Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Г.ЭНХБОЛД: МИНИЙ МӨРӨӨДӨЛ БОЛ ДҮҮРГЭЭ АСУУДАЛ, ЗОВЛОН ЯРЬЖ ИРЭХ ГАНЦ Ч ИРГЭНГҮЙ БОЛГОХЫГ ХҮСДЭГ

Б.БАЯР

-БИДНИЙ ХИЙСЭН АЖИЛ, БҮТЭЭСЭН БҮХЭН МААНЬ ИРГЭН ТАНД ЗОРИУЛАГДСАН- 

Галиндэвийн Энхболд бол төрөө түшилцэж, Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд бие сэтгэлээ бүрэн дайчлан, чин үнэнчээр ажилладаг үлгэр жишээ болсон залуусын нэг. Тэрээр Баянгол дүүргийн Төмөр замд өсч торнин, сурч боловсорч, энэ л дүүрэгтээ гал голомтоо бадрааж, одоо дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга гэх хариуцлагатай албыг хашиж байна. Түүний ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдгийг сонирхлоо.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт очлоо. Г.Энхболд даргын өрөөнд нь тус дүүргийн иргэн, өндөр настан н.Цэцэгээ гэх эмэгтэй сууж байна. Тэрээр “Даргатайгаа уулзах гээд ээ” хэмээн инээмсэглэнэ. Гартаа өргөдөл барьжээ. Баянгол дүүргээс хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн иргэдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журмын төслийн хэлэлцүүлэгт санал авч байгаа юм байна. н.Цэцэгээ гуай саналаа нэмэрлэхээр ийн зорьж иржээ. Г.Энхболд даргын хувьд иргэдтэй уулзах тухайлсан цаг, өдөргүй. Иргэд нь хүссэн үедээ ирэхэд хүлээж авдаг, үүд хаалга нь нээлттэй байдаг юм байна. Г.Энхболд дарга ам нээх болгондоо дүүргээ, иргэдээ ярих бөгөөд “Миний мөрөөдөл бол асуудал, зовлон ярьж ирсэн ганц ч иргэнгүй болох юм сан гэж боддог. Би тийм дүүрэг байдгийг ХБНГУ-ын Берлин хотын Шёнефелд дүүрэгт ажлаар явж байхдаа харсан. Шёнефелд дүүргийн засаг захиргааны байранд бүхий л төрийн үйлчилгээний байгууллага нь төвлөрсөн байсан.
Тэгтэл ганц ч иргэн тэнд үзэгдээгүй. Учрыг лавлатал “Бид дүүргийнхээ иргэдийн бүх асуудлыг нь шийдээд өгчихсөн. Хэрэв шаардлага гарвал цахимаар өргөдөл хүсэлтээ өгчихдөг учраас тэдний хувьд энд ирээд байх шаардлагагүй болсон. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний нөлөөллийг багасгаж чадсан” гэж хэлсэн.

Би үүнийг сонсоод машид гайхсан ч дотроо Улаанбаатар хотоо ийм л болгох юм сан, цахим харилцаа бол хөгжлийн түлхүүр юм байна гэсэн мөрөөдөл гэх үү, зорилго гэх үү нэг тийм хүсэлтэй болсон доо. Энэ хүслээ Баянгол дүүргээсээ эхлүүлээд ажиллаж байна даа” гэж байлаа. Г.Энхболд дөрвөн хүүтэй айлын ууган нь. Аав П.Галиндэв нь Архангайнх, ээж Б.Энхээ нь Говь-Алтай аймгийн хүн юм байна. П.Галиндэв гуай насаараа цэргийн байгууллагад ажилласан бол Б.Энхээ гуай 1974 онд Төмөр замын техникумыг төгсөнгүүт Төмөр замд Суудлын вагон депогийн нягтлангаар ажилд оржээ. Б.Энхээ сургуулиа төгсөх жилээ хүүгээ олж хөл нь газар хүрэхгүй баярлаж, намар нь төрөх дөхөөд ирэхэд “Ээжийнхээ дэргэд очиж төрнө” гээд нутаг руугаа явжээ. Ингээд Энхболд Говь-Алтай аймагт мэндэлсэн. Гэсэн ч ээж нь хүүгээ аваад хотод эргэж иржээ. Г.Энхболд энэ тухайгаа “Миний иргэний үнэмлэх дээр төрсөн газар гэдэг дээр Говь-Алтай, Алтай хот гэж байдаг. Ээж минь намайг төрүүлчхээд сар ч бололгүй буцаж ирсэн юм билээ. Манай Төмөр замынхан чинь бүгдээрээ ЧЗ гэсэн үсгээр эхэлсэн регистрийн дугаартай байдаг. Би 1974 оноос хойш яг энэ Баянгол дүүрэгтээ, Төмөр замдаа байсаар л байна” хэмээн инээмсэглээд “Би эндээ өсч өндийлөө, боловсрол эзэмшлээ, ажиллалаа, одоо ч амьдарсаар. Төмөр замын тосгоны хүүхэд дээ” хэмээв. Бага насаа, сургуульд байсан үеэ, төмөр замынхан ямар халуун дулаан харилцаатай, гэр бүлсэг, нэг нэгэндээ хайртай, нэгдмэл байж чаддаг тухай ярихдаа тухайн үеийн Октябрийн районы байр байшин барилгуудыг нэг бүрчлэн дурдаж “Тэгэхэд тэнд тийм байшин байсан. Энд ийм намхан цагаан байшин байдаг байлаа. Хожим дээр нь тийм барилга баригдсан даа” хэмээн дүүргийнхээ үүх түүхийг ч өгүүлж, төмөр замын гэх тодотголтой хүмүүсээ ч дурсах ажээ.
Аравдугаар анги төгсөх жил буюу 1992 онд Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж эхэлсэн ороо бусгаа байсныг ч хэлэх үү, доороо гурван эрэгтэй дүүтэй болохоор аав, ээждээ “Би их сургуульд оръё. Төлбөр төлөөрэй” гэж хэлж зүрхлээгүй гэнэ. “Хэрвээ тухайн үед намайг их сургуульд оръё гэсэн бол аав ээж хоёр минь зүтгэж байгаад намайг төгсгөх л байсан байх. Би чинь арван жилдээ янз бүрийн тэмцээн, уралдаанд орж амжилт үзүүлдэг хүүхэд байлаа” хэмээн Г.Энхболд өгүүллээ.
Тухайн үед төмөр замын ажилчдын хүүхдүүдэд вагоноор зорчиход тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг байсан нь хөрш орнууд руугаа зорчиход их нэмэр болдог байж. Тийм ч болохоор тэр үү Г.Энхболд аравдугаар ангиа төгсөөд наймаанд явж, эцэг эхдээ тус болж эхэлжээ. Тэглээ ч түүнтэй хамт төгссөн хүүхдүүдээс тоотой хэдхэн нь л их сургуулийн босго давжээ. Ингээд үргэлжлүүлэн сурахаа түр хойш тавиад Эрээн, Эрхүү, Москва гээд хойшоо урагшаа явж, наймаа хийж их ч юм үзэж, янз бүрийн улстай нүүр тулжээ. Ингэж яваад ерөөсөө номын дуу сонсъё гээд 2000-2004 онд эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөөд 2007 онд Удирдлагын академийг дүүргэж, дараа нь 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн байна. Ромбо, дипломоо гардаж авах ёслол дээр тэнхимийн эрхлэгч нь “За хүү минь, ажил ажил гэсээр байгаад эрдэм шинжилгээний ажил холдчихдог шүү. Маргаашнаас докторын элсэлт эхэлнэ. Чи шалгалт өгөөрэй” гэж ромбыг нь зүүх агшиндаа хэлж л дээ. Эрхлэгчийнхээ захиасаар маргааш нь ирж шалгалт өгч тэнцээд докторантаар суралцах болжээ. Энэ хавар докторын зэргээ хамгаалахаар бэлтгэж байгаа юм байна.
Айлын ууган хүүхэд учир гурван дүүгээ дагуулах, тэдэндээ анхаарал хандуулах ёстой учир энд тэнд элдэв л ажил хийж явж. Эдийн засгийн сургуульд сурахын хажуугаар ажил хийхээр зарын сонин шагайтал “Жолооч ажилд авна” гэсэн зарыг олж уншжээ. Тэр үед жолооны дамжаагаа дөнгөж төгсчихөөд байсан Г.Энхболдын хувьд энэ зар түүний хувь тавиланг өөрчилсөн гэх үү эсвэл бурхны зурсан заяа төөргийнхөө зам дээр гишгэсэн гэх үү ямартай ч бүхий л сайн сайхан зүйлсийнх нь эхлэл болжээ. Зарын дагуу очиж бүртгүүлчхээд байж байтал хэсэг хугацааны дараа буюу 2002 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр түүнийг дууджээ. Тэгтэл нэг хүн угтаж уулзаад “Машинаа хүлээж ав” гээд түлхүүр өгчээ. Түлхүүр өгсөн хүн бол гавьяат тамирчин, дугуйчин Л.Баттулга юм байна. Ямар хүний жолооч болсон юм бол гэтэл Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэж даргын жолооч болсон шүү гэжээ. Г.Энхболд анх ажилд орсон тэр өдрөө хэзээ ч мартдаггүй гэлээ. Учир нь С.Эрдэнэ даргын жолооч болсноор түүний гэр бүлийн гишүүн болжээ. 2005 онд С.Эрдэнэ даргын охин Э.Содгэрэлтэй гэр бүл болсон байна. “Энэ бол миний бодит үнэн. Хуриман дээр хадам аав минь “Би жолооч зарлуулсан чинь хүргэн ажилд авчихсан байна билээ” гэж ярихад бүгд инээлдэж билээ. Одоо ч гэсэн хааяа түүнийг ярьдаг. Үнэхээр бид хоёр хайр сэтгэлээр учирчээ, үүнийг юугаар ч хязгаарлаж болохгүй юм байна гэдгийг хадам маань ч хүлээн зөвшөөрсөн. Тухайн үедээ биднийг хүлээн зөвшөөрсөн хадам аавдаа баярлалаа гэж ганц ч удаа хэлж байгаагүй юм байна шүү. Надад итгэсэн юм байна лээ. Энэ мөчид танай сониноор дамжуулж баярлалаа гэж хэлье” хэмээн чин сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Г.Энхболдын том охин нь өвөө эмээ дээр өссөн бөгөөд аавыгаа МУИС-д эдийн засгийн сургуульд магистрт сурч байхад охин нь хамт баклаврт нэг сургуульд сурч байжээ. Энэ тухайгаа “Аав, охин хоёр их сургуульд хамт суралцахад инээдэмтэй хөгжилтэй тохиолдлууд их болдог байж билээ” гэлээ.
Э.Содгэрэл, Г.Энхболд хоёр 2007 онд хүүтэй, 2017 онд охинтой болжээ. Хүүхдүүд нь аавтайгаа тоглох дуртай. Хүү нь шатарт сонирхолтой. Амралтын өдрүүдээ гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг ч ажлын ачааллаас болоод сүүлийн үед энэ тал дээр чамлахаар байгаагаа нуусангүй. “Наад асуудлаас чинь болоод би гэр бүлийнхнийхээ зүгээс шүүмжлэл сонсоод байгаа шүү” хэмээгээд “Гэхдээ яалаа гэж гэр бүлээ орхигдуулах вэ. Хүүхдүүд минь агаарт гаръя, салхинд гаръя, чаргаар гулгая гэхээр аль болох хүслийг нь биелүүлэхийг хичээлгүй яах вэ. Сардаа нэг хоёр удаа хүүхдүүддээ зорьж байгаад цаг гаргадаг даа.
Миний ажил алба урагштай сайн явж байгаа нь зөвхөн Энхболд гэдэг хүний хөдөлмөр биш. Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэдэг үгийг чинь би нотолж байгаа хүн дээ” гэлээ. Э.Содгэрэл хувиараа ажил эрхлэхийн сацуу хоёр хүүхдээ өсгөх, нөхрийнхөө ар талыг бат байлгахын тулд гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориулсан эзэгтэй.
Г.Энхболд даргын юу өмсөх, ямар хувцас сонгох, ямар хэмжээ дамжаатай, ямар материалтай хувцас сонгохыг нь гэргий нь л мэднэ. “Би нэг удаа аминдаа санаачилга гаргаад өөртөө хувцас авсан чинь багадуулчихсан. Түүнээс хойш дахиж өөртөө хувцас авахаа больё гэж шийдсэн шүү” гэлээ.
Г.Энхболд даргынх бусдын адил наадам, цагаан сар, шинэ жил, хүүхдийн баяр гээд монголчуудын өргөнөөр тэмдэглэдэг баяруудыг хамтдаа өнгөрүүлнэ. Ялангуяа наадмаар гэр бүлээрээ наадмын талбай гарч, хуушуур иддэг уламжлалтай. Эднийх Төмөр замдаа нэг өрөө байранд анх гал голомтоо бадрааж байжээ. Түүнийг дугуйн спортод сонирхолтой болгосон хүн нь Л.Баттулга юм байна. Мөн гавьяат тамирчин, нэрт дугуйчин Ж.Өлзий-Оршихтой их дотно сайхан нөхөрлөж, хүндэлж явдаг байжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын хурлын дарга, Баянгол дүүргийн АН-ын даргын албан тушаалтай учир түүний ажлын өдөр маш завгүй өнгөрдөг юм байна. Дүүргийн иргэд Г.Энхболд даргатай уулзаж тусламж, дэмжлэг хүсч, санал бодлоо солилцох дуртай.
Г.Энхболд 2005 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Хяналтын байцаагчаар ажиллаж төрийн ажлынхаа гарааг эхлүүлжээ. 2008 оноос дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшсэн ч сонгогдоогүй юм байна. 2012 онд амьдарч байсан хоёрдугаар хорооноосоо ИТХ-д дахин нэр дэвшээд төлөөлөгчөөр сонгогджээ. Мөн тэр үеэс Засаг даргын орлогчийн албан тушаалыг давхар хашиж 2016 онтой золгосон байна. Ингээд 2016 оны орон нутгийн сонгуулиар мөн л хоёрдугаар хороондоо нэр дэвшиж сонгогдоод, дүүргийнхээ ИТХ-ын дарга болж одоог хүртэл амжилттай ажиллаж байгаа юм.
Г.Энхболдод дүүргийнх нь иргэд нь ам сайтай. Учир нь дүүргээ мэддэг, дүүргийнхээ жаргал зовлонг биеэрээ мэдэрдэг, унаган хүүхэд гэж дотночлох дуртай, аргагүй юм. Дүүргээ түүн шиг мэддэг залуус цөөн. Г.Энхболд даргын хувьд аливаа бүтээн байгуулалт, шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдээсээ саналыг нь авахыг чухалчилдаг онцлогтой. Иргэдтэйгээ хэлэлцэж, санал бодлоо солилцож, зөвшилцөх зарчмаар ажлаа явуулдаг учир түүний эхлүүлсэн ажил болгон амжилттай болж, 230 гаруй мянган хүн амтай Баянгол дүүрэг бүхий л үзүүлэлтээрээ нийслэлдээ тэргүүлдэг.
Баянгол дүүргийнхэн гэр хорооллуудаа амины орон сууцжуулах ажлыг идэвхжүүлж байгаа бөгөөд мөн зорилтот бүлгийн иргэдэд зориулж түрээсийн байрны хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүлэхээр болжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗУСЛАН ЗУРГАДУГААР САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 Баянгол дүүрэг Тэрэлжид хүүхдийн зуслан бүтээн байгуулж байгаа бөгөөд ирэх Хүүхдийн баяраар уг зуслан нээлтээ хийх аж. Нэг удаадаа 400-500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Мөн өвөл утааны үед хүүхдүүдийг тэнд байрлуулж, хичээлийг нь хийлгэж байх санал ч иргэдээс гарчээ. ТЭЦ IV станцын урд 54 га талбай бүхий Баянгол дүүргийн Агро парк бий. Тэнд сурагчид очиж мод тарьж, ургамал цэцэгстэй танилцаж танин мэдэхүйгээ тэлдэг бол иргэд хүлэмжнүүдэд нь өрхийн хэрэгцээний нарийн ногоогоо тарих боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Тэнд өнгөрсөн жил Германаас авчирсан сайн чанарын 10 мянган суулгацыг авчирсан бөгөөд энэ хавраас дүүргийнхээ гудамж талбайд суулгах юм байна. Энэ хугацаанд Баянгол дүүрэг дөрвөн том, 10 өрхийн эмнэлэг нийтдээ 14 эмнэлэг шинээр барьжээ. Ингэснээрээ нийслэлийн хэмжээнд иргэдэд нь эмнэлгийн ор хангалттай гэсэн үзүүлэлттэй дүүрэг болж чаджээ.
Мөн тус дүүрэг “Хуримын ордон” -той болсон байна. Энэ мэтээр Г.Энхболд дарга дүүрэгтээ хийж байгаа, хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.
Миний мөрөөдөл бол дүүргийн засаг захиргааны байран дээр зовлон, бэрхшээл ярьсан нэг ч хүн орж ирдэггүй болгочих юм сан. Энэ бол миний мөрөөдөл. Ажил хийе гэвэл чөтгөр ч байсан би дэмжинэ. Хэрвээ ажил хийх хүсэлгүй хүн байвал миний аав, ээж байсан ч хамаагүй би хамтран ажиллахаас татгалзана. Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим. Ийм нэг энгийн мөрөөдөлтэй, өссөн төрсөн дүүргийнхээ иргэдийг аз жаргалтай болгохын төлөө өмнөө тавьсан зорилготой, хийсэн бүтээсэн зүйлтэй, хэнтэй ч нүүр бардам, чин зүрхнээсээ ярьж чаддаг Г.Энхболд гэж залуу Баянгол дүүрэгтээ ажиллаж, амьдарч байна. Түүний мөрөөдөл биелэх болтугай.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com