энэ хугацаанд нийт таван сая төгрөгийн эм тариаг гаднаас авч хийлгэсэн байгаа. Гадаад явж эмчлүүлэх зөвлөгөө өгөх нь байтугай эмч нар маань эмнэлгээс гарахыг шаардаж байна. Тархины үхжилт явагдсан, тархи нь бусад эрхтнээ ажиллуулж дийлэхгүй биеийн байдал хүнд гэсэн мөртлөө ор хоног дууссан эмнэлгээс гар гэж шаардаж байна. Ухаангүй ээжийгээ аваад би хаачих вэ. Шатлалынхаа дагуу өрхийн эмнэлэгт очих болж таараад байгаа юм. Тэнд ээжид минь хэрэгтэй аппарат, хэрэгслүүд байхгүй шүү дээ. Хаана хандаж, хаашаа очихоо мэдэхгүй хэцүүхэн байдалтай байна” гэсэн юм. Яг одоогоор эдний гэр бүлийнхэн ээж, дүү хоёроо эрүүл саруул болгоход л анхаарал хандуулаад, гомдол санал гаргаж хөөцөлдөх сөхөөгүй явна. Төрийн байгууллагуудаас ч тодорхой хариу өгөөгүй, нийгэмд дуулиан шуугиан болгохгүй нам дарах сонирхолтой байгаа бололтой. Ямартаа ч өдгөө настай ээж нь эмнэлэгт хүргэгдээд 40 хоног ухаангүй, цэл залуу 30 настай дүү нь мэдрэлийн эмчилгээ хийлгэж суухад төр засгаас болоод Тавантолгой компаниас нэг ч удаа холбогдоогүй ажээ.
Монгол Улсын иргэн эрүүл саруул, амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгаад хэн хариуцлага хүлээх вэ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН