УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр баасан гарагт Авлигатай тэмцэх газарт хандан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулах хүсэлтээ гаргав. Тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 13-нд УЕП Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг. Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна.
Тэгэхээр энэ бүх үйл явц нь УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж. Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй байна гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан. Хоёр ялгаа байгаа нь он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна” гэв.
Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Энэ бүхэн таны бие даан нэр дэвшихээ зарласантай холбоотой юу?
-УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчдын нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд АТГ-аас намайг дуудан яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц. Бид өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг өгье. Гол нь намайг ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй. Нотлох баримтаа бүрдүүлж тайлбараа бэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй байна гээд гарын үсгээ зураад АТГ-аас гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 30-ны өглөө НПГ-аас надад яллах дүгнэлт үйлдсэн. Хэдийгээр яллагдагчаар татагдсан ч гэсэн эрх үүрэг бий. Нотлох баримтаа шалгуулж тайлбар өгөх өөрийнхөө гэм буруугүйг нотлох боломжийг хангах ёстой. Гэтэл ямар ч тийм боломж олголгүй яллах дүгнэлт үйлдчихсэн, ирж ав гэсэн. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн учраас би очиж аваагүй. Өчигдөр намайг албадан ирүүлэх шийдвэр гарсан. Уг нь хуулиараа бол НПГ хүчээр авчирч яллах дүгнэлттэй танилцуулах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн. Би бас л үгүй гэсэн. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэвлэлийн мэдээ бэлдээд сэтгүүлчдэд тараасан байсан. Ер нь хуулийн байгууллагууд болох цагдаа, АТГ, НПГ-ын удирдлагууд нь бүгд л улс төрийн томилгоогоор томилогддог. Тэдэнд улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга.
-Танд хуулийн байгууллагад холбоо сүлбээ бий юу?
-Надад тийм зүйл байхгүй.
-Өчигдөр шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд ялын тогтоол уншчихлаа.Түүний араас олон хүний шүүх хурал үргэлжлэх төлөвтэй байна. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
–Ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй ёстой. Хүнээс хамаарч, захиалгаар асуудлыг шийддэгээ л болих хэрэгтэй. Миний сонссоноор машин авах төсөвт өртөг нь 160 сая төгрөгийн эрхийг өгсөн байсан юм байна лээ. Амьхандаа 30 сая төгрөг хэмнээд 130 сая төгрөгөөр lexus 570 автал ял сонсох шалтгаан болж таарлаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 400 сая төгрөгийн машин унаад явдаг л биз дээ. Албан өрөөг нь сэтгүүлчид харсан биз дээ.
–Таны удаа дараагийн мэдэгдлээс харахад МАН дотор нэлээн хагаралтай байгаа юм байна. Тийм үү?
-Хагарлын гол сэжүүр бол мэдээж эрх мэдэл, албан тушаалын байдал мөн үү гэвэл мөн. Тэрүүгээр дайтаж, чулуу шидэлцдэг сэдэв нь 60 тэрбум болон ЖДҮ. Энэ хоёр хэрэгт МАН-ынхан өөрсдөө буруутай. Би ч гэсэн буруутай. Өөрсдөө гэм буруугүй мэт царайлахын тулд Ц.Сандуйгаар туг тахисан. Энэ бол дан ганц Ц.Сандуйгийн асуудал ерөөсөө биш. МАН-ын гишүүд, дарга нарын бүгдийнх нь асуудал шүү дээ. Түүнийг нийгэмд төрийн албыг зарж идсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хамгийн балиар амьтан мэтээр нийгэмд муухай хэлмэгдүүлж яллалаа. ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн иргэдийн боломжийг хулгайлахаас гадна парламентын дархлааг сулрууллаа. Энэ асуудлыг би намаас хөөгдсөндөө хэлж байгаа юм биш.